Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/00574

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/01536 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 3,050,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******той 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө хөлслөх, хөлслүүлэх менежментийн гэрээ-г байгуулсан. Гэрээгээр хөлслүүлэгч ******* нь өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай, 85 м.кв талбайг кофе шоп, цайны газрын зориулалтаар хөлслүүлэх, хөлслөгч ******* нь нэг сарын төлбөрт 2,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь 6 сарын төлбөрт 12,000,000 төгрөг, барьцаа 5,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн.

1.2 Нэхэмжлэгч нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хариуцагч болон зуучлагч нарт мэдэгдэж, 06 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг бүрэн сулласан ба 07 дугаар сарын 17-ны өдөр түлхүүрийг нь өгөх гээд очиход хариуцагч тухайн талбайд засвар хийсэн байсан.

1.3 Хариуцагч нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр барьцаа төлбөрөөс 4,350,000 төгрөгийг, 07 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн төлбөрөөс 1,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Талууд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрээг дуусгавар болгосон тул 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаагаар бодоход 1 хоног нь 66,666 төгрөг болж байгаа. 9 хоног илүү ашигласан гэж үзэхээр 600,000 төгрөг суутгах нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, түрээсийн төлбөрт 8,600,000 төгрөг авахад маргахгүй.

Иймд түрээсийн гэрээний дагуу илүү төлсөн 2,400,000 төгрөг, барьцаа 650,000 төгрөг, нийт 3,050,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Хариуцагч нь дээрх талбайг нэхэмжлэгчид түрээслүүлэхээр харилцан тохиролцож 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 20240004 дугаартай Үл хөдлөх хөрөнгө хөлслөх, хөлслүүлэх менежментийн гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулсан ба 1 сарын төлбөрийг 2,000,000 төгрөг гэж тохиролцсон.

2.2 Нэхэмжлэгч нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрээг цуцлах талаар мэдэгдсэн бөгөөд хариуцагчийн зүгээс гэрээний 3.9-д заасан хугацааг баримтлан уг хугацааг дуусгаад гэрээ дуусгавар болгохоор хариу өгсөн.

2.3 Улмаар гэрээ цуцлах хугацаа дуусаж, эд хөрөнгийг хүлээн авах ажил 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр эхэлсэн бөгөөд шалган хүлээн авах явцад 1 хөргөгчид эвдрэл гэмтэл учруулсныг түрээслэгч нь өөрөө засварчин дуудаж засварлуулан үйлчилгээний төлбөрийг барьцаа хөрөнгөөс гаргуулан суутгуулах хүсэлт гаргасны дагуу төлбөр болох 300,000 төгрөгийг түрээслэгчийн данс руу шилжүүлсэн.

2.4 Мөн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ажлын байрны зөвшөөрөл өөрчлүүлэхтэй холбоотой дүгнэлт гаргуулах зорилгоор эд хөрөнгийн ашиглалттай танилцахад маш их бохирдол үүсгэсэн нөхцөл байдалтай байсан тул цэвэрлэгээ хийх шаардлага гаргасан. Гэтэл түрээслэгч нь 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй байснаас үүдэн түрээслүүлэгчийн зүгээс цэвэрлэгээ үйлчилгээг даруй хийлгэж тусгай зөвшөөрлийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан тул зочид буудлын цэвэрлэгч нараар 350,000 төгрөгөөр гүйцэтгүүлэн барьцаа хөрөнгөөс суутган авч үлдсэн.

2.5 Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1 болон гэрээний 6.20-д түрээслэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрийг суутган тооцно гэж заасныг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ногдох түрээсийн төлбөрийн 50 хувийг суутган, түрээслэгчийн бизнесийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг нь харгалзан үзэж 50 хувийг буцаан олгосон.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 324 дүгээр зүйлийн 324.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******оос 650,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн 2024.08.14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 650,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 20,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдлийг хөлслүүлэгч болон зуучлагч нарт мэдэгдсэн гэсэн боловч шүүх хуралдаан дээр анх 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хөлслүүлэгч болон зуучлагч нарт гэрээг цуцлах тухай мэдэгдсэн ба түрээслүүлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн аваагүй тул дахин 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрээг цуцлах тухай мэдэгдсэн бөгөөд талууд 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээг цуцлахаар тохиролцсон юм. Энэхүү үйл баримт нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн дугаарын ******* гэсэн нэртэй Viber chat-д зуучлагч дугаартай гэсэн нэртэй Viber chat-aac эзэмшигчийн зүгээс яг наадмын үеэр гаргах гээд байна ядаж 6 сараа дуусгачхаад гар гээд юм ярьж байна шүү та өөрөө нэг яриад өгөөрэй гэж, мөн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ын түрээслүүлэгч /эмэгтэй/ гэж хадгалсан гэсэн дугаараас *******ийн дугаарт Хайя аан за дараа долоо хоногт ажлын байрны дүгнэлт өгөх байцаагч нар ирж үзэх юм байна ажиллаагүй байсан ч үзэх юм байна анх хүлээж авсан шигээ цэвэрлээд цэгцтэй болгоод өгөх үү гэсэн мессеж, вайбер чатуудаар нотлогдож байна.

Түүнчлэн, хариу тайлбарт 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр эд хөрөнгийн ашиглалттай танилцахад маш их бохирдол үүсгэсэн нөхцөл байдалтай байсан, 2024 оны 07 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд зочид буудлын 2 үйлчлэгчээр уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг цэвэрлүүлсэн, мөн 2024 оны 07 дугаар сарын эхээр их засвар хийсэн нь талуудын хооронд гэрээг 2024 оны 06 сард цуцлахаар харилцан тохиролцсон, 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр түрээслүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө, түлхүүрийг хүлээж авсан болох нь тогтоогдож байна.

4.2 Шүүх 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ногдох түрээсийн төлбөрийг олгох ёсгүй гэж буруу дүгнэсэн. Тодруулбал, уг гэрээний заалт нь үл хөдлөх хөрөнгөд анхны түрээсийн үнийг хямдруулан гэрээ байгуулсан тохиолдолд хэрэгжих зохицуулалт харин үл хөдлөх хөрөнгө хөлслөх, хөлслүүлэх менежментийн түрээсийн гэрээнд түрээсийн үнийг хямдруулж байгуулаагүй бөгөөд энэ талаар гэрээнд огт дурдаагүй юм. Өөрөөр хэлбэл, түрээсийн үнийг хямдруулан гэрээ байгуулсан тохиолдолд хэрэгжих зохицуулалтыг шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний зохицуулалт гэж буруу дүгнэсэн байна.

4.3 Мөн Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид түрээсийн төлбөрийн үлдэгдлийг буцаан өгөхгүй гэж, нэхэмжлэгч ******* мөн 324 дүгээр зүйлийн 324.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн оронд өөр түрээслэгчийг олж, санал болгосон боловч хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгөд 2024 оны 07 дугаар сарын эхээр их засвар хийж, түрээсийн төлбөрийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн төлбөр сарын 2,000,000 төгрөг байсныг 3,500,000 төгрөг болгосон тул нэхэмжлэгчийн олсон түрээслэгч уг үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх боломжгүй болсон, энэ тухай шүүх хуралдаанд дурдсан. Хариуцагч түрээсийн төлбөр нэмснээс шалтгаалан түрээслэгч солигдоогүй тул нэхэмжлэгч түрээсийн гэрээний хугацаа дуусах хүртэл хугацааны түрээсийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шийдвэрт нэхэмжлэлийн шаардлага болох 2,400,000 төгрөгийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан түрээсийн гэрээний дагуу илүү төлсөн 2,400,000 төгрөг, барьцаа 650,000 төгрөг, нийт 3,050,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө хөлслөх, хөлслүүлэх менежментийн гэрээ-г байгуулсан. Гэрээгээр түрээслүүлэгч ******* нь улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* хаягт байрлах, 85 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 12 сарын хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч ******* нь түрээсийн төлбөрт 1 сарын 2,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 6/

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний дагуу нэхэмжлэгчээс 6 сарын түрээсийн төлбөрт 12,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтад маргаагүй.

5. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох бөгөөд нэхэмжлэгч нь гэрээг цуцлах хүсэлтээ хариуцагчид 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл болон гэрч ын мэдүүлгээр нотлогдож байх тул /хх 70-77/ анхан шатны шүүх мөн өдрөөр гэрээг цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгч нь хариуцагчид мэдэгдсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, хөлслөгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах мэдэгдлийг зуучлагчид мэдэгдэх талаар гэрээнд заагаагүй, мөн нэхэмжлэгч нь гэрээг цуцлах мэдэгдлийг хариуцагчид 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хөлсүүлэгч болон зуучлагч нарт гэрээг цуцлах тухай мэдэгдсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.1 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.

5.2 Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3 дахь хэсэгт зааснаар гэрээний талууд хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан бол гэрээ дуусгавар болно. Гэрээний ******* зүйлийн 9-д хөлслөгч гэрээг цуцлах хүсэлтээ 1 сарын өмнө бичгээр хөлслүүлэгчид хүргүүлэх үүрэгтэй гэжээ. Нэхэмжлэгч нь гэрээг цуцлах мэдэгдлийг 2024 оны 06 дугаар арын 17-ны өдөр хариуцагчид мэдэгдсэн байх тул уг хугацаанаас хойш 1 сарын дараа буюу мөн оны 07 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ дуусгавар болсон байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

6. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1, 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийг түрээсийн төлбөр 2,400,000 төгрөгийг шаардах эрхгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

6.1 Иргэний хуулийн 324 дүгээр зүйл нь түрээслэгч солигдох нөхцөлийг зохицуулсан зохицуулалт бөгөөд мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь энэхүү маргаанд хамааралгүй байна.

6.2 Нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн гэрээний үлдэх төлбөрт 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй.

6.3 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт гэрээ цуцлагдсанаас үүсэх үр дагаврыг талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй талаар зохицуулсан.

6.4 Нэхэмжлэгч нь гэрээг цуцлах талаар хариуцагчид урьдчилан мэдэгдсэний дагуу талуудын байгуулсан түрээсийн гэрээ цуцлагдаж, 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх буюу 5 сар 2 хоногийн түрээсийн төлбөрт нийт 10,133,333 төгрөг төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч түрээсийн гэрээг байгуулахад 6 сарын түрээсийн төлбөрт нийт 12,000,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс түрээсийн төлбөрт төлөх 10,133,333 төгрөгийг хасаж, үлдэх 1,866,667 төгрөгөөс хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн дээрх 1,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 866,667 төгрөгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.

7. Гэрээний 1.8-д Барьцаа төлбөр 5,000,000 төгрөг хөлслүүлэгч талд байршуулна гэж заасан. Талуудын уг тохиролцоо нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. Нэхэмжлэгч нь барьцаа 5,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч буцаан 4,350,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, зохигч үүнд маргаагүй.

7.1 Хариуцагч нь түрээсийн зүйлд 350,000 төгрөгөөр цэвэрлэгээ хийлгэсэн, хөргөгчид эвдрэл үүссэн байсныг 300,000 төгрөгөөр засварлуулсан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 650,000 төгрөгийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх барьцаа 650,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

7.2 Харин анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ барьцааны эрх дуусгавар болсон Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсгийг баримтлаагүйг давж заалдах шатны шүүх баримталсан нэмэлт өөрчлөлт оруулна.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/01536 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1, 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******оос 1,516,667 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,533,333 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 650,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 20,150 гэснийг 39,216 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 53,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

М.БАЯСГАЛАН