| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2024/00658/И |
| Дугаар | 210/МА2025/00604 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/00604
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/00581 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *****ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** ХХК-д холбогдох,
даатгалын гэрээний үүрэгт 57,915,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Мерседес Бенз загварын G500 маркийн, ***** улсын дугаартай тээврийн хэрэгслээ барьцаалж зээл авсан учир 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ***** ХХК-тай тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг тус тус байгуулж, даатгалын хураамжийг төлсөн.
Миний бие 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дээрх тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионы шонг мөргөж зам тээврийн осол гаргасан.
Зам тээврийн осол гарах үед би ганцаараа тээврийн хэрэгслээ жолоодож явсан. Тухайн үед эрүүл мэндийн тусламж авах зайлшгүй шаардлагатай байсан учраас ослын газрыг орхин явсан тул осол гарсан талаар даатгалын компанид мэдэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.
*****-ийн үнэлгээний тайлангаар тээврийн хэрэгсэлд 99,530,000 төгрөг, гэрлэн дохионы шонд учруулсан хохиролд 4,520,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Миний бие 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрлэн дохионд учруулсан хохиролд 8,150,000 төгрөгийг Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвд төлсөн.
Иймд, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээний 50 хувиар тооцож 49,765,000 төгрөг, мөн хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионд учруулсан гэмтлийн актаар гарсан 8,150,000 төгрөг, нийт 57,915,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр осол гаргасан. Зам тээврийн осол гаргасан талаар мэдэгдэх, хурд хасах гэсэн гэрээний тохиролцоог зөрчсөн, ослын газрыг орхин зугтсан болох нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээс харагддаг.
Осол үүрийн 03 цагт гарсан бөгөөд гэмтлийн эмнэлэгт 11 цагийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 57 минутад үзүүлсэн байдаг. Гэрээний 13.5-д заасан үүргээ биелүүлээгүй байх тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар хариуцагч ***** ХХК-иас даатгалын гэрээний үүрэгт нийт 54,765,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 3,150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 431,775 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
***** ХХК-ийн зүгээс тус даатгалын гэрээний 4.19, 4.21-т заасан үндэслэлүүдээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан.
Хэдийгээр даатгуулагч нь ослын дараа Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн боловч тэрээр осол болсноос хойш 11 цагийн дараа үзүүлсэн болох нь ГССҮТ-ийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсаар нотлогдсон.
Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4.21-т "Цагдаагийн байгууллагад зам тээврийн осол, хулгайн талаар газар дээр нь мэдэгдэж, үзлэг шалгалт хийлгэн акт дүгнэлт гаргуулаагүй" нөхцөл илэрвэл даатгалд хамрагдахгүй хэмээн заасан.
Ослын газрыг орхиж явснаас үүдэн осол болсон шалтгаан, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх, тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа эсэхийг тогтоох боломжгүй байдлууд үүсдэг.
Гэвч шүүх осол болсноос хойш 11 цагийн дараа гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн хуудсыг осол болсны дараа гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээ хийлгэж, зөвлөмж авсан болох нь тогтоогдож байна хэмээн дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Шийдвэр үндэслэлтэй гарсан. Даатгалын тохиолдол бий болсон, даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл үүсээгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ***** ХХК нь даатгалын тохиолдол үүссэн гэж тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний үүрэгт 49,765,000 төгрөг, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний үүрэгт 8,150,000 төгрөг, нийт 57,915,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь даатгалын тохиолдол үүссэн талаар гэрээнд заасан хугацаанд мэдэгдээгүй, осол болсон газрыг орхин зугтаасан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ***** нь ***** ХХК-тай "Тэгш 4" тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг тус тус 1 жилийн хугацаатай байгуулж, даатгалын хураамжийг төлсөн.
Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Мерседес Бенз загварын G500 маркийн, ***** улсын дугаартай тээврийн хэрэгслээ 100,000,000 төгрөгөөр үнэлсэн.
3.1. Гэрээ хэрэгжиж байх хугацаанд буюу 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч даатгалын зүйл болох тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 120 мянгатын уулзварт хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионы шонг мөргөж, зам тээврийн осол гаргасан.
3.2. Ослын улмаас үүссэн тээврийн хэрэгслийн эвдрэлийг *****-ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээний тайлангаар 99,530,000 төгрөг гэж тогтоосон.
Нэхэмжлэгч нь хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионы үнэд 8,150,000 төгрөгийг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨААТҮГ-т төлж барагдуулсан.
3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэлтэй дүгнэсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ даатгуулагч биелүүлсэн эсэхэд алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн байгааг залруулах боломжтой байна.
4.1. Талуудын байгуулсан "Тэгш 4" тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 5.10-д зааснаар даатгалын тохиолдол гарсан даруйд Замын цагдаагийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэн акт, дүгнэлт гаргуулах, 5.11-д зааснаар замын хөдөлгөөнд оролцож байх үед гарсан даатгалын тохиолдлыг газар дээрээс нь мэдэгдэх бусад тохиолдлын талаар даатгагчид хот дотор 24 цаг, хөдөө орон нутагт 72 цагийн дотор утсуудаар мэдэгдэх үүргийг тус тус даатгуулагчид хүлээлгэжээ.
Мөн гэрээний 4.21-д Цагдаагийн байгууллагад зам тээврийн осол, хулгайн талаар газар дээр нь мэдэгдэж үзлэг шалгалт хийлгэн акт дүгнэлт гаргуулаагүй, гэрээнд заасан хугацаанд даатгагчид мэдэгдэж, хохиролтой холбоотой материалыг даатгагчид ирүүлээгүй тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохгүй байхаар заажээ /хх 4-10/.
4.2. Хэргийн баримтаар зам тээврийн осол 2023 оны 10 дугаар сарын 14-ний 0325 цагт гарсан байх ба нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1457 цагт Гэмтэл согог судлалын Үндэсний төвд үзлэгт орсон байна /хх 43, 179/.
Ийнхүү осол гарснаас эмнэлэгт үзүүлэх хүртэлх 11 цагийн хугацаанд нэхэмжлэгч нь Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс өөр эмнэлгийн яаралтай тусламж авсан, мөн ослын газрыг орхиж эмнэлгийн байгууллага руу цаг алдалгүй явах хэмжээний гэмтэл учирсан байсан гэх үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тогтоогдоогүй.
Энэ талаарх тайлбараа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.
4.3. Зам тээврийн осол болсноос хойш 2 өдрийн дараа даатгалын байгууллагад даатгалын тохиолдлын талаар мэдэгдсэн нэхэмжлэгчийн үйлдэлд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй.
Хэдийгээр тээврийн хэрэгслээ Цагдаагийн байгууллагаас авсны дараа даатгалын гэрээгээ харж энэ талаар мэдэгдсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч өөр бусад эх сурвалжаас даатгагчийн мэдээллийг авч холбоо барих боломжгүй байсан гэж дүгнэх хүндэтгэн үзэх шалтгаан алга байна.
Мөн осол гарсан даруйд даатгагчид энэ талаар мэдэгдэх боломжгүй эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаантай байсан болохоо нэхэмжлэгч нотлоогүй.
4.4. Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн газраас явуулсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 10 дугаар сарын 20-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд ***** нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.г, 12.3 дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоож, улмаар шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан.
Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.г-д зам тээврийн осолд холбогдсон жолооч нь тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах үүрэгтэй гэж заажээ.
4.5. Дээрх үйл баримт, цаг хугацааны дараалал, гэрээний зохицуулалтыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч нь осол болсон даруйд Замын цагдаагийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэн акт, дүгнэлт гаргуулах, даатгалын тохиолдлыг газар дээрээс нь мэдэгдэх, бусад тохиолдлын талаар даатгагчид хот дотор 24 цагийн дотор утсаар мэдэгдэх үүргээ зөрчсөн.
Үүнээс шалтгаалж Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2, даатгалын гэрээний 4.21-д зааснаар даатгагчийн зүгээс даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл үүсчээ.
Учир нь нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зам тээврийн осол болсон газрыг орхиж явсны улмаас Цагдаагийн байгууллагаас явуулсан үзлэг шалгалт хийх ажиллагаанд газар дээр нь оролцолгүй хожим оролцсон, мөн даатгалын тохиолдлын талаар гэрээнд заасан хугацаанд даатгагчид мэдэгдээгүй.
Үүнээс шалтгаалж даатгагч даатгалын тохиолдол бий болсон газар очих, тухайн асуудалд үнэлэлт, дүгнэлт хийх боломжгүй, мөн Цагдаагийн байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн зам тээврийн осол гаргах үеийн хувийн байдал, осол гарсан шалтгаан нөхцөлийг тодорхойлох боломжгүй болсон. Иймээс нэхэмжлэгчийг гэрээний 5.10, 5.11-д заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэнэ.
Эмнэлгийн үзлэг хийсэн баримтад нэхэмжлэгчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж заасан боловч тухайн байгууллага нь уг нөхцөл байдлыг шалгаж тогтоодог эрх бүхий этгээд биш юм.
4.6. Иймд талуудын харилцан тохиролцсон даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл бүрдсэн байх тул тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт 49,765,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцэж байна.
5. Харин анхан шатны шүүх жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 9 дүгээр зүйлийн 9.1, талуудын байгуулсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 3.1.3-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Энэ нэхэмжлэлээс 3,150,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.
6. Дээрх дүгнэлтийн хүрээнд анхан шатны шүүхийн даатгуулагчийн гэрээгээр хүлээсэн үүргийн талаар өгсөн алдаатай эрх зүйн дүгнэлтийг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/00581 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 54,765,000 ... гэснийг 5,000,000 гэж, ... 3,150,000 ... гэснийг 52,915,000 гэж, 2 дахь заалтад ... 431,775 ... гэснийг 94,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 431,775 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Т.БАДРАХ