Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2024/0115

 

“Ч л д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол

Улсын Засгийн газар, Эдийн засаг, хөгжлийн яаманд

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

      Даргалагч, шүүгч:   Х.Батсүрэн

      Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

      Шүүгчид:                  М.Батсуурь

                                       П.Соёл-Эрдэнэ

      Илтгэгч шүүгч:         Д.Батбаатар

      Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 221/ШШ2024/0032 дугаар шийдвэртэй хэргийг,

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор, нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.З, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа, Эдийн засаг, хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, Х.С нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Концессын гэрээг цуцлах тухай” 241 дүгээр тогтоол, Концессын гэрээний 1.7 дугаар зүйлийн 1.7.2 дахь хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай;

2.Хэргийн нөхцөл байдал: Монгол Улсын Засгийн газар 2019 оны 241 дүгээр тогтоолоор “А-У-З чиглэлийн авто зам төсөл”-ийн концесс эзэмшигч “Ч л д” ХХК-тай байгуулсан концессын гэрээг хууль тогтоомжийн дагуу цуцлахыг Үндэсний хөгжлийн газарт даалгажээ.

3.Нэхэмжлэгчээс “...“хариуцагчийн илт хууль бус шийдвэрийн улмаас ажил нь зогсонги байдалд орсон, гэрээгээр олгосон ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн, концесс эзэмшигчийг “огт ажил хийгээгүй” гэсэн худал шалтгаанаар концессын гэрээг цуцалсан” нь хууль бус” гэж, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас “... өөрийн хөрөнгөөр барихаар сонгон шалгаруулалтад оролцож шалгараад дараа нь төрөөс дэмжлэг хүсэх нь хуулийн этгээдийг цаашид концессын зүйлийг барих чадваргүй болохыг нотолсон болно, 2014 оноос ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй” гэж, Эдийн засаг, хөгжлийн яамнаас “концессын ажил хийх боломжоор хангасан ч гэрээний урьдчилсан нөхцөлийг хангаагүй, концесс эзэмшигч 8 үүргээс 5 үүргийг биелүүлээгүй, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 241 дүгээр тогтоол болон Концессын гэрээний 1.7 дугаар зүйлийн 1.7.2 дахь хэсгийг тус тус илт хууль бусд тооцох үндэслэлгүй” гэж тус тус маргажээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх: “...Засгийн газрын 2019 оны 241 дүгээр тогтоол нь ямар нэг үр дагавар үүсгээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэх боломжгүй, гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байснаас үүдэн илт хууль бусд тооцох үндэслэлгүй” гэх үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3, 24.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э нар гомдолдоо:

5.1.Засгийн газрын 2018 оны “Концессын гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл биелүүлэх хугацааг сунгах эрх олгох тухай” 200 дугаар тогтоолын биелэлт хэрхэн хангагдсан, гэрээний талуудын тэгш эрхийн үндсэн нөхцөл болох гэрээнд өөрчлөлт оруулахаар хэлэлцээр хийсэн эсэх, үүнтэй холбоотой баримтууд хэрэгт ач холбогдолтой байтал эдгээр баримтуудыг цуглуулах үүргээ шүүх биелүүлээгүй.

5.2.Засгийн газрын тэмдэглэлтэй холбоотой, хэрэгт зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг шүүх цуглуулаагүй.

5.3.Концессын гэрээний 6.2-т “Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу талууд “харилцан тохиролцож” энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно гэснийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүйн төлөө гэрээг цуцалсан байгааг шүүх анхаарч үзсэнгүй.  Өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээд концесс эзэмшигч нар заавал тохиролцох үндсэн шаардлагатай болох нь гэрээний нөхцөлөөс тод харагдана.

5.4.Шүүх тэгш эрхийн хүрээнд хэлэлцээрийн үндсэн дээр хэлэлцсэн, дүгнэсэн эсэхэд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй.

5.5.Шүүхийн шаардсан баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой эсэхэд хяналтын шатны шүүх дүгнэлт хийнэ үү.

5.6.Энэхүү концесс цуцалсан маргаан нь Олон улсын арбитрын маргаан болж даамжрах нь Монгол Улсын эрх ашигт сөрөг нөлөөтэй, мөн нэхэмжлэгчийн концесс эзэмшиж, итгэл хамгаалах зарчмын дагуу төслийг хэрэгжүүлэхийн төлөө зарцуулсан 362 тэрбум гаруй төгрөгөөр хохирч үлдэх нь шударга бус зүйл.

5.7.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд амжиж ирээгүй.

5.8.Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 3.2.1 дэх заалтыг зөрчсөн.

5.9.Шүүгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг огт бичээгүй.

5.10.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилсөн тохиолдолд өмнөх үндэслэл шүүхийн шийдвэрт үндэслэл болох ёсгүй байтал шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас огт бичээгүй.

5.11.Засгийн газрын 2019 оны 241 дүгээр тогтоолоор 2017 оны 351 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байгаа нь Улсын дээд шүүхээс хүчингүй болгосон Засгийн газрын 2015 оны 158 дугаар тогтоол сэргэсэн гэж үзнэ.

5.12.Засгийн газрын 2015 оны 158 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг даалгасан Улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр 561 дүгээр тогтоол байсаар байхад Засгийн газрын 2015 оны 158 дугаар тогтоолыг сэргээсэн Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор өөрт олгогдоогүй эрх эдэлж хууль зөрчсөн.

5.13.Засгийн газар нь Улсын дээд шүүхийн тогтоолын эсрэг тогтоол гаргаж болох зохицуулалт хуульд байхгүй тул хэргийг буцаалгүйгээр өөрчлөлт оруулж, Үндсэн хууль, шүүхийн тухай болон бусад хуульд нийцүүлэн шийдвэр эрхтэй гэж үзэж байна.

5.14.Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 32 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

7.Нэхэмжлэгч “Ч л д” ХХК-аас Монгол Улсын Засгийн газар, Эдийн засаг, хөгжлийн яаманд холбогдуулан “Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Концессын гэрээг цуцлах тухай” 241 дүгээр тогтоол, “Ч л д” ХХК-аас Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яамтай 2014 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Концессын гэрээний 1.7 дугаар зүйлийн 1.7.2 дахь хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, гэрээний маргаан бүхий заалтыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байсан“ гэж тодорхойлжээ.

8.Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 399 дүгээр тогтоолоор Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгосноор Эдийн засгийн хөгжлийн сайд 2014 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Ч л д” ХХК-тай “А-У-З чиглэлийн хурдны авто замын төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ (Барих-Ашиглах-Шилжүүлэх)”-г харилцан тохиролцож байгуулжээ.

9.Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 561 дүгээр тогтоолоор “Ч л д” ХХК-ийн “концесс эзэмшигч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй” гэх үндэслэлээр концессын гэрээг цуцалсан Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 158 дугаар тогтоолтой холбоотой нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 132 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн “Концессын гэрээг хүчин төгөлдөр болгох нөхцөл биелүүлэх хугацаа сунгах үүргээ биелүүлэхийг Хөрөнгө оруулалтын газарт даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Засгийн газрын 2015 оны 158 дугаар тогтоолыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.  

10.Монгол Улсын Засгийн газар Улсын дээд шүүхийн дээрх тогтоолыг биелүүлж, 2017 оны 351 дүгээр тогтоолоор “2015 оны 158 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон, 2018 оны “Концессын гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл биелүүлэх хугацаа сунгах эрх олгох тухай” 200 дугаар тогтоолоор концессын гэрээнд дурдсан нөхцөл, шаардлага бүхий нэмэлт, өөрчлөлт оруулсны үндсэн дээр концессын гэрээний хүчин төгөлдөр болох нөхцөл биелүүлэх хугацааг 6 сараар сунгажээ.

11.Үндэсний хөгжлийн газар 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Засгийн газарт “Концесс эзэмшигч нь Засгийн газрын 2018 оны 200 дугаар тогтоолын дагуу концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус тогтоолыг биелүүлэхээс тус тус татгалзсан, төслийн концессын гэрээний 1.7 дугаар зүйлд заасан гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдээс “Төслийн санхүүжилтийн гэрээтэй байх; Төслийн санхүүжилтийн эхний ээлжийн 1 /нэг/ тэрбум америк долларыг Монгол Улсын аль нэг арилжааны банк дахь өөрийн дансанд байршуулж, төслийн зориулалтын дагуу зарцуулах; Газар эзэмших, ашиглах гэрээнүүдийг байгуулсан байх; Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх; Даатгалын гэрээг байгуулсан байх үүргийг биелүүлээгүй, гэрээний хэрэгжилт хангалтгүй, концессын гэрээ хүчин төгөлдөр болоогүй тул төсөл зогсонги байдалд орсон, концессын гэрээг хүчин төгөлдөр болгох нөхцөлийг хангах үүргээ биелүүлээгүй тул “Ч л д” ХХК-тай байгуулсан концессын гэрээг цуцлах саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр “А-У-З чиглэлийн хурдны авто замын төсөл”-ийн концессын гэрээний талаарх санал, дүгнэлтийг хүргүүлжээ.

12.Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-т “концесс эзэмшигч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болсон” тохиолдолд концессын гэрээг эрх бүхий этгээдийн санаачилгаар цуцлахаар, талуудын байгуулсан Концессын гэрээний 1.7-д “Энэхүү гэрээний талууд гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцогдох бөгөөд тухайн өдрөөс хойш 9 /есөн/ сарын дотор дор дурдсан нөхцөл бүрэн хангагдсанаар гэрээ хүчин төгөлдөр болно”, 1.9-д “Энэхүү гэрээний 1.7.2-т заасан гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлийг биелүүлэх хугацаанд концесс эзэмшигч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд эрх бүхий этгээд энэхүү гэрээг цуцална”, 6.3-д “Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу энэхүү гэрээ дуусгавар болох эсвэл цуцлагдана” гэж тус тус заажээ.  

13.Улмаар Засгийн газар 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 241 дүгээр тогтоолоор “Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй” үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан концессын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцлахыг Үндэсний хөгжлийн газрын даргад даалгасны зэрэгцээ Засгийн газрын 2017 оны “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” 351, 2018 оны “Концессын гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл биелүүлэх хугацааг сунгах эрх олгох тухай” 200 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсоноор, концессын гэрээ цуцлагджээ.  

14.Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлээд эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжийг агуулж байх учиртай.

15.Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-д “концесс эзэмшигч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болсон”, 24.2.4-д “үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцлахаар Засгийн газар шийдвэрлэсэн бол концессын гэрээг эрх бүхий этгээдийн шийдвэрээр цуцлах”-аар, талуудын байгуулсан Концессын гэрээний 1.9-д “Энэхүү гэрээний 1.7.2-т заасан гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлийг биелүүлэх хугацаанд концесс эзэмшигч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд Эрх бүхий этгээд нь энэхүү Гэрээг цуцална”, 6.3-д “Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу энэхүү Гэрээ дуусгавар болох эсвэл цуцлагдана”, 6.7-д “Хурдны авто замын төслийн санхүүжилт, зам барилгын ажлын гүйцэтгэл графикт хугацаанаас 1-ээс дээш жилийн хугацаагаар саатахад хүрвэл эрх бүхий этгээд нь энэхүү Гэрээг цуцлах асуудлыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан.

16.Монгол Улсын Засгийн газар “Ч л д” ХХК-ийг концессын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэх үндэслэлээр хүчин төгөлдөр үйлчилж байсан дээрх хууль болон гэрээний заалтуудыг үндэслэн гэрээг цуцлахтай холбоотой шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит байдалд нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” буюу илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй тул нэхэмжлэгчийн “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

17.Монгол Улсын Засгийн газар 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Концессын гэрээг цуцлах тухай” 241 дүгээр тогтоолоор 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” 351 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон нь Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 561 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2015 оны 158 дугаар тогтоолыг хүчингүй болгосонтой зөрчилдөхгүй, Засгийн газрын тогтоолын үйлчлэлийг сэргээсэн үр дагавар үүсгэхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

18.Шүүх энэ талаар зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

19.Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг батлан гаргахдаа хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Түншлэлийн гэрээ болон түүнийг дагалдан байгуулах гэрээнүүд нь тэгш эрхийн зарчимд суурилсан иргэний эрх зүйн гэрээ байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтад үл хамаарна” гэж хуульчилсан, үүнтэй холбоотойгоор захиргааны гэрээг хэрэглэж болох харилцааг тодорхойлсон  Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.3-д “төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслөөр хэрэгжүүлэхээс бусад” гэж нэмсэн, мөн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар Захиргааны ерөнхий хуулийн концессын харилцаанд гэсэн 52.2.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсон байна.

20.Энэ тохиолдолд нэхэмжлэлийн “Концессын гэрээний 1.7 дугаар зүйлийн 1.7.2 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлагыг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

21.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид нэмж төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгохоор тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 221/ШШ2024/0032 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3, 24.2.4-д заасныг тус тус баримтлан  “Ч л д” ХХК-аас Монгол Улсын Засгийн газар, Эдийн засаг, хөгжлийн яаманд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Концессын гэрээг цуцлах тухай” 241 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “...“Ч л д” ХХК-аас Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яамтай 2014 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Концессын гэрээний 1.7 дугаар зүйлийн 1.7.2 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгөөс 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг түүнд буцаан олгосугай.” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.БАТСҮРЭН

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Д.МӨНХТУЯА

                         ШҮҮГЧИД                                                       М.БАТСУУРЬ

                                                                                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                 Д.БАТБААТАР