| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2024/05335/И |
| Дугаар | 210/МА2025/00573 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/00573
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/01139 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,694,312 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр *******тай Галакси А54 загварын гар утсыг худалдах зорилгоор зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн хүү 355,007.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,714.7 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 1,332,590.4 төгрөг, нийт 1,694,312.47 төгрөгийн төлбөртэй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1,694,312 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. 634,788 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 220,000 төгрөг төлж барагдуулна. Үлдэгдэл төлбөрийг 414,788 төгрөгийг 1 сар 15 хоногийн хугацаанд төлж барагдуулна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,694,312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,672 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 ******* нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр *******-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээний зорилго нь заасан барааг зээлээр борлуулахтай холбогдох талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах бөгөөд гэрээний 1.2-т Бэлтгэн нийлүүлэгч нь бараа бүтээгдэхүүн худалдан авахаар зээл хүссэн иргэнд дараах төрлийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулна Үүнд: Компьютер түүний дагалдах хэрэгсэл, гар утас, түүний дагалдах хэрэгсэл, гэр ахуйн цахилгаан бараа, гэр, аж ахуйн үйлчилгээнд зориулсан тавилга, бусад худалдан борлуулах бараа бүтээгдэхүүнийг гэж заасан.
Дээрх гэрээний дагуу хариуцагч ******* нь Галакси А54 загварын гар утсыг худалдан авах зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчтэй Зээлийн гэрээ байгуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Барьцааны гэрээ байгуулсан.
4.2 Түүнчлэн, хариуцагч ******* нь хэргийн 31 дүгээр талд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан. Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хэргийн 11-15 дугаар талд авагдсан. Гэтэл шүүхээс шаардах эрх үүсээгүй гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,332,590.4 төгрөг, үндсэн хүү 355,007.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,714.7 төгрөг, нийт 1,694,312 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1 Хариуцагч нь 634,788 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 220,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг 414,788 төгрөгийг 1 сар 15 хоногийн хугацаанд төлж барагдуулна гэх тайлбар гаргасан.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
4. ******* болон ******* нарын хооронд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр №8-ЗГ-23070100 дугаар зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч ******* 1,549,900 төгрөгийг нэг жилийн 46,80 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ******* нь зээлийг тохирсон хугацаанд хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх, төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. /хх 11-13/
4.1 Учир нь, дээрх гэрээнд хэдийгээр зээлдүүлэгч талыг төлөөлж ******* гэж бичсэн байх боловч гэрээг байгуулсан хэсэгт ******* гэж бичин, компанийн тэмдгийг дарсан байхаас гадна хариуцагч нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон нэхэмжлэгчээс дээрх мөнгөн хөрөнгийг зээлсэн үйл баримтын талаар маргаангүй. /хх 13, 31/ Иймд анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна.
5. Гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
5.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
5.2 Хэргийн 17 дугаар талд авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуулга баримтаас үзэхэд хариуцагч нь үндсэн зээл 217,309 төгрөг, үндсэн хүү 289,160 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 259 төгрөг төлсөн, 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Мөн өдрөөр үндсэн зээл 1,332,590.4 төгрөг, үндсэн хүү 355,007.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,714.7 төгрөг нийт 1,694,312.47 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байхаас гадна хариуцагч үүнийг баримтаар үгүйсгэж маргаагүй.
5.3 Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр гэрээг цуцалж, уг хугацааны үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,694,312 төгрөг шаардах эрхтэй.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/01139 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 1,694,312 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж,
2 дахь заалтын ...хэвээр үлдээсүгэй. гэснийг ...хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 42,058 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,060 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
М.БАЯСГАЛАН