| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0628/Э |
| Дугаар | 632 |
| Огноо | 2019-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 632
2019 6 26 2019/ШЦТ/632
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч П.Ганбаатар,
шүүгдэгч Ц.Б, Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.М, Ц.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909021230730 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 2000 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Идэр” дээд сургуулийн Бизнесийн удирдлагын 1-р курсийн оюутан, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 15-р баг Рашаант 6-р гудамж 19 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Э.М
2.Монгол Улсын иргэн, Булган аймгийн Орхон суманд 1982 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын мужаан мэргэжилтэй, “ВСН Contruction” ХХК-нд барилгын мужаан ажилтай, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, Баянгол дүүргийн 15-р хороо 3-р хороолол Энэбишийн гудамжны 23а байрны 122 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Э.М нь Сүхбаатар дүүргийн 9-р хороо Микс бааранд 2019 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Ц.Бтой маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь “Тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун гарын ядам хуруу, баруун шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Ц.Б нь Сүхбаатар дүүргийн 9-р хороо Микс бааранд 2019 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Э.Мтай маргалдсаны улмаас хагархай бакалаар цохиж эрүүл мэндэд нь “Баруун шуунд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Мыг Сүхбаатар дүүргийн 9-р хороо Микс бааранд 2019 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Ц.Бтой маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь “Тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун гарын ядам хуруу, баруун шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Ц.Бийг Сүхбаатар дүүргийн 9-р хороо Микс бааранд 2019 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Э.Мтай маргалдсаны улмаас хагархай бакалаар цохиж эрүүл мэндэд нь “Баруун шуунд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэж тэдгээрийг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллагдагч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Ц.Б, Э.М нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.М нь Сүхбаатар дүүргийн 9-р хороо Микс бааранд 2019 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Ц.Бтой маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь “Тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун гарын ядам хуруу, баруун шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Ц.Бийн “2019 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө найз Одхүүгийн хамт микс баар руу орж хоёулаа ганц, ганц пиво уугаад харьцгаая гэж ярилцаад орсон. ...үл таних залуу надтай муудалцаад эвтэйхэн хэлж байгаад зайлаарай гэж хэлээд хоёр хоорондоо зодолдсон үйл явдал болсон гэсэн мэдүүлэг /хх-12-13/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №6617 тоот дүгнэлтэнд “...Ц.Бийн биед тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун гарын ядам хуруу, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэсэн дүгнэлт, шүүгдэгч Э.Мын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Ц.Б нь Сүхбаатар дүүргийн 9-р хороо Микс бааранд 2019 оны 05 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Э.Мтай маргалдсаны улмаас хагархай бакалаар цохиж эрүүл мэндэд нь “Баруун шуунд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Э.Мын “...Микс бааранд зөөгчийн үүрэг гүйцэтгэж байсан. ...тухайн үед бааранд үл таних залуу манай зөөгчтэй маргалдаад манай зөөгчийг цохисон. Дараа нь би тэр залуу дээр явж очоод яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь үл таних залуу та нар ингэж үйлчилдэг юм уу гэж хэлээд манай зөөгчтэй барилцаад зодолдоод байхаар нь би очиж тэр хоёрыг салгасан. Үүний дараа нөгөө залуу над руу дайраад байхаар нь би тек рүү түлхсэн чинь тэр үл таних залуу газарт унасан. Дараа нь энэ залуу текен дээрээс архины бакал шил авч хагалаад шууд бариад над руу дайрахаар нь би зүүн гараараа хаасан чинь миний зүүн гар дээр шил хагараад нөгөө залуу шилний хагархайгаараа миний баруун гарын шууг 1-2 удаа зүсэж гэмтээсэн. Дараа нь би үл таних залууг нэг удаа баруун хөлөөрөө өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-12-13/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6617тоот дүгнэлтэнд “...Э.Мын биед баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. ...ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн боломжтой. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ц.Б, Э.М нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ц.Б, Э.М нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ц.Б, Э.М нарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Ц.Б, Э.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Ц.Б, Э.М нарыг тус бүр 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б, Э.М нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М, Ц.Б нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.Б, Э.М нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Шүүгдэгч Ц.Б, Э.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Б, Э.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР