Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 27

 


Г.Баттулгад холбогдох
эрүүгийн хэргийн талаар

226/2017/0015/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга,
Прокурор: Д.Энх-Амар,
Ялтны өмгөөлөгч: Д.Оюунбаатар,
Ялтан: Г.Баттулга нарыг оролцуулан
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзоригийн даргалж  хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3  дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Г.Баттулгын давж заалдах гомдлоор Г.Баттулгад холбогдох эрүүгийн 201723000035  дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Хэнтий аймагт 1963 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамтаар Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 5 жилийн хорих ялаар, 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ялаар, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгож, ялаас чөлөөлөгдөж байсан  гэх Боржигон овогт Гомбын Баттулга /РД:СЭ63111016/
Г.Баттулга нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнх” хүнсний дэлгүүрийн гадна байрлах автомашины зогсоол дээр байрлуулсан М.Болор-Эрдэнийн жолоодож явсан 07-70 ХЭА улсын дугаартай “Субару-Простер” маркийн автомашины буруу талын толь, хойд талын шилний арчигчийг гараараа цохин хугалж нийт 290.000 төгрөгийн хохирол учруулан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Прокурорын газраас Г.Баттулгын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар зүйлчлэн,  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овогт Гомбын Баттулгыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч Г.Баттулгыг 01 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Баттулгад оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дискийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээн, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Баттулгад авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж  тус тус шийдвэрлэжээ.
Ялтан Г.Баттулга  нь давж заалдах гомдолдоо: ... Би анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Г.Баттулга нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнх” хүнсний дэлгүүрийн гадна байрлах автомашины зогсоол дээр байрлуулсан иргэн М.Болор-Эрдэнийн жолоодож явсан 07-70 ХЭА улсын дугаартай “Субару-Простер” маркийн автомашины буруу талын толь, хойд талын шилний арчигчийг гараараа цохин хугалж нийт 290000 төгрөгийн хохирол учруулан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч М.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... “Мөнх” дэлгүүрт Баянхутаг сумын Баттулга байсан. Дэлгүүрээр орж гараад,  ээжийг  “нэг пиво аваад өгчих” гээд байсан. Гараад хартал миний машины буруу талын толийг сууриар нь хугалаад мөн арын салхины шилний шил арчигчийг хугалсан байсан. Дэлгүүрийн хяналтын камер шүүж үзэхэд Баттулга хугалж байгаа харагдсан ...гэх, /хх-20-21х/
Гэрч Ч.Байгалмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:  “Мөнх” дэлгүүрт зогсож байтал Баттулга намайг хараад “пиво авч өг” гэсэн. Би согтуу байсан болохоор нь авч өгөөгүй. Охин бид хоёр машиндаа суугаад хөдлөх гэж байтал охин гэнэт “толь хугалчихсан байна” гэж хэлсэн. Харахад машины буруу талын толийг арагш нь хуга дарчихсан, мөн арынх нь шил арчигчийг голоор нь хугалсан байсан. Тэр үед Баттулга хар дээлтэй, булган малгайтай, шар өнгийн бүстэй байсан.... гэх мэдүүлгүүд /хх-22-23 х/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-16 х/
“Вендо” хөрөнгийн хөрөнгийн үнэлгээний компаниас гаргасан №11051 автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-7х/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Г.Баттулга нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзаж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 317 дугаар зүйлийн 317.1,  325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3  дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолд:
1.”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан Г.Баттулгад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж,  Г.Баттулгын засрал хүмүүжилд хяналт тавихыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
2. Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулж болохыг,
мөн хянан харгалзах хугацаандаа захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг ялтан Г.Баттулгад  тус тус анхааруулсугай” гэж нэмж шийтгэх тогтоолын  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.


                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ДЭНСМАА
                                 ШҮҮГЧИД                                              Г.БОЛОРМАА
                                                                                                      Б.СҮХГОМБО