| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 183/2025/00041/И |
| Дугаар | 210/МА2025/00535 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Аялал жуучлал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2025/00535
*******-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа, даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 05-ны өдрийн 197/ШШ2025/00736 дугаартай шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох,
12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 12,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь ...компанийн зүгээс 2 хүний визийг мэдүүлсэн байхад дур мэдэн гадаад паспортоо ХБНГУ-ын Элчин сайдын яамнаас өөрөө очиж авсан, үүнээс болж визийг түдгэлзүүлсэн тул виз мэдүүлэх ажил үйлчилгээний хөлсөө авч үлдэх 6,000,000 төгрөгийг буцаан өгнө гэх үндэслэл заан нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.
3. *******, ******* нар нь 2024 оны 10 сарын 02-ны өдөр 24 дугаартай аяллын гэрээ байгуулж, аялал жуулчлал зохион байгуулагч ******* нь Европын орны Герман /Франкфурт/-Франц /Парис/ зэрэг хотуудаар 6 шөнө, 5 өдөр аялах нийт 2 хүнд энэ гэрээний хавсралтад заагдсан аяллын хөтөлбөрийн дагуу аялал жуулчлалын үйлчилгээг үзүүлэх, жуулчин ******* нь Европын аялалд оролцох 1 аялагчийн үндсэн үнэ 6,000,000 төгрөг, нийт 2 аялагчийн 12,000,000 төгрөгийг 2024 оны 10 сарын 02-ны өдрийн дотор төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх4-8/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт заасан аялал жуулчлалын гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
5. Аялал жуулчлалын гэрээний дагуу ******* аас 2024 оны 10 сарын 02-ны өдөр ХААН банк дахь *******-ийн эзэмшлийн ******* тоот данс руу 5,000,000 төгрөг, 3,500,000 төгрөг, 3,500,000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Талууд маргаангүй. /хх-9/
6. Харин анхан шатны шүүх талуудын маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймээс давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд хууль хэрэглээний алдааг залруулж зохих өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй.
6.1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-тай гэрээ байгуулсны дараа ажлын томилолтоор өөр улс руу явах шаардлагатай болсон талаар мэдэгдэж, гадаад паспортоо буцаан авчээ.
Жуулчин нь Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.1 дэх хэсэгт зааснаар аялал эхлэхээс өмнө хэдийд ч гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч энэ эрхийн хүрээнд гэрээнээс татгалзсан байна. Энэ тохиолдол нь гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчилд хамаарахгүй бөгөөд анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг гэрээний зөрчил гэж буруу дүгнэжээ.
6.2. Жуулчин гэрээнээс татгалзсан тохиолдолд тур оператор, аяллын агент нь гэрээгээр тохиролцсон хөлс авах эрхээ алдах боловч өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.2 дахь хэсэгт заасны дагуу жуулчнаас шаардах эрхтэй ба хариуцагч өөрт учирсан хохирол буюу виз мэдүүлэх ажил үйлчилгээнд ямар зардал гаргасан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
6.3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.10-д аялагч нь гэрээнд заасан аялал эхлэхээс 1 сарын өмнө аяллаас татгалзвал тухайн төлсөн аяллын зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг аялал зохион байгуулагчид төлж үлдсэн төлбөрөө авах ба 15 хоногийн өмнө болон Виз гарсаны дараа аяллаас татгалзвал төлбөрийн буцаалт байхгүй гэсэн тохиролцоо нь дээрх хуулийн зохицуулалтад болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан торгуулийн агуулгад нийцээгүй байна.
6.4. Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ******* нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор аялал жуулчлалын гэрээний дагуу төлсөн мөнгөн хөрөнгөө хариуцагч *******-аас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
7. Иймд хариуцагч *******-аас аялал жуулчлалын гэрээний үнэд төлсөн 12,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* т олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Мөн нэхэмжлэлийн хангасан дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/00736 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 12,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* т олгосугай. гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 103,475 гэснийг 206,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,475 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН