Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 620

 

 

 

 

 

 

 

    2019          6            24                                      2019/ШЦТ/620

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          улсын яллагч Х.Еркебулан,

          шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Э-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909013840607 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Би Си Эйч констракшн” ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эх, эхнэр дүүгийн хамт

          2015 оны 5 дугаар сарын 05-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

          2019 оны 02 дугаар сарын 27-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Ж.Э,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Ж.Э нь 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шангрилла төвийн 2 давхарт байрлах “Центр оптик” дэлгүүр дотор хохирогч С.Саруулыг “нүдний шилний төлбөрийг мобайл банкаар шилжүүлье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар эд хөрөнгө өмчлөх эрхийг нь шилжүүлэн авч 1.186.000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Эыг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шангрилла төвийн 2 давхарт байрлах “Центр оптик” дэлгүүр дотор хохирогч С.Саруулыг “нүдний шилний төлбөрийг мобайл банкаар шилжүүлье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар эд хөрөнгө өмчлөх эрхийг нь шилжүүлэн авч 1.186.000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Ж.Эод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Ж.Э нь 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шангрилла төвийн 2 давхарт байрлах “Центр оптик” дэлгүүр дотор хохирогч С.Саруулыг “нүдний шилний төлбөрийг мобайл банкаар шилжүүлье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар эд хөрөнгө өмчлөх эрхийг нь шилжүүлэн авч 1.186.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

          хохирогч С.Саруулын “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангрилла центрийн 2 давхарт байрлах “Центр оптик” нүдний шилний дэлгүүрт 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн үед Ж.Э орж ирээд: “өмнө нь манай дэлгүүр дээр нарны шил тавиулсан юм. Тэр шил байна уу” гэхээр нь би Алейн делон брендийн шилийг тэр хүнд гаргаж өгсөн. Тэр мөн лангуун дээр байгаа адилхан брендийн өөр загвартай шилийг бас зүүж үзээд таалагдаад энэ хоёр шилний кейс байхгүй байсан учраас өөр шилний хайрцагт хийж тэр хүнд өгсөн. Тэгээд тэр залуу дансаа мессэжээр явуулчих гэсэн. Тэгэхээр нь би 99118640 гэсэн дугаар руу Онон гэдэг хүний дансны дугаарыг явуулсан. Тэр үед тэр хүний утсан дээр миний явуулсан мессэж очиж байгаа нь харагдсан. Тэгээд “15 цагаас өмнө мөнгө шилжүүлье” гээд гараад явсан. Тэрнээс хойш утас руу нь залгах болгонд “удахгүй шилжүүллээ” гэсэн хариу мессэж илгээдэг байсан. Сүүлд 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 99982881 дугаараас залгаад холбогдсоноос хойш утсаа аваагүй. Тухайн хоёр шилний үнэ тус бүр 1.189.000 төгрөг байсан /тухайн үед тус бүрээс нь тавин хувь хямдруулаад хоёуланг нь 1.189.000 төгрөгөөр худалдсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-8-9, 10/,            

            Шүүгдэгч Ж.Эын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Одоо уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна…” гэсэн мэдүүлэг /хх-22/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Ж.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ж.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ж.Эод танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Ж.Эод 600 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ж.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР