| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0649/Э |
| Дугаар | 652 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 652
2019 7 03 2019/ШЦТ/652
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
улсын яллагч С.Эрдэнэтуяа,
өсвөр насны шүүгдэгч А.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Я.Пүрэвсүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Х-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909015990482 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Гандийн нэрэмжит үйлдвэр урлалын политехникийн коллежийн 2 курст суралцдаг, ам бүл 4 эцэг, эх дүү нарын хамт, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зээлийн 1 дүгээр гудамж 32в тоотод оршин суух хаягтай,
2016 оны 12 дугаар сарын 15-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, А.Х-г,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өсвөр насны шүүгдэгч А.Х нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүрд худалдааны төв дотор хохирогч Б.Баярбилэгтийг гар утсаа өгчих ахдаа үзүүлээд хүрээд ирье хэмээн хуурч, түүнийг төөрөгдөлд оруулж, самсунг нөте-5 маркийн гар утсыг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Х шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…надад мөнгөний хэрэг гараад би залилах гэмт хэрэг үйлдэх болсон. Би ганцаараа гэмт хэрэг үйлдсэн. Намайг хохирогчийн гар утсыг авах гэж байгаа талаар Бөхбат мэдээгүй, би Сансар 32 худалдааны төвийн гадаа үлдээчхээд явсан юм. Хохирогчийн гар утас нь шардуу өнгийн сасмунг нөте 5 загварын гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх-5-6/,
Хохирогч Б.Баярбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...фейсбүүк хаяг нь дээрээ өөрийн эзэмшлийн самсунг нөте-5 загварын гар утсаа зарна гээд зар тавьсан байсан юм. Тэгээд 14.51 минутад Баатраа Алтанхуяг гэх фейсбүүк хаягаас үнэ зургаа очоод авъя гээд бичихээр нь өөрийн утасны дугаараа өгөөд холбогдох гэтэл 80601828 дугаараас залгаад “Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Сансар 32 супер маркетад ирчихлээ эгээд ярихаар нь би 17:00 цагийн үед найз Энхсаруултай хамт такси барин очтол Сансар-32 супер маркетын баруун талд зогсож байсан үл таних залуу бид хоёр луу сэжиг бүхий хараад байсан тэгтэл Сансар-32 супер маркетын зүүн талд зогсож байсан залуу хүрч ирээд утас зарах гэж байгаа хүн мөн үү гээд асуухаар нь тийм гээд хэлтэл за би ийшээ сансар 32 маркет руу ороод хүнтэй уулзаадахъя та 2 байж байгаарай гэхээр хүлээгээд байж байтал утас авах гэж байгаа залуу нь гарч ирээд Бүрд худалдааны төвд таньдаг ахаасаа мөнгө аваад өгий гэж хэлээд бид 3 Бүрд худалдааны төв рүү алхаж яваад 1 давхарт ортол "утсаа өгчих ахдаа үзүүлээд хүрээд ирье та 2 хүлээж байгаарай гэхээр нь би араас нь дагаад явж байтал над руу хойшоо эргэж харснаа байж бай гэхээр нь би араас нь дагаад явж байтал над руу хойшоо эргэж харснаа цаашаа гүйгээд явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Гэрч Х.Бөхбатын “...Баатараа надад 2 охин ирж байгаа уулзаадхая манай найз охин байгаа юм, би хичээлдээ яваагүй гэж утсаар хэлсэн болохоор дэвтэртэй цүнх аваад байж бай гэхээр нь би за гээд тэгээд найз Баатараа нэгж алга гээд миний өөрийн эзэмшлийн утсыг авч яваад түц рүү очиж нэгж аваад буцаж ирээд байж байхад нь үл таних 2 эмэгтэй хүн ирэнгүүт нь Баатараа өөдөөс очоод юм ярьж байгаад хамтдаа ертөнцийн зүгээр урагшаа алхсан тэгэхэд нь би араас нь дагаж байсан. Тэгээд алхаад явж байтал трактор байдаг зогсоолын хажуугаар өнгөрөөд явтал тэр 2 байхгүй байсан тэгээд тэр хавиараа нэлээд хайгаад байж байтал Лорд пс-ний урд үл таних залуу намайг боогоод “Хүүхдийн утас аваад ир хамт явж байсан залуу чинь авчихлаа” гээд машинд суутал тэр 2 охин байсан тэгээд цагдаа дуудсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-33/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/, Дамно ХХК-ийн үнэлгээ /хх-23-24/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-50-51/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Өсвөр насны шүүгдэгч А.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүрд худалдааны төв дотор хохирогч Б.Баярбилэгтийг гар утсаа өгчих ахдаа үзүүлээд хүрээд ирье хэмээн хуурч, түүнийг төөрөгдөлд оруулж, самсунг нөте-5 маркийн гар утсыг шилжүүлэн авч залилсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Баярбилэгийн мэдүүлэг, Дамно ХХК-ийн үнэлгээ, өсвөр насны шүүгдэгч А.Хын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Өсвөр насны шүүгдэгч А.Хын 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүрд худалдааны төв дотор хохирогч Б.Баярбилэгтийг гар утсаа өгчих ахдаа үзүүлээд хүрээд ирье хэмээн хуурч, түүнийг төөрөгдөлд оруулж, самсунг нөте-5 маркийн гар утсыг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй дүгнэв.
Өсвөр насны шүүгдэгч А.Хын дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Баярбилэгтэд 230.000 төгрөгийг хохирол учруулсан бөгөөд шүүгдэгчээс 230.000 төгрөгийн хохирлыг гаргуулан олгох нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч А.Хын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч А.Х нь өсвөр насны буюу 17 настай байх бөгөөд тэрээр Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тул түүнд Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг баримтлан, Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Ингэхдээ түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2, 18.3, 18.10, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Х-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж ,1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Хт мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.2-т заасан “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Хаас 230.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Баярбилэг (РД:УШ99042206)-т олгосугай.
5.Өсвөр насны шүүгдэгч А.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР