Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/01404

 

Г.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Д.Цолмон, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00953 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1536 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Г.У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч К ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 890 160 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяагийн гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Идэрчулуун, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 04272 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Гэтэл хариуцагч нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй удааширч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албадан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн салбарт ажилд томилсон байна.

Нэг өдрийн дундаж цалинг 30 220 төгрөгөөр тооцож бодож олгож өгнө үү. Дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилсон 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 228 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх 6 890 160 төгрөгийн олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 04272 дугаар шийдвэрээр Г.У-ыг Кны салбарын харьяа тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн томилж, 4 384 380 төгрөг гаргуулан шийдвэрлэснийг олгосон. Банкны зүгээс дээрх шийдвэрийг биелүүлэх үүргийн дагуу түүнийг Говьсүмбэр, Увс, Өвөрхангай, Улаанбаатар хотод салбарын болон тооцооны төвийн захирлаар ажиллах саналыг удаа дараа хүргүүлсэн боловч хүлээн авахаас татгалзаж 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, шийдвэр гарсан өдрөөс тушаал гарах өдрийн цалин хөлс, гэнэт халагдсаны тэтгэмж гаргуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн. Энэ нь хууль эрх зүйн болон байгууллагад мөрдөж буй журамд нийцэхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 17-ны өрийн 3/873 тоот албан бичгээр Говьсүмбэр салбарт буюу өмнө нь ажиллаж байсан ажил албан тушаалд нь томилох саналыг хүргүүлсэн.

Учир нь Г.У- нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Кны гүйцэтгэх захирлын 996 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэсэн. Кны захирлын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 25 тоот Салбар нэгжийн ажилтнуудын албан тушаалын нэршил, орон тоо батлах тухай, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 115 тоот “Салбар нэгжүүдийг ашигтай байрлалд шилжүүлэх” тухай тушаалын дагуу Ханбогд тооцооны төвийн чиг үүрэг, ажилчдыг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон Говьсүмбэр нийгмийн даатгал тооцооны төвд шилжүүлсэн. Тус 2017 оны 02 дугаар сарын 17-ны өрийн 3/873 албан бичгийн хариуг Д.Удвал ирүүлээгүй тул 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 3/1353 тоот албан бичгээр хуучин ажил албан тушаалд нь томилсон 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 189 дугаар тушаалыг хүргүүлсэн. К шүүхийн шийдвэрийг хүндэтгэн хуульд заасны дагуу үүргээ биелүүлж ажилтныг хохиролгүй болгох зорилгоор удаа дараа санал хүргүүлсэн ч Д.Удвал нь ажилд томилсон тушаалын дагуу ажилдаа ороогүй, банкны удирдлагаас гаргасан тушаал шийдвэрийг биелүүлээгүй, тавьсан саналуудыг үл хүндэтгэж, салбарын өдөр тутмын болон чанаргүй зээлтэй холбоотой асуудлууд тасралтгүй гарч банкны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсаар байна.

Ажил олгогчийн зүгээс хуульд заасан үүргийг хуулийн дагуу биелүүлсэн боловч Д.Удвал шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан нь хууль болон ёс зүйд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00953 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу хариуцагч “К” ХХК-иас 1 231 230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.У-д олгож, 2016 оны 10 дугаар сарын 07-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны ажилтны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган, нэхэмжлэлээс 5 658 930 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэлд дурдагдсан бусад хугацаанд хамаарах нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлттэй холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К” ХХК-иас 34 099 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1536 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00953 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “К” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 4 294 260 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.У-д олгож, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны ажилтны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 625 900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 заалтын “34 099 төгрөгийг” гэснийг “83 178 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 91 101 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Давж заалдах шатны шүүхээс ажил олгогчийн ажилд эгүүлэн авсан тушаал гараагүй байхад нэхэмжлэгчийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан гэж дүгнэн тус өдрөөр тасалбар болгон ажилгүй байсан хугацааны олговор тооцсон нь буруу юм. Нэхэмжлэгч Г.У- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг сайн дураар цуцлах хүсэлтийг огт гаргаагүй, мөн нөгөөтэйгүүр ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд авсан тушаал гаргаагүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан гэж шүүхээс дүгнэлээ. Энэ нь Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд “хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл” гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ” гэж заасантай зөрчилдөж байна. Ажил олгогч шүүхэд гаргасан тайлбартаа Өмнөговийн салбарын харьяа Ханбогд тооцооны төв нь өөр тооцооны төвтэй нэгдсэн, нийлсэн тул Говьсүмбэр салбарын тооцооны төвд ажил санал болгосон боловч нэхэмжлэгч хүлээн аваагүй гэх боловч тус Ханбогд тооцооны төвийн нэгдэж, нийлсэн эсвэл татан буугдсан талаарх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн албан ёсны бүртгэл, тэмдэглэл хавтаст хэрэгт байхгүйг шүүх анхаарч үзсэнгүй.

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн дээрх хууль бус тайлбарыг эс зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт салбар нэгж татан буугдсан гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад татгалзах зүйлгүй болохоо ажил олгогчид илэрхийлсэн татгалзлыг шүүх ажлаас чөлөөлөгдөх ажилтны хүсэлт гэж дүгнэсэн нь буруу юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд маргааны зарим үйл баримтын талаар анхан шатны шүүхээс өөрөөр дүгнэж, улмаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан хэмжээг өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээг магадлалын тогтоох хэсэгт ташаа бичсэнийг залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Г.У- нь хариуцагч “К” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс хойш ажилд томилогдсон 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 228 хоногийн цалинтай тэнцэх олговорт  6 890 160 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “К” ХХК шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэлийг татгалзжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 04272 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1423 дугаар магадлалаар нэхэмжлэгч Г.У-ыг “К” ХХК-ийн Өмнөговь салбарын харьяа Ханбогд тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт ажил олгогчоос 4 384 389 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч хүсэлт гаргасны дагуу шүүх 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэх хуудас бичжээ.

Хариуцагч “К” ХХК нь Г.У-ыг эгүүлэн тогтоосон ажлын байр татан буугдсан тул түүнд Увс, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хотын салбарын болон тооцооны төвийн захирлаар ажиллахыг санал болгосныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй ба 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Хариуцагч “К” ХХК нь Ханбогд салбарыг Говьсүмбэр салбартай нэгтгэсэн учир тус салбарын захирлаар ажиллахыг нэхэмжлэгчид санал болгож, нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр уг албан тушаалд томилогджээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Г.У-ыг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг ажил олгогч талаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Шүүх магадлалын хяналтын хэсэгт ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 4 264 260 төгрөг гаргуулахаар дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт 4 294 260 гэж ташаа бичсэн байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх боломжгүй гэж үзлээ. Харин  хариуцагч тал гомдол гаргаагүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1536 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...4 294 260 төгрөгийг” гэснийг “...4 264 260 төгрөгийг” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56 965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                             Ц.АМАРСАЙХАН