Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2025/00583

 

 

 

 

 

 

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/00818 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох

Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 07 сарын 18-ны өдрийн ******* дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 15-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн ******* дугаар магадлалаар төлбөр төлөгч *******аас 137,768,750 төгрөг гаргуулж, *******д олгохоор шийдвэрлэсэн. ******* нь шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгө болох *******дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, *******байрны зоорийн давхарт байх *******м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 онд битүүмжэн хураасан. Нэхэмжлэгч нь энэ үйл ажиллагаа хууль бусаар явагдсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх хугацаанд хариуцагч нь дээрх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсныг мэдсэн ба энэ талаар надад мэдэгдээгүйд гомдолтой байна. Иймд *******ын 2023 оны 08 сарын 04-ний өдөр явагдсан 2 дахь дуудлага худалдаагаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн, *******ы өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол/*******/ ******* гудамж, ******* байрны зоорийн давхрын *******м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 09 сарын 16-ны өдөр битүүмжилж, 11 сарын 09-ний өдөр хураасан. Энэ талаар төлбөр төлөгч *******ы


******* дугаарлуу 2022 оны 11 сарын 09-ний өдөр мэдэгдэж, хураасан тогтоолыг тухайн СӨХ-ны дарга *******аас очиж авахыг мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар ******* дүүрэг, ******* хороо, *******хороолол, *******ий гудамж, ******* байрны зоорийн давхрын ******* м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдах тухай *******ын 2023 оны 07 сарын 18-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай *******ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрт "...Хариуцагч ******* нь дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа буюу 2023 оны 07 сарын 18-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахаар ******* дугаартай тогтоол гаргаж, тогтоолыг төлбөр төлөгч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулж энэ талаар баримт үйлдэн гарын үсэг зуруулсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч,төлбөр авагч нь төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болдог, ингэснээр төлөөлүүлэгчийн эрх, үүрэг төлөөлөгчид шилждэг тул төлбөр төлөгч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгчид хоёр дахь дуудлага худалдааны зарыг мэдэгдсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзнэ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан албадлагын арга хэмжээний талаар гомдол гаргасан нь тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх, эсхүл гүйцэтгэсэн арга хэмжээг цуцлах үндэслэл болохгүй гэж заажээ. Иймд 2022 оны 09 сарын 16-ны өдрийн ******* тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2022 оны 11 сарын 09-ний өдрийн ******* тоот эд хөрөнгө хураах тогтоолуудыг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн төлбөр төлөгч *******ы нэхэмжлэлийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх шийдвэр гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасныг үндэслэсэн нь үндэслэлгүй. Тухайн заалт нь шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан албадлагын арга хэмжээний талаархи гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт гаргасан байх үе шатанд хамаарах юм. Гэтэл ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан ба шүүхийн зүгээс тухайн ажиллагааг түдгэлзүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэж байх хугацаанд хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан нь үндэслэлгүй гэж маргасан байхад шүүх дээрх заалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүх түдгэлзүүлэх боломжтой байдаг. Гэтэл анхан шатны шүүх ямар ч тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны талаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэж байх хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх боломжгүй мэтээр хуулийг тайлбарлан хэрэглэж байгаад гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан төлбөр хураагдсан хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 07 сарын 18-ны өдрийн ******* дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 15-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр *******аас 158,037,500 төгрөг гаргуулан *******д олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн ******* дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, *******аас 137,768,750 төгрөг гаргуулан *******д олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

5. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад *******ы өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, *******ий гудамж, ******* байрны зоорийн давхарт орших улсын бүртгэлийн ******* дугаартай, *******м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 09 сарын 16, болон 11 сарын 09-ны өдрүүдэд битүүмжилж, хураан авсан, улмаар үнэлгээ тогтоох ажиллагааг явуулсан байна. Төлбөр төлөгч ******* нь энэхүү эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 07-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 сарын 18-ны өдрийн *******дугаар магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

6. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн атлаа энэ талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч *******д мэдэгдээгүй гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд иргэн өөрийн биеэр, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан оролцоно гэж заасны дагуу төлбөр төлөгч ******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийгөө иргэн *******гээр төлөөлүүлэн оролцсон байна.

Хариуцагч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 08 сарын 04-ний өдрийн 10:00 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар товлосон 2023 оны 07 сарын 18-ны өдрийн ******* дугаартай тогтоолыг 2023 оны 07 сарын 24-ний өдөр төлбөр төлөгч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д гардуулж, энэ тухай шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлджээ. Мөн хариуцагчаас төлбөр төлөгч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д тус газрын 2023 оны 08 сарын 07-ны өдрийн ******* тоотоор үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсныг мэдэгдсэн байна.

Иймд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч ******* нь хариуцагч байгууллагын 2023 оны 07 сарын 18-ны өдрийн ******* дугаартай тогтоолыг хүлээн авсан, мэдсэн гэж дүгнэх бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гаргасан гомдлыг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэх журамтай.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ нь нь хуульд заасан журмын дагуу явагдсан, төлбөр төлөгч *******ы өмчлөлийн бөгөөд төлбөрт хураагдсан ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, *******ий гудамж, ******* байрны зоорийн давхарт орших улсын бүртгэлийн ******* дугаартай, *******м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаагар худалдан борлуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 07 сарын 18-ны өдрийн ******* дугаартай тогтоол нь хуульд нийцсэн байна. Иймээс энэ талаар гаргасан нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/00818 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ