| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 185/2019/0473/Э |
| Дугаар | 512 |
| Огноо | 2019-05-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Хохирогч Э.Ичинноров, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан,
Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич, одоо өндөр насны тэтгэвэрт, ам бүл 5 хүү, охин, зээ нарын хамт урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ц.Б,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Яллагдагч Ц.Б нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны 20 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 6 буудлын "Оргил" худалдааны төвийн баруун замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан "Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө;" гэсэн заалтыг зөрчин эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй Honda CR-V маркийн 98-93 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Э.Ичинноровыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Э.Ичинноров шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 7 буудлын “Оргил” худалдааны төвийн урд замаар хөндлөн гарч явж байгаад машинд мөргүүлсэн. Би юу болосныг санахгүй банйа. Нэг мэдэхэд цагдаа ирсэн байсан. Ухаан алдаад сэрэхэд Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Би гомдолтой байна. Миний толгой байнга өвдөж байна. Би эмэгтэй хүн. Би ирээдүйд жирэмсэн болох эсэх, болсон ч гэсэн яаж төрөх эсэхээ мэдэхгүй байна. Би шүүгдэгчээс гуйсан “та надад мөнгө байвал өгөөч” гэхэд “юун чамд мөнгө өгөх өөрийгөө яая гэж байна, чи шүүх цагдаагаараа яв” гэсэн. Манай ээж нэг удаа Ц.Б эгч рүү залгасан. Би шүүгдэгчээс өчнөөн гуйж үзсэн. Би “та нар шиг хүмүүстээ харьцахгүй” гэсэн. Би энэ үгэнд нь гомдож байна. Өмгөөлөлийн хөлсөнд 500.000 төгрөг нэхэмжилж байна. Би ажилд ороод удаагүй. Би ээж, хүүхэдтэйгээ амьдардаг. Цалингийн зээлтэй 3 сар гарангын хугацаанд гартээ хэвтэрт байсан. Сарын 800.000 төгрөгийн ажилтай байсан. 2.400.000 төгрөгийг нэхэмжилнэ. Нийт 5.103.729 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мөнгө уг мөнгөнөөс хасагдахгүй. Надаас нэг ч удаа “миний дүүгийн бие яаж байна” гэж асууж байгаагүйд нь гомдож байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хээрг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Ц.Б-ын гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үнэлж, гэм бурууг шийдвэрлэх үндэслэлтэй.
Эрүүгийн хэргээс:
Хохирогч Э.Ичинноровын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 27-ны 20 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 6-н буудлын “Оргил” Худалдааны төвийн баруун замд явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт зам хөндлөн гарч явтал хойноос урагшаа чиглэлтэй явж байсан тээврийн хэрэгслүүдээс 2 дугаар эгнээний автомашин зогсоод зам тавьж өгөхөөр нь зам хөндлөн гартал 1 дүгээр эгнээний цагаан өнгийн автомашин миний бүсэлхий, ташаа, тааз руу мөргөсөн. Тэгээд л юу болсноо сайн мэдэхгүй газар хэвтэж байсан... их хурдтай явж байсан... Миний зүгээс маш их гомдолтой байна....” гэх мэдүүлэг /хх-н 26-29 дүгээр хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...уг камер бичлэг нь 2019.02.27-ний 20 цаг 31 минут 31 секундээс 20 цаг 32 минут 23 секунд хүртэл нийт 52 секундын бичлэг бичигдсэн байх 20 цаг 31 минут 33 секундэнд дээгүүрээ урт цагаан саарал өнгийн цувтай хар өнгийн өмд, гуталтай эмэгтэй ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт явган хүний гарцаар зам хөндлөн гүйгээд гарч явахад нь 20 цаг 31 минут 34 секундэнд номер, сери дугаар нь харагдахгүй цагаан өнгийн “Хонда Си Ар Ви” маркийн авто машин ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа зүгт нэгдүгээр эгнээгээр явж байгаад явган зорчигчийг 20 цаг 31 минут 35 секундэнд явган зорчигч авто машинд мөргүүлээд газар унаж байгаа нь бичигдсэн байлаа...” гэх тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Э.Ичинноровын биед умдаг ясны баруун дээд салааны бяцарсан далд хугарал, тархи доргилт, дух, зүүн хөмсөг, бугуй сарвуунд зулгаралт, зүүн өвдөг, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тахимд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3, Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх 2873 дугаар дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн тухай тодорхойлолт /хх-ийн 5 дугаар хуудас/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн хуваарь /хх-ийн 6 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 дугаар хуудас/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-54 дүгээр хуудас/, Э.Ичинноровын эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 79-105 дугаар хуудас/, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 111-122, 126-129 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны 20 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 6 буудлын "Оргил" худалдааны төвийн баруун замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан "Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө;" гэсэн заалтыг зөрчин эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй Honda CR-V маркийн 98-93 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Э.Ичинноровыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 75 дугаар хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 76 дугаар хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 74 дүгээр хуудас/, жолоочийн лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Ц.Б-ын үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Б нь мөрдөн байцаалтын шатанд 2.458.610 төгрөгийг Э.Ичинноров эмчилгээ оношлогоонд үзүүлэхэд нь тухай бүрт төлж байсан байна, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилж буй эмчилгээний зардлын баримт нь 2.458.610 төгрөгийн хохирлын тооцоонд ороогүй байх тул шүүгдэгч Ц.Боос 1.950.720 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Ичинноровт олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Ичинноров ажилгүй байсан хугацааны цалин 2.400.000 төгрөг, банкинд зээл төлсөн 253.000 төгрөг тус тус нэхэмжилсэн боловч ажилд орсон тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авсан эсэхтэй холбоотой нотлох баримт ирүүлээгүй, Хас банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг шаардлагатай нотлох баримт хангалтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, мөн өмгөөлөгчийн хөлс эрүүгийн хэрэг хянан шийдэврлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ц.Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан ялтан Ц.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-оос 1.950.729 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Ичинноров /РД:ОЮ90111605/-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин болох 2.400.000 төгрөг, зээлийн эргэн төлөлт 253.000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Хохирогч Э.Ичинноров нь цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ