Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 631

 

 

 

 

 

 

 

  2019          6            26                                      2019/ШЦ/631

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

                        нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

                        улсын яллагч С.Оюунжаргал,

                        хохирогч А.Дэлгэрсайхан,              

            шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт А.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903000000204 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:     

Монгол Улсын иргэн, 1966 оны 4 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, Баянгол зочид буудалд нярав ажилтай, ам бүл-3, эх, охины хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А.Б

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны гүүрний баруун хойд уулзвар дээр Тоёота Сиента маркийн 9390 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч ...-д зам тавьж өгнө гэснийг зөрчиж, гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч А.Дэлгэрсайханыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Болгоомжгүй үйлдлээсээ болоод хохирогчид гэмтэл учруулсандаа харамсаж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Үлдсэн хохирлыг төлж барагдуулна...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд ажлаасаа тараад. ...Баянгол зочид буудлын урд, гүүрний наана баруун гар тийш эргэдэг зам дээр явган гарцаар гараад баруун тийш хартал машин байхгүй байсан. Нэг сэрсэн чинь би газар хэвтсэн, намайг тойроод 2, 3 хүн зогсчихсон, намайг нэг машин мөргөсөн бололтой зогссон, жолооч нь гарч ирсэн байсан…” гэсэн мэдүүлэг /хх-23-24/,

 

Хохирогч А.Дэлгэрсайхан шүүхийн хэлэлцүүлэгт “…2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 19 цаг 30 минутын орчим ажлаасаа тараад Баянгол зочид буудлын орчим алхаж явсан. Явган хүний гарцан дээр машинд дайруулж осолд орсон. Тухайн үед осолд орсноо мэдээгүй. Нэг сэрэхэд зам дээр хэвтэж байсан. Босоод явах гэтэл босож явж чадахгүй байсан. Жолоочтойгоо хамт гэмтлийн эмнэлэг орж зураг авуулахад хугарал байхгүй зөөлөн эдийн гэмтэл гэж оношилсон. Гэртээ харих замд хөл маш их өвдөөд байсан. Би тухайн үед ямар гэмтэл учирсныг мэдэхгүй байсан. Гэрийнхэн рүүгээ ярихад замын цагдаад мэдэгдэх хэрэгтэй гэсний дагуу гэртээ ирсний дараа цагдаагийн газар руу ярьсан. Замын цагдаагийн газраас яриад орой 21.00 цагийн орчим хэргийн газар дээр очсон. Тэнд хэргийн газрын зураг авч товч мэдүүлэг авсан. Замын цагдаагийн газраас очсон хүмүүс намайг шүүх эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд биеэ сайн ажигла гэж зөвлөсөн. Орой гэрт очсоны дараа хөл, толгой өвдөөд байсан. “Гранд мед” эмнэлэгт маргааш нь очиж үзүүлж имрай шинжилгээ хийхэд хөл зүүн шилбэний дээгүүр хугарсан байсан. Эмчилгээ хийлгэсэн зардлыг шүүгдэгч төлсөн. Осолд орсны улмаас амьдралын хэв маягт өөрчлөлт орж байна. Өчигдөр ажилдаа орсон. Би ганцаараа амьдардаг, ээж дүү нараа ганцаараа ажил хийж тэжээн тэтгэдэг. Ажилгүй байсан хугацааны төлбөр болон сэргээн засах эмчилгээний төлбөр нийт 3.169.000 нэхэмжилж байна. Сэргээн засах эмчилгээ хийгдэж дуусаагүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ...” гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоос өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд ажлаасаа тараад гэр рүүгээ харих гээд Баянгол зочид буудлаас урагшаа алхаад Энхтайваны өргөн чөлөө гүүр рүү өгсөх гээд Баянгол зочид буудлын урд, гүүрний наана баруун гар тийш эргэдэг зам дээр явган гарцаар гараад баруун тийш хартал машин байхгүй байсан. Нэг сэрсэн чинь би газар хэвтсэн намайг нэг машин мөргөсөн бололтой зогсоон жолооч нь гар ирсэн байсан. Би осолд орсон байна гэж бодоод дээш босох гэтэл зүүн хөл өвдөөд босч чадахгүй байсан. Хүмүүс намайг түшээд босгосон. ...Гэмтлийн эмнэлэг рүү жолоочтой хамт явж үзүүлэхэд яс хугараагүй юм шиг байна. Мэдэгдэхгүй байна, маргааш дүүргийнхээ гэмтлийн эмнэлэгт хандаарай гэсэн. Тэгээд тухайн жолоочоор гэр рүүгээ хүрэх замдаа би цагдаад дуудлага өгөөд буцаад осол болсон газар руу явсан. ...Би маш их гомдолтой байна, ажлаа тарж явж байгаад осолд орж гэмтлээ, би урьд нь бэртэл гэмтэлгүй эрүү саруул хүн байсан гэтэл ослоос болж хөл хугарсан, байнга толгой өвдөж байна...” гэсэн мэдүүлэг /хх-17, 23-24/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹5169 тоот актын “…А.Дэлгэрсайханы биед зүүн тахилзуур ясны далд хугарал, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-6-7/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36/, шүүгдэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-37/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-38/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /71-72/  зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны гүүрний баруун хойд уулзвар дээр Тоёота Сиента маркийн 9390 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч ...-д зам тавьж өгнө гэснийг зөрчиж, гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч А.Дэлгэрсайханыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч А.Дэлгэрсайханы мэдүүлэг, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжээчийн 5469 тоот актын дүгнэлт, шүүгдэгч А.Бы сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч А.Б нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч А.Дэлгэрсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн зүгээс эмчилгээнд 2.299.502 төгрөг зарцуулсныг шүүгдэгч А.Б бүрэн төлж барагдуулсан байна.

Харин хохирогчийн зүгээс шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалинд 3.155.000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн бөгөөд шүүх шүүгдэгч А.Бд холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч А.Б нь завсарлага авсан хугацаанд хохирогчид 3.155.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Мөн хохирогчийн зүгээс цаашид эмчилгээ хийлгэх шаардлага гэсэн тул түүний цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Бы дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.   

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч А.Б Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан А.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

           

5.Хохирогч А.Дэлгэрсайхан нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн А.Бы жолоочийн В ангиллын №511700 дугаар үнэмлэх зэргийг ялтан А.Бд буцаан олгосугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                                                           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР