| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2021/01236/И |
| Дугаар | 210/МА2025/00568 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00568
|
|
|
*******ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/00786 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 2,764,369,208 төгрөгийг буцаан гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэгт 419,180,632 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *******, *******, "*******" ХХК нарын хооронд 2013 оны 07 сарын 18-ны өдөр 2013/010 /С-Д 5-5 2013-116 дугаартай гурван талт "*******" дулааны 4100 м гол шугам , 6 дулаан дамжуулах төвийн зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, энэ ажлыг хариуцагч 9,267,000,000 төгрөгөөр гүйцэтгэж, ажлыг 2013 оны 12 сарын 25-ны өдөр ашиглалтад оруулахаар заасан. Гэвч талууд гэрээг 2016 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, гэрээний гүйцэтгэлийг хангах боломжит хугацааг хариуцагчид олгосон. Ажлын хөлсийг нийт 6 удаагийн гүйцэтгэлээр 2013 оны 12 сарын 17-ны өдрөөс 2015 оны 08 сарын 04-ний өдрийн хооронд 8,539,379,517 төгрөгийг олгосон нь нийт санхүүжилтийн 92,17 хувь болсон. Гэвч "*******" ХХК нь санхүүжилт шийдвэрлэж өгөөгүй гэх шалтгаанаар ажлаа дуусгахгүй өдийг хүрсэн ба өнөөдрийн байдлаар 92 хувийн санхүүжилт авсан ч ажлын гүйцэтгэл 80 хувьтай хангалтгүй байна.
Барилга угсралтын ажлын хүрээнд 2хф700 мм-ийн голчтой 33 м дулааны шугам, 2хф500 мм-ийн голчтой 24 м дулааны шугам, 2хф426 мм-ийн голчтой 3972 м дулааны шугам, 2хф377 мм-ийн голчтой 1418 м дулааны шугам, 2хф325 мм-ийн голчтой 1376 м дулааны шугам, 2хф373 мм-ийн голчтой 744 м дулааны шугам, 2хф219 мм-ийн голчтой 128 м дулааны шугам буюу нийт 4100 м дулааны шугам, 9ш худаг, 35ш үл хөдлөх тулгуур. ф100-$700 диаметртэй бөмбөлгөн хаалтууд, суурилуулахаар ажлын зурагт тусгагдсан. 2020 оны 09 сарын 10-ны өдөр Эрчим хүчний хөгжлийн төвөөс гүйцэтгэгч компанийн хийсэн ажлыг газар дээр нь үзэхэд *******-ийн барилгууд бүрэн дууссан, доторх тоноглол огт угсрагдаагүй, дулаан шугамын тараасын ажил 80 хувь хийгдсэн байна.
Мөн дулааны 6ш худаг угсрахаас 6ш худгийн бетон цутгалт хийгдэж, тоноглол угсрагдсан ба дх2, дх3, дх4, дх5, дх6 таг хийгдээгүй байна. Ийнхүү барилга угсралтын ажлыг зураг төсөлтэй тулгаж тоолсон бөгөөд 2,764,369,208 төгрөгийн ажил дутуу байна. *******наас ажлын хэсгийн 2 удаагийн, гэрээний талууд оролцуулсан 3 удаагийн хурлын шийдвэрээр болон Эрчим хүчний хөгжлийн төвөөс 25 удаагийн албан бичиг, мэдэгдлээр удаа дараа үүрэг өгч ажлаа гүйцэтгэхийг шаардсан ч өнөөдрийг хүртэл үр дүн гараагүй. 2016 оноос хойш барилга угсралтын ажлыг зогсоосон нь "*******" хорооллын 10,500 орчим айл өрхийн дулаанаар хангах ажлыг царцааж, хувийн болон төрийн өмчид их хэмжээний хохирол учруулаад байгаа нь гэрээний ерөнхий нөхцөлийн 55 дугаар зүйлийн 55.2.а, 55.2.е-д заасан гэрээний ноцтой зөрчил болох ба гэрээний ерөнхий нөхцөлийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар ажил дуусгахаар төлөвлөсөн өдөр ажил дуусаагүй нь тус зүйлийн 18.2-т зааснаар гэрээг цуцлах үндэслэл болж байна.
Иймд гэрээ цуцлах болсныг 2020 оны 10 сарын 22-ны өдрийн в/3391 тоот албан бичгээр гүйцэтгэгч компанид мэдэгдэж хүргүүлсэн. Гэрээг цуцалсан тул үүргийн гүйцэтгэлээр илүү санхүүжилт олгосон 2,301,019,208 төгрөгийг буцаан төлүүлэх саналтай байна. Гэрээний хугацааг хэтрүүлсэн тал нь Иргэний хууль, гэрээнд заасан алданги төлөх үүрэгтэй тул гэрээний хугацаа дууссан 2016 оны 07 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний тусгай нөхцөлийн 47.1-д зааснаар гэрээний үнийн дүнгийн 5 хувиар тооцсон алданги 463,350,000 төгрөгийг гүйцэтгэгчээс шаардаж байна. Нийт нэхэмжлэлийн шаардлагын дүн 2,764,369,208 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: "*******" ХХК нь дээрх гэрээг *******, *******тай байгуулсан. Барилгын ажил нь захиалагчаас хамаарах буюу барилгын техникийн нөхцөл өгөгдөөгүй, барилгын зураг төсөл боловсруулах техникийн даалгавар олгогдоогүй, газар эзэмшүүлэх эрх олгох засаг даргын захирамж гараагүй зэргээс болж ажил гүйцэтгэх боломжгүй байсаар гэрээг сунгаж, барилга угсралтын ажил эхлэх зөвшөөрөл 2014 оны 04 сарын 14-ний өдөр гарснаар ажил эхэлсэн. Манай компаниас техникийн үзүүлэлт, стандарт технологийн дагуу барилга угсралтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэж байсан ч барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулах шалтгаанаар ажлыг хоёр сар гаруй зогсоож, цаг уурын нөхцөлөөс хамаарч шугамын трассын дагуу ус тогтож цөөрөм үүссэн, суваг ухах үед хөрсний ус гарч шугамын түшин дээшлүүлэх зэрэг хүндрэлүүд гарч төлөвлөгдөөгүй ажлууд хийгдэж хугацаа сунгагдсан зэргээс болж гэрээний талууд барилга угсралтын гэрээг 2016 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан.
Дээрх хугацаанд манай компани валютын ханш өссөнтэй холбоотой санхүүгийн хүндрэлд орж байсныг тухай бүрд захиалагчид мэдэгдэж байсан ба гэрээний тусгай нөхцөлийн 43.1-д зааснаар холбогдох нөхөн төлбөрийг захиалагч нь улсын төсөвт тодотгол хийж төлөх байсан ч энэ үүргээ биелүүлээгүй. Бид ч аль болох барилга угсралтыг зогсоолгүй өөрийн дотоод нөөц бололцоо, бизнесийн харилцааг ашиглан компаниа эрсдэлд оруулан байж ажлыг гүйцэтгэлийг 85 хувьд хүргэсэн. Манай компаниас барилга угсралтын ажлын шинэчилсэн төлөвлөгөөг гарган захиалагчийн төлөөлөл Эрчим хүч хөгжлийн төвөөр батлуулсан боловч захиалагчаас шаардагдах санхүүжүүлэлтийг Сангийн яаманд өгөөгүй учир 2016 оны улсын төсөвт суугаагүй ба тухайн онд барилга угсралтын ажил хийгдээгүй.
Энэ хугацаанаас хойш захиалагчаас санхүүжилт олгоогүй ба барилга угсралтын ажил өнөөдрийг хүртэл хийгдээгүй зогссон. Иймд захиалагчийн удаа дараагийн буруутай үйл ажиллагаа гэрээний Ерөнхий болон тусгай нөхцөлийг зөрчсөн үйлдлүүдээс хамаарч энэхүү гэрээт ажил өнөөдрийг хүртэл дуусаагүй нь манай компанийн бизнесийн болон санхүүгийн өндөр эрсдэлд оруулж хохирол амссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *******наас "*******" хорооллын дулааны 4100 м гол шугам, 6 ширхэг дулааны дамжуулах төвийн зураг төсөл, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ******* 2013-116 дугаартай гэрээний 7, 8 дугаар гүйцэтгэлийн санхүүжилт болох 419,180,632 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Нийт 6 удаагийн гүйцэтгэлээр 8,539,379,517 төгрөгийг олгосон нь санхүүжилтийн 92.17 хувь болсон. Энэ нь тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн дуусгах хэмжээний санхүүжилт юм. "*******" ХХК нь санхүүжилт шийдвэрлэгдээгүй гэх шалтгаанаар ажлаа дуусгахгүй өдийг хүрсэн тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 873,505,972 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******анд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,890,863,236 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2,253,860 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 4,525,480 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******наас 13,750,000 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас 13,750,000 төгрөгийг тус тус гаргуулан шинжээч ******* ХХК-ийн Төрийн банкны ******* тоот дансанд төлөхийг даалгаж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Талуудын хооронд 2013 онд байгуулсан гурван талт гэрээгээр "*******" дулааны 4100 м гол шугам, 6 ширхэг дулаан дамжуулах төвийн зураг төсөл, барилга угсралтын ажлыг 2013 оын 12 сарын 25-ны өдөр ашиглалтад оруулахаар болсон ч гэрээг 2016 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Энэ хугацаанд хариуцагч ажлыг гүйцэтгээгүй бөгөөд нийт 6 удаагийн гүйцэтгэлээр 2015 оны 08 сарын 04-ний өдөр хүртэл 8,539,379,517 төгрөгийн санхүүжилт авсан нь 92 хувийн санхүүжилт ба ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Иймээс нэхэмжлэгч гэрээг цуцлах мэдэгдлийг 2020 оны 10 сарын 22-ны өдөр хариуцагчид мэдэгдэж, хүргүүлсэн.
Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 сарын 18-ны өдрийн "Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаar түдгэлзүүлэх тухай" 183/Ш32022/06474 дугаар захирамжаар шинжээч томилсон, шинжээч "*******" ХХК-ийн дүгнэлтэд "*******" ХХК нь гадна шугамын ажил болон 6 ширхэг *******-ийн /ус дулаан дамжуулах төв/-ийн барилга, тоног төхөөрөмжийн нийт төсөвт өртгийн дүн 7,048,455,231 төгрөг, мөн гадна шугам сүлжээний ажлын газар шорооны ажил дээр нэмэлт хийсэн далангийн ажлын дүн 617,418,314 төгрөг, нийт 7,665,873,545 төгрөг барилга угсралтын ажлыг хийсэн гэж дүгнэсэн.
Шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх ханган шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй ба гомдол гаргаж байна.
Нэгдүгээрт: 6 ширхэг *******-ийн /ус дулаан дамжуулах төв/-ийн тоног төхөөрөмжийн дүн 550,494,670 төгрөгийг дүгнэлтэд оруулсан. /Тухайн тоног төхөөрөмж нь өнөөдрийг хүртэл хил, гаалиар Монгол Улсын нутаа дэвсгэрт орж ирээгүй, барилга угсралтын талбайд буусан тоноглол байхгүй энэ талаар ямар нэгэн нотлох баримтгүй байхад хийж гүйцэтгэсэн ажлын дунд оруулан тооцсон нь үндэслэлгүй./
Хоёрдугаарт: Магадлашгүй ажлын зардлын дүн 108,771,869 төгрөr /Барилга угсралтын ажлын явцад магадлашгүй ажлын зардал гарсан тохиолдолд тус зардлыг ашиглана. Гэтэл магадлашгүй ажлын зардал гараагүй, магадлашгүй ажлын зардал гарсан гэх баримт байхгүй байхад хийж гүйцэтгэсэн ажлын үнийн дүнд оруулан тооцсон нь үндэслэлгүй/
Гуравдугаарт: Барилга угсралтын ажлын явцад гарсан нэмэлтээр хийсэн далангийн ажлын дүн 617,418,314 төгрөг /Барилга угсралтын ажлын явцад гарсан нэмэлтээр хийсэн далангийн ажлын дүн 617,418,314 төгрөг болсон гэх боловч захиалагч байгууллагаар баталгаажуулаагүй, мөн зураг төсөл зохиогчийн дүгнэлт байхгүй. Ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу ажлын тоо хэмжээнд өөрчлөлт оруулах тохиолдолд захиалагчид мэдэгдэх, зураг төсөл зохиогчид хандан зөвшилцөж дүгнэлт гаргуулж, баталгаажуулсны үндсэн дээр нэмэлт зардлын дүн гарч, санхүүжилтийг нэмэмжлэнэ. Нэмэлт зардлыг холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч баталгаажуулсан тухай баримт байхгүй, нэмэлт ажил хийсэн тухай нотлох баримт байхгүй байхад хийж гүйцэтгэсэн ажлын дүнд оруулан тооцсон нь үндэслэлгүй байна./
Дээрх 3 зардлын дүн 1,376,684,853 төгрөгийг шинжээч нь хийж гүйцэтгэсэн ажилд тооцсон ба хариуцагч энэ тухай нотлох баримтыг шүүхэд болон шинжээчид гарган өгч нотлоогүй. Шүүх хурлын үед дээрх 3 зардал гарсан нь нотлох баримтгүй тул шинжээчийн дүгнэлтийн нийт үнийн дүнгээс хасуулан тооцуулах хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргасныг шүүх хүлээж аваагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 1,890,863,236 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүхээс шинжээчийн зардлыг хувь тэнцүүлэн хариуцуулсан тухай:
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн зардлын 13,750,000 төгрөгийг нэхэмжлэгчид хариуцуулж шийдсэн ба тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 сарын 18-ны өдрийн шинжээч томилсон 6474 дугаартай захирамжийн 6-д шинжээчийн хөлсийг хариуцагч талаар төлүүлэхээр заасан. Хэрэв шүүх ийнхүү хувь тэнцүүлэн төлүүлэхээр захирамжид заасан бол нэхэмжлэгч тал захирамжид гомдол гаргах байсан. Шинжээчийн төлбөрийг *******наас хувь тэнцүүлэн төлүүлсэн нь үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Шүүхээс 800,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Гэвч 7, 8 дугаар ажлын гүйцэтгэлд 400,000,000 төгрөгийг олгоогүй нь хэргийн баримтаар тогтоогдож байгаа. Маргааны үйл баримтыг анхан шатны шүүхээс дүгнэхдээ 400,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй. 2013 оны 07 сарын 18-ны өдрөөс хойш ажил эхлэх хүртэл 2014 оны 04 сар хүртэл валютын ханш, инфляци, бусад зүйл хэрхэн яаж өөрчлөгдсөнийг талуудын хэн аль нь мэдэж байгаа учраас тооцоолоогүй зардал, магадалшгүй ажлын зардал гарсан нь үнэн. Талуудын хооронд нийт 9,267,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулагдсан бөгөөд ******* ХХК-ийн дулааны шугамын ажилд зориулж ******* ХК-аас 9,789,458,684 төгрөгийн зээл авсан атлаа санхүүжилтийг олгоогүй. Хэргийн баримтаас харахад нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас энэ төсөл бүрэн хэрэгжээгүй. Иймд нэхэмжлэгч талын буруутай үйлдлийн улмаас хариуцагч компани нь эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой үйл ажиллагааны эрсдэлд орсон гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч "*******" ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 2,764,369,208 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажлын гүйцэтгэлийн санхүүжилтэд 419,180,632 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлсон боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
4. Зохигч болон ******* нарын хооронд 2013 оны 07 сарын 18-ны өдөр ******* 2013-116 дугаартай "*******" хорооллын дулааны 4,100 метр урттай гол шугам, 6 дулаан дамжуулах төвийн зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гурван талт гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр *******ны захиалгаар гүйцэтгэгч ******* ХХК нь дээрх төслийн барилга угсралтын ажлыг 9,267,000,000 төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэж, 2023 оны 12 сарын 25-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ба талууд гэрээний хугацаанд барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүй шалтгаанаар барилгыг ашиглалтад оруулах хугацааг 2013 оны 12 сарын 25-ны өдрөөс 2016 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл нийт гурван удаа сунгасан байна.
Энэхүү гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ болохыг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.
5. Хэргийн баримтаар *******наас хариуцагчид 2014 оны 01 сарын 07-ны өдрөөс 2015 оны 12 сарын 25-ны өдрийн хугацаанд 8,539,379,517 төгрөгийн санхүүжилт олгосон нь тогтоогдсон болон зохигчид 2020 оны 10 сард гэрээг цуцалсан үйл баримтын талаар маргаагүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг 2020 оны байдлаар 80 хувьтай байсан гэж, хариуцагч нь өөрийн ажлын гүйцэтгэлийг 87 хувь гэж тодорхойлжээ.
Гэвч эрчим хүчний салбарт улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламж барих эрх авсан компаниуд буюу *******" ХХК-д холбогдох асуудлыг эрүүгийн журмаар шалгах явцад зохигчийн хооронд үүссэн маргаантай асуудалд шинжээч томилон дүгнэлт гаргуулахад хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг 75 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэсэн бөгөөд хэрэгт уг дүгнэлтээс өөрөөр хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлсон баримт авагдаагүй байна.
Иймд, нэхэмжлэгчийн зүгээс нийт санхүүжилтийн 92.17 хувийг хариуцагчид олгосон байхад ажлын гүйцэтгэл 80 хувьтай, уг ажлыг хугацаа хэтрүүлэн хүлээлцсэн гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, гүйцэтгээгүй ажлын хөлсийг буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч гэрээний харилцааг бүхэлд нь буцаах бус дээрх 8,539,379,517 төгрөгийн хэмжээнд хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, хариуцагчийн ирээдүйд гүйцэтгэх гэрээний үүргийг дуусгавар болгосон байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан хуулийг баримтлан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаатай болсныг залруулан өөрчилнө.
Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийн 47.1-д зааснаар гүйцэтгэгч нь гэрээний хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсэн ажлын хоног тутамд 0,025 хувийн алданги төлөхөөр заасны дагуу нэхэмжлэгч тал алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэнийг шүүх зөв дүгнэсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсанаар алданги буюу гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан гэж үзсэн нь хуульд нийцэхгүй. Учир нь, хариуцагч тал гэрээ хэрэгжиж байх хугацаанд ажлын үр дүнг хугацаа хэтрүүлэн хүлээлгэн өгсөн бол хэтэрсэн хугацааны алдангийг гэрээгээр тохиролцсон хэмжээгээр тооцон гаргуулахаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй. Тиймээс нэхэмжлэгчийг алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх залруулах боловч нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй учир талуудын зарчимд үндэслэн шүүхийн шийдлийг өөрчлөхгүй.
6. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******" ХХК-ийн ирээдүйд гүйцэтгэх гэрээний үүргийг дуусгавар болгон цуцалсан учир уг үүрэгт шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах эрхтэй, хариуцагч нь уг мөнгийг төлөх үүрэгтэй.
Анхан шатны шүүх гэрээг цуцалсантай холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг нэхэмжлэгчийн шаардсан 2,301,019,208 төгрөгийн хэмжээнд бус шинжээч ******* ХХК-ийн гаргасан дүгнэлтийг үндэслэл болгосон нь зөв боловч шинжээчийн дүгнэлт нь хэрэгт авагдсан бусад нотлох баримттай адил хүчин чадалтай бөгөөд шинжээчийн дүгнэлт хэргийн бусад нотлох баримтаар давхар нотлогдсон эсхүл үгүйсгэгдэж байгааг шүүх хэрэгт цугларсан бусад нотлох баримттай тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үнэлээгүй байна.
Энэ үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт дараах агуулгатай өөрчлөлтийг оруулна.
6.1. Талууд хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 1.1-т магадлашгүй ажлын зардлыг гэрээний үнийн дүнгийн 2 хувьтай тэнцүү хэмжээгээр тооцож ажлын төсөвт өртөгт оруулна гэж тусгасан ч уг ажлын зардал гараагүй, энэ талаар баримтыг хариуцагч нотлоогүй байхад шинжээчийн дүгнэлтэд 108,771,869 төгрөгийн зардал гарсан гэснийг үндэслэн шүүх нэхэмжлэгчийн шаардсан төлбөрөөс хасч тооцсон нь үндэслэлгүй гэсэн агуулгаар гомдол гаргажээ.
Шинжээч ******* ХХК-ийн дүгнэлтэд хариуцагчийн гаргасан магадлашгүй ажлын зардлын дүн 108,771,869 төгрөr гэж тусгасан байна.
Барилга угсралтын ажлын явцад магадлашгүй ажлын зардал гарах тохиолдолд захиалагч, гүйцэтгэгч энэ талаар харилцан тохиролцож гүйцэтгэсэн байх, уг ажлын гүйцэтгэлийг гүйцэтгэгч баримтаар гаргасан байх учиртай. Хариуцагч *******" ХХК-ийн зүгээс магадлашгүй ажлын зардал гарсан тухай баримтыг шинжээчид гаргаж өгөөгүй нь анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч *******ын ...******* ХХК-аас баримтаа гаргаж өгөөгүй маш их удсан ... ******* ХХК холбогдох баримтаа гаргаж өгөөгүй тул баримтуудын хүрээнд дүгнэлт гаргасан... гэх тайлбараар тогтоогдсон. Мөн хариуцагч тал магадлашгүй ажлын зардлын талаархи баримтаа шүүхэд гаргаж өгсөн тухай дурдсан ч хэрэгт уг баримт авагдаагүй, шинжээчийн дүгнэлтэд магадлашгүй ажлын зардал гарсныг илэрхийлсэн үйл баримтын талаар дүгнээгүй атлаа магадлашгүй ажлын зардал 2 хувь 108,771,869 төгрөг болсныг тусгажээ.
Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний обьектод үндэслэгдсэн байх шаардлагатай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт нотолгооны хэрэгслийн нэг болохын хувьд нотолгооны бусад хэрэгслээс илүүд үзэхгүй. Иймээс ******* ХХК-ийн 2023 оны 12 сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан магадлашгүй ажлын зардал 108,771,869 төгрөrийн зардлыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т зааснаар бодитой тогтоосон гэж үзэхгүй буюу хэргийн бусад баримтаар давхар нотлогдоогүй байна.
Иймд, энэ тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч ******* ХХК-аас 108,771,869 төгрөгийг нэмж гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
6.2. Хариуцагч *******" ХХК нь 6 ширхэг *******-ийн /ус дулаан дамжуулах төв/-ийн тоног төхөөрөмжийн дүн 650,494,670 төгрөгийн ажил гүйцэтгээгүй байхад шинжээч уг ажлыг гүйцэтгэсэн мэтээр дүгнэлт гаргасныг зөвшөөрөхгүй гэсэн гомдлыг нэхэмжлэгч гаргасан. Гэрээний 2.6, тусгай нөхцөлийн 1.1-д зааснаар хариуцагч ...6 ширхэг дулаан дамжуулах төвийн барилга угсралтын ажил-ыг гүйцэтгэх үүрэг хүлээжээ.
Шинжээчийн дүгнэлтэд 6 ширхэг дулаан дамжуулах төвийн худаг барьсан, доторх тоноглолыг хийгээгүй. Энэ талаар талууд маргаагүй гэжээ. Мөн хэргийн оролцогчийн хүсэлтээр анхан шатны шүүх хуралдаанд шинжээч оролцож дүгнэлтээ тайлбарласан байхад нэхэмжлэгч давж заалдах гомдолд дурдсан асуудлаараа шинжээчээс тодорхой асуулт, тайлбарыг шаардаагүй байна.
Зохигчийн маргааны зүйлийн талаар эрүүгийн журмаар шинжээчийн дүгнэлт гарсныг өмнө дурдсан. Тус дүгнэлтэд 6 ширхэг ус дулаан дамжуулах төвийн барилгын ажил хийгдэж дууссан. Дотор засал, цахилгаан дотор мантожийн ажил бүрэн хийгдсэн-ийг тогтоожээ.
Иймээс энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, гомдолд дурдсан ажлыг хариуцагч гүйцэтгэсэн болох нь 2 өөр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
6.3. Барилга угсралтын ажлын явцад гарсан нэмэлтээр хийгдсэн далангийн ажлын зардал 617,418,314 төгрөг нь үндэслэлгүй буюу уг ажил хийгдээгүй байхад шинжээч хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын мөнгөн дүнд оруулсныг зөвшөөрөхгүй гэж марган давж заалдах гомдол гаргажээ.
Хэргийн баримтаас үзвэл хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн 2020 оны 08 сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр хариуцагч ******* ХХК нь зохигчийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд доод хэсгээр 78 метр, дээд хэсгээр 84 метр, 2 далангийн хоорондын зай 11.5, 15.5, 6.1 метр, нуураас далан хүртэлх өндөр нь 3.8 метр, далангийн нийт урт 85 метр далангийн ажил гүйцэтгэснийг тус компанийн шинжээчид газар дээрх үзлэгээр тогтоосон тухай дүгнэлтдээ тусгаж, хөрөнгийн үнэлгээний зардлын хандлагын аргаар үнэлж төсөвт өртгийг 617,418,314 төгрөг гэж дүгнэжээ.
Тухайн дүгнэлтийг үндэслэн шинжээч ******* ХХК-аас хариуцагчийн нийт гүйцэтгэсэн ажилд оруулан тооцсон байна.
Энэхүү дүгнэлтийг өмнө дурдсанаар тус маргаанд холбогдох асуудлыг эрүүгийн журмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий этгээдийн томилсноор ******* ХХК нь гаргажээ.
Нэхэмжлэгч талаас хариуцагч уг далангийн ажлыг гүйцэтгээгүй болон дээрх шинжээчийн дүгнэлтийг баримтаар няцаагаагүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэж дүгнэв.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь гэрээнд заасан барилга угсралт, тоног төхөөрөмжийн ажлын гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 сарын 18-ны өдрийн "Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай" 183/Ш32022/06474 дугаар захирамжаар шинжээч томилжээ.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргийн хүрээнд шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулсан гэж дүгнэнэ.
Иймээс энэ журмаар бүрдүүлсэн нотлох баримт буюу шинжээчийн дүгнэлттэй холбоотой гарсан ажлын хөлс нь мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-д заасан шүүхийн зардалд хамаарахгүй байна. Учир нь, шүүх хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхий байх шаардлагыг хангах зорилгоор өөрийн санаачилгаар шинжээч томилоогүй, шүүхээс шинжээч томилсонтой холбоотой зардал гараагүй байна.
Хэргийн оролцогч нотлох баримтыг өөрөө олж авах, бүрдүүлэх боломжгүй нөхцөлд шүүхийн тусламжтайгаар зохих нотлох баримтыг олж авсны төлөө төлж буй хөлс нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс тухайн эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон хариуцагчийн шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах ажиллагаанд шүүх дэмжлэг үзүүлэн үйлчилгээ үзүүлсний хөлстэй адилтган үзнэ.
Мөн тус захирамжийн 6-д зааснаар шинжээчийн зардлыг хариуцагч тал төлөхийг шүүхээс үүрэг болгосныг хариуцагчийн зүгээс маргаагүй, хариуцагчийн хүсэлтээр хийгдсэн ажиллагааны ажлын хөлсний тал хувийг нэхэмжлэгчид хуваарилсан нь үндэслэлгүй байх тул шинжээчийн ажлын хөлс 27,500,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК нь өөрөө хариуцаж төлөх үүрэгтэй. Анхан шатны шүүх шинжээчийн ажлын хөлсийг зохигчид хувь тэнцүүлэн хариуцуулсныг дээрх үндэслэлээр хуульд нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул энэ талаархи нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шинжээчийн хөлсийг хариуцагчид хариуцуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч ******* ХХК-аас 982,277,841 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******анд олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохигчийн маргаанд үл хамаарах Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй болсныг хасч, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг нэмж баримтлахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов. Үүнтэй холбоотойгоор Улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/00786 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 982,277,841 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******анд олгож, нэхэмжлэлээс 1,782,091,367 төгрөгийн шаардлага болон нэхэмжлэгч *******наас 419,180,632 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,
2 дахь заалтын ...56.1... гэснийг 56.2 гэж, ...4,525,480 төгрөг... гэснийг 5,069,339 төгрөг гэж өөрчилж,
3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 27,500,000 төгрөг гаргуулан шинжээч ******* ХХК-д олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЭНЭБИШ