Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 26

 


Б.Цэлмэгт холбогдох
эрүүгийн хэргийн талаар

226/2017/0013
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга,
Ялтны өмгөөлөгч:Х.Даваахүү, Б.Мянган,
Хохирогчийн өмгөөлөгч: Р.Булган,
Хохирогч: Б.Отгонбаяр,
Ялтан: Б.Цэлмэг нарыг оролцуулан
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3  дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч, ялтан нарын давж заалдах гомдлоор Б.Цэлмэгт холбогдох эрүүгийн 201623000204  дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Дархан-Уул аймагт 1978 онд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Стадион оргил Зайсан” гудамж 56 дугаар байрны 24 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Болдбаатар овогтой Болдбаатарын Цэлмэг /РД: УС78082426/
Б.Цэлмэг нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим “Toyota Hilander” маркийн 03-02 УНО улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчин, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 10.6 дахь заалтыг зөрчсөний улмаас, хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ууганбаярын жолоодож явсан “Toyota Pruis” маркийн 36-39 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч Ч.Оюунцэцэг, насанд хүрээгүй хохирогч У.Мөнх-Очир нарын амь насыг хохироож, хохирогч О.Ууганбаяр, Ж.Цэрмаа нарын биед хүнд гэмтэл, насанд хүрээгүй У.Мөнх-Идэр, иргэний нэхэмжлэгч Э.Ганбаяр нарын бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокурорын газраас Б.Цэлмэгийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар зүйлчлэн,  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3  дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-т зааснаар шүүгдэгч Болдбаатар овогт Болдбаатарын Цэлмэгийг замын хөдөлгөөний аюулгүйн байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 2 /хоёр/ хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Болдбаатар овогт Болдбаатарын Цэлмэгийг замын хөдөлгөөний аюулгүйн байдлын тухай хууль тогтоомж зөрчиж 2 хүний амь насыг хохироосон, 2 хүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар шүүгдэгч Б.Цэлмэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч, 06 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Цэлмэгт оногдуулсан 06 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 00363664 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба энэ хэрэгт Y-2206045109 бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион оргил Зайсан гудамж 56 дугаар байрны 24 тоот Б.Цэлмэг, Б.Анар, Л.Оюунчимэг нарын өмчлөлийн орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн тогтоолыг,  шүүгдэгч Б.Цэлмэгт авсан Монгол улсын хилээр нэвтрэх хориг тавьсан Тээврийн прокурорын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5/545 албан бичигийг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Цэлмэгээс оршуулгын зардал болон бусад зардал нийт 1.507.700  төгрөгийг гаргуулж хохирогч Б.Отгонбаярт, 9.306.680 төгрөгийг гаргуулж хохирогч О.Ууганбаярт тус тус олгож, шүүгдэгч нь хохирогч Ж.Цэрмаад 4.328.702 төгрөг төлсөн болохыг дурьдаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Цэлмэгийн асрамжинд байсан 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Анарыг эмэг эх Л.Оюунчимэгийнх нь асрамжинд шилжүүлж тус тус шийдвэрлэжээ.
Ялтан Б.Цэлмэг  нь давж заалдах гомдолдоо: ... Миний хайхрамж, болгоомжгүй үйлдлээс болж эрдэнэт хүний амь нас хохирч, 2 хүний биед хүнд гэмтэл учирсанд би туйлын ихээр харамсаж байна. Би хохирогч нарт 23 000 000 төгрөгний хохирлыг хохирогч Ж.Цэрмаа, Б.Отгонбаяр нарын данс руу өөрийн боломжоор цувуулан шилжүүлсэн билээ. Энэхүү хохиролд төлсөн төгрөг хохирогч нарт учирсан уй гашуу, хохирлын хажууд юу ч биш юм. Тэр ч утгаараа хохирогч нарт учирсан эд материалын хохирлыг бүрэн төлж барагдуулахын төлөө шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хохирогч нарын нэхэмжилсэн хохирлыг нотлох баримтын хүрээнд нь бүрэн төлж барагдуулсан боловч шүүх хуралдаан дээр хохирогч нарын шинээр гаргаж өгсөн нотлох баримтанд тусгагдсан хохирлыг төлж амжаагүй нь шүүх бүрэлдэхүүнд хохирогч нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй гэсэн ойлголт төрүүлэхэд хүрлээ. Миний ээж Л.Оюунчимэг нь ганц бие амьдардаг, зүрхний хүнд хэлбэрийн өвчтэй юм. Анхан шатны шүүх ээжийн маань эрүүл мэндийн байдлыг харгалзаж үзэлгүйгээр хүү Б.Анарыг ээж Л.Оюунчимэгийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн явдалд би туйлын ихээр харамсаж, санаа минь ихэд зовж байна. Ээж маань миний  хүүг  асрах чадваргүй бөгөөд  өөрийгөө ч асрах тэнхэлгүй  хүн байгаа  юм. Иймд анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, 3 хүртэлх насны хүүхэдтэй, ганц бие эх гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан хорих ялыг хойшлуулж өгнө үү гэжээ.
Ялтны өмгөөлөгч Х.Даваахүү нь давж заалдах гомдолдоо: ... Миний үйлчлүүлэгч нь  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон юм.  Тэрээр 3 хүртэлх насны нялх хүүхэдтэй,  өрх толгойлсон эх юм.   Цэлмэг нь даруу төлөв зантай, хийсэн хэрэгтээ дүгнэлт хийх чадвартай, дээд боловсролтой хүн юм. Түүнд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 3.8.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна.
Үүнд:
-Осол болох үед Цэлмэг нь согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглээгүй явсан нь драгер багажны үзүүлэлт , цусны дээж авсан шинжилгээний дүгнэлтээр нотлогдож байгаа тул ЭХ-ийн 56-р зүйлийн 56.1.10.-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй нь нотлогдож байна.
-Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8-д Б.Цэлмэгийн асрамжинд байсан 2015 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр төрсөн хүү Б.Анарыг эмэг эх Л.Оюунчимэгийн асрамжид шилжүүлсэн нь Б.Анарын эрхийг ноцтойгоор зөрчсөн бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлахад Л.Оюунчимэг зүрхний өвчтэй талаар гаргасан эмчийн тодорхойлолтыг шүүхэд хандаж хэлэлцүүлсэн байхад шүүх бодитой дүгнэлт  хийхгүй шийдвэр гаргасан. Мөн тогтоолын 8-д Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188-р зүйлийнм 188.1.1-д зааснаар гэж бичсэнийг хуулинд байхгүй хуулийн заалтыг хэрэглэсэн байна. (эргүүгийн гэснийг анхаарна уу), Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188-р зүйлийн 188.1.1-д сэжигтэн яллагдагчийн хүүхдийг харгалзан дэмжихийг шүүхийн тогтоол , шүүгчийн захирамжаар шилжүүлэн өгөх хуулийн зохицуулалттай гэтэл шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1-ийн заалт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар бүлэгт хамаардаг бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах ерөнхий нөхцөлд хамаардаг зүйлийг шүүх буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.Иймд шийтгэх тогтоолын 3.4.8-р заалтанд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар Б.Цэлмэгт оногдуулсан хорих  ялыг хойшлуулж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Цэлмэгт холбогдох эрүүгийн тогтоол гарахад чухал ач холбогдолтой нөхцөл байдлыг бүрэн шалгалгүйгээр хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 7149, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 639 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй бөгөөд энэ талаар дахин шинжээч томилуулах талаарх хохирогчийн удаа дараагийн хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Цэлмэгийн хувийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1, 322 дугаар зүйлийн 322.1,  325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцаасугай.
2. Шүүгдэгч Б.Цэлмэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
3. Тус шүүхэд эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.
Энэхүү магадлалд гомдол гаргах эрхгүй болно.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ДЭНСМАА
                                 ШҮҮГЧИД                                              Г.БОЛОРМАА
                                                                                                      Б.СҮХГОМБО