Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2020/0064

 

 

                                      З.Ү-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч З.Үх, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 788 дугаар шийдвэртэй, З.Ү-ын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 788 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйл, Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 106 дугаар зүйлийн 106.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Ү-с Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болхоыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин нэхэмжлэлийн шаардлагын “Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүрэгт ажилд үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаал гаргахыг даалгах” гэсэн хэсгийн зарим хэсгийг хангаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын нэхэмжлэгчийг ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаагаар олгож, мөн хугацаанд ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, нэхэмжлэгч З.Үүрцайхыг ахлах түшмэлийн ангилал, албан тушаалын ТЗ-7 зэрэглэл, өмнө нь авч байсан цалин хөлсийг бууруулахгүйгээр албан тушаалд томилохыг хариуцагч Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт даалгаж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо: “...  Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас “ ... Баянзүх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүрэгт ажилд үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаал гаргахыг даалгах” гэсэн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийг ахлах түшмэлийн ангилал, албан тушаалын ТЗ-7 зэрэглэл, өмнө нь авч байсан цалин хөлсийг бууруулахгүйгээр албан тушаалд томилохыг хариуцагч Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт даалгасугай” гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь анхан шүүх Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний ерөнхий газрын даргын нэхэмжлэгчийг ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 40 дүгээр зүйлийн 40.3,106 дугаар зүйлийн 106.2-т заасныг үндэслэл болгон шийдвэрлэсэн.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа албан тушаалтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3-д хуульд заасан бусад тохиолдолд урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авахаар заасан байхад шүүх нэхэмжлэгч миний оронд томилогдсон гэх Л.Цолмонгэрэлийг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргаагүй байна гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийн шаардлагыг шүүх өөрийн дураар өөрчлөн зарим хэсгийг ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүх зарим нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарласан боловч нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч З.Ү-ыг хүүхэд асарсны чөлөөтэй байх үед нь Засгийн газрын 2016 оны 04 дүгээр тогтоолын дагуу түүний ажиллаж байсан Баянзүрх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоо өөрчлөгдөж, дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн албатай нэгтгэгдэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болжээ.

          Үүнтэй холбоотой хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/82 дугаар тушаалаар З.Ү-ыг урьд эрхэлж байсан дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн албан тушаалаас чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст шилжүүлжээ.

Хариуцагч нь ажил олгогчийн чиг үүргийг шилжүүлэн авсан агентлагийн даргын хувьд дээрх тушаалыг гаргахдаа хүүхэд асарсны чөлөөтэй байсан З.Ү-ыг байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах, хүүхэд асарсны чөлөөтэй байгаа ажилтныг тодорхой ажил, албан тушаалд томилох, эсхүл эрх бүхий этгээдэд томилохыг даалгаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг зөрчсөн байна.

Үүний улмаас нэхэмжлэгч З.Ү-ыг ажилдаа орох хүсэлт гаргахад нь тодорхой орон тоонд томилоогүйгээс шууд ажлын байраар хангагдах эрх нь зөрчигджээ.

Харин З.Ү нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалыг өөрийн эрхэлж байсан дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэж, тухайн орон тоонд томилохыг даалгах нэхэмжлэл болон давж заалдах гомдол гаргасан боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан З.Ү-ын эрхэлж байсан Баянзүрх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн болон шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсий даргын албан тушаалын ажилын байрны тодорхойлолтыг харьцуулан үзвэл хэдийгээр З.Ү-ын эрхэлж байсан албан тушаалын нийгмийн халамжийн үйлчилгээтэй холбоотой чиг үүрэг хэвээр хадгалагдсан боловч Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой чиг үүргүүд нэмэгдсэнээс үзвэл түүний ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан гэж үзэх үндэслэлгүй, тухайн албан тушаал нь шинэ орон тоо байх бөгөөд албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалтаар Л.Цтомилогдсон байна.

Мөн хэрэгт авагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар баталсан Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тооноос үзвэл Хөдөлмөр эрхлэлтийн алба болон Нийгмийн халамжийн алба гэсэн 2 тусдаа албатай, тус бүр даргын орон тоотой байгаагаас үзвэл нэхэмжлэгч З.Ү-ынажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан гэж үзэхээр байх тул уг албаны даргад томилогдон үргэлжлүүлэн ажиллах нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй байна.

Гэтэл анхан шатны шүүх ажлын байрны тодорхойлолтыг харьцуулж, адил албан тушаалын 2 орон тоо нэг болж цөөрсөн, Хэлтсийн даргын сонгон шалгаруулалтыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, Л.Ц-ийг ажилд томилсон тушаалтай маргаагүй тул зохих албан тушаалд томилохыг даалгах нь зүйтэй гэх зэргээр нотлох баримтыг буруу үнэлж хэргийн нөхцөл байдалд буруу дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... шүүх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4-д зааснаар албан тушаал нь хэвээр хадгалагдсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2-т зааснаар үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй ... байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн дураар өөрчлөн зарим хэсгийг ханган шийдвэрлэсэнд гомдолтой” гэжээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь нэхэмжлэгчийг хүүхэд асрах чөлөө авахаас өмнө буюу бүтэц, орон тоо өөрчлөгдөхөөс өмнөх нэхэмжлэгчийг ажилд томилсон /ажил олгогч/ Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын чиг үүргийг шилжүүлэн авсан этгээдийн хувьд төрийн байгууллагын орон тоо, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төрийн захиргааны албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгааг хангах, хүүхэд асарсны чөлөөтэй албан хаагчийг ажлын байраар хангах үүргийн хүрээнд орон тоо, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой нэхэмжлэгчийг эрхэлж байсан албан тушаалынх чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан албан тушаалд томилуулах арга хэмжээ авах бүрэн эрхтэй гэж үзнэ.

Анхан шатны шүүх энэхүү агуулгаар З.Ү-ыг зохих албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасан байх тул хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах ёстой гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч З.Ү нь нэхэмжлэлдээ “... ажилдаа орох хүсэлт гаргаснаас хойш ... ажлын байрны ямар нэгэн санал өгөөгүй .... албан тушаалтнууд асуудлыг шийдвэрлэх байтал бие бие рүүгээ бичиг цаас шидэн ... бүтэн жил хохироож байна...” гээд нэхэмжлэлийн шаардлагаа хүүхэд асрахаас өмнө эрхэлж байсан Дүүргийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хуацааны олговор, шимтгэл нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх” гэж тодорхойлжээ. 

Үүнээс үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны олговор, зохих шимтгэлүүдийг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэснийг нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

Мөн хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтны ажиллаж байсан байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн үед Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг шууд хэрэглэж З.Ү-ын эрхэлж байсан Баянзүрх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалыг хэвээр хадгалах боломжгүй тул эдгээр хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй, харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг хамтад нь хэрэглэх тул Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилох шаардлагыг хангах үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажил албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, зохих ажилд томилохыг хариуцагчид даалгасны улмаас албаны даргаас өөр албан тушаалд томилох сонголт захиргаанд бий болж, дахин маргаан үүсэх үндэслэл болохоор байх тул гомдол гаргасан нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр урьд эрхэлж байсан Нийгмийн халамжийн үйлчилгээний даргын чиг үүрэг хэвээр хадгалагдсан Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн халамжийн албаны даргад томилуулах арга хэмжээ авахыг даалгах гэж тодруулсан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Мөн шүүх хэрэглэх ёсгүй Захиргааны ерөнхий хуулийн 42, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг эгүүлэн тогтоосонтой холбоотой олговор олгох талаар зохицуулсан мөн хуулийн 69.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 зэрэг заалтуудыг хэрэглэсэн нь буруу байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.