| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 185/2019/0520/Э |
| Дугаар | 513 |
| Огноо | 2019-05-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 513
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Х.Еркебулан,
Шүүгдэгч Ц.Т /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Т-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, "Эрдсиликат" ХХК-нийн захирал ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт урьд Булган аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн Ц.Т,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ц.Т нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Батсүрэнгээс “7 хоногийн хугацаатай мөнгө зээлээч” хэмээн хуурч, урьдын найз нөхдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 1.100.000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Т нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хээрг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Ц.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Батсүрэнгээс "7 хоногийн хугацаатай мөнгө зээлээч" хэмээн хуурч, урьдын найз нөхдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 1,100,000 төгрөг залилан авч хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Т нь гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч Т.Батсүрэнд хохирол учирсан байх тул Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлсэн нь зөв байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Т-ын гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үнэлж, гэм бурууг шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн хэргээс:
Хохирогч Т.Батсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сард Ц.Т над руу залгаад “боломжтой бол 1.000.000 төгрөг 7 хоногийн хугацаатай зээлээч, хөдөө орон нутаг явж ажиллах гэсэн юм” гэж гуйж байсан юм. Тэгээд би ...“та маргааш ирээд авчих” гэж хэлсэн. Маргааш нь хүрч ирээд яаралтай явж байна гэхээр нь өөрийн эзэмшлийн Улаанбаатар банк, ХААН банкны картаа өгч явуулсан боловч миний Улаанбаатар банкны картыг залгиулсан гэж хэлэхээр нь Төрийн банкны картыг өгсөн. Миний картнаас 1.000.000 төгрөгийг авах ёстой байсан бөгөөд уг өдрөө 1.000.000 төгрөг авсан. Хэд хоног өнгөрсний дараа дахиад 100.000 төгрөг авсан байсан бөгөөд мөнгөө авах талаар асуухад “мөнгө удахгүй өгнө” гэж хэлсээр 2 cap хүрсэн. 2018 оны 02 дугаар сараас эхлээд миний утсыг авахгүй, чат бичихээр хариу бичихээ ч больсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10, 11 дүгээр хуудас/,
Яллагдагч Ц.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 сард мөнгөний хэрэг гарахаар нь урьд таньдаг байсан Т.Батсүрэнгээс 1.100.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлчих гэж гуйсан. Гуйхдаа "барилгын тендер авах мөнгө хэрэгтэй байна" гэж хуурч мэхлэн мөнгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр АТМ-ээс авсан. Тухайн үед Эрдэнэт хотод барилгын тендер хөөцөлдөж байсан нь худлаа бөгөөд уг мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Иймд шүүгдэгч Ц.Т-ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 28 дугаар хуудас/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 18 34 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Т-ын үйлдэлд үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Ц.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч Т.Батсүрэн “Ц.Т-тай сайн дураар эвлэрсэн, гомдол саналгүй” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Т-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Т-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.Т торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ