Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Б

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар  сарын 06-ны өдрийн “Г.Бад сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Б/98 дугаар Архангай аймгийн Засаг даргын захирамжаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар жинхлэн томилогдсон. Тус сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ямар нэгэн алдаа дутагдал гаргаж сахилгын шийтгэл авч байгаагүй.

2016 оны 2 дугаар улиралд 86 хувьтай үнэлэгдэж 39 хувийн цалингийн урамшуулал авсан, 2016 оны 3 дугаар улиралд 92 хувьтай үнэлэгдэж 15 хувийн цалингийн урамшуулал тус тус авч байсан.

2017 оны 1 дүгээр  сарын 24-ний өдөр тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, сургалтанд хамруулах, шинэ гэрээ байгуулах, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах зэрэг ажлуудыг хэлэлцсэн. Тухайн үед сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай шинээр гэрээ байгуулсан боловч Х сум, Булган сум, Цэнхэр сумдын захиралтай үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Гэрээ байгуулаагүй талаараа тайлбар хийхдээ аудит, мэргэжилийн хяналтын шалгалт орсон сургуулиуд болон үр дүнгийн гэрээгээ хангалтгүй дүгнүүлсэн захирлуудтай түр зуур гэрээ байгуулахгүй гэж хэлсэн. Улмаар 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр мэргэжилтэн Билэгт, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Буянэнэмэх хоёртой уулзахад чиний үр дүнгийн гэрээг дүгнэхэд Х сумын Засаг даргаас 90 хувь, Аймгийн Засаг даргын Тамгын газраас 57,5 хувь, Боловсрол, соёл, уралгийн газраас 58,7 хувь, дундаж оноогоор 68,7 хувьтай дүгнэгдсэн мөн 2016 оны санхүү дотоод аудитаар 1,017,659 төгрөгийг зориулалт буруу зарцуулсан байна. Ийм учир албан тушаал бууруулах арга хэмжээ авна гэсэн мэдээлэл өгсөн. 

 

2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Билэгт мэргэжилтэн дуудаж захирамж гарсан сахилгын шийтгэл 3 сарын хугацаагаар цалинг 20 хувиар бууруулна. Өнөөдөр шуудангаар очих байх гэж захирамжийн хуулбарыг үзүүлээд буцааж авсан.

 2016 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Б/31 дүгээр “Г.Бад сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж болон үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээг эс зөвшөөрч байна. Учир нь бүтэн жилээр ажил дүгнэж байж өмнөх улирлуудын дүнг харгалзаж үзээгүй, үг үсгийн алдаатай гэх зүйлээр шалтгаалан үндэслэлгүйгээр үр дүнгийн гэрээг 68.7 хувь буюу D үнэлгээгээр үнэлсэн.

Аймгийн Засаг дарга сургуулийн захирал, сумын засаг дарга, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нарын хооронд байгуулсан үр дүнгийн гэрээнд төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга нь 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдөрт багтаан гэрээний биелэлтийг дүгнэнэ гэсэн заалтыг зөрчиж 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 2016 оны гэрээний биелэлтийг дүгнэсэн нь үдэслэлгүй гэж үзэж байна. Үр дүнгийн гэрээний 6.2-т төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэнэ гэсэн байхад бүтэн жилийн ажлын үр дүнг харгалзан үзээгүй хувийн сонирхлоор үнэлэлт дүгнэлт өгсөн гэж үзэж байна.

“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7-д гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээ 7.1 төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн төрийн албаны тухай хууль, төсвийн тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно. “D" буюу “Дутагдалтай” үнэлүүлсэн бол албан тушаал бууруулах,  албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулах гэсэн байдаг. Үүний дагуу үр дүнгийн гэрээг дүгнэсэнтэй холбогдуулж удирдлагыг чадавхжуулах сургалтанд хамруулж 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 07/119 дүгээр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын зөвлөмж өгсөн атлаа дахин цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан.

Сахилгын шийтгэл ногдуулсан захирамждаа төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалтын бус зарцуулсан нь Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтаар тогтоосон гэсэн нь үндэслэлгүй. Архангай аймгийн Х сумын Бүрэн дунд сургуулийн 2014 оноос 2015 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдсэн. Үүний дагуу 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 17/02/71 дүгээр Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба улсын байцаагчийн акт тавигдсан. Хэрэв уг санхүүгийн хяналт шалгалтын үр дүнг сахилгын шийтгэл гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн байдаг. Тухайн зөрчил нь 2016 оны 5 дугаар сарын 20-нд илрүүлж акт тавьсан ба зөрчил илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн байх тул хариуцлага тооцох үндэслэл байхгүй. Мөн Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байдаг. Миний бие нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн зүйл байгүй. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Б/31 дүгээр сахилгын арга хэмжээ авах тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн актанд заасан үндэслэлүүд нь үндэслэлгүй. Г.Б үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн болон төсвийн хөрөнгийг зориулалт бусаар захиран зарцуулсан зүйл байхгүй. Захирамжийн захирамжлах хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар арга хэмжээ авсан байдаг. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131-д хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд 131.1.2 болон бусад үндэслэлүүдээр арга хэмжээ авна гэж заасаар байхад зөвхөн 131.1.2-т зааснаар арга хэмжээ авсан нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Г.Быг төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэдгийг тогтоогоогүй байж арга хэмжээ авч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Б нь Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажилласан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн  дагуу аймаг, сумын Засаг дарга, Боловсрол, соёлын газрын дарга нартай байгуулсан сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын 2016 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд тэднээс ирүүлсэн гэрээний хэрэгжилтийн тайлан нь Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн стандартад нийцээгүй, хавсралт хуудас дутуу байсан тул энэ талаар тэдэнтэй уулзаж, зөвлөмжийг бэлтгэн хүргүүлсэн. Уг зөвлөмжөөр үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн тайландаа 2016 онд хийсэн ажлаа хэрхэн зөв, цэгцтэй бичиж хүргүүлэх талаар дурдсан. 

Нэхэмжлэгч Г.Бын аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга болон боловсрол, соёл, урлагийн газрын даргатай 2016 онд хамтран ажиллахаар байгуулсан үр дүнгийн гэрээний 1.10-д Төрийн албаны удирдах ажилтны манлайллын зорилтын хүрээнд 3.1. “Төсвийг төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн захиран зарцуулж, зөрчил дутагдалгүй ажиллах”, 7.2.5-д “Төсвийг зориулалтын бусаар зарцуулсан” гэсэн заалтын тус тус тусгайлан заажээ.

Х сумын ерөнхий боловсролын сургуулийн 2014 оноос 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын удирдамж, багш нарын өргөдлийг үндэслэж, шалгалтыг явуулсан байдаг төдийгүй шалгалтаар улсын байцаагчийн 5 төрлийн 26.5 сая төгрөгийн нөхөн төлбөр тогтоогдож, тухайн байгууллагын төсөв болон хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн ажилтнуудад дутуу олгосон цалинг нөхөн олгохоор шийдвэрлэжээ.

Дээх байдлаас үзвэл Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б нь Төсвийн тухай хуулийн 5, 6, 16, 40, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.13 , Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.54, 13.1.95, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйл болон үр дүнгийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 2 дугаар улиралд 86 хувь, 3 дугаар улиралд 92 хувиар үнэлэгдэж, цалингийн урамшуулал авч байсан гэж маргадаг.

Гэтэл Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/299 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт “Ерөнхий боловсролын сургуулийн ажилтны ажлыг үнэлж, дүгнэхэд баримтлах чиглэл”-ийн 3.2-т “Хичээлийн жилийн 1, 3 дугаар улиралын ажлыг ажилтан өөрөө үнэлж, 2, 4 дүгээр улиралын ажлыг магадлан баталгаажуулна гэж зааснаас үзвэл 1, 3 дугаар улиралд авсан үнэлгээ нь өөрөө өөртөө өгсөн үнэлгээ юм.

 

Харин дээрх журмын 2, 4 дүгээр улирал буюу хагас, бүтэн жилийн үнэлгээг дүгнэхдээ Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын дагуу түүний илтгэх хуудсыг үндэслэж, эрх бүхий албан тушаалтан дүгнэж үнэлгээ өгөх учиртай. 

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заажээ. Гэтэл нэхэмжлэгч Г.Б нь аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Б/31 дугаар захирамжийг мөн оны 2 дугаар сарын 08-ны өдөр гардаж авсан атлаа 3 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иймд Г.Бын нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь 2016 оны үр дүнгийн гэрээний үнэлгээ болон Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас гаргасан 5 акттай холбогдуулан маргадаг. 

Архангай аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны үр дүнгийн гэрээг 2017 онд дүгнэсэн. Уг үр дүнгийн гэрээг дүгнэхэд санхүүгийн зөрчил илэрч,  Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас 5 төрлийн акт тавигдсан байсан. Тус актаар нийт 26.5 сая төгрөгийн төлбөр тогтоогдсон. Дээрх 26.5 сая төгрөг нь тухайн байгууллагын 81 багш, ажилчдын олгох ёстой цалинг дутуу олгосон нь тогтоогдсон байдаг. Сургуулийн захирал нь Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн шууд захирагч. Төсвийн шууд захирагч нь Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байдаг. Тийм учраас төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчтай байгуулсан хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээнд зааснаар хариуцлага тооцсон нь үндэслэлтэй байна. Архангай аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтээ тайлагнаж 68.7 хувьтай D буюу хангалтгүй үнэлгээ авсан. Иймд Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас илэрсэн зөрчил болон үр дүнгийн гэрээгээ дутуу тайлагнасан нь хангалттай нотлогдож байсан учраас Архангай аймгийн Засаг дарга 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Б/31 дүгээр захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Энэ захирамж нь үндэслэлтэй байна гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Г.Баас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн “Г.Бад сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн “Г.Бад сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/31 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2., Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2. дахь хэсэгт заасныг үндэслэн 2016 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалтын бус зарцуулсан гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Бад үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

1. Төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалтын бус зарцуулсан гэх үндэслэлийн тухайд: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаар удирдамж, багш нарын өргөдлийг үндэслэн тус аймгийн Х сумын Бүрэн дунд сургуулийн 2014-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн календарын 9 хоногт хяналт, шалгалт хийж, Улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 17/02/70, 17/02/71, 17/02/72, 17/02/73, 17/02/74 дүгээр актуудаар 26.476.542 төгрөгийн төлбөр тогтоосон байна. 

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хэрэв уг санхүүгийн хяналт шалгалтын үр дүнг сахилгын шийтгэл гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2. дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн байдаг. Тухайн зөрчил нь 2016 оны 5 дугаар сарын 20-нд илрүүлж акт тавьсан ба зөрчил илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн байх тул хариуцлага тооцох үндэслэл байхгүй...” гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 64 дүгээр албан бичгээр ирүүлсэн тайлбарт “...Шалгалтын дүнг Санхүүгийн хяналт, аудитын албаны зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар оруулан баталгаажуулж, аймгийн Засаг даргад танилцуулсан. Боловсролын системд хийгдсэн шалгалтын дүн, салбарын анхаарах асуудлуудыг аймгийн Засаг дарга болон Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нарт 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хамтад нь танилцуулсан болно.” гэжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас ирүүлсэн тайлбар зэргээс үзэвэл хариуцагч аймгийн Засаг дарга нь Архангай аймгийн Х сумын Бүрэн дунд сургуулийн 2014-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтаар 26.476.542 төгрөгийн нөхөн төлбөр тогтоогдсоныг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч нь санхүүгийн зөрчилтэй холбоотой асуудлыг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн хэрнээ дээрх зөрчилд нь холбогдуулан 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл, 131.2.-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж  заасантай нийцээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.  

2. Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч Г.Б нь Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Г.Быг Х сумын сургуулийн захирлын ажилд түр томилох тухай” Б/98 дугаар захирамжаар  2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс Архангай аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар түр томилогдон ажиллаж байгаад, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Г.Быг ажилд жинхлэн томилох тухай” Б/57 дугаар захирамжаар 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс Архангай аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар жинхлэн томилогджээ. 

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна.” гэж заажээ.

Дээрх хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч /төсвийн шууд захирагч/ Г.Б нь төсвийн ерөнхийлөн захирагч болох аймгийн Засаг дарга болон сумын Засаг дарга, Боловсрол, соёлын газрын дарга нартай 4 талт үр дүнгийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар байгуулжээ. 

Тус гэрээний 7 дугаар зүйл. Гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээний мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ. 7.1. “Төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Боловсролын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актыг тус тус баримтлан шийдвэрлэнэ.”, “D” буюу “Дутагдалтай” үнэлэгдвэл албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах гэж тус тус заажээ .

Нэхэмжлэгч Г.Бын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нар дүгнэж, ерөнхий үнэлгээ “D” буюу 68.7 хувьтай үнэлэгджээ . 

Нэхэмжлэгч Г.Б үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээтэй 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр танилцаад гэрээний үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбараа гаргасан боловч дээрх асуудлаар холбогдох байгууллага албан тушаалтанууд болон шүүхэд гомдол, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул үр дүнгийн гэрээний үнэлгээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгчээс үр дүнгийн гэрээний үнэлгээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад үр дүнгийн гэрээний үнэлгээтэй холбоотой асуудлаар шүүх дүгнэлт хийх боломжгүй гэж үзэв.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгч Г.Б нь төсвийн ерөнхийлөн захирагч болох аймгийн Засаг дарга болон сумын Засаг дарга, Боловсрол, соёлын газрын дарга нартай үр дүнгийн гэрээг байгуулж ажилласан байх бөгөөд гэрээнд “D” буюу “дутагдалтай” гэж үнэлэгдвэл “албан тушаалын цалинг бууруулах” үндэслэл болно гэсэн нөхцөлийг зөвшөөрч гэрээ байгуулж ажилласан байна. Гэрээнд заасны дагуу хариуцагч үр дүнгийн гэрээний үнэлгээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгчид “сарын үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах” сахилагын шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэл тогтоодохгүй байна гэж дүгнэв.

Харин үр дүнгийн гэрээний биелэлтийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор багтаан дүгнэх ёстой байхад гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дүгнэж, гэрээ дүгнэх хугацааг өнгөрүүлэн дүгнэсэн байх боловч тухайн гэрээгээр гэрээ дүгнэх хугацааг өнгөрүүлэн дүгнэснээс үүсэх үр дагаврын талаар зохицуулаагүй байх тул дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч Г.Баас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар  дүгээр сарын 06-ний өдрийн “Г.Бад сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн шүүх хуралдааны явцад маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн “Г.Бад сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/31 дүгээр захирамжийн огноог 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гэж бичсэн техникийн алдааг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Б/31 дүгээр захирамж болгон залруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий захирамжийн онгоог 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гэж тодруулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14., 107 дугаар зүйлийн 107.5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.4.2., Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Баас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 06-ний өдрийн “Г.Бад сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ГАНБАТ