Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 484

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

          Улсын яллагч Н.Түвшинбаяр,

          Шүүгдэгч Э.Н /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн   хэргийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл3, эхнэр, 1 хүүхдийн хамт Э.Н,

         

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

        Яллагдагч Э.Ннь 2019 оны 03 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 229 дүгээр байрны 104 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ө.Уянгыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Э.Н нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт

хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хээрг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Э.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Э.Н нь 2019 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 229 дүгээр байрны 104 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ө.Уянгыг үл ялих зүйлээр шалтаглан бие эрх чөлөөнд нь халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Н нь гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч Ө.Уянгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих ажиллагааг шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.   

         

          Шүүгдэгч Э.Н-гийн гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үнэлж, гэм бурууг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх үндэслэлтэй.

 

          Эрүүгийн хэргээс:                

          Хохирогч Ө.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 229 дүгээр байрны 104 тоот гэртээ өөрийн хүүхэд, манай найз Сондор нарын хамт байсан. Найз Сондор манай гэрт хонох гэж байсан юм. Тэгээд удалгүй манай нөхөр Э.Н согтуу ирэхээр нь найз Сондор “өө танай нөхөр согтуу ирсэн юм уу, найз нь гэртээ харилаа” гээд гэрээс гараад явсан. Би нөхөр рүүгээ дөхөж очоод хартал хүзүү хэсэгтээ шимүүлсэн юм шиг улайсан байсан. Би “наадах чинь яасан юм бэ” гэж асуухад “чи өчигдөр шөнө намайг ингэсэн биз дээ” гэж худлаа хэлээд байхаар нь тоогоогүй, хэрүүл хийгээгүй шууд нойлын өрөө орж шүдээ угаачихаад буцаад орондоо ороод унтах гээд хэвтсэн чинь нөхөр Э.Н миний дээр гарч суучихаад хоолойноос 2 гараараа бариад боогоод шууд нүүрэн тус газар руу, зүүн талын хацар, зүүн хөмсөг, баруун гарын шуу, бугалга, өвдөг хэсэг рүү гараараа цохиод эхэлсэн. Тэгээд хүүхэд уйлаад байсан чинь зодохоо больсон. ...2018 оны 09 дүгээр сард нөхөр Э.Н нь эрүүл байхдаа намайг зодоод цагдаад мэдэгдэж байсан. Дараа нь 2018 оны 12 дугаар сард бас намайг хэрүүл хийгээд зодож байсан. Гэхдээ цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,   

         

          Шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “... Ө.Уянгын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун мөр, зүүн бугалга, баруун шуу, зүүн гарын дунд хуруу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл тул үүсгэгдсэн дэс дарааллыг тогтоох боломжгүй. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх 3544 дүгээр дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,

         

          Яллагдагч Э.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө хүүхдийн 100-гийн орчимд байрлах пабад өөрийн найзын хамтаар 6-7 шил пиво уугаад юм ярьж суусан. ...03 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 229 дүгээр байрны 104 тоот гэртээ ирэхэд манай эхнэр Ө.Уянга нь өөрийн найз Сондорын хамт байсан. Сондор нь намайг харснаа гэртээ харилаа гээд эхнэрийн хамт гарсан. ...эхнэр гэртээ орж ирээд миний хүзүүг харснаа “хэндээ шимүүлсэн юм бэ” гэж хэлэхээр нь “чи намайг согтуу тасарсан үед шимээ биздээ” гэж хэлсэн чинь уурлаад хэрүүл хийгээд эхэлсэн. ...би шууд эхнэрийнхээ араас хоолой хэсгээс гараараа бариад боосон чинь эхнэр “яаж байнаа” гэж хэлээд ...миний нүүрэн тус газар руу цохиод авахаар нь зөрүүлээд нүүрэн тус газар руу  нь 5-6 удаа гараараа цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

         

          Иймд шүүгдэгч Э.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

       

 Эрүүгийн хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

            Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, дансны хуулгууд /хх-ийн 45-46 дугаар хуудас/ зэр гийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.Н-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

         

          Шүүгдэгч Э.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

             Хохирогч Ө.Уянга “Э.Н-тэй эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйгүй” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.          

         

           Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг,  36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан

Э.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

                                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.ТӨМӨРХҮҮ