| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 181/2024/04338/И |
| Дугаар | 210/МА2025/00542 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2025/00542
*******-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/01109 дугаар шийдвэртэй,
нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч *******-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 34,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******-тай 2023 оны 09 сарын 22-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, тухайн үеийн ханшаар 10,000 ам.доллар буюу 34,650,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлсэн.
1.2. 2023 оны 10 сарын 10-ны өдөр тус компанийн хувьцаа эзэмшигч нь гадаадын арилжааны дансан дахь мөнгөн хөрөнгө байхгүй болсон гэж мэдэгдсэн. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч ******* нь хүүгийн төлбөр болон үндсэн зээлийн төлбөрийг барагдуулаагүй. Миний бие тус зээлийн гэрээний дагуу хүү, алданги тооцуулахгүй зөвхөн үндсэн зээлийн төлбөр болох 34,650,000 төгрөгийг хариуцагч ******* -аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор ******* тай 2023 оны 09 сарын 22-ны өдөр ******* зээлийн гэрээ байгуулж, тухайн компанийн Голомт банкин дахь ******* тоот дансаар 20,000,000 төгрөг, 14,650,000 төгрөг, нийт 34,650,000 төгрөгийг зээлж авсан.
2.2. Манай компанийн зүгээс 34,650,000 төгрөгийг *******-ын данс руу шилжүүлж, компанийн нийт хөрөнгө болох 6,8 сая ам.долларыг бүрдүүлсэн. Гэтэл хувьцаа эзэмшигч ******* нь компанийн нийт хөрөнгө болох 6,8 сая ам.долларыг авч 2022 оны 08 сарын 27-ны өдөр АНУ-ын Сеатл хот руу яваад буцаж ирээгүй. Уг асуудалтай холбоотойгоор компанийн зүгээс 2023 оны 10 сарын 11-ний өдөр ******* -ийн хувьцаа эзэмшигч******* нар нь ******* ад холбогдуулан манай компанид хөрөнгө оруулалт хийсэн нийт иргэдийн мөнгийг залилан мэхэлж өөртөө авч компанид 6,8 сая ам.долларын хохирол учруулсан тул Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд гомдол гаргасан бөгөөд одоогоор ******* дугаартай эрүүгийн хэрэг үүсэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Иймээс тус хэргийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэх хүртэл дээрх нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* -аас зээлийн гэрээний үүрэгт 34,650,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* -аас улсын тэмдэгтийн хураамжид 331,200 төгрөгийг гаргуулж ******* т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжпэлтэй холбоотой хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа бол нэхэмжпэлийг хүлээж авахаас татгалзах бөгөөд нэхэмжлэлтэй холбоотой гэдгийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын харилцаанаас үүссэн маргаантай холбоотой гэж ойлгож, тухайн асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй эсэхийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол энэ ажиллагаа дуусах хүртэл иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх боломжгүй хэмээн тайлбарласан. Нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагч *******-тай байгуулсан 2023 оны 09 сарын 22-ны өдөр ******* зээлийн гэрээ юм. Тус гэрээний үндсэн дээр ******* нь ******* дугаартай эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон нь хавтаст хэрэгт авагдсан. Тус эрүүгийн хэрэг нь ******* -ийн хувьцаа эзэмшигч******* нар нь ******* ад холбогдуулан манай компанид хөрөнгө оруулалт буюу зээлийн гэрээний үндсэн дээр зээл өгсөн нийт иргэдийн мөнгийг залилан мэхэлж өөртөө авч компанид 6,8 сая ам.долларын хохирол учруулсан тул Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд гомдол гаргасны дагуу ******* дугаартай эрүүгийн хэрэг үүсэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Дээрх эрүүгийн хэрэгт ******* аас зээлсэн 34,650,000 төгрөг нь нийт хохирол болох 6,8 сая ам.долларт багтсан.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг илт зөрүүтэй ойлгож хэргийг шийдвэрлэсэн. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 8.5.1-д Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн ... иргэний нэхэмжлэгч гэнэ, тус хуулийн 8.5 дугаар зүйлийн 8.5.6-д Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжпэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно. гэж тус тус заасан. ******* дугаартай эрүүгийн хэрэг эрүүгийн журмаар шалгагдах явцад ******* ыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээний дагуу 34,650,000 төгрөгөөр хохирсон болох нь өөрийн мэдүүлэг, нотлох баримтаар тогтоогдсоны үндсэн дээр тус эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжпэгчээр тогтоосон байтал тус эрүүгийн хэргийг зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гзрээний харилцаанаас үүсээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн тус эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчийн оролцоо, эрхийг хамгаалах зорилготой заалт болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5.6-д заасны дагуу тус эрүүгийн хэргийг шийдвэрлээгүй байхад анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
4.2. ******* ыг ******* дугаартай эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон 2024 оны 09 сарын 16-ны өдрийн ******* дугаартай Цагдаагийн ерөнхий газар мөрдөн байцаах албаны албан бичгээр ******* ыг ******* дугаартай эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон тус эрүүгийн хэргийг шийдвэрлээгүй байхад анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: 1 жил 6 сарын өмнө уг компанид мөнгө зээлдүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд хүү аваагүй. Мөнгө зээлдүүлснээс хойш сар хүрэхгүй хугацаанд мөнгөө залилангаар алдчихлаа хүүгийн төлбөр болон үндсэн төлбөрийг буцаан өгөх боломжгүй гэж хэлсэн. Дараагаар нь танайхаас мөнгөө яаж буцааж авах вэ гэж асуухад энэ асуудал прокурорт шалгагдаж байгаа гэх хариу өгсөн. Үүний дагуу прокурорт хандаж, уг компанид гэрээний дагуу мөнгө зээлсэн талаар мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн. Би компанитай гэрээ байгуулж мөнгө зээлсэн. Гэтэл тухайн компанийн хувьцаа эзэмшигчийн залилангийн асуудал надтай хамааралтай мэтээр би зээлсэн мөнгөө гаргуулж чадахгүй өнөөдрийг хүртэл явж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,650,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Талуудын хооронд 2023 оны 09 сарын 22-ны өдөр ******* зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 10,000 ам.долларыг 2023 оны 09 сарын 30-ны өдрөөс 2024 оны 03 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ******* нь зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамтаар буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. /хх4-10/
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт өгчээ.
4. Дээрх гэрээгээр нэхэмжлэгч ******* нь ******* -ийн дансанд 2023 оны 09 сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 09 сарын 22-ны өдөр 14,650,000 төгрөг, нийт 34,650,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх-11, 12/
5. Хариуцагч нэхэмжлэлийн татгалзал болон давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлийг ...эрүүгийн журмаар хувьцаа эзэмшигч ******* ад холбогдуулан манай компанид хөрөнгө оруулалт хийсэн нийт иргэдийн мөнгийг залилан мэхэлж өөртөө авч компанид 6,8 сая ам.долларын хохирол учруулсан гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулна гэсэн агуулгаар тайлбарласан нь үндэслэлгүй.
******* -ийн гомдлыг үндэслэн уг хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч ******* ад холбогдуулан залилан мэхлэх гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь иргэн *******-ын *******-д холбогдуулан зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө гаргуулахаар шаардахад саад болохгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Тодруулбал, ******* -ийн хувьцаа эзэмшигч ******* нь хариуцагч байгууллагыг залилан мэхлэх гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нь ******* болон ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй.
6. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас 34,650,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/01109 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН