| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 104/2024/00513/И |
| Дугаар | 210/МА2025/00545 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2025/00545
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/00387 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 140,000,000 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний бие нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч *******тэй 2022 оны 05 сараас эхлэн Говь-Алтай аймгийн ******* сумын******* багт дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээний ажлыг гүйцэтгэхэд нь зориулж, хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах болсон. Тухайн үед ******* ХХК нь дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх тендерт туслан гүйцэтгэгчээр орох гэсэн боловч гүйцэтгэлийн баталгааны 60,000,000 төгрөг болон нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байсан тул дараах нөхцөлтэйгээр хөрөнгө оруулалт хийхээр болсон. Нэгдүгээрт, 140,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, хоёрдугаарт, хөрөнгө оруулалт авч байгаа тал нь жил бүр гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөхөд хийсэн ажлын өртөг магадлангаар орж ирсэн үнийн дүнгийн 30 хувийг хөрөнгө оруулсан талд өгөх, гуравдугаарт, баталгаанд заасан амлалтаа биелүүлээгүй нөхцөлд оруулсан 140,000,000 төгрөгийн хөрөнгө, жилд гарсан магадлангийн 30 хувийг хөрөнгө оруулсан талд буцаан өгөхөөр тохиролцсон. Энэ тохиролцоог баталгаажуулан 2022 оны 07 сарын 01-ний өдөр нотариатаар баталгаа бүхий бичиг хийлгэсэн. Баталгааг хариуцагч компанийн захирал, хувьцаа эзэмшигч ******* сайн дурын үндсэн дээр хийсэн. Миний бие тус ажилд хөрөнгө оруулалт хэлбэрээр 140,000,000 төгрөгийг оруулсан боловч хариуцагчийн хэлж байсан төлөвлөгөө биелээгүй. Анх тохиролцохдоо 2024 оны 11 сарын 30-ны хүртэл тус ажлыг гүйцэтгэж, магадлангаар орсон ажлын гүйцэтгэлд өгсөн төлбөрийн 30 хувийг хөрөнгө оруулагчид өгөх тухай ярьж байсан. Гэтэл тухайн ажлыг үндсэн гүйцэтгэгч нь бие даан гүйцэтгэхээр болсон гэсэн үндэслэлээр ажил явагдаагүй. Тиймээс, баталгааны дагуу оруулсан 140,000,000 төгрөгийн хөрөнгөө буцаан авахаар удаа дараа шаардсан. 2024 оны 05 сарын 08-ны өдөр ******* ХХК-ийн гэрчилгээнд тусгагдсан хаягаар гэрээг цуцалж, хөрөнгө оруулсан төлбөрөө буцаан шаардсан албан бичгийг шуудангаар хүргүүлсэн боловч тухайн хаягт байдаггүй гэсэн хариу ирсэн. Хариуцагч компанийн удирдлага байгаа газар буюу *******гийн амьдарч буй ******* дүүргийн ******* хороо, ******* дүүрэг, ******* тоот хаягаар гэрээ цуцалж, 2024 оны 05 сарын 12-ны өдрийн дотор төлбөрөө буцаан төлөхийг шаардсан албан бичгийг явуулсныг ******* хүлээн авсан. Гэвч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй, төлбөрийг буцаан шилжүүлээгүй. Хөрөнгө оруулсан 140,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ өөрийн үүсгэн байгуулсан ******* ХХК-ийн Хаан банкны ******* тоот данснаас ******* ХХК-ийн Хаан банкны******* тоот дансанд 2022 оны 05 сарын 24-ний өдөр 60,000,000 төгрөг, *******гийн Хаан банкны ******* дугаартай дансанд 80,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болно.
Иймд, хариуцагч ******* ХХК-аас 140,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Тус компани нь 2022 оны 03 сард Говь-Алтай аймгийн ******* сумын******* багт инженерийн нэгдсэн шугам сүлжээний холболтын ажлын тендерт орох зорилготой байсан боловч шаардлагатай тусгай зөвшөөрөл байхгүй байсан тул ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг ашиглан тус ажлыг гүйцэтгэж, ажлын үнийн дүнгийн 4 хувийг өгөхөөр захирал *******тай амаар тохиролцож, тендерт оролцохоор материалаа бүрдүүлэн өгсөн. Уг тендерийн ажил нь 2022 оны 05 сарын 25-ны өдрөөс 2024 оны 11 сарын 30-ны өдөр гүйцэтгэж дуусахаар гэрээтэй ба нийт төсөв нь 1,160,374,901 төгрөг, 2022 оны санхүүжилт нь 200,000,000 төгрөг байсан. Манай компани тендерт ялж Барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулж, улмаар 2022 оны 06 сарын 02-ны өдөр ******* ХХК-ийн захирал *******тай түншлэлийн гэрээ хийсэн. ******* нь дээрх ажлыг хийхэд гүйцэтгэлийн баталгаа 60,000,000 төгрөг, ажил эхлүүлэхэд шаардлагатай материалын зардалд 72,000,000 төгрөг буюу энэ ажлыг эхнээс нь дуустал хөрөнгө оруулж, нийт санхүүжилт болон магадлалаар нэмэгдсэн үнийн дүнгийн 30 хувийг авахаар тохирч, түүнтэй гэрээ хийсэн. Иргэн ******* нь ******* ХХК-тай 2022 оны 06 сарын 02-ны өдөр хийсэн түншлэлийн гэрээг үндэслэн манай компанид хөрөнгө оруулсан ба мөн үүнийг үндэслэн 2022 оны 07 сарын 01-ний өдөр хөрөнгө оруулах баталгаа гаргасан болно. Манай компани 2022 оны 06 сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт ажлаа эхлүүлж, 2022 оны санхүүжилт болох 200,000,000 төгрөгөөс 150,000,000 төгрөгийн гүйцэтгэлийг Барилга, хот байгуулалтын яамнаас 2022 оны 12 сард ******* ХХК-ийн Хас банкны данс руу шилжүүлсэн. Гэвч ******* ХХК нь дансандаа орсон мөнгийг гэрээнд заасны дагуу 4 хувиа суутгаад манай компанийн данс руу шилжүүлэх ёстой байтал санхүүжилтээр орж ирсэн 150,000,000 төгрөгөөс гэрээгээ зөрчин 86,000,000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгөнөөс ажилчдын цалин болон материалын өглөгөө өгөөд үлдсэн 30,500,000 төгрөгийг иргэн *******ын Хаан банкны дансаар 2022 оны 12 сарын 26, 27-ны өдрүүдэд шилжүүлсэн. Дээрх ажлыг манай компани 2023, 2024 онд хийж дуусгах байсан боловч ******* ХХК нь 2022 оны гүйцэтгэлийн дутуу мөнгийг өгөөгүйгээс гадна үлдсэн ажлыг өөрсдөө хийхээр болсон учир хөрөнгө оруулсан иргэн *******ын үлдэгдэл төлбөрийг буцаан өгөхөд хүндрэл учирсан. ******* нь тухайн ажлын нийт санхүүжилт 1,160,374,901 төгрөг буюу магадлалаар орж нэмэгдэх 4,255,000,000 төгрөгийн үнийн дүнгийн 30 хувийг авна гэсэн тохироотой гэрээ хийсэн бол гарч болох гарз хохирлыг хамтдаа даван туулж гэрээгээ зөрчсөн ******* ХХК-ийг энэ хэрэгт татан оролцуулах байсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэх эрхгүй байгууллагаас нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Учир нь, хөрөнгө оруулсан 60,000,000 төгрөг нь компаниас компани руу шилжсэн, 80,000,000 төгрөг нь хувь хүнээс хувь хүн рүү шилжсэн. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд компанийн өр төлбөрийг хувьцаа эзэмшигч хариуцахгүй, хувьцаа эзэмшигчийн өр төлбөрийг компани хариуцахгүй гэж тодорхой заасан. Гэтэл хувь хүний хооронд шилжсэн мөнгийг ******* ХХК-аас нэхэж байна.
Хариуцах ёсгүй хүнээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжилсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 109,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 857,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 705,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11, 13-т зөрчилтэй агуулгаар шүүхийн шийдвэр гарсан. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр авсанаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойших үр дагаврыг талууд шийдвэрлэдэг. Гэрээг цуцлах ойлголт ихэвчлэн урт хугацаатай үүргийн харилцаанд, харин гэрээнээс татгалзах явдал хиймэгц биелэх буюу гэрээгээр олж авсан зүйлийг харилцан буцаах боломжтой хэлцэлд хэрэглэгдэнэ.
4.2. ******* ХХК-ийн захирал ******* төслийн ажлыг боловсруулан төрийн худалдан авах ажиллагааны тендерт шалгарсан маргалдагч талууд төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлыг хийх 1,160,374,901 төгрөгийн хөрөнгийн, эхний жилийн ажил болох 250 метр бохир усны шугам угсралтын ажлын гүйцэтгэл дуусган, гэрээний талууд гэрээт ажлын 200,000,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байхад шүүгч нэхэмжлэгчийг 2024 оны 05 сарын 08-ны өдөр ******* ХХК-ийн захирал *******д хамтран ажиллах гэрээгээ цуцлах шаардлага гаргасан байхад, гэрээнээс татгалзах шаардлага гаргасан мэт тайлбарласан. Хариуцагч компанийн олон зуун сая төгрөгийн хийсэн ажил, үйлчилгээг үнэгүйдүүлсэн гэж үзэж байна.
Иймд талуудад тооцоо нийлэх боломж олгон хийсэн ажил, гүйцэтгэсэн үүргийг баримт бичиг, ажил үйлчилгээн дээр нь хэргийн газрын үзлэг хийлгэж, талуудыг мэтгэлцэх бололцоогоор хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Баталгааны төлбөр болон хөрөнгө оруулалт шаардлагатай гэх агуулгаар 2022 оны 06 сараас эхлэн нийт 140,000,000 төгрөгийг авсан. Талууд анх амаар харилцан тохиролцсон. Улмаар, 2022 оны 07 сарын 01-ний өдөр бичгээр баталгаажуулан баталгааг үйлдсэн. Баталгааны зорилго нь 140,000,000 төгрөгийг гүйцэтгэх ажилд зориулан авсан, өгсөн болохыг баталгаажуулсан. Ажлыг харилцан тохиролцсоны дагуу туслан гүйцэтгэгчийн буруутай ажиллагаанаас шалтгаалан дуусгавар болсон тохиолдолд амлалтаа биелүүлээгүй гэж үзэн хөрөнгө оруулсан төлбөр болох магадлангийн 30 хувийг буцаан төлөх үүргийг хариуцагчид оногдуулсан. Шүүх хуралдааны явцад энэ талаар маргасан. Үүнтэй холбоотойгоор хариуцагч хариу тайлбар гаргасан. Гэрээг цуцалсны дагуу баталгаанд дурдсан төлбөрийг авах шаардлага гаргасан. Энэ нь хууль хэрэглээний асуудал учраас уг хэргийг дахин анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 140,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн 4-р талд 2022 оны 07 сарын 01-ний өдөр үйлдэгдсэн, бүртгэлийн 0223 дугаартай Гарын үсэг гэрчилсэн үйлдэл гэх баримт авагдсан, уг баримтад ...Тус компани Говь-Алтай аймгийн ******* сумын******* багт дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээний ажлын туслан гүйцэтгэгчээр 2022 оны 06 сараас эхлэн ажиллаж байна. Тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг иргэн *******аас хөрөнгө оруулалт болгон гаргуулж, 2022 оны 05 сард гүйцэтгэлийн баталгаа 60,000,000 төгрөг, 06 сард 80,000,000 төгрөгийг авч... гэсэн агуулга тусгагдсан байна.
Дээрх баримтад ******* ХХК-ийг төлөөлж ******* гарын үсэг зурж, компанийн тамга дарсан байх тул ... хувь хүнээс хувь хүн рүү мөнгө шилжүүлсэн байхад компаниас шаардсан нь буруу ... гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
4. Нэхэмжлэгч ******* нь 140,000,000 төгрөгөөр, харин хариуцагч ******* ХХК нь ажил, үйлчилгээгээр тус тус хураамж төлсөн байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******аас хариуцагч ******* ХХК-д 140,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч ... нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан ... гэж буруу дүгнэсний улмаас хариуцагчаас гаргуулах мөнгөн дүнг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна.
6. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******аас шилжүүлсэн 140,000,000 төгрөгийн 60,000,000 төгрөгийг гүйцэтгэлийн баталгаанд байршуулж, үлдэх 80,000,000 төгрөгийг хамтын ажиллагаанд бодитоор зарцуулсан, мөн хариуцагч ******* ХХК нь тендерийн ажилд туслан гүйцэтгэгчээр орж 2022 оны 06 сарын 15-ны өдрөөс ажлыг эхлүүлсэн боловч ерөнхий гүйцэтгэгчтэй холбоотой асуудлын улмаас ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон зэрэг нөхцөл байдал хэргийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон.
7. Иймд, талуудын хооронд үүссэн хамтран ажиллах гэрээний харилцаа Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т заасан үндэслэлээр дуусгавар болсон гэж үзнэ.
7.1. Тодорхой хугацаанд хэрэгжиж, цаашид үргэлжлэх боломжгүй болсон хамтран ажиллах гэрээнээс талууд татгалзах боломжгүй, харин хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож ашиг, алдагдлаа хуваарилах боломжтой.
7.2. Хариуцагч ******* ХХК нь ийнхүү ашиг, алдагдлаа хуваарилж, нэхэмжлэгч *******ад 2022 оны 12 сарын 26-ны өдөр 18,000,000 төгрөг, 2022 оны 12 сарын 27-ны өдөр 12,500,000 төгрөг, нийт 30,500,000 төгрөгийг шилжүүлэн өгчээ.
8. Харин *******ын шилжүүлсэн 140,000,000 төгрөгөөс 60,000,000 төгрөг нь гүйцэтгэлийн баталгаанд байршсан буюу хамтын ажиллагаанд зарцуулагдаагүй тул уг дүнг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
9. Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагч ******* ХХК-аас 60,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, үлдэх 80,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/00387 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.4-т зааснаар хариуцагч ******* ХХК-аас 60,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, үлдэх 80,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...705,450 төгрөгийг... гэснийг ...457,950 төгрөгийг... гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 705,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Д.НЯМБАЗАР