Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2025/00582

 

 

 

 

 

     

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/01071 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Нэмэгдэл хөлс 6,351,312 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь ******* ХХК-д 2014 оны 10 сарын 08-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу *******ын уртын ээлжээр ажиллахдаа нэг өдөр 12 цагаар ажиллаж, мөн хуулийн 92.4-д заасны дагуу нэг ээлжид 14 хоног ажил үүргээ гүйцэтгээд 14 хоног амарч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж, мөн 109.1-д Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан.

Ажил олгогч нь ажилтнуудыг нөхөн амраалгүй 14 хоногт 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа ч хуульд заасан илүү цагийн хөлсийг олгохгүй байгаа тул 2022 оны 09-р сард 8 цагаар, 10 болон 11-р саруудад тус бүр 56 цагаар илүү цаг ажилласны нэмэгдэл хөлс 6,351,312 төгрөгийг ******* ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6-д Хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно гэж заасан нь оффисын ажилтан, ээлжийн ажилтан эсхүл уртын ээлжийн ажилтан эсэхээс үл хамааран ажилтны сард ажиллах дундаж ажлын цаг 168 байна хэмээн зохицуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны ажил үүрэг гүйцэтгэх 14 хоногт нийт ажлын цаг нь 168 цаг болж байгаа нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй тул илүү цагийн хөлс олгогдохгүй. Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь ажилтныг илүү цагаар ажиллуулсан боловч нөхөн амруулаагүй тохиолдолд үйлчилнэ. Иймд ажилтныг илүү 4 цаг ажиллуулсан гэсэн нь үндэслэлгүй. Ажилтны сард амрах 14 хоногийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн өдөрт илүү ажилласан гэх 4 цагийн хугацааг нөхөн амруулсан хугацаа тооцогдож байгаа ба ажилтны сард гүйцэтгэсэн ажлын цаг нь 168 цагаас илүү гарсан бол ногдох илүү цагийн хөлсийг олгож байгаа ба нэхэмжлэгч нь илүү цагийн хөлс шаардсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажил олгогчоос илүү цагийн нэмэгдэл хөлсийг шаардах буюу эрх нь зөрчигдсөн гэж үзсэн хугацааг хууль хэрэгжиж эхэлсэн 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс тоолно. Гэвч нэхэмжлэгч 2022 оны 09, 10, 11 дүгээр саруудын нэмэгдэл хөлсийг нэхэмжилж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гарах хугацааг 1 жил 3 сараар хэтрүүлж, эрх бүхий этгээдэд гомдлоо гаргаж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. ******* ХХК нь нэхэмжлэгчийн цалин хөлсийг хууль журмаар тогтоосон хугацаанд бүрэн олгож байгаа ба аливаа байдлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 92 дугаар зүйлийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-аас 6,351,312 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,970 төгрөгийг улсын орлогод үлдээж, 45,601 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгон, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 116,571 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 09, 10, 11 дүгээр сарын илүү цагийн цалин хөлсөнд 6,351,312 төгрөг гаргуулахаар шаардсан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэр биш тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор ******* ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж гомдол гаргах байсан.

******* ХХК нь сар бүрийн 10, 25-ны өдрүүдэд цалин хөлсийг олгодог тул нэмэгдэл хөлс нь дараа сарын 10-ны өдрийн цалинд бүрэн бодогдож олгогддог. Хэрэв 09 дүгээр сард илүү цагийн хөлсийг дутуу олгосон гэж үзсэн бол 10 сарын 10-ны цалин олгосон өдрөөс хойш 90 хоногийн дотор компанийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргах байсныг нэхэмжлэгч зөрчин ******* ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023 оны 03 сарын 10-ны өдрийн огноотой гомдлыг 03 сарын 13-нд гаргаж, гомдлоо 153 хоногийн дараа гаргасан байна. Мөн 10 дугаар сарын илүү цагийн хөлсийг мөн адил 11 сарын 10-ны өдрөөс, мөн 11 дүгээр сарын илүү цагийн хөлсийг 12 сарын 10-ны өдрөөс хойш тус тус 90 хоногийн дотор компанийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргах ёстой байсан.

Иймээс нэхэмжлэгч нь 09 дүгээр сарын хувьд 153 хоног, 10 дугаар сарын хувьд 123 хоног, 11 дүгээр сарын хувьд 93 хоногийн дараа тус тус гомдол гаргаснаар илүү цагийн хөлс гаргуулахаар шаардах эрхгүй буюу хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 болон Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж, "*******д 2022 оны 11 дүгээр сарын сүүлийн цалин хөлс олгосон 2022.11.25-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан "90 хоногийн хугацаа тоолж эхлэх тул дээр дурдсанаар холбогдох газруудад тухай бүрд гомдлоо гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт зааснаар 154.2.2-т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг шүүх 2023 оны 05 сарын 19-ний өдөр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд тус захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн өдөр мэдэж, гардаж авсан байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн хуулийн 79.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно, 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус заасан. Үүнээс үзвэл Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 8879 дугаар захирамж гарснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан ажлын 10 хоногийн хугацааг тоолох ёстой. Ийнхүү тоолвол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх хугацаа 2023 оны 06 сарын 03-ны өдөр дуусахаар байна.

Нэхэмжлэгч 2023 оны 06 сарын 06-ны өдрөөр огноолсон байх боловч үүнээс хойш буюу мөн оны 06 сарын 09-ний өдөр нэхэмжлэлээ шүүхэд өгсөн байдаг. Үүнээс үзвэл аль ч тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хувьд татгалзах эрхтэй болно.

4.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, тооцоолол илэрхий алдаатай талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлд маш тодорхой тусгах ёстой зүйл бол нэхэмжлэлийн үндэслэл ба шаардлага байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэгээ тодорхой гаргаагүй, үүний улмаас нэхэмжлэлийн шаардлага нь илэрхий алдаатай болсон байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан хугацааны цалин хөлсийг бүхэлд нь авсан атлаа дахиж 1.5 дахин нэмэгдүүлж авахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Энэхүү шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт нийцэхгүй юм. Гэтэл шүүх "... сард олгосон 168 цагийн цалин хөлсөнд илүү цагийн хөлсөнд олгох нэмэгдэл хөлсний 1 хувь олгогдсон гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн илүү цагийн нэмэгдэл хөлс тооцсон дээрх үндэслэлийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд цалин хөлсний мэдээлэл гэх баримтаар нэхэмжлэгчид илүү цагийн нэмэгдэл хөлсийг хуульд зааснаар буюу дундаж цалин хөлсийг 1.5 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох ёстойгоос ажил олгогч нь 1 дахин 11 хувь/хэмжээгээр нэмэгдүүлж олгосон талаарх нөхцөл байдал тодорхойлогдох боломжгүйг дурдав" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь, хэрэгт хариуцагчаас гаргасан нэхэмжлэгчийн ажилласан цагийн бүртгэл, цалингийн дэлгэрэнгүй тооцоолол болон хариуцагч компанийн Ажлын цагийн журам, Цалин хөлсний журмаар хариуцагчийн татгалзлын үндэслэл тодорхой нотлогдож байгаа болно.

Тодруулбал, нэхэмжлэгч нь олгогдсон цалингийн тухайд буюу 2022 оны 09, 10, 11 дүгээр сарын цалин хөлсний тухайд маргаж байгаа тул тухайн үед хариуцагч компаниас сарын ажлын цагийг 168 цагаар тооцож цалин хөлсийг олгосон тул үндсэн цалин болон холбогдох нэмэгдлүүд (үүнд уртын ээлжийн нэмэгдэл, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, ирж, буцах цагийн нэмэгдэл болон бусад)-ийг хамааруулан 1-д ногдох хэсгийг авсан буюу хэрэв олгох ёстой гэж үзвэл 0,5-д ногдох хэсэг байх ёстой. Хэрэв нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах тохиолдолд илүү цагийн хөлсөнд нэхэмжлэгч нь 2,5 дахин нэмэгдүүлж авахаар байгаа болно.

Иймд, хариуцагчийн хувьд нэгэнт гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Учир нь, анхан шатны шүүх талуудын татгалзал болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг анхан шатны шүүхэд 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс илүү цагийн хөлсөө шаардах эрхтэй байхад 1 жил 3 сарын дараа нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарладаг. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын гаргасан татгалзлын хүрээнд нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн. Мөн түүнчлэн 2023 оны 02 сарын 17-ны өдөр ******* ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргаж байсныг үндэслэн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хугацааг зөв дүгнэсэн. 168 цагт ногдох цалин хөлс нь үндсэн цалин болон бусад санхүүгийн гэрээгээр заасан нэмэгдлүүд учир нэхэмжлэлийн шаардлагыг 1,5 дахин нэмэгдүүлж олгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч тал давж заалдах гомдол гаргасан хэмжээгээр маргаагүй учир шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2022 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарыг дуустал хугацаанд 120 цаг илүү ажилласны нэмэгдэл хөлс 6,351,312 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцсоноос хэтрээгүй, нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж тайлбарлан маргажээ.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоосон хэдий ч уртын ээлжээр илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

4. Нэхэмжлэгч нь 2014 оны 10 сараас эхлэн хариуцагч ******* ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр хүнд машин механизмын операторчнаар өнөөг хүртэл ажиллаж байгаа бөгөөд талууд гэрээнд 2022 оны 03 сарын 16-ны өдөр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийг уртын ээлжээр ажиллах горимд шилжүүлэн нэг ээлжид ажиллах ажил, амралтын хугацаа нь тус бүр 14 хоног байхаар харилцан тохиролцжээ.

Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сард ажиллах дээд хугацаа 112 цаг бөгөөд үүнээс илүү ажилласан бол тухайн цагийг илүү цагт тооцон нэмэгдэл хөлс олгох учиртай гэж нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг хариуцагчийн зүгээс үгүйсгэн ажилтны нэг сарын үндсэн цалингийн хүрээнд уртын ээлжээр ажиллах сарын дээд цаг 168 цагт нэхэмжлэгчийг багтаан ажиллуулсан гэж тайлбарласан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.4 дэх хэсэгт тус тус зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх болон амрах хугацааг тус бүр 14 хоног байхаар хуульчилж, энэхүү горимоор ажиллах ажлын нэг өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байхыг мөн хуулийн 92.3-т заасан. Харин ажил олгогч, ажилтныг ийнхүү ажиллуулахдаа 87.2, 87.3-т заасан ажлын цагийн дээд хязгаарыг баримталснаас илүү цагаар ажиллуулсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэгдэл хөлс тооцон олгох үүрэгтэй байна.

Энэ талаархи эрх зүйн хэд, хэдэн маргааныг хянан шийдвэрлэсэн тогтоолыг Монгол Улсын дээд шүүх гаргасан нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт зааснаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоосон учир нэхэмжлэгч *******ын нэг өдөрт 12 цаг ажилласнаас 4 цаг нь илүү цагт тооцогдох үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, харин хариуцагч ******* ХХК-ийн 2021 оны 12 сарын 31-ний өдрийн 72/21 тоот тушаалаар баталсан Ажлын цагийн тухай журам-ын 8.1.7, 8.1.8-д заасан зохицуулалт дээрх үндэслэлээр хуульд нийцээгүй байна.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасны дагуу ажилтан өөрийн эрх нь зөрчигдсөнийг мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэхээр эрх бүхий этгээдэд гомдлоо гаргах эрхтэй, энэ хугацааг өнгөрүүлсэн эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн боломжгүй болохыг заасан.

Хариуцагч ******* ХХК нь ажилтны цалин хөлсийг сар бүрийн 10, 25-ны өдрүүдэд олгодог талаар зохигч маргаагүй. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд тухайн сарын цалин хөлс нь дараа сарын 10-ны өдөр бүтэн олгогдсоны маргааш өдрөөс эхлэн 90 хоногийн дотор компанийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс /комисс байхгүй бол/сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргах эрхтэй.

Нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 09, 10, 11 дүгээр саруудын нэмэгдэл хөлсийг шаардаж хариуцагч ******* ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023 оны 03 сарын 10-ны өдөр гомдол гаргажээ. Хэдийгээр хариуцагч ******* ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссийн 2023 оны 03 сарын 16-ны өдрийн Гомдол буцаах тухай албан бичигт Таны гомдлыг 2023 оны 03 сарын 13-ны өдөр авсан гэж бичсэн байх боловч комисс нэхэмжлэгчийн гомдлыг 2023 оны 03 сарын 13-ны өдөр хүлээн авсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ тухай татгалзлаа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

Мөн нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 03 сарын 28-ны өдөр гомдлоо гаргасныг тус хорооны 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 50 дугаар тэмдэглэлээр дуусгавар болгожээ. Нэхэмжлэгч тал 2023 оны 05 сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 8879 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжаар тогтоогдсон, тэрээр нэхэмжлэлээ 2023 оны 06 сарын 09-ний өдөр дахин гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх ба нэхэмжлэгч энэ хугацаанд хамаарах хугацааг хэтрүүлээгүй байна.

Иймээс давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангаж, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ******* ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нэхэмжлэгчийн гомдлыг 2023 оны 03 сарын 10-ны өдөр хүлээн авсан гэж дүгнэлээ. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын нэмэгдэл хөлсөө шаардах хугацааг 2022 оны 12 сарын 11-ний өдрөөс тоолоход хуульд заасан 90 хоногийн хугацаа нь 2023 оны 03 сарын 11-ний өдөр дуусч байх тул тэрээр дурдсан хугацааны нэмэгдэл хөлсөө шаардах эрхтэй.

Харин нэхэмжлэгчийн 2022 оны 09, 10 дугаар саруудын нэмэгдэл хөлс шаардах хугацааг дээрх аргаар тоолоход 2023 оны 01 сарын 10 болон 02 сарын 10-ны өдрүүдэд дууссан, нэхэмжлэгч гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн нь хүндэтгэх шалтгаантай байснаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Иймд, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч *******ын 2022 оны 11 сард 56 цаг илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг хариуцагч ******* ХХК нь нөхөн төлөх үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцсэн байна. Харин энэ хугацааны нэмэгдэл хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцон олгосон нь үндэслэлгүй тухай хариуцагчийн гомдлыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзэж, анхан шатны шүүхийн энэхүү алдааг доорх байдлаар залруулна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж зааснаар хариуцагч нь дундаж цалин хөлсийг 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тэрээр 2022 оны 11 сард 7,612,592 төгрөгийн цалин хөлс авчээ.

Иймд, нэхэмжлэгчийн 2022 оны 11 сарын хөлс 7,612,592 төгрөгийг ажилласан цагт хувааж, нэг цагийн хөлсийг нь илүү ажилласан 56 цагаар үржүүлж, үүнээс хариуцагч нь илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгохоос 1 дахин нэмэгдүүлж олгосныг хасч, 0,5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцоход /7,612,592/21=362,504. 362,504/8=45,313. 45,313/2=22,656. 33,656х56=1,268,765/ нэхэмжлэгчид 1,268,765 төгрөгийн нэмэгдэл хөлс олгогдож байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг шаардсаныг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч ******* ХХК-аас 1,268,765 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/01071 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 1,268,765 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,082,765 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтыг ...104,484 төгрөг... гэснийг 35,000 төгрөггэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,571 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Э.ЭНЭБИШ