Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/00559

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00735 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ******* нарт холбогдох,

ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт 246,625,294 төгрөг, алданги 24,662,524 төгрөг, нийт 271,287,823 төгрөг гаргуулах үндсэн, ажлын доголдлыг арилган засварлаж өгөхийг *******-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагч *******-гийн өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* 100 хувийн хувьцаа эзэмшигч ******* нь *******-тай 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* тоот 581,234,232 төгрөгийн үнийн дүн бүхий ******* төслийн дотор холбоо, дохиоллын тоног төхөөрөмж нийлүүлж, угсрах ажил гүйцэтгэх гэрээ, нэмэлт гэрээг тус тус байгуулсан.

1.2. Нэмэлт өөрчлөлт №1 Дотор холбоо дохиолол, автоматжуулалтын ажил гүйцэтгэх 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 179,659,311 төгрөг, Нэмэлт өөрчлөлт №2 12 давхрын айлд автомат хөшиг суулгах ажил гүйцэтгэх үнэ 8,507,378 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч нь үндсэн гэрээ болон дээрх нэмэлт өөрчлөлтүүдийн дагуу хариуцагчид нийт 769,400,921 төгрөгийн ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. 

1.3. Хариуцагч ******* нь нэхэмжлэгчид 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүргүүлсэн албан тоотоор гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 261,625,294 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 246,625,294 төгрөгийг төлөөгүй.

1.4. Хариуцагч нар нь гэрээт ажил болох ******* барилгыг улсын комисст хүлээлгэн өгч улмаар 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт гарсан.

Өнөөдрийн байдлаар хариуцагч нар нь тус барилгыг бусдад түрээслэх замаар орлого олж, нэхэмжлэгчийн нийлүүлж суурилуулсан дотор холбоо, дохиоллын систем, хяналтын камер зэргийг идэвхитэй ашиглаж байгаа, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг бодитоор хүлээн авсан үндэслэл байхад өнөөдрийг хүртэл ажлын хөлсийг гүйцэд төлөөгүйд гомдолтой байна.

1.5. Ажил гүйцэтгэх гэрээний 10-т заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 246,625,294 төгрөгийн 10 хувь болох 24,662,529 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулна.

Иймд хариуцагч нараас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246,625,294 төгрөг, алданги 24,662,529 төгрөг, нийт 271,287,823 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, *******-д олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******-гийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь *******-тай 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* тоот ******* төслийн дотор холбоо, дохиоллын тоног төхөөрөмж нийлүүлж, угсрах ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр болон 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрүүдийн нэмэлт өөрчлөлтийн гэрээг тус тус байгуулсан.

2.2. Тус гэрээний дагуу гүйцэтгэгч ******* нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д Захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлнэ. гэж заасан үүргээ зөрчиж захиалагч талд доголдолтой үр дүн шилжүүлсэн. Доголдолтой ажлуудыг засах хүлээлгэж өгөх ажлыг ******* зохион байгуулаад явж байсан бөгөөд доголдолтой ажлуудыг засаж албан ёсоор акт үйлдэж, бүрэн дуусгаж өгөөгүй. Хариуцагч *******-гийн зүгээс ажилтнуудаараа дамжуулан дутуу, доголдолтой, дуусаагүй ажлуудаа дуусгаж өгөхийг удаа дараа шаардаж албан бичиг явуулсан боловч хариу өгөөгүй тул утас, и-мэйлээр хүртэл удаа дараа мэдэгдсэн.

2.3. 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот гэрээний 4.5, 4.6-д талуудын үүргийг тодорхой заасан. Гэтэл үүргээ биелүүлээгүй байж төлбөр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ******* тайлбар, татгалзлын агуулга:

3.1. ******* , ******* нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* тоот ******* төслийн дотор холбоо, дохиоллын тоног төхөөрөмж нийлүүлж, угсрах ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн нэмэлт өөрчлөлт, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нэмэлт гэрээг тус тус байгуулагдсан. Уг ажил гүйцэтгэх гэрээгээр ******* нь ямар нэгэн үүрэг хүлээхгүй бөгөөд тус гэрээ нь зөвхөн ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан.

3.2. ******* нь ******* барилгыг түрээслэх, түрээслүүлэх үйл ажиллагааг менежментийн гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг. Тус барилгын барилга угсралтын ажилд ******* ямар ч хамааралгүй.

Манай барилгыг түрээсэлдэг айлууд бидэнд удаа дараа дутуу хамгаалалт, дохиоллын систем, төхөөрөмжүүдийг ажиллагаанд оруулах тухай гомдол мэдүүлсний үндсэн дээр тус ажлын гүйцэтгэгч *******-д хандан доголдол, төхөөрөмжийг бүрэн суулгах талаар хандсан боловч *******-ийн зүгээс ямар ч үйлдэл хийгээгүй.

3.3. Бидний зүгээс *******-д хандан ******* тэй байгуулсан ******* барилгын ажлыг гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн хэрэгжүүлж, бидний ажилд хүндрэл учраад байгаа байдлыг арилгаж өгөхийг удаа дараа мэдэгдсэн. *******-ийн зүгээс үлдсэн ажлуудаа дуусгана гэсэн.

Иймд ******* нь ******* *******-ийн хооронд байгуулагдсан ******* төслийн дотор холбоо, дохиоллын тоног төхөөрөмж нийлүүлж, угсрах ажил гүйцэтгэх гэрээний аль нэг талд нь эрх, үүрэг, хариуцлага хүлээн гэрээний нэг тал болж оролцоогүй тул энэхүү гэрээнээс үүдэлтэй маргаан манай компанид хамааралгүй болно гэжээ.

4. Хариуцагч *******-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: ******* нь *******-тай 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* тоот ******* төслийн дотор холбоо, дохиоллын тоног төхөөрөмж нийлүүлж, угсрах ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн нэмэлт өөрчлөлт, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нэмэлт гэрээг тус тус байгуулсан. Тус гэрээний дагуу гүйцэтгэгч ******* нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д Захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлнэ. гэж заасан үүргээ зөрчиж захиалагч талд доголдолтой үр дүн шилжүүлсэн. Иймээс өөрийн зардлаар засварлаж хүлээлгэн өгөхийг *******-д даалгаж өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь зааснаар хариуцагч ******* , ******* нарт холбогдох 271,287,823 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар ажлын доголдлыг арилган засварлаж өгөхийг *******-д даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ******* нь татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,516,889 төгрөг, *******-гийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно. Учир нь анхан шатны шүүх ...нэхэмжлэгчийг гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн гэж үзэхгүй., ...Нэхэмжлэгч ******* нь энэхүү ажлын үр дүнгийн доголдлыг баримтаар үгүйсгээгүй тул ... гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж тус тус дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дараах үндэслэлээр үнэлж чадаагүй гэж үзэж байна.

6.2. ******* болон ******* нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* төслийн дотор холбоо, дохиоллын тоног төхөөрөмж нийлүүлж, угсрах ажил гүйцэтгэх гэрээ, 2016 болон 2017 онуудад нэмж ажил гүйцэтгэхээр нэмэлт гэрээг тус тус байгуулсан. ******* гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж холбогдох эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн болох нь 1 дүгээр хавтасны 121 дүгээр талд авагдсан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2017/143 дугаартай улсын комиссын акт болон ******* -******* тоот гэрээт ажлын актын Хавсралт (Б)-д Ажиллагааг шалгаж туршилт хийсэн байдалд тоон галын дохиоллын хаяглагддаг систем, хяналтын камерын систем, зорчигч лифтний нэвтрэх хяналтын систем аваарын хаалга, машины лифтний нэвтрэх хяналтын систем, гэрийн театрын кабелыг туршиж ямар нэгэн доголдол гараагүйг талууд баталсан. Мөн ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн 7-д Зөвлөх инженер нь ******* байна гэж заасан. Зөвлөх инженер ******* нэмэлт гэрээний нэг тал болж гарын үсэг зурсан бөгөөд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлуудыг хүлээн авсан.

Барилга байгууламжийг улсын комисс хүлээн авснаас хойш хариуцагч ******* ******* орон сууцны барилгыг өөрийн өмчлөлдөө авч, бусдад түрээслэн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд ашиглалтын үйл ажиллагааг *******-д хариуцуулсан гэжээ. Өнгөрсөн хугацаанд ******* нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын чанарын доголдлын талаар гомдол гаргаагүй бөгөөд гомдол гаргасан тухай нотлох баримт хэргийн материалд байхгүй. ******* орон сууцны барилгыг ашиглагч гэх ******* ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой захидал бичиж байсан бөгөөд тохируулга хийх, шаардлагатай засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх талаар нэхэмжлэгчтэй хамтран ажилласан. *******, ******* тэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх саналыг гаргаж байсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлнө гэдэг итгэлийг нэхэмжлэгчид бий болгосон. ******* орон сууцны барилгыг 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа боловч гэрээгээр гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй гэж, хүлээлгэж өгөөхүй учраас гомдлын шаардлага гаргаагүй гэж тайлбарлах нь Иргэний хуульд нийцэхгүй. ******* гомдлын шаардлагаа Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй.

6.3. Анхан шатны шүүх ******* барилгын ажлын гүйцэтгэл нь доголдолтой байсан болох нь гэрч *******, ******* нарын мэдүүлэг, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй. Хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн захирал ******* болон хамтран хариуцагч ******* инженер *******, ******* нарын хооронд 2018 оноос 2019 оны 09 дүгээр сарын хооронд харилцаж байсан цахим шууданд үзлэг хийсэн. Гэвч уг үзлэгийн тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримт болохгүй. Иймээс үүргийн гүйцэтгэл доголдолтой бол доголдлыг арилгах шаардлага гаргах эрхийг хамтран хариуцагч *******-д олгосон гэх баримт байхгүй. Тус компани нь зөвхөн төлбөрийг хуваарь гарган төлөхөөр нэхэмжлэгчийн өмнө амлалт өгсөн албан бичгийг гаргаж өгсөн.

Цахим шууданд дурдсан ...ажлыг яаралтай дуусгах, ...зарим айлын хаалганы цоож ажиллахгүй байгаа..., .....айлын домофон ажиллахгүй байна гэх мэдээлэл нь гэрээний үүргийн гүйцэтгэл доголдолтой байсан гэдгийг нотлохгүй. Учир нь хэвийн ашиглалтын нөхцөлийг хангаагүй тохиолдол, мөн түүнчлэн байнгын арчилгаа, засвар үйлчилгээг тогтмол хийгээгүй тохиолдолд хэвийн ажиллагаа, тохиргоо алдагдах, өмнө нь ажиллаж байсан хаалганы цоож, домофон ажиллахгүй болох тохиолдол гардаг гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарладаг. Мөн шинжээч ******* 2024 онд үзлэг хийсэн бөгөөд өөрийн гаргасан дүгнэлтдээ доголдол үүссэн шалтгааныг тохируулга алдагдсан гэж тэмдэглэж, гүйцэтгэгч байгууллагын суурилуулсан тоног төхөөрөмжүүдийн хоорондын ажиллагааны уялдаа холбоо алдагдсанаас үүссэн, мастер дуудлагын хонох дутуу суугдсанаас үүдсэн гэж дүгнэсэн байдаг. Шинжээчийн дүгнэлт нь өмнө ажилласан байсан, улмаар ашиглалтын явцад уялдаа холбоо, тохируулга алдагдсан болохыг илэрхийлж байна. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт нь хуульд үндэслээгүй, бодит байдалд нийцээгүй.

6.4. Анхан шатны шүүх хуралдаанд талуудын тэгш эрхийг хангаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч миний бие хоёр өмгөөлөгчийн хамт оролцсон. Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш учир зөвхөн хууль зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор шүүх хуралдаанд оролцож холбогдох хууль зүйн үндэслэл, тайлбар гаргасан. Харин хариуцагч нараас зөвхөн өмгөөлөгч нар оролцож, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байр сууринаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хэргийн оролцогчийн нэгэн адил тайлбарыг гаргасан. Манай өмгөөлөгч нар хэргийн үйл баримтын талаар эсхүл хариуцагчийн өмгөөлөгч нарын асуултад хариулахад туслалцаа үзүүлэх гэсэн боловч шүүгчээс шууд хориглож, зөвхөн хууль зүйн дүгнэлтээ хэлэхийг шаардаж шүүх хуралдааныг удирдсан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох зарчмыг зөрчсөн үйлдэл бөгөөд анхан шатны шүүх хуралдаан хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэхгүй.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ******* тайлбарын агуулга: 2017 онд ******* барилгын үйл ажиллагаа, ашиглалт хариуцсан компани байгуулагдсан. Гомдолд дурдагдсан *******, ******* нарын цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэл үйлдэгдээгүй гэж нэхэмжлэгчийн ярьж байгаа нь үндэслэлгүй, үзлэгийн тэмдэглэл хэрэгт авагдсан тул үүнийг давж заалдах шатны шүүх харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Шинжээчийн дүгнэлтээр тохируулга алдагдсан тухай дүгнэлт гарсан гэж нэхэмжлэгчээс тайлбарласан. 2020 онд ******* нь доголдолтой тоног төхөөрөмжийг засах хүсэлт гаргаснаар камерын хяналтын систем болон ухаалаг дэлгэцийг ажиллахгүй байгааг хүлээн зөвшөөрсөн. Тухайн 5 дугаар давхрын 501, 502, 503 тоот байрнуудыг хүлээлгэж өгсөн актуудаас харахад ажиллахгүй байсан тоног төхөөрөмжүүдийг салгаж авч явсан нь тэмдэглэгдсэн. Хариуцагч ******* нь мэргэжлийн хүн биш байсан тул ******* инженер Б.Эрдэнэтулга нэхэмжлэгч талын хүлээлгэж өгсөн ажлуудыг хүлээж авсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******-гийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд 3 удаа гэрээ хийгдсэн. Тус гэрээнд нэхэмжлэгч тал гүйцэтгэсэн ажил, үйлчилгээг ажил хүлээлцэх актаар хүлээлгэж өгөх тухай заалт байдаг. Зөвлөх компанид хүлээлгэж өгөх тухай заалт байхгүй. Гэрээний 13 дугаар зүйлийн тусгай нөхцөлд зааснаар захиалагч талд ажил, үйлчилгээг ажил хүлээлгэж өгөх актаар хүлээлгэж өгснөөр баталгаат хугацааг тоолж эхлэх тухай нарийвчлан зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч тал барилгыг улсын комисс хүлээж авсан актаар ажлаа хүлээлгэж өгсөн гэж тайлбарлах нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийн эрх, үүргийг тусгасан. Тус зөвлөх компани нь нэхэмжлэгч талыг гэрээнд заагдсан үүргээ гүйцэтгэхэд хяналт тавих үүрэгтэй. Харин захиалагч талыг төлөөлөн ажил хүлээж авах эрх гэрээнд тусгагдаагүй тул нэхэмжлэгч талын дурдсан ажил хүлээлгэж өгсөн актууд хуулийн шаардлага хангахгүй байна. Хэрэгт *******, ******* нараас авсан гэрчийн мэдүүлэг нотлох баримтаар авагдсан бөгөөд нэхэмжлэгч талын хүлээлгэж өгсөн ажил чанарын шаардлага хангаагүй талаар гэрчийн мэдүүлэгт дурдагдсан байдаг. Цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэлд нэхэмжлэгч тал тоног төхөөрөмжийн доголдолтой байдлыг хүлээн зөвшөөрсөн нь тодорхой харагддаг ч доголдлыг одоог хүртэл засаагүй нь хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хуралдааны явцад үзлэгийн тэмдэглэлтэй холбоотой санал, гомдол гаргаагүй бөгөөд үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтаар шинжлэн судлуулж байсан ч давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа үзлэгийн тэмдэглэл нотлох баримтын шаардлага хангаагүй гэж тайлбарлах нь үндэслэлгүй. Тусгайлсан нөхцөл бүхий гэрээний дагуу баталгаат хугацааны дотор гомдол гаргаагүй гэж нэхэмжлэгч тал тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд ажил хүлээлцэх актаар албан ёсоор ажил хүлээлгэж өгөөгүй тул баталгаат хугацаа тооцох боломжгүй. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 246,625,294 төгрөг, алданги 24,662,529 төгрөг, нийт 271,287,823 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч ажлын доголдлыг арилган засварлаж өгөхийг *******-д даалгахаар сөрөг нэхэмжлэл гарган, зохигчид харилцан маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь ажлын доголдлыг арилган засварлаж өгөхийг *******-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцжээ.

 

3. ******* , ******* нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15/1015 дугаартай ******* төслийн дотор холбоо дохиоллын тоног төхөөрөмж нийлүүлж угсрах ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн ******* орон сууц, үйлчилгээний барилгын дотор холбоо дохиоллын тоног төхөөрөмж нийлүүлж, угсрах ажлыг хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, энэ гэрээний хавсралтуудад заасан шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэх тохирсон хөлс төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх10-19, 25-31/

Улмаар талууд 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дээрх 15/1015 дугаартай гэрээнд №1 дотор холбоо дохиолол, автоматжуулалт болон №2 02-12 давхарын айлд автомат хөшиг суулгах, нийт 769,400,921 төгрөгийн хөлстэй ажлыг гүйцэтгэхээр нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсан байна. /1хх-39, 40/

4. Анхан шатны шүүх ******* , ******* нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, харин нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-тай ямар нэгэн гэрээний харилцаанд ороогүй гэж зөв дүгнэжээ.

Тодруулбал, ******* нь *******-тай гэрээ байгуулаагүй, эрх зүйн харилцаанд оролцоогүй, гэрээнд оролцсон байдал тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хариуцагч *******-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

5. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу ажил гүйцэтгэгдсэн талаар зохигч маргаагүй, харин гүйцэтгэсэн ажил доголдолтой эсэх талаар маргажээ.

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад зөв дүгнэлт өгч чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэгч ******* нь ******* орон сууц, үйлчилгээний барилгын дотор холбоо дохиоллын тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах ажлыг ******* тоот ажил гүйцэтгэх гэрээ, нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр тохирсон хугацаанд хийж гүйцэтгэж, ажил тус бүрийг захиалагч тал хүлээн авсан болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2017/143 дугаар акт, барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэлүүд, 2016 оны 05 дугаар сарын 09-ний №15 далд сувагчлалын ажил, туршилт хийж туршсан акт, нэмэлт өөрчлөлт №2-ийн автомат хөшиг суулгах ажил гүйцэтгэсэн акт, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №12 дугаар Теле хяналтын системийн угсралтын ажил хүлээлцсэн акт, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №2 дугаартай Галын дохиоллын системийн угсралтын ажил хүлээлцсэн акт, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ******* тоот гэрээний ажлын нэгдсэн актаар суурилуулалт ба угсралтыг шалгаж хүлээлцсэн акт, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ******* төслийн 7 давхарт байрлах айлын хэсгийн автоматжуулалтын системыг хүлээлгэн өгсөн акт, *******, *******, ******* нарын хооронд харилцсан и-мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогджээ. /1хх121-125, 219-221, 223-225, 227-230, 232-237, 239-245, 2хх10-21, 22-24, 25-28, 42-54/

Мөн, түүнээс хойш 4 давхрын 401, 402, 403 тоот, 5 давхрын 501 тоот, 7 давхрын 701, 702 тоот байр зэрэг зарим түрээслэгчдийн тоног төхөөрөмжид доголдол илэрснийг гүйцэтгэгч нь арилгаж байсан талаар зохигчдын тайлбар, тэдний эрх бүхий ажилтнуудын харилцсан и-мэйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна.

7. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний ерөнхий нөхцөлийн 2.1-д Захиалагч нь энэ гэрээнд заасан эрх үүргээ захиалагчийн хяналт буюу зөвлөхөөр дамжуулан хэрэгжүүлж болно. Зөвлөх нь энэ гэрээнд захиалагчийг төлөөлөн харилцах эрхтэй байна. гэж заасан. Мөн гэрээний тусгай нөхцөлийн 7-д зөвлөх инженер нь ******* байна гэж заасан. Иймээс захиалагч *******-гийн өмнөөс зөвлөх инженер буюу ******* гэрээт гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан байх тул Иргэний хуулийн 211 дүгээр зүрйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан эрх бүхий этгээдэд ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгсөн гэж дүгнэнэ.

Тодруулбал, захиалагч нь зөвлөх инженер ажиллуулсан байх бөгөөд зөвлөх инженер нь захиалагчийн өмнө үүрэг хүлээх учир хариуцагчийн ...зөвлөх инженер ******* ажлыг хүлээн авах эрхгүй гэх татгалзал үндэслэлгүй.

8. Дээрх байдлаар хариуцагч ******* нь барилгыг бодитойгоор байнгын ашиглалтад авсан үйл баримт тогтоогдсон байхад анхан шатны шүүх түүнээс хойш 7 жилийн дараа буюу 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаргасан шинжээч *******-ийн хийсэн ...дурдсан системүүдийн гологдол, гүйцэтгэгч байгууллагын суурилуулсан тоног төхөөрөмжүүдийн хооронд ажиллагааны уялдаа холбоо алдагдсанаас үүссэн, мастер дуудлагын хянах дутуу суугдсанаас үүссэн гэх дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж заасантай нийцэхгүй байна.

Хариуцагч буюу захиалагч ******* нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн буруутай байна.

Мөн талууд ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн 10 дугаар зүйлд хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувиар алданги тооцох, алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.5, 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* гээс ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 246,625,294 төгрөг, алдангийг 10 хувиар тооцож 24,662,529 төгрөгийг тус тус шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзахдаа нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж шийдвэр гаргаагүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч ******* гээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 246,625,294 төгрөг, алданги 24,662,529 төгрөг, нийт 271,287,823 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулав.

Мөн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлтийг оруулна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шүүх шийдвэр гаргахдаа талуудын шүүх хуралдаанд тэгш оролцох зарчмыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00735 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* гээс 271,287,823 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *******-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* гээс улсын тэмдэгтийн хураамжид 1,514,889 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-ийн урьдчилан төлсөн 1,514,889 төгрөг, хариуцагч *******-гийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,514,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ЦОГТСАЙХАН