Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2020/0067

 

 

 

                        Ц.Б, С.Л нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч П.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 814 дүгээр шийдвэртэй, Ц.Б, С.Л нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 814 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б, С.Л нарын гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 04/75480 тоот болон 04/75479 тоот газар эзэмших гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжийн С.Э, С.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгчид нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 04/75480 тоот болон 04/75479 тоот газар эзэмших гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон Сонгинохайрхан дуүргийн Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжийн, С.Э, С.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийи шаардлага гаргасан.

Гэвч шүүх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг үйлдлийг илт хууль бус болгох шаардлага, үндэслэлийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 87 дугаар захирамжийн хүрээнд шалгаж шийдвэрлэсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 04 сарын 29-ний өдрийн “Газар эзэмших гэрчилгээг нөхөн олгох тухай" 87 дугаар захирамжийн нэгт " Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэд газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, тодорхой иргэдэд газар эзэмших гэрчилгээг 2 жилийн хугацаагаар нөхөн олгох ажлыг 2003 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулахыг дүүргийн Газрын алба /Б.Нямдаваа/-д даалгасугай” гэж ээ.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна”, мөн 2003 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.9.2-т “газар эзэмшигч, ашиглагч эрхийн гэрчилгээгээ гэмтээх буюу аливаа хэлбэрээр үрэгдүүлсэн тохиолдолд энэ тухай' хүсэлт, хүчингүйд тооцсон хэвлэл мэдээллийн зар, цагдаагийн байгууллагын тодорхойлолт, улсын бүртгэлийн анхдагч мэдээллийг үндэслэн “нөхөн олгов” гэсэн тэмдэглэгээ бүхий эрхийн гэрчилгээг хүсэл гаргаснаас хойш ажлын 15 хүртэлх өдөрт багтаан олгон, энэ тухай холбогдох бичилтийг улсын бүртгэлд оруулж, баталгаажуулна ”гэж тус тус заасан байна.

Газар эзэмших эрх, өмчлөх эрх, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, нөхөн олгох нь эрх зүйн өөр өөр үр дагавартай.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 87 дугаар захирамжаар 2 жилийн хугацаагаар нөхөн олгон гэрчилгээ олгох ажлыг 2003 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулахыг дүүргийн Газрын албад даалгасан байхад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга тус 87 дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 08 сарын 03-ны өдөр 04/75480 тоот болон 04/75479 тоот газар эзэмших гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон 1 жилийн хугацаагаар газар эзэмшүүлж байгаа нь утга агуулгын илэрхий алдаатай байна.

Мөн тус 87 дугаар захирамж нь хавсралтгүй буюу ямар этгээдэд эрх үүрэг болгосон нь тодорхойгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “Бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжгүй байтал шүүх Засаг дарга эрхийн хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байгаа нь тус заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Засаг даргад хуулиар олгосон эрх хэмжээ байх ч гадагш чиглэсэн захиргааны эрх ашиг нь хэнд хандаж, хуулийн хүрээнд ямар үр дагавар үүсгэж байх нь тодорхой байх шаардлагатай.

Шүүх 2008 оны Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 218 дугаар захирамжийн Т.Э, Т.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагын хувьд Газрын тухай хуулийн 27.1, 27.4, 31.3-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон буюу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 58 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн асуудлыг шийдвэрлэсэн байна.

Харин 2008 оны Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 218 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, С.Э, С.Т нар хуулийн дагуу эрх үүссэн эсэх, хүчингүй болгох нөхцөл бүрдсэн эсэхийг шалгаж, шийдвэрлээгүй байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь 2008 оны 05 сарын 30-ны өдөр 218 дугаар захирамжийн “нэг. 95 иргэнд амины хашааны газар эзэмших эрхийг олгосныг нэгдүгээр, 38 иргэний амины хашааны газар эзэмших эрх шилжүүлснийг хоёрдугаар, 1 иргэний газар эзэмших эрхийн хугацааг сунгаж баталгаажуулсныг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай” гэжээ.

Нэгдүгээр хавсралтын 64-д Сүхээгийн Т-т 22-р хорооны Тахилт 6-77 тоот хаягт 15 жилийн хугацаатайгаар 700 мкв 18626312372020 нэгж талбарын дугаар бүхий газрын шинээр эзэмшүүлжээ.

С.Т нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Тахилт сэтгүүлчдийн гудамж 3-11 тоотод байрлах газрыг нэг жилийн хугацаагаар авсан. Гэвч хувийн хэрэг нь байхгүй байдаг.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж заасны дагуу С.Т нь сунгах хүсэлтээ 2005 онд гаргаагүй байх тул түүний газар эзэмших эрх нь 2005 онд дуусгавар болсон.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2-т Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана: 32.2.1.овог, нэр. байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон рөгистрийн дугаар; 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар,  нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.2.3-д “газар эзэмших зориулалт, хугацаа” гэж тус тус заажээ.

Гэвч С.Т нь тус 32 дугаар зүйлд заасны дагуу хүсэлтээ гаргаагүй байхад түүнд эзэмшүүлж шийдвэрлэсэн. С.Т нь газар эзэмших эрхийг сунгах хүсэлтийг авч шинээр газар эзэмших эрхийг олж захирамжилсан. Кадастрыг С.Т нь тусгай зөвшөөрөл бүхий компаниар хийлгээгүй. Газар зохион байгуулалтын алба нь кадастрыг өөрөө үйлдэж, 2008 оны 09 сард кадастрын системд нэгж талбарын 18626312372020 дугаараар шинээр Сонгинохайрхан дүүргийн газрын алба бүртгэсэн байдаг.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 218 дугаар захирамжаар хаяг нь Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилт 6-77 болж өөрчлөгдөж нэгж талбарын 18626312372020 дугаартай кадастрыг захирамжид бичүүлсэн байна. Энэ нь 2004 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 04/75480 тоот гэрчилгээгээр С.Т-т нэг жилийн хугацаагаар олгосон, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Тахилт сэтгүүлчдийн гудамж, 3-11 тоот газар нь  нэгж талбарын 18626312372020 дугаартай болох нь тогтоогдохгүй байдаг.

Мөн А.Б-д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжийг үндэслэн, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Тахилт сэтгүүлчдийн гудамж 3-5 тоотод байрлах газрыг, 2004 онд 1 жилийн хугацаатайгаар олгож, 2005 онд дуусгавар болсон байхад Газар эзэмших эрх гэрээгээр С.Э-т шилжүүлснийг захиргааны байгууллага хүлээж аваад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 218 дугаар захирамжаар хаягийг тус дүүргийн 22-р хороо, Тахилт 6-93 болж өөрчлөгдөж, шинээр нэгж талбарын 18626312393030 дугаартай болгосон байдаг. Энэ нь мөн 2004 оны 08 сарын 03-ны өдөр 04/75479 тоот гэрчилгээгээр А.Б-д нэг жилийн хугацаагаар олгосон, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Тахилт сэтгүүлчдийн гудамж 3-5 тоот газар нь нэгж талбарын 18626312373030 дугаартай болох нь тогтоогдохгүй байдаг.

Захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.3.1, 38.3.2, 38.3.3-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

2003 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2-т “Эрх бүхий Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах, ашиглуулах тухай шийдвэр гарсны дараа тухайн газарт кадастрын зураг хийлгэсний үндсэн дээр гэрчилгээ олгоно” гэж заажээ. Гэвч хэрэгт цугларсан А.Б, С.Т, С.Э нар нь кадастр хийлгүүлж байгаагүй нь тогтоогдсон.

Дээрх олгосон, эзэмшүүлсэн үйлдэл нь бүгд хууль зөрчиж хийгдсэн, А.Б, С.Э, С.Т нар нь Газрын тухай хуулийн зохих журмын дагуу эрх үүсгэж аваагүйн улмаас нэхэмжлэгчдийн газар эзэмших эрх зөрчигдөж байна.

Д.Ц, Ц.Б, Ц.Б, С.Л бид нар 2011 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, тахилтын 6-128, 6-129, 6-108, 6-109 тоот хаягт байрлах газрыг эзэмшилдээ авахаар 22-р хорооны газар зохион байгуулагч М-ын зөвшөөрлөөр бид материалаа бүрдүүлэн, кадастр хийлгэж, хөрөнгө мөнгө заран хашаа барьсан.

Гэвч 2011 оноос хойш С.Э, С.Т газрын эзэмшлийн маргаан үүсгээгүй С.Э, С.Т, А.Б нар нь Газрын албатай газар эзэмших гэрээ байгуулаагүй газрын төлбөрийг өнгөрсөн 17 жилийн  турш төлөөгүй. Эзэмшил бүхий газраа 2008 оноос хойш огт ашиглаж байгаагүй.

Гэтэл шүүхийн зүгээс хэрэглэх хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч миний 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 814 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу цуглуулсны улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч Ц.Б, С.Л нар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Нөхөн олгов” гэсэн тэмдэглэгээтэй газар эзэмшүүлэх 04/75479 дүгээр гэрчилгээгээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт Сэтгүүлчдийн гудамж, 3-11 тоот хаяг байрлах 700 м.кв газрыг  С.Т-д,  04/75480 дугаартай гэрчилгээгээр мөн гудамжны 3-5 тоотыг А.Б-д тус тус амины хашааны зориулалтаар, нэг жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлсэн байна.

          Нэхэмжлэгч нар нь анх “тухайн газрыг 2011 онд телевизээр зар явсны дагуу эзэмших хүсэлтээ өгөөд газар зохион байгуулагчийн зөвшөөрлөөр, бусдын газартай давхцаагүй гэж газрын алба мэдэгдсэн тул материалаа бүрдүүлж, эзэнгүй газарт кадастр хийлгэн, хамт хүсэлт өгсөн 4 хүн нийлж хашаа барьж, 22 дугаар хорооны Засаг даргаар өргөдлөө уламжлуулан 6-128, 6-129, 6-108, 6-109 тоот хаяг авсан, нөгөө 2 хүнд нь газрыг эзэмшүүлэх шийдвэр гарч, харин нэхэмжлэгч С.Л, Ц.Б нарын хүсэлтийг шийдвэрлээгүй. ... гэтэл С.Т, А.Б-д гэрчилгээнүүдээр анх олгогдож, Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжаар эзэмшүүлсэн гэх газартай давахцсан гэсэн нь үндэслэлгүй” гэж маргасан.

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 323 дугаар шийдвэрээр “нэхэмжлэгч нар 2012 онд хүсэлт гаргахаас өмнө 2008 онд С.Э, С.Т нарт газар эзэмших эрх нь үүссэн тул нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэхийг даалгах үндэслэлгүй гэж дүгнэж, “газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах”  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

          Дээрх шүүхийн шийдвэрээр уг газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2008 оны 218 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл, хаяг байршил нь нэхэмжлэгчийн маргаж байгаа газар мөн эсэх талаар дүгнээгүй, нэхэмжлэлээс татгалзсан өмгөөлөгчийн тайлбар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан боловч өмгөөлөгчийн тухайн үйл ажиллагааны талаар гаргасан нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн гомдлоор арга хэмжээ авагдсан зэрэг хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл дээрх 04/75479, 04/75480 дугаар гэрчилгээ болон 2008 оны 218 дугаар захирамжаар С.Т, С.Э, А.Б нарт газар эзэмшүүлсэн нь хуульд нийцсэн талаар, хаяг, байршил нь нэхэмжлэгчийн эзэмших хүсэлт гаргасан газраас өөр тул энэ талаар нэхэмжлэгч нар маргах эрхтэй байна.   

          Иймд дээрх 87 дугаар захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэд газраа өмчилж авахад шаардлагатай баримтын бүрдэл хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ аваагүй газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдэд газар эзэмших гэрчилгээг 2 жилийн хугацаатай нөхөн олгох ажил зохион байгуулахыг газрын албанд даалгасан, мөн тухайн үед С.Т, А.Б нар хэн аль нь кадастрын зураг хийлгээгүй, гэрчилгээ гарснаас хойш газрыг өмчлөх хүсэлт гаргаагүй, тухайн газрыг бодит байдалд эзэмшиж ашиглаж байгаагүй зэргээс үзвэл С.Т, А.Б нар нь тухайн дүүргийн бүртгэлтэй эсэх, урьд нь тухайн газрыг эзэмшил ашиглалтдаа байлгаж, газрын тооллогод хамрагдсан эсэх, мөн гэрчилгээнд заасан “Тахилт Сэтгүүлчдийн гудамж, 3-11, 3-5” тоот хаяг нь одоогийн нэхэмжлэгчийн эзэмшихийг хүссэн газар мөн эсэх талаар баримт цуглуулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

          Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь 2008 оны 218 дугаар захирамжийг 05 дугаар сарын 30-ны өдөр гаргахдаа С.Т-ийн 06 дугаар сарын 12-ны өдөр гаргасан газар эзэмших хүсэлтийг, А.Б-ийн 06 дугаар сарын 11-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хавсаргасан 06 дугаар сарын 12-ны өдрийн хүсэлтийг үндэслэн С.Т-д “Тахилтын 6-77” гэх хаягаар газар эзэмших эрхийг баталгаажуулж, С.Э-д А.Б-оос “Тахилтын 6-93” гэх хаягт байрлах газар эзэмших эрхийг шилжүүлснийг хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

          А.Б нь газар эзэмших эрхээ баталгаажуулж, гэрчилгээ авч, гэрээ байгуулж, кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй, 04/75479 гэрчилгээ гарснаас хойш кадастрын зураг байхгүй, “Тахилтын сэтгүүлчийн 6-93 тоот” хаягт байрлах газар эзэмших эрхээ С.Э-д шилжүүлэх гэрээг нотариатаар батлуулсан байхад маргаан бүхий актаар С.Э-д газар эзэмших эрх шилжүүлж шийдвэрлэхдээ “6-93” тоот газрыг шилжүүлснийг шүүх анхаараагүй байна.  

          Гуравдагч этгээд С.Т, С.Э нарын эзэмшсэн газрын хаяг зөрүүтэй байдлыг тодруулах, нэхэмжлэгчийн маргаж байгаа газарт хэзээнээс иргэд суурьшиж эхэлсэн, “нөхөн олгов” гэсэн гэрчилгээг олгохдоо ямар хүсэлтийг үндэслэж, байршил хаягийг хэрхэн бичиж олгосон, дугаар олгосон бүртгэл, мөн гэрчилгээнд заасан 1 жилийн хугацаа өнгөрснөөс хойш 2008 он хүртэл С.Т, А.Б нарын газар эзэмших эрхтэй холбоотой шийдвэр гарч, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн эсэх, нэхэмжлэгч нарт газрын албанаас эзэмшүүлэх боломжтой гэсэн хариуг ямар үндэслэлээр өгсөн, нэгж талбарын 18626312372020, 18626312393030 дугаар бүртгэл мэдээллийн санд хэний шийдвэрээр хэзээ орсон, мөн 2011 онд телевизээр мэдэгдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар зэргийг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр маргаан бүхий актуудыг хуульд нийцсэн эсэх, гуравдагч этгээдийн тухайн газрыг эзэмших эрх нэхэмжлэгчийг хүсэлт гаргахаас өмнө хууль ёсоор үүссэн эсэх, маргаан бүхйи актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

          Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.