Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 706

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа, улсын яллагч Г.Цогтгэрэл, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч М.Батмөнх, хохирогч Б.Мөнх-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чандмана овогт О.Б-д холбогдох эрүүгийн “1909020770654” дугаартай, 185/2019/0680/э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Рийч" зочид буудалд зөөгч ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 72-54 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Чандмана овогт О.Б/РД:УХ98062318/,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч О.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны  05 дугаар сарын 07-ноос 2019 оны 05 дугаар сарын 08-нд шилжих шөнө иргэн Б.Мөнх-Оргилын биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

      1.1.Шүүгдэгч О.Б хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Тухайн үед ганцаараа явж байсан, архи уучихсан байсан.Утаснаас болж маргалдаад 4-5 удаа хацар луу нь цохисон. Харамсаж байна.Баримтаар авагдсан хохирол төлнө. Цаашид эмчлүүлэхэд гарах зардлыг төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоосоо уучлалт гуйж, гэмшиж байна гэв.

     1.2.Хохирогч Б.Мөнх-Оргил хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Би гомдолтой байна.Тухайн үед аав нь ирээд уулзаж байсан. Тэгээд л алга болсон. Миний утсыг янзлаад өгчих гэсэн таг болчихсон. Баримтаар 156 000 төгрөг нэхэмжилж байгаа. Гар утас төлөгдөөгүй байгаа. Хамараа эмчлүүлээгүй байгаа гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед  хохирогч Б.Мөнх-Оргилийн:.. 2019 оны 05 дугаар сарын 07-ноос 2019 оны 05 дугаар сарын 08-нд шилжих шөнө би өөрийн гар утсаараа мессеж бичээд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Лакс баарны хашаанд явж байтал үл таних залуу намайг мөрлөсөн тэр үед миний гар утас газар унасан. Би гар утсаа аваад чи болгоомжтой явахад яадаг юм бэ? гэж хэлсэн чинь миний гар утсыг аваад эвдэрсэн эсэхийг шалгах гэж байтал тухайн залуугийн гараас нь халтираад миний гар утас бас газар унасан тэгэхээр нь би чи чинь одоо хаашаа юм бэ? гэж хэлээд гар утсаа авсан чинь миний гар утас асахгүй байсан тэгээд надаас тухайн залуу зугтах гээд байсан. Тэгэхээр нь би араас нь очоод чи гар утас яаж байгаа юм бэ? гэж хэлээд лакс баарны хашаанаас гарсан тэр үед тухайн залуу хажуудаа явж байсан нэг найздаа дээгүүрх гадуур хувцсаа өгөөд миний нүүр хэсэг рүү 5-6 удаа цохисон. Тэгээд цаашаа зугтахаар нь надтай цуг явж байсан Улсбаяр гэх залуу хойноос нь хөөгөөд бариад авсан. Манай найз Улсбаяртай тухайн залуу маргалдаад газар уначихсан байсан. Би нөгөө залууд нь чи намайг яагаад цохиж байгаа юм бэ? гэж хэлээд цуг явж байсан залуутай нь юм ярьж байтал дахиад хажуунаас намайг цохидог залуу мөргөсөн тэгээд удалгүй цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг. /хх-н 12/,  

2.2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5891 тоот актын:

1.Б.Мөнх-Оргилын биед хамар яснь хугарал, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн бугуй, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-н 18/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.хохирогч Б.Мөнх-Оргилын мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 5891 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Т.Чимэд-Очирын дүгнэлт, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж,   хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг

зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Шүүгдэгч О.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг

дэвсгэрт 2019 оны  05 дугаар сарын 07-ноос 2019 оны 05 дугаар сарын 08-нд шилжих шөнө иргэн Б.Мөнх-Оргилын биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч Б.Мөнх-Оргилийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй, хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Хохирогч Б.Мөнх-Оргил нь цаашид эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ гэсэн боловч хавтаст хэрэгт баримтаар гаргаж хавсаргаагүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтэндээ шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар 900  нэгж буюу 900 000  төгрөгөөр торгох   ял оногдуулах санал гаргасан болно.

 

Харин шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцсэн, гэм буруутай этгээдэд ял шийтгэл нь тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн 1-д  заасан гэмт хэрэгт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч О.Б нь хэрэгт авагдсан нотлох баримтаар 156.700 /нэг зуун тавин зургаан мянга долоон зуун/ төгрөгний хохиролоо 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлсөн болохыг тус тус дурдаж  шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон             

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чандмана овогт О.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Б.Мөнх-Оргил нь цаашид эмчлүүлэхэд гарсан зардлаа бүрдүүлэн иргэний хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ