| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 102/2016/03519/И |
| Дугаар | 645 |
| Огноо | 2016-08-18 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 645
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, өөрийн байранд оршин байх Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо, Бага нарангийн 22 дугаар гудамжны 31 тоотод оршин байх “Бурхантын үзүүр” ХХК-д холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 45.934.929 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, мөн оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Наранхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Саранцэцэг нар оролцов. Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Наранхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Бурхантын үзүүр" ХХК нь тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлтэй буюу 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлөлгүй 30.623.286,1/гучин сая зургаан зуун хорин гурван мянга хоёр зуун наян зургаа/-н төгрөгийн өр үүсгээд байна. Дээрх байгууллагын холбогдох албан тушаалтан нартай холбогдож нийгмийн даатгалын шимтгэлээ төлж барагдуулах талаар удаа дараа шаардаж байсан боловч одоог болтол нэг ч төгрөг төлөөгүй "Нийгмийн даатгалын тухай хууль"-ийн 16 дугаар зүйлийн 1 дүгээрт заасан "Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам", 17 дугаар зүйлийн 17.1.1, 1.4 дүгээрт заасан "Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг" зэрэг заалтуудыг зөрчиж байна. Иймд "Нийгмийн даатгалын тухай хууль"-ийн 20 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги оногдуулна гэж заасны дагуу 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд 15.311.643,04/арван таван сая гурван зуун арван нэгэн мянга зургаан зуун дөчин гурав/-н төгрөгийн алдангийг хуулийн дагуу ногдуулаад байна. Алдангийг тооцохдоо хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувиар 1 хоногт 91.869 төгрөгөөр тооцсон боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 15.311.643 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв. Шимтгэл, алдангийн бүгд дүн 45.934.929/дөчин таван сая есөн зуун гучин дөрвөн мянга есөн зуун хорин ес/-н төгрөгийг хуулийн дагуу гаргуулж шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т аар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү. Нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн сардаа багтаан төлдөг, тухайн сардаа л төлөөгүй бол өр гэж үздэг. Энэ тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу төлөлтөнд тооцогдох болон хамаарахгүй юм гэв.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Бурхантын үзүүр” ХХК-иас Нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 45.934.929 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “ Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасан байна.
Иймд нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Бурхантын үзүүр” ХХК-иас Нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 45.934.929 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Хариуцагч “Бурхантын үзүүр” ХХК нь шүүхэд хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байх ба шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байдаг. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.
Хариуцагч “Бурхантын үзүүр” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл 30.623.286 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, нэхэмжлэгч байгууллагын шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэлийн өр барагдуулах талаар хийсэн уулзалт, ярилцлагын тэмдэглэлүүд, Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн “Бурхантын үзүүр” ХХК-д өгсөн албан мэдэгдлүүд, зохигчдын хооронд байгуулсан Итгэлцлийн 02 тоот гэрээ, тооцооны үлдэгдлийн баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч “Бурхантын үзүүр” ХХК-иас 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 30.623.286 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй байна.
Мөн түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд О,З хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасан тул 30.623.286 төгрөгөөс алдангийг тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч “Бурхантын үзүүр” ХХК-иас төлбөл зохих шимтгэл 30.623.286 төгрөгийн 50 хувь болох 15.311.643 төгрөгийг алдангид тооцон гаргуулах нь зүйтэй байна.
Иймээс хариуцагч “Бурхантын үзүүр” ХХК-иас нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-д зааснаар нийгмийн даатгалын шимтгэлд төлбөл зохих 30.623.286 төгрөг, алдангид 15.311.643 төгрөг, нийт 45.934.929 төгрөгийг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст олгуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “Бурхантын үзүүр” ХХК-иас 45.934.929 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 387.625 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгох нь зүйд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-д зааснаар хариуцагч “Бурхантын үзүүр” ХХК-иас 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 45.934.929 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “Бурхантын үзүүр” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 387.625 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.
4.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.