| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 102/2016/05637/И |
| Дугаар | 184/ШШ2016/00707 |
| Огноо | 2016-08-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2016/00707
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянгол 54-3 тоотод оршин суух, эмэгтэй, ФБ81032605 регистрийн дугаартай, Ямаат овогт Балжиннямын Орхонтуулын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 30-р хороо, Хамба 3-р гудамж 45 тоотод оршин суух, эрэгтэй, ЧР81013018 регистрийн дугаартай, Сараах овогт Буяндэлгэрийн Бямбасүрэнд холбогдох
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Оюунбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, хариуцагч Б.Хатанбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Орхонтуул нь 2001 онд Б.Бямбасүрэнтэй танилцан улмаар 2011 оны 02 дугаар сарын 14-нд гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдрах хугацаанд 2005 оны 3 дугаар сарын 11-нд хүү О.Билгүүн төрсөн. Ингээд 2013 оноос Б.Бямбасүрэн өөр хүнтэй гэр бүл болсон. Түүнээс хойш хүү Билгүүн нь эх Орхонтуулын асрамжид өссөн. Цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцалж өгнө үү. Б.Орхонтуул, Б.Бямбасүрэн нарын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй ба хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй.
Орхонтуул Солонгос улсад сурч байгаа. Иймээс нэхэмжлэлээ гаргаад надад итгэмжлэл өгөөд сургуульдаа явсан гэв.
Хариуцагч Б.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.Орхонтуултай 2001 онд гэр бүл болж 2005 онд хүү Билгүүн төрсөн. Гэвч бидний дунд таарамжгүй харилцаа үүссэн учраас 2013 он 12 дугаар сараас тусдаа амьдрах болсон. Би өөр хүнтэй гэр бүл болсон.
Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч хүү Билгүүнийг ээжийнх нь асрамж үлдээхийг зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хэрэв Б.Орхонтуул хүүхдийн тэтгэлэг авна гэвэл төлнө. Иймд гэрлэлт цуцалж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Б.Бямбасүрэн, Б.Орхонтуул нар нь 2002 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүл болж 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 2005 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүү О.Билгүүнийг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 0121321 тоот гэрлэлтийн гэрчилгээ, 299 тоот төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, 14.5-т “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заажээ.
Б.Бямбасүрэн, Б.Орхонтуул нар нь хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, эвлэрэх боломжгүй гэж тайлбарласан, хариуцагч нь өөр хүнтэй хамтын амьдралтай болсон, 2013 оны 12 сараас тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Б.Бямбасүрэн, Б.Орхонтуул нарын хороонд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгосон байгаа болно.
Гэрлэгчид хүүхдийг хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон тул 2005 оны 3 дугаар сарын 11-нд төрсөн хүү О.Билгүүнийг эх Б.Орхонтуулын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Орхонтуул нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхгүй, маргаангүй гэж тайлбарласан болно.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулах шаардлагагүй гэсэн тул төсвийн орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ямаат овогт Балжиннямын Орхонтуул, Сараах овогт Буяндэлгэрийн Бямбасүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 3 дугаар сарын 11-нд төрсөн хүү Орхонтуулын Билгүүнийг эх Б.Орхонтуулын асрамжид үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч Б.Орхонтуул нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхгүй, маргаангүй гэж тайлбарласныг дурдсугай.
4.Нэхэмжлэгч Б.Орхонтуулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ