Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 544

 

 

   2019        06          05                                   2019/ШЦТ/544

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,

Улсын яллагч: Г.Цогтгэрэл,

Хохирогчийн нарын өмгөөлөгч: Ш.Бат-Эрдэнэ

Шүүгдэгч: Г.Ө, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” зааланд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ө-д холбогдох эрүүгийн   хэргийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 02-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн  бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дархан аймгийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Дархан аймгийн сум дундын шүүхийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 240 дүгээр зүйлийн 240.3 дахь хэсэгт зааснаар нийт 3 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж 1998 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан,

2006 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 371 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, Г.Ө

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Ө нь 2019 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  Улсын нэгдсэн 1 дүгээр эмнэлэгийн 5 давхарт хүлээлгийн танхимд унтаж байсан хохирогч Д.Хоролмаагийн цүнхнээс 510.000 төгрөгийн үнэлгээ бүхий Делл маркийн нөтбүүк, 160.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг эс-5 загварын гар утас, хохирогч Д.Цэрэндолгорын цүнхнээс нийт 247.000 төгрөгийн үнэлгээ бүхий повер банк, хуучин гар утас, биет 200.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсны улмаас нийт 917.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ө мэдүүлэхдээ: “...2019 оны 1 дүгээр сард Багшийн дээд дээр явж байгаад даараад 1 дүгээр эмнэлэг рүү дулаацах гэж орсон. Би эмнэлэг рүү ороход цонхны тавцан дээр нөүтбүүк тавьсан байсан. Тэгээд би Спортын төв ордны урд настай эрэгтэй хүнд 200.000 төгрөгөөр зарсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Г.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Г.Ө нь 2019 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  Улсын нэгдсэн 1 дүгээр эмнэлэгийн 5 давхарт хүлээлгийн танхимд унтаж байсан хохирогч Д.Хоролмаагийн цүнхнээс 510.000 төгрөгийн үнэлгээ бүхий Делл маркийн нөтбүүк, 160.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг эс-5 загварын гар утас, хохирогч Д.Цэрэндолгорын цүнхнээс нийт 247.000 төгрөгийн үнэлгээ бүхий повер банк, хуучин гар утас, биет 200.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсны улмаас нийт 917.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Ө нь гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч Д.Хоролмаа, хохирогч Д.Цэрэндолгор нарт бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх тул Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь зөв байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Ө-ыг гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үнэлж, гэм бурууг шийдвэрлэх үндэслэлтэй. 

 

Эрүүгийн   хэргээс:

            Хохирогч Д.Хоролмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 01 сарын 16-ны орой 19 цагт 1-р эмнэлэг дээр ирсэн. 20 цагийн үед зөөврийн нөтбүүк гаргаж ажлаа хийгээд 01 цагийн үед унтсан. Унтахаасаа өмнө нөүтбүүкээ цүнхэндээ хийгээд цонхны дэргэд тавьсан. Өглөө 04 цагийн үед манай дүү Цэрэндолгор намайг сэрээгээд “эгчээ мөнгө алга болчихлоо” гэж хэлсэн. Би цүнхээ шалгаж үзтэл дотор нь байсан нөүтбүүк маузын хамт алдагдсан байсан. Мөн Самсунг эс-5 гар утас алдагдсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

Хохирогч Д.Цэрэндолгорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 01-р сарын 17-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 1-р эмнэлэгийн 5-р давхарт төрсөн ахыгаа сахиж байх үедээ цүнхнээсээ эд зүйлээ хулгайд алдсан.  Би тухайн үед ...цүнхний байршил өөрчлөгдсөн байхыг хараад шалгаад үзтэл ...200.000 төгрөг, гар утасны повер банк, хятад улсад үйлдвэрлэгдсэн товчлууртай хар өнгийн гар утас зэрэг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт: /хх-ийн 7-8 дугаар хуудас/

 

“Дамно” компанийн “... Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 01 сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 247.000 төгрөг /хоёр зуун дөчин долоон мянган төгрөг/-р үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан / хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

“Дамно” компанийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцээлалтын аргаар 2018 оны 01 сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 670.000 төгрөг / Зургаан зуун далан мянган төгрөг/-р үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-33 дугаар хуудас/,            

           

            Яллагдагч  Г.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө ...Багшийн дээд сургуулийн урд талын саадаар тэнж архи ууж явж байгаад Улсын 1 дүгээр эмнэлэгийн 6-н давхарт гарч коридорт нь унтаж байгаад шөнө дундын үед сэрээд бие засахаар доод талын 5-н давхарт шатаар бууж ирэхэд коридорын цонхны хажуу талын цэнхэр өнгийн сандал дээр унтаж байсан хүний хажууд очиход цонхны тавцангийн хэсэгт тавьсан байсан цүнхнүүдээс “Делл” маркийн нөүтбүүк 1 ширхэг, “Самсунг эс-5” маркийн гар утас 1 ширхэг, мөн биет байдлаар 200.000 төгрөг, хуучин хар өнгийн жижиг гар утас 1 ширхэг, утасны цэнэглэгч буюу повер банк 1 ширхэг зэрэг эд зүйлийг аваад тэндээс гарч Багшийн дээд сургуулийн баруун талын автобусны буудал дээр ирээд нөүтбүүкийг нь таксинд явж байсан зүс танихгүй хүнд 200.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд тэндээс шууд такси барьж яваад буудалд очиж хоноод архи дарс хэрэглээд хоол унд авч идээд мөнгийг үрээд дуусгасан. ...тухайн үед надад байсан “Самсунг эс-5” маркийн гар утас Хятад улсад үйлвэрлэсэн хар өнгийн гар утас, повер банк зэргийг дараа нь согтуу явж байхдаа хаячихсан байсан  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Иймд шүүгдэгч Г.Ө-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

            Эрүүгийн   хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

            Гэрч Ц.Алтантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөрбатын хувьд дуу цөөтэй төлөв томоотой хүн боловч архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэдэг тодорхой эрхэлсэн ажил төрөл байхгүй тэнэмэл маягаар гудамжаар хэсч орц хонгилоор амьдардаг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Ял шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/, 2006 оны 09 дугээр сарын 4-ний өдрийн  дугаар 371 дэх шийтгэх тогтоол /хх-ийн 57-59 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Ө-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч Г.Ө-ын үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны  Шүүгчийн захирамжаар цагдан хоригдсоноос хойш шүүх хуралдаан хүртэл 48 хоног урьдчилан цагдан хоригдсон байх тул ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-с 917.000 төгрөг гаргуулж хохирогч                              Д.Хоролмаад 670.000 төгрөг, хохирогч Д.Цэрэндолгорт 247.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ө-аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2  дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ НЬ:

 

1. Г.Ө-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-ыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Г.Ө-д оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-ын цагдан хоригдсон 48 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Г.Ө-аас 917.000 төгрөг гаргуулж хохирогч                           Д.Хоролмаа /РД:ЗЮ63111962/-д 670.000 төгрөг, Хохирогч Д.Цэрэндолгор /РД:ЗЮ69091704/-д 247.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ө-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.ТӨМӨРХҮҮ