Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 62

 

                                        ****ад холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунболд, хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунчимэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 999 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар магадлалтай,  ****ад холбогдох 2109007801158 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунболдын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. ***********, эрэгтэй, дээд боловсролтой, хэл судлал мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 30,000 төгрөгөөр торгох ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 20,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн. 

2.Шүүгдэгч **** нь 2019 оны **** дугаар сард Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ****- **** УНЛ улсын бүртгэлийн дугаартай, хар өнгийн “Бенз Жи класс 550” загварын тээврийн хэрэгслийг “би худалдан авъя, 1 сарын дотор мөнгийг нь өгнө” гэж худал амлан бусдаар дамжуулан хохирогч ****аас авахдаа бусдын нэр дээр шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 127,206,199 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Прокуророос ****ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

3. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч ****ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ****ыг 3 жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 16,620,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон 3 жил 13 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 6 жил 13 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч ****ад нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****аас 127,206,199 төгрөгийг гаргуулж, хохирогч ****д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан WDCYC7BF4BX18 ****03 арлын, УНЛ ****- **** улсын дугаартай хар өнгийн “Бенз Жи класс” 550 маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож тухайн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч ****ийн өмчлөлд үлдээхээр шийдвэрлэжээ. 

4. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/999 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...нийт эдлэх ялын хугацааг 6 /гурав/ жил 13 /арван гурав/ хоногийн хорих ялаар тогтоосугай. ...” гэснийг “...нийт эдлэх ялын хугацааг 6 /зургаа/ жил 13 /арван гурав/ хоногийн хорих ялаар тогтоосугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэсэн байна. 

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунболд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчиж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нотлогдвол зохих гэм бурууг нотлоогүй, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсан үндэслэл бүхий нөхцөл байдлыг бүрэн нотлох, үгүйсгэх ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй, нотлох баримтад тодорхой үндэслэл байгааг хянаагүй нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2, 3-т заасныг хянаж үзээгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авсан буюу зээлээр худалдан авсан зүйлээ бусдад зарж борлуулсан атлаа үнийг нь төлөөгүй нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж дүгнэсэн нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, шүүгдэгчээс мөрдөн байцаалтын явцад нэг л удаа мэдүүлэг авсан. Гэрчээр оролцсон **** өөрийн өмчлөлийн буюу өмнөх өмчлөгч ****аас төлбөрийг бүрэн төлж худалдан авсан тухай шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсээр байхад энэ талаар мэдүүлэгт тусгаагүй, анхан шатны хэлэлцүүлгийн шатанд мөн энэ талаар мэдүүлдэг ба энэхүү нөхцөл байдлыг гэрч **** нь өөрийн өмчлөлийн машин мөн гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Мөн шүүгдэгч **** нь автомашин шилжүүлж буй ****тай үнийн талаар нэг ч тохиролцоо, хэлцэл хийгээгүйг гэрч **** гэрчилсэн. Гэрч ****тэй олон жилийн бизнесийн хамтын ажиллагаатай байсан ба барьцааны үнэт эдлэлүүдийг буцаан авах боломжгүй байгаатай холбогдуулан иргэд хоорондын хэлцэл хийж барьцааг үлдээж, зөрүүнд нь тухайн автомашиныг шилжүүлэн авах тухай хэлцэл хийснээр төлбөрийн маргаангүй гэж ойлгож явсан тухай шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэг зэргийг бүрэн үгүйсгэх, нотлох ажиллагааг хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй. Хэдийгээр шүүгдэгч шүүхэд гэм бурууд маргахгүй гэх боловч талуудын хооронд тохиролцоо байгааг гэрч үнэн зөвөөр мэдүүлэх байх гэж бүрэн итгэсэн, олон жилийн нөхөрлөлийн итгэл үнэмшилд тулгуурлаж байсан гэдгийг шүүх харгалзан үзнэ үү. Шүүгдэгч ****ын торгуулийн төлөгдөөгүй байгаа хэсгээр 3 жил 13 хоногийг биечлэн эдлүүлэхээр нэмсэн хүндрүүлэх нөхцөл үгүйсгэгдэх боломжтой юм.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлээд нотолбол зохих зүйлийг бүрэн нотлоогүй. Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч нэг удаа л мэдүүлэг өгсөн бөгөөд ингэхдээ хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн ба бид бизнесийн хамтрагч байсан, зөрүүндээ тооцож авсан талаар мэдүүлсэн. Гэтэл энэ талаар ямар нэг нотлох ажиллагаа хийгээгүй. Энэ нь нөхцөл байдлыг буруугаар ойлгож бусдад хохирол учруулсан үндэслэл бий болохоор байна. Үүгээр зохиомол байдлыг зориудаар бий болгох нөхцөл байдал үгүйсгэгдэнэ гэж үзэж байна. Нэгэнт талуудын хооронд бизнесийн харилцаа байсан, өглөг авлагын асуудал буюу тухайн автомашины үнийн дүнтэй дүйцэхүйц өглөг, авлагын асуудал байсныг шалгаж тогтоогоогүй. Хохирогч ****аас машиныг шилжүүлэн авахдаа зөвхөн ****гээс худалдаж авах асуудлыг тавихад **** ****аас очоод авчих гэж хэлсэн байдаг. Автомашиныг авахдаа өмнөх өмчлөгчтэй тохирсон асуудал байдаг. ****гээс янз бүрийн байдлаар зээл авч байсан ба 6 ширхэг хөөрөг, эмээлийг барьцаанд тавьсан гэж хэлдэг. **** нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...надтай бизнесийн харилцаа байхгүй, манай ах н.*******тай бизнесийн харилцаатай байдаг...” гэсэн хэдий ч н.******* гэх хүнээс мэдүүлэг аваагүй. Эдгээр байдлыг шүүх харгалзан үзнэ үү. ” гэв. 

6. Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар маргаан бүхий тээврийн хэрэгсэл нь ****ы өмч гэдэг нь нотлогддог бөгөөд энэ тухай баримт хэрэгт авагдсан. Мөн мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс нэг удаа мэдүүлэг авсан гэх боловч хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар ****ы өмч гэдэг нь нотлогддог. Шүүгдэгч **** Авлигатай тэмцэх газарт хандаж автомашиныг ****ы өмч биш ****гийн өмч гэж маргаж гомдол гаргадаг. Авлигатай тэмцэх газраас тухайн гомдлыг шалгаад хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд ****тай **** бизнесийн холбоогүй, үнэ ханш тохироогүй, гэрээ хэлэлцээр хийгээгүй гэдэг. Гэтэл шүүгдэгч **** нь ****д 2019 оны 03 дугаар сарын ****-ны өдөрт багтаан төлбөрийг бүрэн барагдуулна гэж гараар бичиж өгсөн байдаг.” гэв. 

7. Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүхээс ****ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүгдэгч **** нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд ****тэй харилцан тохиролцож маргаан бүхий автомашиныг авсан, уг тээврийн хэрэгслийг авахдаа ****д 6 ширхэг хөөргийг тавьсан. Уг хөөргөний үнийн дүн нь тээврийн хэрэгслийн үнийн дүнтэй дүйцэхүйц үнэтэй талаар мэдүүлж байсан. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байх тул бүрэн дүүрэн мөрдөн байцаах ажиллагаа хийгдсэний үндсэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох саналтай байна.” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

8. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунболдын гомдлыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

9. Эрүүгийн хуульд нэрлэн зааж тогтоосон нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд энэхүү хуулийн хэрэглээ нь хэргийн үйл баримтыг хэрхэн зөв сэргээн тогтоосноос хамаарч хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн оновчтой, зохистой хэмжээ тодорхойлогддог учиртай.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйл явдал, санаа зорилго, үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно. 

10. Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдгаараа өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагддаг. 

Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан бүрийг гэмт хэрэг гэж үзэхгүй боловч гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ.

11. Хоёр шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо түүнд хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүхээс шүүгдэгч ****ад холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээрийн үнэн зөв байдал, нотолгооны хэмжээ хязгаар, агуулга зэрэгт эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй дүгнэсэн байна.

Тодруулбал, шүүгдэгч **** нь 2019 оны 08 дугаар сард Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ****- **** УНЛ улсын бүртгэлийн дугаартай, хар өнгийн “Бенз Жи класс 550” загварын тээврийн хэрэгслийг бусдын нэр дээр шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 127,206,199 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримтыг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлон тогтоожээ. 

Дээрх хууль бус үйлдлийг хийхдээ шүүгдэгч **** нь хохирогчид “би худалдаж авъя, 1 сарын дотор мөнгийг нь өгнө” гэж худал амлан авсан шинжээр нь хоёр шатны шүүх шүүгдэгч бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэсэн хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчилсэн байна.

Хоёр шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа хохирогч ****, гэрч ****, ****, ****, ****, ****, ****, ****, иргэний нэхэмжлэгч **** нарын мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж байх бөгөөд хэргийн үйл баримт бүрэн, эргэлзээгүй байдлаар тогтоогджээ.

12. Гэрч ****гийн “...30,000,000 төгрөгийг ****д өгч хааяа нэг унаж хэрэглэж байсан. ...би дээрх машиныг өөрөө худалдан авах боломжгүй болсон ба **** тухайн машиныг унадаггүй болохоор энэ талаар ****д хэлж наад машиныг чинь манай нэг танил сонирхоод байна худалдан авъя гэж байна гэж хэлэхэд **** зөвшөөрч, ...Тэгээд ***** нь дээрх машиныг худалдан авахаар тохирч 1 сарын дотор уг машины төлбөрийг барагдуулах талаар надад хэлэхээр нь би энэ талаар ****д дамжуулан хэлж наад машинаа өгчих ******ын нэр дээр шилжүүлээд өгчих машины мөнгийг төлөхөөр нь би 30,000,000 төгрөгөө авъя гэж тохирсон. ...Тухайн үед **** нь ****аас 160,000,000 төгрөгөөр авъя гэж тохирсныг би дамжуулан хэлсэн. Мөн тэр хоёр хоорондоо яриагаа хийсэн. ...тухайн үед машиныг нь зарахад нь *****-ыг найдвартай хүн л гэж баталгаа гаргаж нэрээ шилжүүлчихээ л гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан байна. 

Дээрх мэдүүлэгт гэрч **** нь ****- **** УНЛ улсын бүртгэлийн дугаартай, “Бенз Жи класс 550” загварын тээврийн хэрэгслийн өмчлөгчийг нэрлэн заасан, ****ад зарахыг өмчлөгчид санал болгосон, хэрхэн уг тээврийн хэрэгслийг хэрэглэж байснаа тодорхой мэдүүлснээс гадна хохирогч ****д өгсөн мөнгөний хэмжээ, түүнийг буцаан авахаар тохиролцсон зэрэг байдал, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн архив, лавлагааны тасгийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн лавлагаанаас дүгнэвэл шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунболдын “... **** өөрийн өмчлөлийн автомашин мөн болохоо хүлээн зөвшөөрсөн...” гэх агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдол няцаагджээ. 

13. Шүүгдэгч ****ын үйлдсэн залилах гэмт хэрэг хөдөлбөргүй нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх, няцаах нотлох баримт, нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

14. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаа болон мөн хуулийн 2.2 дугаар зүйлд заасан хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтой боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах болон яллах дүгнэлт үйлдэх үед уг зохицуулалтыг хэрэглэх боломж шүүгдэгчийн бүх гэмт хэрэг илэрч тогтоогдоогүй тохиолдолд хууль сахиулагч, прокурорын хувьд хязгаарлагдмал байдаг.

Шүүгдэгч хэдийгээр хуульд зааснаар гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй боловч үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж нэг яллах дүгнэлтийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлж эрх зүйн байдлаа дээрдүүлэх хууль зүйн боломж нь гагцхүү шүүгдэгчийн хүсэл зоригоос хамаардаг болно.

Хэрэв шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу оногдуулсан ялуудыг нэгтгэж, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.

Шүүгдэгч **** нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2019 оны **** дугаар сард хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар залилах гэмт хэргийг үйлдсэн нь уг шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байх бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасан үндэслэл, журмын дагуу ****ын үйлдсэн энэ гэмт хэрэгт хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 16,620,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон 3 жил 13 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хэмжээг тогтоосныг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхгүй. 

15. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, уг хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц ялыг шүүгдэгчид оногдуулснаас гадна түүний ялуудыг нэгтгэхдээ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах тухай дээрх хуулийн 6.9 дүгээр зүйлүүдийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

Шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримтууд хэрэгт нэгэнт цугларсан байдлыг үндэслэн анхан шатны шүүх ****ын гэм бурууг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, шийтгэх тогтоолд техникийн шинжтэй алдааг зөвтгөсөн нь үндэслэл бүхий болжээ.

16. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунболдын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь: 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 999 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунболдын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

  

                        ДАРГАЛАГЧ                                       Б.АМАРБАЯСГАЛАН 

                        ШҮҮГЧ                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                     Б.ЦОГТ

                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН