Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 534

 

 

      2019        06          03                                   2019/ШЦТ/534

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

          Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

    Шүүгдэгч Ж.О /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.О-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  хэргийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын цагийн ажил эрхэлдэг, ам бүл 4, ээж, эгч, ах нарын хамт  , урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж.О,

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

       Яллагдагч Ж.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Оргил" худалдааны төвийн хойд талын гудманд хохирогч Б.Одмөнхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газар нь архины шилээр цохиж зүүн зулайн хуйханд шарх бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.О нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хээрг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Ж.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Ж.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Оргил" худалдааны төвийн хойд талын гудманд хохирогч Б.Одмөнхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газар нь архины шилээр цохиж зүүн зулайн хуйханд шарх бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.О нь гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч Б.Одмөнхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлсэн нь зөв байна гэж шүүх дүгнэлээ.   

 Шүүгдэгч Ж.О-гийн гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үнэлж, гэм бурууг шийдвэрлэх үндэслэлтэй.

          Эрүүгийн   хэргээс:       

         Хохирогч Б.Одмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Оргил" худалдааны төвийн хойд талд байдаг хүн суудаг саравчтай модон суудал дээр зүс таних Ж.О гэдэг нэртэй залуутай уулзсан юм. Урьд өдөр нь Ж.Оманай найз охин Баярцэцэгийг өдөөд байсан гэхээр нь Ж.О-той утсаар залгаж яриад “уулзмаар байна” гэж хэлэхэд надтай уулзана гэж хэлэхээр нь уулзсан. Ж.О-той саравчтай модон суудал дээр уулзаад юм яриад сууж байтал намайг “Тайга” нэрийн 0.75 литрийн архи хуваагаад ууя гэж хэлээд шахаад байхаар нь архинаас нь уусан юм. Дахин архи аваад ирэхээр нь бид хоёр хуваагаад уусан. Би удалгүй согтоод гэртээ харих гээд явах гэтэл Ж.Оархины шилээр миний толгойн тус газарт цохиход ухаан балраад явчихсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,              

           Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “... Б.Одмөнхийн биед зүүн зулайн хуйханд шарх, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..." гэх 5312 дугаар  дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/,

             Яллагдагч Ж.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би хохирогч Б.Одмөнхийг архины шилээр цохиж түүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Би хохирогч Б.Одмөнхийн ахтай нь утсаар ярьж байгаад Б.Одмөнхийн найз охиных нь Хаан банкны дансаар нэг зуун мянган төгрөгийг шилжүүлж эмчилгээндээ зарцуулаарай гэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

            Иймд шүүгдэгч Ж.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

        Эрүүгийн   хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

         Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/, түр оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 69 дүгээр хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/, дансны хуулга /хх-ийн 70-73 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ж.О-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Ж.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

         Шүүгдэгч Ж.О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.       

           Хохирогч Б.Одмөнх “Ж.О-той эвлэрсэн, хохиролд 100.000 төгрөг авсан, гомдол саналгүй” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.          

           Шүүгдэгч Ж.О нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар “Тайга” нэртэй 0.5 литрийн хэмжээтэй шилэн сав 1 ширхэг хураагдсан ирсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон      

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.О-г 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Ж.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ж.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Тайга” нэртэй 0.5 литрийн хэмжээтэй шилэн сав 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

                   

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ