Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 514

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

          Улсын яллагч П.Ганбаатар,

          Шүүгдэгч С.Э /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Э-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, “Босоо Цамхаг” ХХК-д гагнуурчин ажилтай ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт,  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10-дугаар сарын 31-ний өдрийн 799 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19/14 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан, С.Э, 

                    Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

       Яллагдагч С.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Төв номын сангийн автобусны  буудал “Босоо Цамхаг Констракшн” ХХК-ны барьж буй барилгын 26 дугаар давхарт иргэн Ш.Нурьсатыг хувийн таарамжгүй харьцаа буюу ажил хурдан хийсэнгүй гэх шалтгааны улмаас ажлын багаж болох дэгээ төмрийг зүүн чих рүү нь шидэж эрүүл мэндэд нь зүүн чихны дэлбээнд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Э нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хээрг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч С.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч С.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Төв номын сангийн автобусны  буудал “Босоо Цамхаг Констракшн” ХХК-ны барьж буй барилгын 26 дугаар давхарт иргэн Ш.Нурьсатыг хувийн таарамжгүй харьцаа буюу ажил хурдан хийсэнгүй гэх шалтгааны улмаас ажлын багаж болох дэгээ төмрийг зүүн чих рүү нь шидэж эрүүл мэндэд нь зүүн чихны дэлбээнд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Э нь гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч Ш.Нурьсатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлсэн нь зөв байна гэж шүүх дүгнэлээ.   

         Шүүгдэгч С.Э-ын гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үнэлж, гэм бурууг шийдвэрлэх үндэслэлтэй.

 

          Эрүүгийн   хэргээс:                   

          Хохирогч Ш.Нурьсатийн “... би 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 09 цагийн үед ажилдаа ирээд 26 дугаар давхарт ажлаа хийж байхад манай ажлын бригадын дарга Энхбаатар гэх залуу ажлаа хурдан хийгээч гээд над руу үзүүртэй шар өнгийн дэгээ шидэж миний зүүн чихийг гэмтээсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Бид хоёрын хажууд манай ажлын Ербол, давхар хариуцсан инженер нэрийг нь мэдэхгүй байна, Энхбаатарын эхнэр болон Үмбет нар байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 5 дугаар хуудас

          Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “...Ш.Нурьсатын биед зүүн чихний дэлбээнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхүй...” гэх 5101 дугаартай дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/,

                   Яллагдагч С.Э-ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ажлын газрын Нуркаг ажлаа хурдан хийгээч гэхэд миний өөдөөс хурдан хийж байна гэхээр нь ажлын багаж болох шар өнгийн дэгээг шидэхэд  Нуркаг оносон. Тэгээд Нурка юм дугарахгүй байхаар нь би ажлаа үргэлжлүүлэн хийсэн. Ингээд Нурка цагдаагийн хамт ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг мэдүүлгийн болон бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.   

          Иймд шүүгдэгч С.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

        

Эрүүгийн хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:         

 Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 24 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 25 дугаар хуудас/, нийгмийн даатгалын сангийн тодорхойлолт  / хх-ийн 26 дугаар хуудас/,  оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 27 дугаар хуудас/, цалингийн тодорхойлолт / хх-ийн 28 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Э-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч С.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

  Шүүгдэгч С.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

          Хохирогч Ш.Нурьсат “ С.Э нь эмчилгээний зардал болох 1.195.000 төгрөг бүрэн төлж барагдуулсан тул санал гомдолгүй” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар 12.5 см урттай шар өнгийн бариултай, ажлын  хэсэг нь 13 см үзүүр тахир дэгээ төмөр 1 ширхэг  хураагдан ирсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон      

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Э-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.Э торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12.5 см урттай шар өнгийн бариултай, ажлын  хэсэг нь 13 см үзүүр тахир дэгээ төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-ын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.ТӨМӨРХҮҮ