| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2019/0118/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/123 |
| Огноо | 2019-07-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 27.10.2.2., 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч А.Мөнхзориг, түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2.2,2.3, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Арал овогт Амгаланбаатарын Мөнхзоригт холбогдох эрүүгийн 1936000760121 дугаартай, 178/2019/00118/Э индекстэй хэргийг 2019 оны 07 сарын 01- ний өдөр хүлээн авч 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,1998 оны 10 сарын 02- ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, ард урианхай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 30 Б тоотод оршин суух, Ховд аймгийн Манхан сумын Тахилт багт оршин суух хаягтай, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 20-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, мөн Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 11-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 268 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелээгүй тул Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 2019/ХМШЗ/ 36 дугаартай “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих тухай” захирамжаар 268 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 33 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж байсан, ПД 98100212 регистрийн дугаартай, Арал овогт Амгаланбаатарын Мөнхзориг
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:
Шүүгдэгч А.Мөнхзориг нь: 1. 2019 оны 02 сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв зах дээр иргэн Д.Билгүүний “ Samsung Galaxy S-6” маркын гар утсыг зарж үнийг өгнө гэж аваад 120000 төгрөгөөр зарж, үнийг өгөлгүй хуурч залилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1,
2. 2019 оны 05 сарын 11-ний өдөр Ховд аймгийн Дуут сумын Босго багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох А ангилалын эрхийн үнэмлэхгүй атлаа согтуугаар мотоцикль жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас иргэн М.Сайнбуянг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 4-42 тоотод оршин суух, 2003 оны 03 сарын 08- ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Ховд аймгийн Лабориатори нэгдүгээр сургуулийн 10 А бүлэгт суралцдаг, ПЮ 03230816 дугаарын регистртэй / Сартуул овогт Доржнамжилын Билгүүний өгсөн...Би 2019 оны 02 сарын 26-ны өдөр өөрийн “ Samsung Galaxy S-6” маркын гар утсыг Баруун бүс төв зах дээр зарах гээд найз Бат- Оргилын хамт явж байгаад гар утас зардаг, засвар хийдэг 2 давхар улаан байшинд ороход Бат-Оргилын таньдаг гэх залуу тааралдаад “ гар утсыг чинь би зараад өгье, та нарыг хүүхдүүд гээд авахгүй” гэхээр нь заруулахаар тэр үл таних ахад өгсөн. Сүүлд нэрийг нь мэдэхэд А.Мөнхзориг гэдэг залуу байсан. Тэгээд холоос ажиглаж байтал гар утас зардаг ахад 120000 төгрөгөөр өгөхөөр болоод нөгөө ах нь АТМ- ээс мөнгө авч өгөхөөр болоод захын дээд талын ХААН банкны АТМ-ээс 120000 төгрөг авч өгсөн. Тэгтэл А.Мөнхзориг гэх залуу мөнгөө авуут таксийн суугаад зугтаад яваад өгсөн. Түүний араас утсаар нь залгасан боловч 2-3 удаа утсаа аваад ярихгүй байсан. Дахин залгасан боловч шууд утсаа унтраасан. Гэрийнх нь хаягийг мэдээд олох гэсэн боловч олдохгүй байсан. Сарын дараа А.Мөнхзориг гэх залууг зах дээр хараад араас нь дагаж явж байтал “ чи намайг таньж байна уу” гэсэн. Намайг таньж байна, миний гар утас мөнгийг өгчих гэхэд чамаас хэзээ гар утас, мөнгө авсан гээд надруу дайрахаар нь цагдаа дуудаад өгсөн. Би сарын өмнө “ Samsung Galaxy S-6” утсаа 250000 төгрөгөөр худалдаж авч байсан. Шаргал өнгийн дэлгэцтэй, дэлгэц нь хагарсан, хойд таг нь хагарсан гар утас байсан. Тухайн үед зараад өгнө гэхээр нь итгээд утсаа өгсөн ...гэх мэдүүлэг / хэргийн 9-10 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Болдбатын гэрчээр өгсөн...2019 оны 02 сарын 26- ны өглөө 10-11 цагийн хооронд ажилдаа ирээд байж байтал саравчтай малгайтай, нуруугаараа 170 орчим см өндөртэй, шаргалдуу цариатай, дугуй зууван хэлбэрийн нүүртэй залуу “ Samsung Galaxy S-6” маркын шаргал өнгөтэй, ар талын таг хагарсан, урд шил хагарсан гар утсыг авч болох төгрөгөөр нь зарна гэхээр нь үзээд авахаар тохиролцсон. Тэр залуу хэлэхдээ миний гар утас мөнгөний хэрэг болоод зарж байна гэсэн. Тэр залууг дагуулаад ХААН банкны АТМ орж 120000 төгрөг гаргаж өгсөн. Тэр залуу ганцаараа явж байсан. Сүүлд цагдаад шалгагдаж байх хугацаанд тэр залууг А.Мөнхзориг гэдгийг мэдсэн. А.Мөнхзориг нь надад гар утас зарсан залуу мөн байсан. Тухайн утсыг худалдаж авсны маргааш нь дэлгэцийг нь солиод Улаанбаатар хот руу явуулаад заруулсан. Тухайн утас нь 200000-230000 төгрөгний үнэтэй байх ...гэх мэдүүлэг / хэргийн 13 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй Ө.Бат-Оргилын гэрчээр өгсөн... Би 2019 оны 02 сарын 26-ны өдөр найз Д.Билгүүний хамт явж байгаад гар утсаа зарахаар ярилцсан. Гар утсаа зарах гэж байгааг нэг үл таних ах сонсоод Д.Билгүүний гар утсыг “ 120000 төгрөгөөр зараад ирье , хүлээж бай” гээд явсан. Бид нарыг 2 давхар улаанд орхиод гарч яваад ирэхгүй болохоор нь араас нь залгасан боловч эхлээд дуудаад авахгүй байснаа сүүлдээ утсаа унтраасан. Д.Билгүүн гар утсаа зараад пүүз авах гэж байсан. “ Samsung Galaxy S-6” маркын гар утас байсан ба буландаа хагарсан байсан. Би өөрийн найзын утсаар А.Мөнхзоригийн дугаарлуу залгасан. Одоо тэр дугаарыг санахгүй байна...гэх мэдүүлэг / хэргийн 16-17 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Батбаатарын гэрчээр өгсөн... 2019 оны 02 дугаар сарын сүүлээр манай 4 дүгээр курсын ах манай сургуулийн цахим группэд “ Батбаатарын дугаарыг мэдэх хүн байна уу” гээд нийтэлсэн байхаар нь би залгаад юу болсон талаар асуусан. Тэгтэл манай дүү Шаркаагийн гар утсыг танай найз авсан байна гэхээр нь би сайн мэдэхгүй байна гээд утсаа тасалсан. Тэгээд удалгүй байтал манай 4 дүгээр курсын Цагаанаа ирээд “ танай өндөр найз манай дүүгийн гар утсыг зарж өгөөд , мөнгийг нь аваад явсан байна” гэж хэлсэн. Би хэнийг хэлж байгааг ойлгоогүй. Гэтэл Цагаанаатай хамт явсан залуу “өчигдөр таньтай хамт явсан залуу “ гэхээр нь А.Мөнхзоригийг гэж мэдсэн. Тэгээд ээж рүү нь залгахад миний хүүхэд биш гээд уурлахаар нь Батболдод хэлээд утсаар залгуулсан боловч хаана байгаагаа хэлээгүй. Тэгээд бид нар салсан. Би Батболдоос асуухад Болдоо гэх ахад зарсан байна гэхээр нь Батзэрэг ахтай уулзсан. Батзэрэг ах “ Samsung Galaxy S-6” гар утасны дэлгэцийг сольж байхаар нь ямар утсаны дэлгэц сольж байгааг асуухад Болдоо солиод өг гэсэн гэж хэлсэн. Болдоо ахтай уулзахад “ би өнөөдөр өглөө авсан” гэж хэлсэн. Би наад утас чинь залилангийн, хулгайн гар утас байж магадгүй байлгаж байгаарай, дэлгэцийн сольсон ч битгий зараарай, мөнгө төгрөгөө төлөөд авах байх гэхэд “ за за “ гэхээр нь би гараад явсан . А.Мөнхзоригийг танина. 2018 оны хавар танилцаж байсан. Түүнийг Батка гэж дууддаг. Би А.Мөнхзоригоос ямар нэгэн гар утас засч өгнө гэж авч байгаагүй. 2018 оны 10 дугаар сард Баруун бүс төв зах дээр гар утасны засварын лангуу түрээслэж авахад “ энэ гар утасны засварын газар ажиллуулж байсан хүнд “Айфон” маркийн гар утас өгсөн түүнийгээ авна “ гэхэд нь би аваагүй тул өгөөгүй. Түүнээс хойш надаас ямар нэгэн зүйл нэхээгүй. Надад Д.Билгүүн гэх дүү байхгүй. Д.Билгүүний найз нь Шаркаа гэж манай нутгийн хүүхэд байдаг. Шаркаа нь манай найзын утсыг танай найз зарж өгнө гээд авчихаад мөнгийг нь өгөхгүй байна гэхээр нь Мөнхзориг болохыг олж мэдээд зааж өгсөн. Цагдаагийн газарт очоод тухайн утас нь Шаркаагийн утас биш түүний найз Д.Билгүүний утас болохыг олж мэдсэн. А.Мөнхзориг нь манай найз Батболдыг дагаж ирж танилцаж байсан. Надтай уулзах үедээ тамхи асууж ирдэг, мөн мөнгө зээлээч гэдэг байсан. 2019 оны 03 сарын сүүлээр лото тоглоод 500000-600000 төгрөг алдчихлаа мөнгө зээлээч гэж байсан. Би мөнгө байхгүй гээд зээлж байгаагүй... гэх мэдүүлэг/ хэргийн 19-21 дүгээр хуудас/
Мөрдөн шадгах ажиллагаанд А.Батболдын гэрчээр өгсөн... А.Мөнхзоригийг танина. 2019 оны 02 сарын сүүлээр манай найз Батбаатар залгаад “Зоригоотой яаж холбогдох бэ, манай нутгийн дүүгийн гар утсыг зарж өгнө гээд дундаас нь мөнгийг нь аваад явсан байна” гэхээр нь уулзая гээд Батбаатартай уулзсан. Батбаатар болон арван жилийн хоёр хүүхдийн хамт байж байгаад Мөнхзоригийн утас руу залгасан боловч доор байна гээд утсаа тасалсан. Тэгээд юу болсон талаар асуухад танихгүй 10 жилийн хүүхдийн утсыг зарж өгнө гээд гээд мурисан байхад нь цагдаад ханд гэж хэлсэн. Би А.Мөнхзоригтой уулзах гээд залгасан боловч уулзахгүй гэсэн. Баруун бүс төв зах дотор байдаг 2 давхар Улаан руу ороход А.Мөнхзориг Samsung S 6 маркийн гар утсыг Болдоо гээд ахад 120000 төгрөгөнд зараад захын дээд талын ХААН банкны бэлэн мөнгөний машинаас Болдоо ах мөнгө аваад А.Мөнхзоригт өгч байсан. Ямар учиртай утас болохыг асуухад чамд хамаагүй гэж байсан. Болдоо ах утсыг нь аваад 120000 төгрөг тоолоод өгч байсан. Түүнээс хойш 10 орчим хоногийн дараа Ховд их сургуулийн оюутны байрны гадна таараад мэндлээд өнгөрсөн. Дэлгэц нь хагарсан утас байсан. Ц.Батбаатарт Д.Билгүүн гэх дүү байхгүй. А.Мөнхзориг нь Ц.Батбаатарын дүүгийн утсыг барьцаанд зарж байгаа талаар хэлээгүй. .. гэх мэдүүлэг / хэргийн 23-25 дугаар хуудас /
Гар утас үнэлсэн тухай шинжээчийн ... “Samsung Galaxy S-6” маркын гар утас -250000 төгрөг ...гэх дүгнэлт/ хэргийн 31 дүгээр хуудас/
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн... Уг хэрэг учрал болсон гэх газар Ховд аймгийн Дуут сумын Босго багийн нутаг дэвсгэр Шилүүстэй 3-20 тоот хашааны дэргэд шороон зам дээр үйлдэгдсэн байв. Хэрэг болсон газар 2 эгнээ шороон зам байх бөгөөд уг замаас баруун хажуу чиглэлтэй, мотоциклийн мэт дан хуучин хээгүй мөр байх бөгөөд эхлэлийг Б1 үсгээр, төгсгөлийг “Г” үсгээр тэмдэглэн, М.Сайнбуян гэх 7 настай хүүхэд мөргүүлж унасан гэх цэгийг хохирогчоор заалгаж, зааж байсан цагийг “А” үсгээр тэмдэглэв. Түүний хажуу талд ертөнцийн зүгээр хойд зүгт 7смх5 см-ийн чулуу байх бөгөөд түүний дээд хэсэгт нь 05х1.5 орчим буланд 0.5 х1см орчим улаан хүрэн өнгийн цус мэт хатсан мөр бодистой чулууг битүүмжлэн авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хэмжихэд хүүхэд мөргүүлж унасан гэх цэгийг “А” үсгээр, “Б” үсгээр Шилүүстэйн 3-20 гэх хаягт бүхий цэнхэр өнгийн хашааны үүдийг үл хөдлөх цэгээр тэмдэглэн авав. Шороон замын өргөн 2.8 м байх ба “Б” цэг шороон замын ирмэгээс 1,3м, “Б” цэгээс “Г” цэг хүртэл 3,5 м, “Г “ цэгээс шороон замын ирмэг хүртэл 2,2 м, “Г” цэгээс ” А” цэг хүртэл 1,2м, “А” цэгээс шороон замын ирмэг хүртэл 1.8 м, “А “цэгээс А1 цэг хүртэл 0,9м, А1 цэгээс шороон замын ирмэг хүртэл 1,6м зайтай байх бөгөөд үл хөдлөх “Б” цэгээс “А” цэг хүртэл паралель хэмжихэд 11.1х11.2м, “Г” цэгээс “Б” цэг хүртэл паралель хэмжихэд 17,3х12м тус тус зайтай байв. Үзлэгээр илэрсэн цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон чулууг битүүмжлэн авав ... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 57-60 дугаар хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... Үзлэгийн объект нь улсын дугааргүй, ямар нэгэн бүртгэлгүй, цэнхэр өнгийн зүүн болон баруун талын хэсэгтээ DAYUN, эко SUPER,DY 150 гэх бичвэр бүхий мотоцикль байв. Уг мотоциклийн жолооны механизмыг зүүн болон баруун тийш шалгахад хэвийн ажиллагаатай, тоормозны хөл болон гар механизмыг шалгахад мөн адил хэвийн ажиллагаатай байв. Зүүн урд, зүүн хойд, баруун урд, баруун хойд дохионууд их гэрлүүдийг асааж шалгахад хэвийн ажиллагаатай, хянах самбар хэвийн, зүүн талын толь байхгүй, эвдрэл гэмтэлтэй байв ... гэх тэмдэглэл, гэрэл зураг/ хэргийн 66-67 дугаар хуудас/
Дөрвөд овогт Мөнхнасангийн Сайнбуянгийн ПД12271618 регистрийн дугаартай Г-37 гэх төрсний гэрчилгээний хуулбар баримтаар хохирогч М.Сайнбуян нь 2012 оны 07 сарын 16- ны өдөр Ховд аймгийн Дуут сумын эмнэлэгт төрсөн гэх баримт/ хэргийн 70 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч /Ховд аймгийн Дуут суманд 2012 оны 07 сарын 16-ны өдөр төрсөн, 7 настай, эрэгтэй, ард урианхай, бага боловсролтой, мэргэжилгүй, Дуут сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1 “А” бүлэгт суралцдаг , ПД12271618 дугаарын регистртэй/ Дөрвөд овогт Мөнхнасангийн Сайнбуянгийн өгсөн...Би Ховд аймгийн Дуут сумын төвд найз А.Сүхбатыг гэрт нь дөхүүлж өгөхөөр гудамжинд шороон замын хажуу талаар явж байгаад” баяртай” гэж хэлж байхад араас ямар нэгэн зүйл цохих шиг болоод уначихсан. Тэрнээс хойш ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд эмнэлэгт ирсэн байсан. Би замын хажуу талд зогсож байхад араас ямар нэгэн зүйл цохих шиг болсон. Тээврийн хэрэгсэлийн сигналдсан дуу сонсоогүй...гэх мэдүүлэг / хэргийн 84 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч / Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багт оршин суух, 1978 оны 04 сарын 14-ний өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, ард урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл - 6, нөхөр хүүхдүүдийн хамт амьдрах, ПД78041460 дугаарын регистртэй / Хорхон овогт Уртнасангийн Оюунчимэгийн өгсөн...2019 оны 05 сарын 11-ний өдөр Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн нутаг Наалдангиш гэх нэртэй газар гэртээ байхад 17-18 цагийн үед утас дуугарч утсаа авахад манай эгч “ хүүхэд чинь эмнэлэгт хэвтсэн байна” гэхээр хүрээд ирэхэд манай хүү М.Сайнбуянгийн толгой хавдсан, нүдээ нээж чадахгүй эм тариа хийлгэсэн байсан. Яасан талаар асуухад мотоцикль дайрсан гэж хэлсэн. Тэгээд сумын эмнэлэгт нэг хоноод маргааш нь Ховд аймгийн БОЭТ-ийн гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Манай хүүхэд эмээгийн хамт сумын төвд, бид нар хөдөө мал дээр байдаг. Гавлын ясны баруун хэсэгт цөмрөлттэй, ясандаа цууралттай, цус хуралттай байсан. Хөл гар нь хөхөрч шалбарсан, зулай хэсэгт зүсэгдсэн шархтай байсан. Эмчилгээ хийлгэж байгаа. Эмчилгээний зардалд бидний нэхэмжилсэн 1149000 төгрөгийг А.Мөнхзориг төлсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолгүй тул хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү... гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Мөнх- Одын гэрчээр өгсөн... 2019 оны 05 сарын 11- нд М.Сайнбуян гэх хүүхэд ухаантай уйлсан байдалтай ирсэн. Цогзолмаа гэх хүн авчирсан. Толгой хөл өвдөж байна гэсэн зовиуртай байсан. Энгийн үзлэгээр хоёр хөл шалбарсан, хөхрөлт үүссэн байсан. Толгой нь дарахад маш их өвчтэй, толгойн урд хэсэгт зүсэгдсэн шархтай, дагз чамархайн хэсэгт дарахад эмзэглэлтэй, цөмөрсөн байдалтай байсан. Хоёр гарт нь уян зүү тавьж, энгийн заалтаар эмчилгээ хийсэн. 2019 оны 06 сарын 12- ны өдөр аймаг руу явуулсан. Цогзолмаа гэгч хүргэж ирсэн хүн нь мотоцикль дайрсан гэж байсан. Яг хэн дайрсаныг мэдэхгүй байна гэж байсан. Хүүхэд цэнхэр дээлтэй хүн мөргөөд зугтаасан гэж хэлж байсан...гэх мэдүүлэг / хэргийн 91 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Батсүхийн гэрчээр өгсөн...Тэр өдрийн орой Мөнхнасан залгаад “танай мотоциклиор манай хүүхдийг хүн дайрсан байна “ гэж хэлсэн. Тэгээд хүүхдээ хамт очсон хүүхэдтэйгээ байлгаж бай гэж хэлсэн. Орой манай залуу Бүүвэй нь Зоригоо гэх залуугийн хамт ирсэн. Би тэд нарыг ирэхээр нь хүүхэд дайрсан байна гээд юу болсон талаар асуусан. Аймгаас ирэх гэж байхад Зоригоо цуг явъя гээд байхаар нь дагуулаад сумын төвд ирсэн. Би эмийн сан ороод мал угждаг сосок аваад иртэл мотоцикль унаад явсан байсан. Би яагаад мотоцикль унаад явчихваа гэхэд хойно айлд очоод хүүхэдтэй уулзах гэж яваад хүүхэд мөргөсөн гэж хэлсэн. Мотоцикль сумын төвийн байшинд байсан. Сумаас наашаа явах унаа байхгүй байсан тул мотоциклио гаргаж авсан байсан. Түлхүүр нь зоолттой байсан тул асааж унасан байсан. Би замын унаанд хүрээд ир гэж хэлсэн боловч орой нь мотоциклиор ирсэн. Тухайн мотоцикль миний эзэмшлийн мотоцикль. Ямар нэгэн гомдол санал байхгүй ...гэх мэдүүлэг / хэргийн 92-93 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд У.Цогзолмаагийн гэрчээр өгсөн...Өөрийн ээж Ичинхорлоогийн гэрт очоод хоол хийж өгөөд байж байтал миний төрсөн дүүгийн хүүхэд болох Сайнбуян гаднаас хоёр найзын хамт орж ирээд хоол идээд дөхүүлж өгнө гээд гараад явсан. 10-20 минутын дараа “танай дүүг гудманд цэнхэр өнгийн дээлтэй мотоцикльтой хүн дайраад зугтаачихлаа“ гэж хэлсэн. Яваад очтол толгойноос цус дуссан, ухаан алдсан байдалтай байсан. Соронзонболд, Шараа гэх хоёр найз нь хажууд нь уйлаад байж байсан. Би ээждээ өгөөд Шараа гэх хүний машиныг гуйгаад эмнэлэг рүү явуулаад цагдаад мэдэгдсэн...гэх мэдүүлэг / хэргийн 94-95 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Мөнхнасангийн гэрчээр өгсөн...Намайг Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн нутаг дэвсгэр Наалдангашийн ам гэх газарт мал дээрээ байхад манай эгч Цогзолмаа утсаар яриад “ хүүхэд чинь эмнэлэг дээр байна. Сумын төв ороод ир “ гэж дуудсан. Хүрээд ирэхэд манай хүү Сайнбуян эмнэлэгт хэвтэж байсан. Мотоцикль дайрсан, дайрсан хүн нь олдохгүй байна гэж байсан. Тэгээд шөнөжин хүүхдээ сахиж хоноод маргааш нь 06 сарын 12- ны өдөр эмнэлэгийн машинтай аймаг руу хүүхдээ аваад явсан. Очоод гэмтлийн тасагт хэвтүүлж толгойн зураг авахуулсан. Гавлын яс цөмөрөлттэй байна гэсэн. Манай эхнэр У.Оюунчимэг нь А.Мөнхзоригийн ээж гэх хүнтэй утсаар холбогдоход хотод байна гэж хэлсэн. 05 сарын 27-ны өдөр холбогдоход Ховдод орж ирж байна гээд 06 сарын 02-ны өдөр манай гэрт ирсэн. Манай эхнэр хүүхдийн эмчилгээний баримт болон ууж байгаа эмийг үзүүлсэн. 06 сарын 07-ны өдөр утсаар ярихад яахаа мэдэхгүй байна гэхээр нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хүүхэдээ 1 сая гариу төгрөгийн эм тариа хэрэглэсэн. Цаашдаа хот руу явж шинжилгээ хийлгэнэ. Хүүхэд мөргөсөн залуутай уулзсан. Эмнэлэг дээр цагдаа дагуулж ирсэн. Миний буруу гэж хэлж байсан. Ар гэрийн хүмүүсээ надтай уулзуулаарай гэж хэлсэн. Эмч хот руу явж давтан шинжилгээ хийлгэ гэсэн...гэх мэдүүлэг / хэргийн 96 - 97 дугаар хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй А.Сүхбатын гэрчээр өгсөн... Би найз Сайнбуянтай тоглож байгаад замаас гараад харих гэж байтал араас мотоцткль дуугарсан. Эргэж хартал цэнхэр дээлтэй, цэнхэр мотоцикльтой хүн М.Сайнбуянг араас нь мөргөсөн. Араасаа мөргүүлээд уйлаад толгойноос нь цус гарсан. Би уйлаад эмээд нь хэлсэн. Эмээ эгч хоёр нь ирээд аваад явсан. Тэр ах дайраад доошоо зугтаагаад явсан. Бид хоёр хоёулханаа байсан. Замын хажуугаар явж байсан...гэх мэдүүлэг / хэргийн 98 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 353 дугаартай...М.Сайнбуянгийн биед гэмтэл тогтоогдлоо. М.Сайнбуянгийн биед гавлын дагз ясны цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн зулай болон дагзны хэсгийн зөөлөн аалзан бүрхүүл дээрхи цус хуралт, зулай хэсэгт зулгаралтын сорви, зулай баруун урд хэсэгт зулгаралтын сорвинууд духны дунд дээд хэсэгт зулгаралтын сорвинууд гэмтэл тогтоогдлоо. М.Сайнбуянгийн биед учирсан гэмтлүүд нь “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. М.Сайнбуянгийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. М.Сайнбуянгийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт/ хэргийн 103-104 дүгээр хуудас/
Хохирогч Мөнхнасангийн Сайнбуянгийн 2019 оны 05 сарын 12- ны өдрөөс 05 сарын 17- ны өдөр хүртэл Ховд аймгийн БОЭТ-д эмчлэгдэж байсан өвчний түүхийн хуулбар, Мөн Дуут сумын Эрүүл мэндийн төвд 05 сарын 18- ны өдрөөс 05 сарын 22- ны өдөр хүртэл эмчлэгдэж байсан өвчний түүхийн хуулбар / хэргийн 107- 127 дугаар хуудас/
Ховд аймгийн Цагдаагийн газрын цагдаагийн дэслэгч М.Үйл-Олдохын 2019 оны 06 сарын 18- ны өдрийн 18 дугаартай шинжээчийн...Жолооч А.Мөнхзориг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч А.Мөнхзориг нь замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг заасан 3.4-д ...Зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх...3.7- А-д заасан...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Жолооч А.Мөнхзориг Замын хөдөлгөөний дүрмийн 3.7- А-г зөрчсөн нь тухайн осол гарах шалтгаан болсон байна...гэх дүгнэлт/ хэргийн 129 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мөнхзоригийн хэргээ хүлээн мэдүүлсэн...Би тухайн өдөр зах дээр явж байгаад Д.Билгүүнтэй таарсан. Д.Билгүүн утсаа зарна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би утсыг нь аваад хажуу талын нэг засварчин ахад 120000 төгрөгөөр худалдахаар тохирч, мөнгөө захын дээд АТМ-ээс гаргаж өгөхөөр тохироод хамт яваад 120000 төгрөгийг гаргуулж авсан. Би Баткагийн найзуудад нь “миний гар утсыг өгчихөөд дүүгийнхээ утасны мөнгийг аваарай “ гэж хэлсэн. Намайг зах дээр тоглож байхад ярьсан. Дахин залгахад миний гар утас унтарсан. S-6 маркын дэлгэц болон ар талын шил нь хагархай гар утас байсан. Баатка надад Д.Билгүүнийг миний дүү гэж хэлэхээр нь тэгж ойлгосон. Би тухайн өдөр гэртээ байсан намайг хайж ирээгүй ... гэх мэдүүлэг
Мөн Би 2019 оны 05 сарын 11-ний өдөр 17-19 цагийн Ховд аймгийн Дуут сумын Босго багийн нутаг дэвсгэрт өндөр Шараа гэх хүний мотоциклийг унаад нэг найзындаа очоод эргээд сумын төвөөр явж байхад урд шороон зам дээр 3 хүүхэд явж байсан. Би араас нь сигналдаад ирэхэд хоёр хүүхэд нь замын хажуу талд гарсан. Миний урдуур нэг хүүхэд гүйж ороод мөргөлдсөн. Мөргөлдөх үед би тормоз дарж чадаагүй. Нэг эргэж хараад Бүүвэйд очоод “нэг хүүхэд дайрчихлаа” гэж хэлсэн. Хоёулаа зугтая гэхээр зугтаад явсан. Бид нарыг Шараа ахынд ирээд байж байхад араас сумын цагдаа ирээд аваад явсан. Надад мотоцикль жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Тухайн үед 3 дугаар араатай зөөлөн явж байсан. Сандараад мөргөсөн. Намайг эргээд харахад тэр хүүхэд түрүүлгээ хараад унасан байсан. Хэргийн газраас айгаад сандараад явсан. Архи уугаагүй эрүүл байсан. Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү... гэх мэдүүлэг зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
А.Залилах гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж, дүгнэхэд:
1.Шүүгдэгч А.Мөнхзориг нь 2019 оны 02 сарын 26- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баруун бүс төв зах дээр гар утсаа зарах гээд явж байсан насанд хүрээгүй Д.Билгүүний “Samsung Galaxy S-6” маркын 250000 төгрөгний үнэ бүхий гар утсыг “ та нар хүүхдүүд гээд авахгүй , би зараад өгье” гэж аваад зах дээр гар утасны засвар ажиллуулдаг М.Болдбатад 120000 төгрөгөөр зарсан боловч мөнгийг Д.Билгүүнд өгөөгүй гэх хэргийн үйл баримт, бодит байдал тогтоогдсон.
Шүүгдэгч А.Мөнхзориг нь насанд хүрээгүй хохирогч Д.Билгүүний гар утсыг зарж өгнө гэж хэлээд авч яваад 120000 төгрөгөөр зарсан боловч мөнгийг нь өгөөгүй болох нь насанд хүрээгүй хохирогч Д.Билгүүний ... Бат-Оргилын ахыг танидаг гэх залуу миний гар утсыг “ та нарыг хүүхдүүд гэж авахгүй “ гэж аваад нэг засварчин ахад 120000 төгрөгөөр зараад мөнгийг нь авсан боловч мөнгөө өгөлгүй гараад явсан ...гэх мэдүүлэг, гэрч М.Болдбатын ...“Samsung Galaxy S-6” маркын , шаргал өнгийн, ар талын таг урд шил нь хагарсан гар утсыг авч болох үнээр нь зарна гэхээр нь 120000 төгрөгт авахаар тохиролцон ХААН банкны АТМ-ээс 120000 төгрөг авч өгсөн ... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ө.Бат- Оргилын ... Би Д.Билгүүний гар утсыг зарахаар хамт явж байхад нэг ах “ 120000 төгрөгөөр зараад ирье, хүлээж бай “ гээд явсан боловч ирэхгүй болохоор нь утас руу нь залгасан боловч ирээгүй... гэх мэдүүлэг, гэрч Ц.Батбаатарын ... А.Мөнхзоригийг танина. А.Мөнхзориг манай нутгийн Шаркаа гэх хүүхдийн найзынх нь утсыг зарж өгнө гээд авч яваад мөнгийг өгөөгүй байсан... гэх мэдүүлэг, гэрч А.Батболдын ... Ц.Батбаатар нь Зоригоотой яаж холбогдох бэ гэхээр нь утас руу нь залгахад доор байна гээд утсаа тасалсан. А.Мөнхзориг нь Шаркагийн найзын утсыг зарж өгнө гээд аваад 120000 төгрөгийг нь өгөөгүй байсан...гэх мэдүүлэг, гар утас үнэлсэн тухай тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.
Шүүгдэгч А.Мөнхзориг болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч А.Мөнхзоригийн 2019 оны 02 сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баруун бүс төв зах дээр гар утсаа зарах гээд явж байсан насанд хүрээгүй Д.Билгүүний 250000 төгрөгний үнэ бүхий “Samsung Galaxy S-6” маркын гар утсыг зарж өгнө гээд авч яваад 120000 төгрөгөөр зарсан боловч мөнгийг нь өгөлгүй өөртөө ашигласан үйлдэл нь ...Хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч А.Мөнхзоригийн...бусдын гар утсыг зарж өгнө гээд хуурч , эзэмшигчийн болон өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад 120000 төгрөгөөр зарсан боловч мөнгийг нь өгөлгүй өөртөө ашигласан гэмт үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч А.Мөнхзоригийг... хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Б. Авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн гэм буруугийн талаар
2. Шүүгдэгч А.Мөнхзориг нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Дуут сумын Босго багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй ямар нэгэн бүртгэлгүй, Д.Батсүхийн өмчлөлийн цэнхэр өнгийн мотоциклийг, мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүй атлаа жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ тус багийн Шилүүстэйн 3-20 тоот хашааны үүдэнд байсан 7 настай М.Сайнбуянг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэргийн бодит байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Мөнхзориг нь зам тээврийн осол гаргасан, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй атлаа бусдын мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч А.Мөнхзоригийн мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүй атлаа мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь шүүгдэгч А.Мөнхзоригийн ... мотоцикль жолоодох эрхийн үнэмлэх байхгүй ... гэх мэдүүлэгээр, Зам тээврийн осол гаргаж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь ... насанд хүрээгүй хохирогч М.Сайнбуянгийн болон түүний хууль ёсын төлөөлөгч У.Оюунчимэгийн ... манай хүү М.Сайнбуянгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан... гэх мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэг, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэг, гэрч Ц.Мөнхнасан, Д.Мөнх- Од, Д.Батсүх, У.Цогзолмаа, насанд хүрээгүй гэрч А.Сүхбатын мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 сарын 18- ны өдрийн 353 дугаартай дүгнэлт, Ховд аймгийн Цагдаагийн газрын цагдаагийн дэслэгч М.Үйл- Олдохын 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 18 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Мөнхзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож,зам тээврийн осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
В. Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.Мөнхзориг нь зам тээврийн осол гарсан газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч А.Мөнхзориг нь зам тээврийн осол гарсан газрыг зориуд орхиж зугтаасан...шүүгдэгч А.Мөнхзоригийн...Хэргийн газраас айгаад сандраад явсан. Бид нарыг Шараа ахынд байж байхад араас цагдаа нар ирээд авч явсан... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Сүхбатын...Тэр ах дайраад доошоо зугтаагаад явсан... гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Мөнхзориг нь 2019 оны 05 сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй атлаа мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргасан боловч ослын газрыг зориуд орхиж зугтаасан нь ... Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч А.Мөнхзоригийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан , Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирол хор уршигийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсын төлөөлөгч У.Оюунчимэгийн өгсөн... Шүүгдэгч А.Мөнхзориг нь хохиролд 1149000 төгрөгийг төлсөн, Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, гэж мэдүүлсэн, мөн шүүхэд хохирогч Д.Билгүүн нь ... Миний нэхэмжилсэн мөнгийг бүрэн төлж барагдуулсан нь үнэн. Хохирогч миний зүгээс ямар нэгэн гомдолгүй ... гэх хүсэлтийг ирүүлсэн тул шүүгдэгч А.Мөнхзоригийг хохирогч нарт учруулсан хохиролд 1399000 төгрөгийг төлсөн гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Мөнхзориг нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 20-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, мөн Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 11-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 268 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелээгүй тул Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 2019/ХМШЗ/ 36 дугаартай “ Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих тухай” захирамжаар 268 цагийн нийтэд тус тай ажил хийлгэх ялыг 33 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж байсан нь хэргийн 149 дүгээр хуудас дахь”Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 20-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоол, 2019 оны 03 сарын 11- ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоол, 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 2019/ХМШЗ/ 36 дугаартай “ Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих тухай “ захирамжуудын хуулбар баримт, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Уранцэцэгийн...А.Мөнхзоригийг 6 настай байхад нь өргөж авсан. Сургуульд суугаагүй. Зан байлын хувьд зөөлөн ажилд сайн. Хэрэв эхнэр хүүхэд авах бол мал хөрөнгийг нь тасалж өгнө. Найз нөхдийн хувьд бүтэлгүй хүмүүстэй нийлж байна... гэх мэдүүлэг,гэрч Б.Мөнхцоожийн...А.Мөнхзориг нь манай эхнэрийн үрчлүүлсэн хүүхэд. 18 нас хүрээд ээж дээрээ ирсэн. Одоо бид нарын хамт амьдарч байгаа. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож шүүхээр шийтгүүлж байсан...гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч А.Мөнхзориг нь хуурч, өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял шийтгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэх, хохирогч нарт учирсан хохирол төлөгдсөн, шүүгдэгч нь 32 цагдан хоригдсон эдлэх ялд оруулан тооцох, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж бана гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд:Шүүгдэгч А.Мөнхзоригийн хувьд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн хувьд маргахгүй байгаа. Бага насандаа бусдад асрагдаж сургуульд суралцаагүй, хэргийн нөхцөл байдлыг буруугаар ойлгож, өөрт тохиолдсон асуудлыг өөртөө хохиролтой байдлаар шийдвэрлэдэг. Одоо төрсөн эхийнхээ асрамжинд ирсэн. Шүүх хуралдааны өмнө ээж нь хохирлыг төлсөн. Цаашид хорих ял оногдуулахгүйгээр эхийнх нь асрамж, хараа хяналтад байлгахын тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулж, ялыг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч А.Мөнхзоригт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хохирлыг бүрэн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч А.Мөнхзоригийг...хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан, Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан, Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас учирсан зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, хохирогч нарт учруулсан хохирол 1339000 төгрөгийг төлсөн, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд гомдолгүй, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгөх хүсэлт гаргасан зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 -д зааснаар шүүгдэгч А.Мөнхзоригийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Мөнхзоригийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр тус тус торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. 11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт 900000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүгдэгч А.Мөнхзориг нь урьд санаатай гэмт хэрэг үйлдэж шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан боловч ар гэрийн амьдралын хувьд бага байхдаа бусдад үрчлэгдэн сургуульд суралцаагүй, өөрийн төрсөн эхийнхээ хараа хяналтад ирээд удаагүй байгаа, нийгэмшээгүй зэрэг байдлуудыг харгалзан, цаашид нийтийн дунд төлөвшүүлэн хүмүүжүүлэхийн тулд эхийнх нь болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад байлгах нь зүйтэй гэж шүүх үзэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан ,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч А.Мөнхзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн 1936000760121 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч А.Мөнхзориг нь 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 2019/ЦХШЗ/ 10 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих тухай” шүүгчийн захирамжаар цагдан хоригдож, шүүх хуралдаан хүртэл 32 хоног цагдан хоригдсон нь хэргийн 132-134 дүгээр хуудас дахь баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Мөнхзоригийн цагдан хоригдсон 32 хоногийн нэг хоногийг арван таван мянган төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 900000 төгрөгний торгох ялаас 465000 төгрөгийг эдэлсэнд тооцож хасаж, үлдэх 435000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлан өгөв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.Мөнхзоригт тэнсэгдсэн хугацаанд ...оршин суух, газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоолыг уншиж сонсгосон үеэс эхлэн тоолохоор тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Арал овогт Амгаланбаатарын Мөнхзоригийг хуурч, өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч А.Мөнхзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Мөнхзоригт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Мөнхзоригт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Мөнхзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял дээр , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг есөн зуун мянган төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Мөнхзоригийн цагдан хоригдсон 32 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 900000 төгрөгний торгох ялаас 465000 төгрөгийг хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Мөнхзоригт оногдуулсан 435000 төгрөгний торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн 1936000760121 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч нарт 1339000 төгрөгний хохирол төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч А.Мөнхзоригт тайлбарласугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч А.Мөнхзоригт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар ...оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Мөнхзоригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, хувийн баталга гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлжэгч Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах , улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА