| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 102/2016/05463/И |
| Дугаар | 934 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 934
| 2016 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 184/ШШ2016/00934 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Силвер бизнес мэдээллийн төвийн 2 давхарт 202 тоотод байрлах “Баян-Агула ББСБ” ХХК/РД-5336511/-ийн,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 14 дүгээр гудамж 6 тоотод оршин суух Бэсүд овогт Гармаагийн Алтанцэцэг/РД-ЧТ69040604/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 8.681.729 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, мөн оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Саранцэцэг нар оролцов. Хариуцагч Г.Алтанцэцэгт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас шүүхэд 2 хуудас баримт гаргаж өгч байна. Үүнд хариуцагчийн газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, мөн хариуцагч Г.Алтанцэцэгийн мнай байгууллагад хандан анх гаргаж байсан зээл хүссэн зээлийн өргөдлийг эх хувиар нь 1 хуудас баримтыг гаргаж өгч байна гэв. Монгол улсын Иргэний хуулийн 44 бүлгийн 2 дугаар дэд бүлэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, ББСБ-ын үйл ажиллагааны тухай хуульд тус тус үндэслэн "Баян-Агула ББСБ" ХХК-тай иргэн Г.Алтанцэцэг нь 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар 2014Б/09 тоот зээлийн гэрээг байгуулж 2,5 %-ийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай 5.000.000 төгрөг /таван сая төгрөг/-ийг зээлсэн болно. Г.Алтанцэцэг нь зээл авснаас хойш зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт тодорхой хугацаанд төлж байсан боловч гэнэт зээлээ төлөхөө больсон бөгөөд манай байгууллагаас удаа дараа шаардлага тавьж байсан боловч төлөлгүй өдийг хүрлээ. Г.Алтанцэцэгийн манай байгууллагад учруулаад буй хохирол нь үндсэн зээлийн үлдэгдэл 4.986.700 төгрөг, хүүгийн үлдэгдэл 3.114.700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 582.500 төгрөг, нийт 8.683.900 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь зээлийг төлөхгүй, удаа дараа алга болсон. Манай байгууллагаас уулзаж хугацааг сунгах асуудлаар ярилцсан. Гэтэл мөн л таг болсон. Одоог хүртэл мөнгөө төлөхгүй утсаа авахгүй байгаа учраас бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Шүүх хуралдаан дээр тооцоолол хийж үзээд нэхэмжлэлийн шаардлагаас хүүгийн үлдэгдлээ бууруулж 3.112.539 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаас 2171 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 8.681.729 төгрөг болгож багасгаж байна. Зээлийн хүүнд 24.300 төгрөг болон 350.000 төгрөг л төлөгдсөн байгаа гэв.
Хариуцагч Г.Алтанцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баян-Агула ББСБ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь өөрийн найз болох Эрдэнэцэцэгт авч өгөөд уг найз маань Солонгос яваад ор сураг огт байхгүй болсон гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х НЬ:
Нэхэмжлэгч “Баян-Агула ББСБ” ХХК нь хариуцагч Г.Алтанцэцэгт холбогдуулан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний үүрэгт 8.683.900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагчаас 8.681.729 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн болно.
Нэхэмжлэгч “Баян-Агула ББСБ” ХХК болон хариуцагч Г.Алтанцэцэг нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2014Б/09 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан байна. Уг гэрээгээр “Баян-Агула ББСБ” ХХК иргэн Г.Алтанцэцэгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний 000133578 дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2201007484 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 14 дүгээр гудамжны 6 тоот 18636310716648 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газар, түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний 000282255 дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201019543 дугаарт бүртгэгдсэн 206,5 м.кв хувийн сууцыг барьцаалж, 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай 2,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн байна.
Уг зээлийн гэрээ болон барьцааны гэрээний үүрэгт “Баян-Агула ББСБ” ХХК нь үндсэн зээлд 4.986.700 төгрөг, хүүгийн үлдэгдэлд 3.112.529 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 582.500 төгрөг, нийт 8.681.729 төгрөг гаргуулж, уг зээлийг барьцааны зүйлээс хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг.
Зохигчдын хооронд Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан байх ба уг зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Г.Алтанцэцэг нь зээлдэж авсан мөнгөн хөрөнгийг, хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй байна.
Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хүлээгээгүй, үндсэн зээлийн болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон хоног, аргачлалаа нотлож чадаагүй болно.
Иймд шүүх Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүрэгт хариуцагч Г.Алтанцэцэгээс үндсэн зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг, 1 сарын хүү 125.000//5.000.000*2,5/:100=125.000/төгрөгийг 12 сарын хугацааны хүүгээр үржүүлэн 1.500.000/125.000*12=1.500.000/ төгрөгийн хүүгийн хамт, нийт 6.500.000 төгрөгийг тооцон гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлээ хугацаанд төлөөгүй бол гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг зээлдэгч Г.Алтанцэцэг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр хүлээсэн хэдий ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Баян-Агула ББСБ” ХХК-ийн зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг тогтоосон тусгай зөвшөөрлийг шүүхэд ирүүлээгүй байх тул нэмэгдүүсэн хүү шаардах эрхтэй болох нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан бол үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан тул нэхэмжлэгч нь 300.000//1.500.000*20/:100=300.000/ төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна гэж үзлээ. Гэвч “Баян-Агула ББСБ” ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасанаар Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан эсэх нь тогтоогдохгүй байх тул нэмэгдүүлсэн хүүг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний үүрэгт төлөгдөх үүргийг барьцааны зүйлээс хангуулах шаардлага гаргасныг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр 10-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдсан хэдий ч Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар зээлийн барьцаанд бариулах үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байх шаардлагыг зөрчсөн байх тул барьцаа хөрөнгөөс тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хариуцагч Г.Алтанцэцэг нь зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрдөггүй хэдий ч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, татгалзлаа нотолсон баримтуудыг шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байдаг.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний үүрэгт 374.300 төгрөг төлөгдсөн гэж хүлээн зөвшөөрч тайлбарладаг.
Иймээс зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Г.Алтанцэцэгээс 6.125.700/6.500.000-374.300=6.125.700/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Баян-Агула ББСБ” ХХК-д олгох нь зүйд нийцнэ.
Иймд нэхэмжлэгч “Баян-Агула ББСБ” ХХК-ийн хариуцагч Г.Алтанцэцэгт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 8.681.129 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 6.125.700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.556.029 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153.893 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Алтанцэцэгээс 112.961 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Баян-Агула ББСБ” ХХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Алтанцэцэгээс зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ зээлийн гэрээний үүрэгт 8.681.729 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 6.125.700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч “Баян-Агула ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.556.029 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153.893 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Алтанцэцэгээс 112.961 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Баян-Агула ББСБ” ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б. БАЯРМАА