Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 646

 

 

 

 

 

 

 

     2019          7             02                                     2019/ШЦТ646

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          улсын яллагч П.Даваасүрэн,

          шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Г-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709013880340 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн 1998 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн 31 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөр хангай аймгийн Баянгол сум 6-р баг Ширээ 6-4 тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны 559 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заанаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Н.Г-г,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Н.Г нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр баригдаж буй “Классик тоувэр” барилгын 7 давхарт засварын ажил хийж байхдаа иргэн Э.Түмэнгийн ажлын өрөөнөөс биет 50.000 төгрөг, Самсунг-Эс загварын гар утас G-Shock загварын цаг зэрэг эд зүйлсийг хулгайлж 324.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг бусдын эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

шүүгдэгч Н.Г шүүх хуралдаанд “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…Би тэр ажилчдын өрөөнөөс бор өнгийн түрийвчнээс мөнгийг нь аваад түрийвчийг нь үлдээсэн.…” гэсэн мэдүүлэг /хх-26/,

 

Хохирогч Э.Түмэнгийн “…2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Классик тоувэр" барилгын 7 давхарт байрлах ажлын өрөөнд байсан биет 50.000 төгрөг, спорт загварын цаг, самсунг эс-2 маркийн гар утас, зэрэг эд зүйлс алдагдсан байсан надад одоо гомдол санал байхгүй хохирлоо авсан …” гэсэн мэдүүлэг /хх-24-25/,

 

Гэрч Ц.Содбаярын “...би “Кристал таун” барилга дээр туслах ажилтан хийж байсан юм аа тэгээд 2017 оны 08 сарын 20 нд манайд шинээр цагийн ажил хийж байгаа залуу ажлаа тараад пиво уух уу гэсэн тэгээд хувцсаа солиод хамт гарсан юм пиво ууж байсан чинь нэг саарал өнгийн утас гаргаж ирсэн чи утасгүй байсан утас авсан юм уу гэсэн чинь дугарахгүй байсан. ...тэгээд маргааш нь Гурванбаатарыг хүний юм хулгайлсныг мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-12-13/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-12/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-13/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-47-48/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-53-55/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-41-42/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр баригдаж буй “Классик тоувэр” барилгын 7 давхарт засварын ажил хийж байхдаа иргэн Э.Түмэнгийн ажлын өрөөнөөс биет 50.000 төгрөг, Самсунг-Эс загварын гар утас G-Shock загварын цаг зэрэг эд зүйлсийг хулгайлж 324.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг бусдын эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Э.Түмэнгийн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Н.Гын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгч Н.Гын дээрх бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Н.Гыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Түмэн нь хохирлоо барагдуулж авсан бөгөөд тэрээр гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Гыг дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Харин шүүгдэгч Н.Г нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 559 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.  

Шүүгдэгч Н.Гын 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр баригдаж буй “Классик тоувэр” барилгын 7 давхарт засварын ажил хийж байхдаа иргэн Э.Түмэнгийн ажлын өрөөнөөс биет 50.000 төгрөг, Самсунг-Эс загварын гар утас G-Shock загварын цаг зэрэг эд зүйлсийг хулгайлж 324.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг бусдын эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирол учруулсан үйлдэл нь шүүхээр ял шийтгүүлсний дараа илэрсэн боловч энэ гэмт хэргийг өмнөх ял шийтгүүлсэн гэмт хэргүүдтэй нэгтгэн шалгахад гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй бөгөөд шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу нэгтгэж шийдвэрлэх боломжтой байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг тогтоож шийдвэрлэв.   

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гын энэ хэрэгт цагдан хоригдсон 47 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

                                               

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тус ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаар шүүгдэгч Н.Г-г 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 559 дүгээр дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гт оногдуулсан 7 сарын хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гын цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.БОЛДБААТАР