Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2025/00533

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01187 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болон хохиролд нийт 59,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь *******д 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 40,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлж, 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр *******гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь******* тоот дансанд 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

1.2. Барьцаа хөрөнгийг баталгаажуулах үүднээс 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, *******гийн төрсөн эх болох *******гийн өмчлөлийн Чингэлтэй ******* тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 40,000,000 төгрөгөөр худалдан авсан. Дээрх гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай гэрчилгээг *******ийн нэр дээр гаргуулж хууль ёсны өмчлөгч болсон. Талууд анх зээлээ төлж чадахгүй бол уг орон сууцыг өгнө гэж тохиролцсон. Гэтэл одоог хүртэл зээлээ ч төлөхгүй, орон сууцыг суллаж өгөхгүй хохироож байна. Иймээс *******нь *******д холбогдуулан дээрх орон сууцны эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/02394 дугаар шийдвэрээр *******, *******нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, Чингэлтэй ******* тоотод байрлах 1 өрөө 18 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг *******д шилжүүлэхийг нэхэмжлэгч *******-д даалгаж шийдвэрлэсэн.

1.3. Дээрх шийдвэрээр орон сууцыг авах боломжгүй үр дагаварт хүрсэн боловч дээрх гэрээний үүргээ биелүүлэх ёстой. Иймд *******гээс зээлийн гэрээний үүрэг 40,000,000 төгрөг, учирсан хохирол болох 2020 оны 07 дугаар сараас 2024 оны 08 дугаар сар хүртэлх нийт 4 жилийн банкны хадгаламжийн дундаж хүү 12 хувийн тооцооллоор 19,200,000 төгрөг, нийт 59,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******-ээс зээлсэн 100,000,000 төгрөгөөс буцаан төлсөн 63,000,000 төгрөгийн баримтыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган өгсөн. 63,000,000 төгрөгийн 37,980,000 төгрөг нь 60,000,000 төгрөгийн зээлд төлсөн мөнгө болохыг шүүх өмнө нь дүгнэсэн. Энэ талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01406 дугаар магадлалд ...Чингэлтэй дүүрэгт байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг барьцааны гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт зааснаар талууд анхнаасаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах жинхэнэ хүсэл зориг байгаагүй тул халхавчилсан хэлцэл нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.

2.2. Хариуцагч ******* нь *******-аас 100,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгахгүй. Зохигчид хариуцагчийг өнгөрсөн хугацаанд нийт 63,000,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй ба үүнээс нэхэмжлэгч нь 60,000,000 төгрөгт ногдох хэсгийг 37,980,000 төгрөг бөгөөд хүүд тооцсон гэж тайлбарлажээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүүгийн талаар бичгээр тохиролцоогүй бол зээлдүүлэгч нь зээлдэгчээс хүү шаардах эрхгүй юм. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 37,980,000 төгрөгөөс 21,600,000 төгрөгийг зээлийн хүүд тооцохыг зөвшөөрсөн байх тул үлдэх 16,380,000 төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 60,000,000 төгрөгөөс хасахад 43,620,000 төгрөгийн үүрэг биелэгдээгүй байна гэж дүгнэсэн.

2.3. Иймд *******гийн *******-д буцаан төлсөн 63,000,000 төгрөгийн 40 хувь буюу 25,020,000 төгрөгийн буцаан төлөлт нь энэхүү нэхэмжлэлээр шаардаж буй 40,000,000 төгрөгийн зээлээс хасагдаж тооцогдох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч *******ийн нэхэмжилсэн зээлийн үүрэг 40,000,000 төгрөгөөс 25,020,000 төгрөгийг хасаж, үлдэх 14,980,000 төгрөгийг хариуцан төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гээс 16,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, 43,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч *******ийн 453,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 237,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. *******нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр *******д 100,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлдүүлсэн. Уг мөнгөн хөрөнгийг *******гийн Худалдаа хөгжлийн банкин дахь******* тоот дансаар шилжүүлэн өгсөн. ******* нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. 100,000,000 төгрөгийн 60,000,000 төгрөгт холбогдох маргааныг шүүхээр хянан хэлэлцүүлсэн бөгөөд *******гээс 43,620,000 төгрөгийг гаргуулж *******-д олгож шийдвэрлэсэн. Үлдсэн 40,000,000 төгрөгтэй холбоотой энэхүү маргаанд зохигчид зээлийн хэлцэл гэдгийг хүлээн зөвшөөрч, маргаагүй.

4.2. Тухайн үед *******нь *******д зээлүүлсэн 100,000,000 төгрөгөөр орон сууц худалдан авах гэж байсан бөгөөд үүнийг мэдэж байсан ******* өөрийн төрсөн эхийн орон сууцнуудыг барьцаа хөрөнгө болгож *******-д өмчлүүлэхээр шилжүүлэн өгсөн. Шилжүүлэн өгсөн зорилго нь 2 жилийн хугацаанд зээлийн хүү болон үндсэн төлбөрийг төлөөгүй тохиолдолд тухайн 2 орон сууцыг *******өмчлөхөөр тохиролцсон. Одоо орон сууцны үнэ тухайн үеийнхээс 2 дахин үнэтэй болсон. Нэхэмжлэгч *******нь одоогийн орон сууц худалдан авах үнэ биш банкны хүүгийн хохирол нэхэмжилсэн. Анхан шатны шүүхээс хэлцэлийг хоёр тал хүлээн зөвшөөрч буйг үл хайхран, 2018-2020 онуудын хооронд хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн хүүг үндсэн зээлийн дүнгээс хасаж 16,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3. Хэрэгт ******* нь 2 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүг хүлээн зөвшөөрч үндсэн төлбөр 40,000,000 төгрөгийг төлөхөөр гэрчийн мэдүүлэг өгсөн байхад шүүгч хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийг хохироосон шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч *******гээс 59,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Зээлийн үндсэн төлбөр болон хүү, хохирол төлбөр шаардсантай холбоотой хохирол төлбөрийн талаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. ******* нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч хүү гэдэг хэлбэрээр төлөлт хийсэн. Нийт 63,000,000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд агуулгаас нь харахад хүү гэдэг агуулгаар хийгээгүй зээл төлөлт гэх байдлаар сар бүр тогтмол төлөлт хийсэн. Хуулиар хүү тогтоосон хэлцлийг бичгээр байгуулсан байхыг шаардсан. Анхнаасаа хэлбэрийн шаардлага зөрчөөд хүү гэх байдлаар төлөлт хийсэн нь хууль бус гэж маргасан. Уг төлөлтүүд зээлийн үндсэн төлбөрт тооцогдох учраас энэ төлбөрөөс хасаж өгөхийг хүсэж мэтгэлцсэн. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нийт 24,000,000 төгрөгийг зээлийн хүүд тооцож авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, тайлбарласан. Хуульд зааснаар үнэн зөв тайлбар, мэдүүлэг өгөх тайлбарын хүрээнд зөв тайлбар өгсөн гэж үзэж байна. Иймд зөрүү 16,000,000 төгрөгийг төлнө гэж тайлбарласан. Өмнөх 60,000,000 төгрөгийн зээлтэй холбоотой маргаанд 21,600,000 төгрөгийг хүүд төлөхийг зөвшөөрөөд үлдэгдэл 63,000,000 төгрөгийн зөрүү төлбөрийг шүүх нээлттэй үлдээсэн. Уг төлбөрийг үндсэн төлбөрт эсхүл хүүд тооцох эсэхийг шүүх дүгнээгүй. Иймд 40,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөхгүй гэж маргаагүй тул үүнээс 24,000,000 төгрөгийг үндсэн төлөлтөд тооцуулахаар мэтгэлцсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээв.2. Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 40,000,000 төгрөг, учирсан хохирол 19,200,000 төгрөг, нийт 59,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч 16,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. *******, ******* нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан хэлцлээр зээлдүүлэгч нь 100,000,000 төгрөгийг зээлдүүлж, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байх ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 орон сууцыг 60,000,000 төгрөг, 40,000,000 төгрөгт тус тус тооцон барьцаалсан./хх25-26/Дээрх зээлийн үүргээс 60,000,000 төгрөгт холбогдох маргааныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2024/01076 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01406 дугаар магадлалаар шийдвэрлэсэн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм. /хх82-87, 88-91/

 

4. *******нь *******д зээлдүүлсэн 100,000,000 төгрөгийн үлдэх зээлийн гэрээний үүрэг 40,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байх ба анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

 

5. Уг гэрээгээр *******нь *******гийн Худалдаа хөгжлийн банк дахь******* тоот дансанд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 50,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 100,000,000 төгрөг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх ба хариуцагч ******* нь 40,000,000 төгрөг хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

6. Нэхэмжлэгч *******нь хариуцагч ******* г 24,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, хариуцагч нь үлдэх 16,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч тайлбарлажээ./хх-123, 124/

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч *******нь хариуцагчийг гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө хариуцагч *******гээс буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх *******гийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс түүний төлсөн 24,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 16,000,000 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өөрт учирсан хохирол гэж шаардсан 19,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

Нэхэмжлэгч нь учирсан хохирол буюу олох ёстой байсан хүүгийн орлого 19,200,000 төгрөгийг энгийн хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгээр тооцож шаардаж байгаа тохиолдолд нотлох үүргийг өөрөө хүлээнэ.

Гэвч нэхэмжлэгч тал 40,000,000 төгрөгийн хүүгийн орлогыг 2020 оны 07 дугаар сараас 2024 оны 08 дугаар сар хүртэл хугацааны 4 жилийн банкны хадгаламжийн дундаж хүү 12 хувь гэж тооцож, 19,200,000 төгрөг олох байсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь банктай байгуулсан энгийн хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн гэрээг гаргаж өгөөгүй, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл буюу хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүү 12 хувь байсан гэдгийг баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх хохиролд холбогдох хэсгийг хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралгүй буюу гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол шаардах Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

Нэхэмжлэгч нь гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор хохирол гаргуулахаар шаардсан байх тул түүнд хамаарах Иргэний хуулийн 219 дүгээр рзүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01187 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 227 дугаар зүйлийн 227.1 гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 453,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ЦОГТСАЙХАН