Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2025/00509

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/00562 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,

хариуцагч ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 294,569,088 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн, зээлийн гэрээний 1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* -ийг төлөөлж захирал ******* , хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь *******гаас 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тоот зээл болон 141/2018/Б-18 тоот барьцааны гэрээ байгуулж, 300,000,000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн.

1.2. Зээлийн барьцаанд *******-ийн өмчлөлийн ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол /*******/ ******* гудамж *******  дугаар байрны 1 дүгээр давхар Б хэсэгт байршилтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, ******* дугаар гэрчилгээтэй, 90 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч *******-гийн өмчлөлийн ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө ******* дугаар байрны ******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, ******* дугаар гэрчилгээтэй, 153 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг барьцаалсан. Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч *******, ******* нарыг хариуцагчаар татсан.

1.3. ******* , ******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 196,379,392 төгрөг, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алданги 98,189,696 төгрөг, нийт 294,569,088 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн төлбөрөөр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******гаас ******* , ******* нар нь 300,000,000 төгрөгийг, жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан.

2.2. Нэхэмжлэгч ******* нь Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 49 тоот тогтоолоор байгуулагдаж, *******гийн чиг үүргийг хүлээн авсан. Зээлийн үйл ажиллагаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулагдах хуулийн этгээд боловч 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн тоот зээлийн гэрээний 1.5-д ...зээлийг эргэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0,1 хувийн алданги тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг зөрчсөн хууль бус заалт болсон. Дээрх хуульд зээлийн гэрээний стандартыг хуульчилж өгсөн бөгөөд ямар нэгэн алданги тооцох тухай ямар ч зүйл заалт байхгүй, зөвхөн нэмэгдүүлсэн хүү тооцохоор заажээ.

2.3. Зээлийн тооцооллыг анз тооцохгүйгээр тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 196,379,393 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 22,927,184 төгрөг, нийт 219,306,577 төгрөг байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 24,660 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 1,530,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад оруулалгүй орхигдуулсан байна. Дээрх хоёр төлбөрөөс бусад төлбөрийн тооцоонд маргаан байхгүй. Зээлийн гэрээний дагуу ******* нь зээлдүүлэгчид нийт 131,537,449 төгрөгийг төлсөн байгаа. Зээлийн гэрээний хугацаанд байнга зээлийн хүү авч байсан. Гэрээг цуцлаад нэхэмжлэл гаргахдаа ямар нэгэн тооцоолол хийхгүйгээр 50 хувь болгож анз тооцсон нь их байгаа учир зээлийн гэрээний дагуу ашигласан хугацааны хүү шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд анзыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.5-д 0,1 хувийн алданги тооцох-оор оруулж, алдангид 98,189,696 төгрөг нэхэмжилсэн нь шударга ёсонд харш, зээл авсан талдаа илтэд хохиролтой бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтыг зөрчсөн. Иймд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус гэрээний 1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

4.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8-д эрх бүхий хуулийн этгээд гэж хуульд заасны дагуу Монголбанкнаас төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан. ******* нь Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооноос ямар нэгэн зөвшөөрөл авдаггүй бөгөөд Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг. Мөн Засгийн газрын тусгай сан гэж Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зориулалттай төсвийн тусгай данс бөгөөд тусгай санг хуулиар байгуулж, хуулиар татан буулгадаг. Үйл ажиллагааг нь тусгайлсан хуулиар зохицуулдаг тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй юм. Хуулиар эрх олгосон байгууллага гэдэгт ******* хамаарна гэж үзэж байна.

4.2. ******* нь 2018 онд 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан гэрээ нь 2023 онд дуусаж байгаа. Энэ хугацаа дууссанаас хойш хүү бодоогүй учир нэхэмжлэлээр хүү шаардаагүй. Нэхэмжлэгч нь ашгийн бус байгууллага бөгөөд зээлийн хүү болон алдангиар цалинждаггүй, улсын төсвөөс цалинждаг. Зээлийн эргэн төлөлтийн төлбөрийг дараа жилийн зээлийн эргэн төлөлтөд улсын төсвөөс хуваарилуулдаг. Нэг ч албан тушаалтан урамшуулал хэлбэрээр авдаггүй. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлээр зохицуулагддаг. Хууль болон гэрээгээр алданги авахаар зохицуулсан байгаа учир анз нэхэмжилсэн гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* , ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 207,965,753 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* т олгож, нэхэмжлэлээс 86,603,335 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* , ******* нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-ийн өмчлөлийн ******* дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол /****/ **** гудамж *** дугаар байрны 1 дүгээр давхар Б хэсэгт байршилтай, улсын бүртгэлийнҮ-******* дугаарт бүртгэгдсэн, ******* дугаар гэрчилгээтэй, 90 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч *******-гийн өмчлөлийн ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө ******* дугаар байрны ******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, ******* дугаар гэрчилгээтэй, 153 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэрэг барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж, Иргэний хуулийн 202 дугаар үйлийн 202.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* сан, ******* , ******* нарын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан тоот зээлийн гэрээний 1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч ******* , ******* нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх алдангийн хэмжээг буруу шийдвэрлэсэн. ******* болон ******* нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 141/2018/3-18-1 тоот зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээний хавсралтаар зээлийг буцаан төлөх эргэн төлөлтийн хуваарийг тохиролцсон. Дээрх нэмэлт өөрчлөлтийн гэрээ болон гэрээний хавсралт нь 2018 онд байгуулсан 141/2018/3-18 тоот зээлийн гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг юм. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний хавсралтаар батлагдсан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтийг төлөөгүйн улмаас алданги тооцсон. Энэ талаар холбогдох нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд итгэмжпэгдсэн төлөөлөгч энэхүү баримтыг нотлох баримтаар шинжлэн судлуулсан. Гэтэл шүүх эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн үйлдэлд үнэлэлт өгөлгүй гэрээний ерөнхий хугацаанд ач холбогдол өгсөн.

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алданги шаардах эрхтэй гэж үзсэн боловч 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал... гэдгийг гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх гэж үзэн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүх хугацаа хэтрүүлсэн гэдгийг гэрээний хугацаа дууссан өдрөөс гэж үзэн алдангийг багасгасан нь хуульд нийцэхгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйпийн 118.4 дэх хэсэгт Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэж зохицуулсан. Гэтэл шүүхийн шийдвэрийн 15.2-д ...50 хувиар анзыг шаардсан нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй гэж үзсэн боловч үүний учир шалтгааныг тайлбарлаагүй буюу шүүх юуг үндэслэн үндэслэлгүй гэж үзсэн, хууль зүйн ямар зүйл заалтад нийцээгүй талаар огт дурдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч талын гаргасан гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш нэхэмжлэгч талыг хугацаа хэтрүүлсэн гэж алданги хасч шийдвэрлэснийг хуульд нийцэхгүй гэх үндэслэлээр гомдлоо гаргасан. Гэвч ямар хуулийн, ямар зүйл заалт зөрчсөнийг гомдолдоо дурдаагүй тул уг гомдлыг үндэслэлгүй болгож байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д үүрэг гүйцэтгэгч нь тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол түүнийг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ хэмээн заасан. Талууд анх 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан ба тухайн үед цар тахал гарч гэрээний хугацаа дуусах болоогүй байхад сунгах шаардлагатай болсон. Уг гэрээгээр 300,000,000 төгрөгийн зээл авч 27,770,430 төгрөгийн хүү буцаан төлөх үүрэг хүлээсэн. Ж ашиг олох зорилгогүй буюу ашгийн төлөө бус Засгийн газрын тусгай сан гэж үзсэн тул анз ач холбогдолгүй. Гэтэл 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэрээ дуусахаас өмнө тус гэрээний хугацааг 4 сараар сунгасан. Анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн гэж зөв дүгнэсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дуусахад зээлдэгч нар үндсэн зээлийн төлбөрт 103,620,607 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 26,215,770 төгрөг, нийт 129,836,378 төгрөг төлсөн талаар маргадаггүй. Нэхэмжлэгч зээл олгосон учир хүү нэхэмжлэх эрхтэй байсан боловч өөрсдөө хүүгээс татгалзан ямар ч үндэслэлгүйгээр их хэмжээний анз нэхэмжилсэн нь Засгийн газрын зорилт, тусгай сангийн үүрэг зорилтоос хальсан, шууд ашгийн нэхэмжлэл гаргаж байна Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* , ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 196,379,392 төгрөг, алданги 98,189,696 төгрөг, нийт 294,569,088 төгрөг гаргуулах, хариуцагч *******, ******* нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан./хх-1/

Хариуцагч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 196,379,392 төгрөг төлж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангахыг зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх алданги гаргуулах 98,189,696 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй гэж зээлийн гэрээний 1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ./хх48-50/

3. *******гаас ******* , ******* нартай 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр ******* сан нь 300,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэх, ******* , ******* нар уг зээлийг тохирсон хугацаанд гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ./хх3-6/

Улмаар талууд 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дээрх дугаартай зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан өөрчлөлтийг оруулсан байна./хх-7, 8-9/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

5. Хэргийн 8-9, 21-22-р тал дахь зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгаар зээлдүүлэгч нь 300,000,000 төгрөгийн зээлийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн, зээлдэгч нь үндсэн зээлд 103,620,607 төгрөг, зээлийн хүүнд 26,215,770 төгрөг, нийт 129,836,378 төгрөгийг төлж, үлдэх үүрэг нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 196,379,392 төгрөг үлдсэн болох нь тогтоогджээ.

 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №49 дүгээр Агентлаг байгуулах тухай тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №А-273 дугаар ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар *******гийн ажлын албыг татан буулгаж, түүний чиг үүргийг ******* т шилжүүлжээ./хх23-24/ Иймд *******гийн бусадтай байгуулсан зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ******* хариуцагч нараас шаардах эрхтэй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч ******* , ******* нараас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 196,379,392 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* т олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

6. Харин анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.5-д заасан талуудын тохиролцоог буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн шаардсан алдангийн хэмжээг 86,603,335 төгрөгөөр багасгахдаа хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс дараахь байдлаар залруулна.

 

Талууд гэрээний 1.5-д зээлдэгч энэ гэрээнд заасан хугацаанд эргэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,1 хувийн алданги төлөх-өөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хэргийн 8-9 дүгээр тал дахь гэрээний хавсралтаар ******* , ******* нар нь зээлийн гэрээний үүргийг 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүгийн нийлүүлсэн дүнгээр сар болгон 6,640,300 төгрөгөөр төлөх, 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд зээлийн төлбөрийг хойшлуулж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн гэрээ дуусах буюу 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хугацаагаар зээлийн үүргийг уг зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ./хх8-9/

 

Хариуцагч ******* , ******* нар нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 6,524,581 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 6,640,300 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 10,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 30,000,000 төгрөг, нийт 53,164,881 төгрөгийг зээл эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж төлснөөс гадна, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үйл баримт зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна./хх-21/

 

Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дуусах байсан боловч хариуцагч нар гэрээний хугацаанд буюу 2020 оны 11 дүгээр сараас хойш зээл эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй зөрчсөн, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн буруутай байна.

 

Дээрх хугацааны алданги нь гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг болох 196,379,392 төгрөгийн 50 хувиас хэтэрсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги шаардсан нь үндэслэлтэй. Иймд зээлийн гэрээний үүрэг 196,379,392 төгрөгийн 50 хувиар тооцож 98,189,696 төгрөгийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхтэй.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...анхан шатны шүүх хугацаа хэтрүүлсэнийг гэрээний хугацаа дууссан өдрөөс гэж үзэн алдангийг багасгасан нь хуульд нийцэхгүй, хэргийн нөхцөл байдлыг харгалзахдаа нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж шийдвэр гаргаагүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч ******** , ******** нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 196,379,392 төгрөг, алданги 98,189,696 төгрөг, нийт 294,569,088 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* т олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулав.

8. Мөн нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлтийг оруулна.

9. Талууд мөн өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр дээрх зээлийн гэрээний барьцаанд *******-ийн өмчлөлийн, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол /*******/ ******* гудамж ******* дугаар байр, 1 дүгээр давхар Б хэсэгт байршилтай, улсын бүртгэлийнҮ-******* дугаарт бүртгэгдсэн, ******* дугаар гэрчилгээтэй, 90 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч *******-гийн өмчлөлийн Баянгол ******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, ******* дугаар гэрчилгээтэй, 153 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх10-13/

 

Барьцаа хөрөнгийн өмчлөгч *******, ******* нар нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ******* -ийн захирал ******* д өмнө дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг ...зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавих, барьцаалбар үйлдэх, зээлтэй холбоотой бүхий л үйлдэлд төлөөлөх, барьцааны гэрээ байгуулах, уг гэрээнд гарын үсэг зурах, улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх... бүрэн эрхийг олгож, итгэмжлэл үйлдсэн нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ. /хх-17, 18/

 

Талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 141/2018/Б-18 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул анхан шатны шүүх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна. /хх10-13, 16, 25/

10. Хариуцагчийн зээлийн гэрээний 1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь ******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд биш байна. Иймээс анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар нэмж дүгнэх шаардлагагүй болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/00562 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* , ******* нараас 294,569,088 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* т олгосугай. гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад 1,197,779 гэснийг 1,630,795 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН