| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 185/2019/0539/Э |
| Дугаар | 533 |
| Огноо | 2019-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 533
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Х.Еркебулан,
Шүүгдэгч Б.Х /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Х-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Эм Би Тур" ХХК-нд зохион байгуулагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт, урьд ял шийтгэлгүй, Б.Х,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Х нь 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Холливуд" шөнийн цэнгээний газарт хохирогч Б.Баярмаатай "зүй бус харьцаж, мөрлөсөн" хэмээн маргалдан, улмаар толгой тус газар нь пивоны шилээр нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд дагзны хуйханд шарх, хаван цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Х нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хээрг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Б.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Холливуд" шөнийн цэнгээний газарт хохирогч Б.Баярмаатай "зүй бус харьцаж, мөрлөсөн" хэмээн маргалдан, улмаар толгой тус газар нь пивоны шилээр нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд дагзны хуйханд шарх хаван цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулж бие эрх чөлөөнд нь халдсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Х нь гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч Б.Баярмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлсэн нь зөв байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Х-гийн гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үнэлж, гэм бурууг шийдвэрлэх үндэслэлтэй.
Эрүүгийн хэргээс:
Хохирогч Б.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2019 оны 05 дугаар сарын 06-ны 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливуд” бааранд найз Намуун, Халиун, Чука нарын хамт үйлчлүүлэх гээд ороод бүжгийн талбай дээр найзуудын хамт бүжиглээд байж байхад үл таних эмэгтэй ирж мөрлөөд түлхэхээр нь тэр охиныг манай найз Намуун түлхээд байсан. Тэгээд би найз Намууныг авах гээд зогсож байхад тэр үл таних охин миний араас ирээд пивоны шилээр толгойн ар хэсэгт цохиход миний толгой хагарч цус гарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Гэрч О.Болорчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед найз Халиун, Намуундолгион, Баярмаа нарын хамт “Холливуд” бааранд үйлчлүүлэх гээд ороод бүжгийн талбай дээр бүжиглэж байхад үл таних нэг охин шилтэй пиво бариад бүжиглэж байсан ба манай найз Намуундолгионыг эхлээд 2 удаа түлхсэн. Дараа нь ахиад түлхчихээд явсан ба араас нь Намуундолгион очоод "яагаад түлхээд байгаа юм бэ" гээд асуухад юм хэлээгүй. Тэгээд Халиун бид хоёр очиж Намуунааг аваад буцаж ирээд бүжиглэж байхад тэр танихгүй охин ирээд Намуунааг түлхсэн ба Намуунаа буцаад түлхэхэд нь хүмүүс салгахад тэр охин буцаад явсан. ...эргэж ирээд барьж байсан пивоны шилээр Б.Баярмаагийн толгойн ар хэсэгт цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/.
Гэрч Э.Халиуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад найз Намуундолгион, Б.Баярмаа нарын хамт “Холливуд” бааранд үйлчлүүлэх гээд орсон. Бид нар бүжгийн талбай дээр бүжиглэж байхад үл таних нэг охин манай найз Намуундолгионыг эхлээд хэд хэдэн удаа түлхсэн. Дараа нь Намуундолгион эргэж хараад "түрүүнээс хойш яагаад байгаа юм бэ? зүгээр бүжиглэ" гэж хэхлсэн. Нэг мэдэхэд найз Б.Баярмаа сандал дээр сууж байхад нь очоод найзыгаа гарнаас нь бариад "явъя" гэхэд "би толгойгоо хагалуулчихлаа" гээд сууж байсан. Б.Баярмаа надад хэлэхдээ "түрүүний бүжиглэж байхад түлхээд байсан охин хагалчихлаа" гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/.
Гэрч Б.Намуундолгионы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад найз Халиун, Б.Баярмаа, Болорчулуун нарын хамт Холливуд бааранд үйлчлүүлэх гээд орсон. Бид нар бүжгийн талбай дээр бүжиглэж байхад үл таних нэг охин эхлээд намайг хэд хэдэн удаа түлхсэн. Дараа нь бүжгийн талбай дээр бараг хүн байхгүй байхад намайг ахиад түлхсэн. Би очоод "зүгээр байхад яагаад байгаа юм бэ" гэж хэлсэн. Бид хоёр бие биеэ түлхэлцээд байж байхад манай найзууд ирээд бас танихгүй хүмүүс дундуур орж салгаад зууралдаж байхад тэр охин миний толгой хэсэгт барьсан байсан пивоны шилээр намайг нэг удаа цохисон. би тэр охиныг түлхэж унагаад баахан хүмүүс бужигнаад байж байхад манай найз Б.Баярмаа толгойгоо бариад зогсож байсан. Очоод асуухад "миний толгойг хагалчихлаа" гэхээр нь хамгаалагч нарт хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “...Б.Баярмаагийн биед дагзны хуйханд шарх хаван цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлехгүй болно" гэх 5580 дугаар дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,
CD-нд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав. Иймд шүүгдэгч Б.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/, “ЭМ БИ ТУР” ХХК-ийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Х-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Б.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Хнь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч Б.Баярмаа “Б.Х нь эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан тул гомдол саналгүй” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Х-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Х торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ