| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 185/2019/0471/Э |
| Дугаар | 485 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | э.Ундраххэрлэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 485
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Э.Ундраххэрлэн,
Хохирогч Л.Оюунаа,
Шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, Г.Гантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт М.Н,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч М.Н нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэр Автоплаза төвийн арын 86а байрны зүүн замд Тоёота Приус маркийн 66-81 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Л.Оюунааг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Л.Оюунаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би дэлгүүрээс хүнсээ аваад замаар гарах гээд гараа өргөөд явж байтал гэнэт нэг машин гарч ирээд мөргөсөн. Хажууд нэг эмэгтэй байсан. Жолоочийг “чи түргэн дуудаач” гээд байсан. М.Н машинаасаа бууж ирээд түргэн дуудах уу гэж асуухаар нь охин дээрээ очино гэж хэлсэн. Тэгээд охин дээрээ очоод хувцсаа солиод эмнэлэг рүү явсан. Би эмнэлэгт 14 хоног хэвтсэн. Эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн. Миний хөл мөн цээжний баруун тал өвдөөд байгаа, цаашид томаграфикийн шинжилгээнд хамрагдана...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хээрг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч М.Н-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч М.Н-ийн гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үнэлж, гэм бурууг шийдвэрлэх үндэслэлтэй.
Эрүүгийн хэргээс:
Хохирогч Л.Оюунаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 17-ны орой 20 цаг 30 минутын орчимд дэлгүүр орж хүнсний зүйл аваад гэр рүүгээ харих гээд байрны голын явган хүний замаар явж байгаад зорчих хэсгийн захаар тавьсан автомашинуудын голоор ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байтал урдаас хойш чиглэлтэй явж байсан автомашин ирээд мөргөчихсөн. Миний биеийн зүүн талаас ирж мөргөсөн бөгөөд зүүн хөл эвгүй болчихсон жолоочийг гэрт оруулаад өг гэж хэлээд гэртээ оруулсан, тэгээд охины хамт уг автомашинаар ГССҮТ рүү явсан. Тухайн үед харанхуй орой болсон байрны гадаах гэрэлтүүлэг асчихсан байсан. Зүүн талын хөл гэмтсэн. Шүүх шинжилгээний үндэсний төвийн дүгнэлтэд тодорхой тусгагдсан байна. Жолооч эм болон эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн. Автомашин ирж байхыг хараад гараа өргөтөл пидхийтэл мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /хх-н 30-31 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “....Л.Оюунаагийн биед зүүн шаант ясны далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй...” гэх 2486 дугаар дүгнэлт /хх-ийн 55 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9 дүгээр хуудас/, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 14-15 дугаар хуудас/, хохирогч Л.Оюунаагийн өвчний түүх /хх-ийн 34-42 дугаар хуудас/, хохирлын тооцооны баримтууд /хх-ийн 44-48 дугаар хуудас/, авто тээврийн үндэсний төвийн шинжээчийн 26 дугаар дүгнэлт /хх-ийн 62-68 дугаар хуудас/,
Гэрч М.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ээлжинд гараад 20 цаг 30 минутын үед эгч Х.Отгонтунгалагийн эзэмшлийн приус 10 маркийн 66-81 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 5 орчим км цагийн хурдтай ерөнтөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй явж байгаад баруун гар тийш эргэх үед ертөнцийн зүгээр зүүн талаас настай эмэгтэй автомашины цаанаас гараад ирсэн, зогсох үйлдэл хийсэн боловч зогсож амжилгүй мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Н 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэр Автоплаза төвийн арын 86а байрны зүүн замд Тоёота Приус маркийн 66-81 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Л.Оюунааг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Н-ийн үйлдлийн улмаас хохирогч Л.Оюунаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Н-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Гэрч Э.Дөлгөөнчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр М.Н нь зан байдлын хувьд даруухан, хүмүүстэй нийтэч, ямар нэгэн муу зан байхгүй, найз нөхдийн дунд нэр хүндтэй, ажил ч хичээнгүй, үр хүүхэд гэр бүлдээ анхаарал халамж сайн, аав ээждээ ачлалтай, архи дарс уудаггүй, тамхи татдаг, өөр хорт муу зуршилгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,
Гэрч Б.Сансарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид 2 нэг айлын хүргэнүүд байгаа юм. Манай хүргэн дүү даруухан, хөдөлмөрч, гэр бүлдээ халамжтай, эцэг эхээс авсан хүмүүжил сайн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 84 дүгээр хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 85 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 86 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 87 дугаар хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 89 дүгээр хуудас/, дансны хуулга /хх-ийн 97 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч М.Н-ийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар шүүгдэгчийн В ангилалын 479788 дугаар жолоочийн үнэмлэх хураагдан ирсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Л.Оюунаа нь 158.100 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн байх ба шүүгдэгч М.Н нь хохиролд 500.000 төгрөг нөхөн төлсөн байна.
Хохирогч Л.Оюунаагийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М.Н-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан ялтан М.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн В ангилалын 479788 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц М.Н-т буцаан олгосугай.
6. Хохирогч Л.Оюунаа нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ