| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 181/2023/04984/И |
| Дугаар | 210/МА2025/00550 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2025/00550
******* компанийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/00577 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* компани
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 409,927,487.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* компани нь *******-тай 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Irdp-21/12 дугаартай Үйлчилгээний гэрээ байгуулсан. Гэрээгээр хариуцагч нь ачааны хагас вагоноор Дархан-Уул аймгийн -иас БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл 46,853.5 тонн төмрийн хүдрийн нунтаг болон бүхэл баяжмал бүтээгдэхүүнийг тээвэрлэн, буулгахаар тохиролцсон.
1.2 Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж 476,000 ам.долларыг хариуцагчид шилжүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 26-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 6 удаагийн ачилт буюу 362,250 ам.долларын гүйцэтгэл /ачилт тус бүр 3,450 тонн төмрийн хүдэр буюу нийт 20,700 тонн төмрийн хүдрийн ачилт/ хийгдсэн, 2021 оны 12 дугаар сараас эхлэн төмрийн хүдрийн ачилт огт хийгдээгүй.
1.3 Маргааныг шийдвэрлүүлэх үйл ажиллагаанд Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлөгч хөлслөн авсан тул өмгөөлөгчид олгосон 15,000,000 төгрөгийн зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар гаргуулна.
Иймд үлдэгдэл 113,750 ам.долларыг Монгол банкны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн албан ханш 3,471.89 төгрөгөөр тооцон 394,927,487 төгрөг, өмгөөлөгчийн зардал 15,000,000 төгрөг, нийт 409,927,487 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Irdp-21/12 дугаартай гэрээг компанитай байгуулсан. Гэрээний 1.1-д зааснаар өөрийн өмчлөлийн вагоноо компанийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх замаар бүтээгдэхүүн тээвэрт шаардлагатай вагоноор хангах үүрэг хүлээсэн ба үүргээ хангалттай хэрэгжүүлсэн. компани нь вагон эзэмшил, ашиглалтдаа шилжүүлэн авах замаар гэрээний 1.2-т заасан ******* компанийн худалдан авсан бүтээгдэхүүнийг тээвэрлэх зорилгоор хариуцагчтай дээрх гэрээг байгуулсан.
2.2 Хариуцагч бүтээгдэхүүний ачилт хийх үүрэг хүлээгээгүй, аливаа хэлбэрээр вагон шилжүүлэн өгөхгүй гэж өөрийн буруугаас шалтгаалсан үүргийн зөрчил гаргаагүй. Гагцхүү гэрээний 1.2-т заасан нийлүүлэгдэх бүтээгдэхүүн нь ачихад бэлэн, хариуцах этгээд нь ачилт хийх тохиолдолд вагоноо шилжүүлэх боломжтой. Гэвч 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын хил хаагдаж экспорт зогссоноор гэрээний талуудын хэн алинаас үл шалтгаалсан давагдашгүй хүчин зүйл бий болсон. Үүнтэй залгуулаад -ийн экспортын тээвэр эрх бүхий байгууллагын шийдвэрээр зогссон нь нэхэмжлэгч, хариуцагчаас үл шалтгаалсан давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал болно. Улмаар 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс -ийн удирдлага солигдсоноор ******* компани бүтээгдэхүүнээ тус компаниас гаргуулан авч чадаагүй нөхцөл байдал үргэлжлэн үүссэн ба дараалсан үйл явдлууд нь хариуцагчийн буруугаас шалтгаалаагүй. Иймээс хариуцагч нь өөрөөс шалтгаалах үүргээ хангалттай хэрэгжүүлсэн.
2.3 Нэхэмжлэгчийн шаардсан төлбөрийн хэмжээнд үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэл нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. компанитай байгуулсан гэрээнд заасан бүтээгдэхүүн нь вагонд ачигдахад бэлэн биш байхад вагон тээвэр хийгдэх боломжгүй. Үүний улмаас бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай вагонууд ачилт хийгдэх Төмөртэй өртөөнд гэрээний 1.2-т заасан бүтээгдэхүүнийг ачихыг хүлээн сул зогсож их хэмжээний алдагдал хүлээсэн.
Дээрх нөхцөл байдлын улмаас хариуцагчийн олох ёстой байсан орлого тасалдсан бөгөөд вагон хүлээн авах үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн бол хүлээн аваагүй буюу бүтээгдэхүүн бэлэн байлгаагүй тал хэтэрсэн хугацаанд вагон сул зогсоосны хариуцлагыг хүлээх үр дагавартай. Энэ талаар гэрээний 8.8-д харилцан тохиролцсон ч вагон хүлээн авагч талын бүтээгдэхүүн ачилтад бэлэн биш, бусдаас бүтээгдэхүүн гаргуулан авч чадахгүй байгаа нөхцөл байдалд хариуцагчийн зүгээс хүндэтгэлтэй хандаж үүссэн нөхцөл байдалд гэрээг нийцүүлэх, гэрээний 1.2-т заасан бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих үед гэрээг үргэлжлүүлэх нөхцөлийг санал болгож байсан. Энэ нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэх хүрээнд тавьсан санал юм. Гэвч хоёр талын гэрээний өөрчлөгдсөн нөхцөл байдал, харилцан тэгш хүлээх үүрэг, хариуцлага, шударга ёсны зарчмыг ухамсарлаагүй, нэг талын хариуцлага мэтээр хариуцагчийг буруутган төлбөр нэхэмжилсэн нь харамсалтай хэрэг тул хариуцагч нь цаашид хариу шаардлага гаргах үр дагавар үүсэхээр байна.
2.4 Гэрээний төлбөрийг ам.доллароор илэрхийлсэн ч Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасанд нийцүүлж компанийн шилжүүлсэн төлбөрийг хоёр тал төлбөр төлөх үеийн Монголбанкнаас зарласан ам.долларын ханшаар тооцон төгрөгөөр бүртгэж баталгаажуулсан. Иймээс анхнаасаа төгрөгөөр илэрхийлэгдэн бүртгэгдэж төлөгдсөн төлбөрийн үлдэгдлийг нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын ханшаар тооцон нэхэмжлэх үндэслэлгүй ба нэхэмжилсэн төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар ам.доллартой харьцах мөнгөний ханш буурсан тул анх төлбөр төлөх үеийн талуудын баримталсан ханш нь шаардах эрх үүсэх үеийн төгрөгийн ханш тул энэхүү маргаанд хамааралтай болно.
Иймд хариуцагч үүргийн зөрчил гаргаагүй, нэхэмжлэгчийг хохироогоогүйгээс гадна өмгөөллийн зардал нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд хамааралтай зардал тул өмгөөллийн зардал нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч *******-иас 392,481,862 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,445,625 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,207,565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 2,120,359 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 ******* нь нэхэмжлэгчтэй 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан №Irdp-21/12 тоот Үйлчилгээний гэрээ-ний 1.2-д гэрээний зүйлийг болон ******* компанийн хооронд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан SI021/36 тоот бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнд заасан төмрийн хүдрийн нунтаг болон бүхэл баяжмал бүтээгдэхүүнийг тээвэрлэх ... гэж заасан үүргээ зөрчөөгүй байтал шүүхээс бүтээгдэхүүн тээвэрлэх үүрэг гэрээний дагуу бүрэн гүйцэтгэгдээгүй гэжээ. Манай компани нь гэрээний дагуу -иас бэлэн болгосон төмрийн хүдрийн нунтаг болон бүхэл баяжмал бүтээгдэхүүнийг тээвэрлэх үүрэгтэй болохоос уг бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх үүрэг хүлээгээгүй.
4.2 Тээвэрлэх үүргээ зөрчөөгүй гэдгийг нотлох зорилгоор болон ******* компанийн хооронд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан, SI021/36 тоот Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргуулах, мөн -иаc төмрийн хүдрийн нунтаг болон бүхэл баяжмал бүтээгдэхүүнийг ямар шалтгааны улмаас нийлүүлээгүй талаарх тайлбар болон холбогдох баримтуудыг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан.
Мөн шүүх талуудын хооронд байгуулагдсан үйлчилгээний гэрээний дагуу нэхэмжлэгч талаас 2021 оны 11 сард 3 удаагийн гүйлгээ хийснийг хариуцагч тал Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу урьдчилж орсон орлого гэж бүртгэж авсан бөгөөд зарлагаар буцааж гаргахдаа тухайн үеийн төгрөгийн ханшаар тооцох юм. Үүнийг тодруулахаар *******-ийн нягтлан ажилтай гэрчээр оролцуулах хүсэлтийг тус тус шүүхэд гаргасан боловч хангаагүй.
Харин шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүх хариуцагч талд татгалзлаа нотлох эрхийг олгоогүй хирнээ няцаах үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн буруу болжээ.
4.3 Мөн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хязгаарласнаар мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүйд гомдолтой.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өнгө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Хэдийгээр үйлчилгээ үзүүлэх гэрээ нэртэйгээр байгуулагдсан боловч тухайн гол нөхцөл гэрээний үүрэг нь тээвэрлэлтийн гэрээ буюу вагоноор ачаа тээвэрлэх байсан. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг тээвэрлэлтийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
5.2 Мөн хариуцагч талд татгалзах эрх олгоогүй атлаа няцаах үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь буруу гэх боловч нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан. Үүнээс хойш 1 жил гаруй хугацаанд хүсэлт гаргаж нотлох баримт гаргуулах боломж хангалттай байсан. Шүүх хуралдаан хариуцагч талын хүсэлтээр 7-8 удаа хойшилсон. Энэ хугацаанд тодорхой нотлох баримыг өөрсдөө гаргуулах боломжгүй байсан бол шүүхэд хүсэлт гаргаж нотлох баримт гаргуулах эрх нь нээлттэй байсан бөгөөд анхан шатны шүүх уг эрхээр нь хангалттай хангасан. Мөн н.Оюунтуяа нь *******-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд гэрчээр асуулгах хүсэлтийг анх нэхэмжлэгч талаас гаргасан. Тухайн үед мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзсэн. Учир нь *******-ийн нягтлан бодогчоор ажиллахаа больсон, хаяг нь тодорхойгүй, холбоо барих утас байхгүй гэх тайлбарыг хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан. Анхан шатын шүүх тухайн тооцооны үлдэгдлийн баталгаанд тамга тэмдэг дарж баталгаажуулаад нэгэнт нотлох баримтаар орж ирсэн учраас заавал гэрчээс мэдүүлэг авч баталгаажуулах буюу нотлогдсон баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж дүгнэсэн.
5.3 Хариуцагч талаас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдаан үргэлжлүүлэх шийдвэр гаргахын өмнө өмгөөлөгч авах, н.Оюунтуяа гэх гэрчийг асуулгах талаар дахин хүсэлт гаргасан. Өмнө нь 6-7 удаа шүүх хуралдаан хойшлоход энэ талаар хүсэлт гаргаагүй атлаа 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дээрх байдлаар хүсэлт гаргасан учраас анхан шатны шүүх өмнө нь уг эрхээр хангасан гэх байдлаар татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэж тайлбарласан. Хариуцагч тал анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 өмгөөлөгч сольсон. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч авна гэх хүсэлтээр 2-3 удаа хойшилсон бөгөөд өмгөөлөгчөөс шалтгаалан шүүх хуралдаан удаа дараа хойшилсон. Энэ талаар анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг хангалттай хангасан.
5.4 Маргааны гол зүйл нь тээвэрлэлтийн гэрээний талаар маргахаас илүүтэй тооцоо нийлсэн актаар гүйцэтгээгүй ажлын төлбөрийг буцааж хийх талаар маргаагүй. Харин долларын ханшийн зөрүүний асуудалд маргасан. Энэ талаар анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасныг баримталж нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ам.долларын ханшаар тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* компани нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 113,750 ам.доллар буюу 394,927,487 төгрөг, өмгөөлөгчийн зардал 15,000,000 төгрөг, нийт 409,927,487 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч шаардлагыг ...Хариуцагч бүтээгдэхүүний ачилт хийх үүрэг хүлээгээгүй, аливаа хэлбэрээр вагон шилжүүлэн өгөхгүй, өөрийн буруугаас шалтгаалсан үүргийн зөрчил гаргаагүй. Төлбөрийг нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын ханшаар тооцсон нь үндэслэлгүй гэж үгүйсгэн маргажээ.
3. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хуулийн этгээдийн нэрийг ******* болгож өөрчилсөн. /1хх 98/
3.1 Төмөр замын зураг, төслийн институт ХХК болон удын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Үйлчилгээний гэрээ байгуулагдсан. Гэрээгээр үйлчилгээ үзүүлэгч Төмөр замын зураг, төслийн институт ХХК нь 1 сард 4-өөс багагүй цуваа /1 цуваанд дунджаар 50 ширхэг вагоныг тооцно/ вагоноор гэрээнд заасан 46,853.5 тонн төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал бүтээгдэхүүнийг Монгол Улсын Дархан-Уул аймаг Дархан өртөөнөөс Эрээн хүртэл тээвэрлэх, үйлчилгээ авагч тээвэрлэх 1 тонн бүтээгдэхүүний төлбөр 17.5 ам.доллароор, гэрээний төлбөр болох 819,936.25 ам.долларыг тухайн сарын тээвэр эхлэхээс өмнө 4 цуваа вагонд тээвэрлэгдэх бүтээгдэхүүний дундаж хэмжээгээр тооцож хуваарийн дагуу урьдчилж төлөхөөр харилцан тохиролцсон байна. /2хх 1-4/
3.2 Зохигчид гэрээний нэг тал болох хуулийн этгээдийн нэрийг ******* болгож өөрчилсөн, мөн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 476,622.12 ам.долларыг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь 20,700 тонн буюу 362,250 ам.долларын тээвэрлэлтийн үүргийг гүйцэтгэсэн, үлдэх хэмжээний тээвэрлэлтийг гүйцэтгээгүй үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
4.1 Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
5. Гэрээний 1.2-д гэрээний зүйлийг болон ******* компанийн хооронд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан SIO21/36 тоот Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнд заасан төмрийн хүдрийн нунтаг болон бүхэл баяжмал бүтээгдэхүүнийг тээвэрлэх зориулалтаар ашиглана гэжээ.
5.1 Хариуцагч *******-ийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22/107 дугаартай Өглөгийн тулган баталгаажуулалтын тухай албан бичгийг д хүргүүлсэн. Уг албан бичигт ...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар манай санхүүгийн тайланд тусгаснаар манай компанийн танайд төлөх өглөгийн үлдэгдэл нь 324,107,875 төгрөг байна. Хэрэв манай хоёр компанийн санхүүгийн тайланд тусгасан дүнгүүд зөрүүтэй бол зөрүүг залруулахад ач холбогдол бүхий мэдээллээр манай аудиторуудыг хангаж өгнө үү гэсэн байна. /2хх 33-37/
Дээрх албан бичгийн агуулгаас үзэхэд хариуцагч нь 324,107,875 төгрөгийн тээвэрлэлт хийгээгүй буюу нэхэмжлэгчид тэр хэмжээний өглөгтэй, улмаар талууд гэрээг харилцан тохиролцож цуцалсан гэж үзэхээр байна.
5.2 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Иймд гэрээнд заасан тээвэрлэлтийг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн төлбөрөөс үлдэх хэсгийг буцаан гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
5.3 Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл, гэрээний үүргээ биелүүлэх буюу төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах үед гадаад валют Монгол төгрөг ямар харьцаатай байсан тэр хэмжээгээр төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх нь хуульд нийцнэ. Энэ талаарх шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байна.
Иймд анхан шатны шүүх 113,750 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож нийт 392,481,862 төгрөг гэж тодорхойлсон нь зөв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 21/36 тоот Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г нотлох баримтаар гаргуулах, гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтэд дурдсан баримт бүрдүүлэх ажиллагаа нь хэрэг маргаанд ямар хамааралтай эсэх нь тодорхойгүй, хүсэлтийг өмнө нь гаргах боломжтой байсан, мөн хүсэлтийг гаргах боломжгүй байсан гэх зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх нь тодорхойгүй, гэрч асуулгах нь хэрэгт ач холбогдолгүй гэж хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг шүүгчийн 181/ШЗ2024/10953 дугаар захирамжаар хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Уг захирамждаа ...шүүх хуралдааныг хойшлуулсантай холбоотойгоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт бүрэн хангагдсан гэж үзнэ. Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгч авах эрхээр хангасан учир дараагийн хуралдаанаас өмнө өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах эрх нь бүрэн хангагдсан гэх үндэслэл болохыг дурдав. гэжээ.
7.1 Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 191/ШЗ2025/04662 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй оролцох эрхээр шүүх хангасан, зохигчид шүүх хуралдааны бэлтгэл хангах үүрэгтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчтэй оролцох эрхийг хязгаарласан гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/00577 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 2,120,359 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
М.БАЯСГАЛАН