| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 101/2024/00290/И |
| Дугаар | 210/МА2025/00549 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2025/00549
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/00990 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашины төлбөрт 24,800,000 төгрөг, хохиролд 2,090,310 төгрөг, нийт 26,890,310 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр *******аас ******* улсын дугаартай, *******-С26 маркийн автомашиныг 24,800,000 төгрөгөөр худалдан авч, үнийг нь төлсөн.
1.2 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр автомашины хурдны хайрцагны гэрэл ассан тул Моннис моторс сервис-т очиж явах эд анги болон компьютер оношилгоо хийлгэхэд хурдны хайрцаг солихоос нааш засвар авахгүй гэсэн. Энэ талаар *******д мэдэгдсэн ба 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр түүний танил болох Да хүрээ авто худалдааны ойролцоо байх засварчинд очиж компьютер оношилгоо хийлгэ гэж хэлсний дагуу очиж хийлгэсэн.
1.3 ******* нь уг автомашиныг ...гаальтай, үзлэг оношилгоонд орсон, ямар ч асуудалгүй сайхан автомашин, бензин хийгээд л явна гэж худал хэлж итгүүлсэн. Гэтэл аваад 3 хонолгүй босоо, хэвтээ тэнхлэг нь эвдэрч засуулж эхэлсэн. ******* нь анхнаасаа эвдрэл гэмтэлтэй, бүрэн бус тээврийн хэрэгслийг худалдсан бөгөөд буцааж ав гэхэд аваагүй.
Иймд *******аас автомашиныг худалдан авахад төлсөн 24,800,000 төгрөг, албан журмын даатгалд төлсөн 90,000 төгрөг, тээврийн хэрэгслийн даатгалд төлсөн 298,000 төгрөг, дугаарын үнэ 65,000 төгрөг, нотариат болон гэрчилгээний төлбөрт төлсөн 77,000 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагад зээлийн хураамжид 148,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 14,310 төгрөг, хаан суудлын бүрээсний үнэ 570,000 төгрөг, шалавчны үнэ 80,000 төгрөг, өвлийн дугуйн үнэ 380,000 төгрөг, моторын тос болон тосны шүүрийн үнэ 56,000 төгрөг, хурдны хайрцагны тосны үнэ 232,000 төгрөг, компьютер болон явах эд ангийн оношилгоонд төлсөн төлбөр 60,000 төгрөг, гадна болон дотор агаар шүүгчийн үнэ 20,000 төгрөг, нийт 26,890,310 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Миний бие тухайн автомашиныг Япон улсаас дуудлага худалдаагаар худалдаж авсан. Худалдаж авахдаа Японы экспертүүдийн үнэлгээг үндэслэж, аваар осолд орж байсан эсэх, чанарын шаардлага хангаж байгаа эсэх талаар шалгаж үзэж байж худалдан авдаг. Тухайн үед Япон улсад дуудлага худалдаанд орж байсан, 3,5 үнэлгээтэй, ачигдаж ирсэн 3 зургийг үзүүлсэн. 3,5 үнэлгээ гэдэг нь осолд орж байгаагүй, сэв байхгүй, хянахын чек асаагүй автомашин юм.
2.2 Нэхэмжлэгч нь автомашиныг худалдан авснаас хойш 2, 3 хоногийн дараа ...автомашины урд талд нэг зүйл дугараад байна гэж хэлэхээр нь ...хүрч ирээд үзүүлчих гэхэд манай дүү ...урд талын тэнцвэржүүлэгч нь бага зэрэг дугараад байна гэж хэлэхээр нь би ...сольж өгөөд явуулчих гэж дүүдээ хэлсэн. Мөн тэрээр ...автомашины сайн хүнд оношилгоонд оруулмаар байна гэж хэлэхээр нь таньдаг хүн рүүгээ явуулахад ...эзгүй байна гэсэн. Мөн ...машины тос солиод өгөх хүн байна уу гэж асуухад нь ниссан нс-3 гэсэн тосоор сольдог гэж хэлсэн. Үүнээс хойш би удалгүй хөдөө явсан бөгөөд хөдөө байхад уулзах хэрэгтэй байна гэж залгаж байсан. 12 дугаар сар гараад засвар хийдэг, оношилгоо хийдэг хүмүүс дээр очиж үзүүлэхэд хурдны хайрцаг алдаатай болсон байна гэсэн.
2.3 Тухайн үед над руу ...миний мөнгийг өг, машинаа буцааж ав гэж хэлэхээр нь би ...тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Би тос, маслыг цаг тухайд нь сольж байх талаар сануулж байсан. Доголдолгүй автомашин худалдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 25,621,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,269,310 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,402 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 286,055 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Миний бие Япон улсад 2014 онд үйлдвэрлэгдсэн, ашиглагдаж байсан автомашиныг тус улсын дуудлага худалдаанаас худалдаж авсан, худалдаж авах үед ямар нэгэн асуудалгүй, Япон улсын дуудлага худалдаагаар худалдаалах шаардлага хангахуйц өндөр үнэлгээтэй автомашиныг худалдан авч Монгол улсад оруулж ирж нэхэмжлэгчид худалдсан.
Нэхэмжлэгчид худалдахдаа тухайн автомашинтай холбогдох бүх зөвлөгөө, мэдээллийг 2 өдрийн турш өгсөн, нэхэмжлэгч нь хоёр өдөр дараалан ирж үзэж, автомашиныг шалгаж авсан. ******* нь тухайн автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж, зээл авч төлсөн бөгөөд уг байгууллагаас зээл олгохдоо автомашины бүрэн бүтэн байдлыг шалгаж үзсэний үндсэн дээр зээл олгосон, энэ талаар баримт хэрэгт авагдсан.
4.2 Мөн автомашиныг гэрээ байгуулж худалдан авагчид шилжүүлэх үед нэхэмжлэгчийн дурдаж буй эвдрэл байхгүй байсан болох нь Япон улсын үнэлгээний хуудас, дуудлага худалдааны зуучлагч байгууллагаас ирүүлсэн цахим зурвас, Монгол улсын хилээр нэвтрэх үеийн гэрэл зургийн үзүүлэлт, техникийн хяналтын үзлэгийн материал, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байхад шүүх эдгээр баримтыг үнэлээгүй.
4.3 Миний бие уг автомашиныг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр импортоор оруулж ирээд автомашин худалдаалах талбайд хөдөлгөөнгүй байршуулж байгаад ердөө 16 хоногийн дараа буюу 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид худалдсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн.
Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5793 дугаар гэрээний 6.1-д заасан эвдрэл гэмтэл худалдагч буюу нэхэмжлэгчид шилжсэн гэж үзэж байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс ямар ч доголдолгүй эвдрэл гэмтэлгүй машин авч ашиглаж эвдэлснийхээ дараа хариуцагчийг анхнаасаа эвдрэлтэй машин зарсан гэснийг шүүх зөвтгөөд байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
4.4 Шүүх *******ыг үүргээ зөрчсөн гэж үзэхдээ Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон. Бид худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа автомашины чанар байдлын талаар тохиролцоогүй бөгөөд түүнд ашиглах боломжтой эд хөрөнгө шилжүүлсэн. Энэ ч үүднээс 3-4 cap ашигласны дараа над руу холбогдож хурдны хайрцагны гэрэл ассан талаар мэдэгдсэн. Гэтэл дээрх шинжээчийн дүгнэлтээр автомашины хурдны хайрцгийн гэмтэл нь ашиглалтын явцад буюу тосны бохирдлоос үүссэн талаар маш тодорхой дурдсан байхад хариуцагчийг доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэж байгааг ойлгохгүй байна.
4.5 Шинжээчийн дүгнэлтэд дурдсан резин эдлэл язрах гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн, тухайн автомашиныг зориулалтын дагуу ашиглахад нөлөөлөхгүй хуучин автомашины ашиглалтын явцад мэдэгддэг, резин солих үйлчилгээ хийлгэх төдийд засагдах боломжтой элэгдэл юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
5.1 Тухайн үед *******-д *******ын эхнэр намайг дагуулж ороод гэрээ хийчих гэсэн. Эдгээр хүмүүс нь бие биеэ таньдаг, *******-аас тээврийн хэрэгслийг гарч хараагүй, автомашины зургийг чатаар солилцсон бөгөөд ******* шалгаж авсан гэдэг нь худал.
5.2 Би автомашиныг 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр авсан бөгөөд мөн оны 11 дүгээр сарын 07-ны өдөр автомашины хурдны хайрцагны гэрэл ассан. Үүнийг *******д хэлэхэд *******-ийн дүгнэлтийг авто тээврийн хэрэгслийн серийн дугаартай дүгнэлтийн зургийг хамт дарж үлдээд ...би маргааш хариу хэлье гэсэн. Маргааш өдрөөс нь ******* гэх хүний харилцаа хандлага өөр болсон. Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан автомашин худалдан авахад төлсөн үнэ 24,800,000 төгрөг, албан журмын даатгалд төлсөн 90,000 төгрөг, тээврийн хэрэгслийн даатгалд төлсөн 298,000 төгрөг, улсын дугаар авахад төлсөн 65,000 төгрөг, нотариат болон гэрчилгээний төлбөрт төлсөн 77,000 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагад зээлийн хураамжид төлсөн 148,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 14,310 төгрөг, автомашины суудлын бүрээс хийлгэсэн үнэ 570,000 төгрөг, шалавч худалдаж авсан үнэ 80,000 төгрөг, өвлийн дугуй худалдаж авсан үнэ 380,000 төгрөг, моторын тос болон тосны шүүр худалдаж авсан үнэ 56,000 төгрөг, хурдны хайрцагны тосны үнэ 232,000 төгрөг, компьютер болон явах эд ангийн оношилгоонд төлсөн төлбөр 60,000 төгрөг, гадна болон дотор агаар шүүгчийн үнэ 20,000 төгрөг, нийт 26,890,310 төгрөг төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
2.1 Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь хурдны хайрцаг нь эвдрэлтэй автомашин худалдсан тул худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн төлбөр болон түүнтэй холбоотой зардал гаргуулна гэж тодорхойлсон бол хариуцагч уг үндэслэлийг ...хариуцагч нь эд хөрөнгийг доголдолгүй автомашиныг нэхэмжлэгчид худалдсан, нэхэмжлэгч нь автомашины хурдны хайрцагны тосыг солиогүй удаан хэрэглэсэн, өөрөө буруутай гэж үгүйсгэн маргажээ.
3. 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч ******* нь *******ын нэр дээрх автомашинуудыг худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх банк болон ББСБ-ын зээлээр худалдах гэрээ байгуулах бүрэн эрхийг 3 сарын хугацаатай олгожээ. /хх 47/
3.1 *******ын төлөөлөгч болон ******* нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь *******-С26 маркийн, улбар шар өнгийн, 2014 онд үйлдвэрлэгдсэн, арлын дугаартай автомашиныг *******д худалдах, ******* нь гэрээний үнэд 24,800,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 46/
3.2 Нэхэмжлэгч нь дээрх гэрээний үнэд 24,800,000 төгрөгийг хариуцагчид төлсөн, улмаар автомашин нэхэмжлэгчийн эзэмшилд шилжсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
4.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.
5. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1463 дугаартай дүгнэлтэд ...******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны аппарат, хурдны хайрцаг элэгдэл, гэмтэлтэй байна. Жолооны аппарат элэгдлээс үүссэн сул явалттай, жолооны баруун, зүүн хөндлөн татуургын бөмбөгөн холбоосны резин эдлэл язарсан гэмтэлтэй. Резин эдлэл язрах гэмтэл нь ашиглалтын явцад удаан хугацаанд хөдөлгөөнгүй байдалд салхи, цаг агаарын нөлөөгөөр резин эдлэлийн чийгшил багаснаас уян хатан чанар алдагдаж үүсэж болно. Хурдны хайрцгийн тос их бохирдолтой, чичиргээ, хяналтын хавхалга алдаа заасан байна. Уг гэмтэл нь ашиглалтын явцад эдэлгээ элэгдлээс үүсэх үндэслэлтэй. Дээрх гэмтэл, доголдол ашиглалтын явцад удаан хугацаанд үүсэх боломжтой. Хурдны хайрцгийн гэмтэл, доголдол удаан хугацаанд аажим үүсэх тул хэрэглэгч шууд мэдэх боломжгүй. Жолооны баруун, зүүн хөндлөн татуургын резин эдлэл язарсан гэмтлийг өргөгч болон суваг ашиглан доороос харах үед илрүүлэх боломжтой. гэжээ. /хх 91-94/ Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч гэрчээр оролцож дүгнэлтээ тайлбарласан байна.
5.1 Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх бөгөөд мөн зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Гэрээний 1.1-д худалдаж буй автомашиныг биет байдлын доголдолгүй гэж, 4.1-д худалдагч буюу хариуцагч нь зориулалтаар ашиглах бүрэн боломжтой автомашиныг худалдан авагч буюу нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй талаар заасан байна. Өөрөөр хэлбэл, автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжтой, биет байдлын доголдолгүй гэж талууд гэрээгээр тохиролцсон байна.
5.2 Нэхэмжлэгч нь тухайн автомашиныг хариуцагчаас 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр худалдан авч, өөрийн эзэмшилд шилжүүлснээс хойш буюу мөн оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тэрээр автомашины хурдны хайрцаг эвдрэл, гэмтэлтэй талаар мэдсэн байх бөгөөд /хх 13-14/ хариуцагчид энэ талаар мэдэгдсэн үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй.
5.3 Шинжээчийн дүгнэлтэд автомашины хурдны хайрцаг эвдрэл, гэмтэлтэй талаар тусгасан. Уг гэмтэл, доголдол нь удаан хугацаанд аажим үүсэх тул хэрэглэгч шууд мэдэх боломжгүй талаар дүгнэсэн. Хариуцагчийг биет байдлын хувьд доголдолтой автомашиныг нэхэмжлэгчид худалдсан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, автомашин нь эргэн тойрондоо аюултай эд зүйл болохын хувьд түүний хурдны хайрцаг нь гол хэсгийн нэг бөгөөд эвдрэл, гэмтэлтэй тохиолдолд автомашиныг зориулалтын дагуу ашиглах, мөн үүнийг худалдан авагч ердийн хэмжээнд шалгаж, мэдэх боломжгүй.
5.4 Түүнчлэн, нэхэмжлэгч тухайн автомашиныг өөрийн эзэмшилд байлгах хугацаандаа хурдны хайрцагт эвдрэл, гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Мөн банк бус санхүүгийн байгууллага нь фидуцийн гэрээний дагуу тухайн автомашиныг үнэлсэн хуудас /хх 74/, мөн автомашины талаарх Япон улсын үнэлгээний хуудас, дуудлага худалдааны зуучлагч байгууллагаас ирүүлсэн гэх цахим зурвас, Монгол улсын хилээр нэвтрэх үеийн гэрэл зураг зэрэг нотлох баримтууд нь /хх 48-53/ хариуцагчийг нэхэмжлэгчид хурдны хайрцагны эвдрэл, гэмтэлгүй автомашиныг худалдсан гэж үзэх үндэслэлийг нотолж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээ нотлох үүрэгтэй. Хариуцагч уг үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээг цуцлах эрхтэй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.
6.1 Хэрэгт авагдсан даатгуулагчийн мэдүүлгийн маягтад даатгалын хураамж 37,620 төгрөг гэсэн байна. /хх 9/ Мөн Моннис моторс сервисийн зарлагын баримтаар компьютер болон явах эд ангийн оношилгоо 60,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд нийт 97,620 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцнэ. /хх171-172/
6.2 Харин тээврийн хэрэгслийн даатгал нь сайн дурын даатгал тул нэхэмжлэгчид 298,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэгч нь улсын дугаарын үнэ 65,000 төгрөгийг, моторын тосны болон тосны шүүрний үнэд 56,000 төгрөгийг, хурдны хайрцагны тосны үнэд 232,000 төгрөгийг, гадна болон дотор агаар шүүгчийн үнэд 20,000 төгрөгийг тус тус төлсөн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохиролд тооцогдохгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас уг хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1,269,310 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчимд үндэслэн уг үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхгүй.
8. Анхан шатны шүүх гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг бүрэн шийдвэрлээгүй нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан үндэслэлээр автомашины үнэд төлсөн төлбөрийг буцаан гаргуулж олгож шийдвэрлэсэн атлаа автомашиныг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгоогүй нь буруу болжээ. Учир нь, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд шаардлага гаргасан эсэхээс үл хамаарч гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иймд шийдвэрт автомашиныг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгосон өөрчлөлт оруулна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/00990 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 24,897,620 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, ******* улсын дугаартай, *******-С26 маркийн, улбар шар өнгийн, 2014 онд үйлдвэрлэгдсэн, арлын дугаартай автомашиныг нэхэмжлэгч *******гаас гаргуулан хариуцагч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,992,690 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтын 286,055 гэснийг 282,438 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******аас төлсөн 286,055 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
М.БАЯСГАЛАН