| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 102/2024/05019/И |
| Дугаар | 210/МА2025/00560 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00560
*******-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/00541 дугаар шийдвэртэй,
нэхэмжлэгч *******-гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч *******-т холбогдох,
2,440,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******-т 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бэлэн хувцас, тавилга эд хогшлыг нийт 2,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. ******* нь 2,440,000 төгрөгийн үнэтэй бараа, тавилгуудыг авч явсан. Тэрээр сонгуульд ажиллаад, урамшууллын 3,000,000 төгрөг аваад мөнгийг төлнө гэж тохирсон. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Одоо утсаа авдаггүй, гэрээр нь очихоор хаалгаа тайлдаггүй. Иймд 2,440,000 төгрөгийг хариуцагч ******* аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь Баянгол дүүргийн ******* дугаар хороонд СӨХ-ны байцаагч ажил эрхэлдэг байсан. Би түрээслэх ажлын байр олоод өгөөч гэсэн чинь миний нэхмэлийн машиныг авья гэж өөрөө хүсэлт тавьсан. Тэгэхээр нь би хуучин тавилгаа сольё гэж тохиролцсон. Энэ бүгдийг өөрөө зөвшөөрсөн гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* аас 2,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* д олгож, нэхэмжлэлээс үлдэх 240,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аас улсын тэмдэгтийн хураамжинд 54,054 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүх зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн хүсэлтээр асуусан гэрч *******-ы мэдүүлэг, хариуцагчийн гаргаж өгсөн *******-ийн тодорхойлолтыг үндэслэн дүгнэхдээ талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн. Нэхэмжлэлийн шаардлагад байгаа гэрийн тавилга буюу 2,000,000 төгрөгт холбогдох хэсэгт байгаа хөрөнгийг нэхмэлийн машинаар арилжах буюу Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийгдсэн болох нь тогтоогддог. Хариуцагч одоог хүртэл нэхмэлийн машинаа өгөхөөр хадгалж байгаа гэж тайлбарласан, нэхэмжлэгчийн тайлбараар ч энэ харилцааг үгүйсгээгүй.
4.2. Шүүх хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэх тайлбарыг шийдвэрийн үндэслэл хэсгийн 11-д ...шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, 12-т ...хариуцагч 2023 оны шинэ жилээр тааралдсан. Төлбөрт нэхмэлийн машин өгөхийг зөвшөөрч маргаагүй гэж тайлбарласан тул хэлцлийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, шаардлага гаргах эрхээ алдаагүй байна гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.
4.3. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хөрөнгө 2,000,000 төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний хөрөнгө байсныг нэхэмжлэгч нотлоогүй. Талуудын хооронд үүссэн харилцааны дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид хэлцлээр тохирсон нэхмэлийн машиныг өгөхөд татгалзахгүй бөгөөд мөнгөн дүнгээр төлөхийг зөвшөөрөхгүй. Бидний арилжсан зүйл 2,000,000 төгрөгийн хэмжээнд хүрэхгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, бичгээр хийгээгүй. Мөн бартер хийх талаар тохиролцоогүй. 4 нэхмэлийн машиныг хараагүй учраас ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, сонгуульд ажилласан мөнгөө аваад үнийг төлнө гэж тохиролцсон учраас гэрийнхээ тавилгыг өгөөд явуулсан. Хувцас шинэ байсан талаар гэрч мэдүүлсэн. Хариуцагчийн гэрт удаа дараа очсон, утас нь холбогддоггүй байсан. Шинэ жилээр очоод уулзахад би төлнө, мэдэж байгаа гэж хэлсэн. 2020 оны 10 дугаар сард буюу орон нутгийн сонгуулийн үеэр манай гэрийн тавилгыг аваад явсан. Тавилгын үнийг бэлэн мөнгөөр төлнө гэж тохирсон гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,440,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлээ ...төлбөрийг бэлэн мөнгөөр бус, 4 ширхэг сүлжмэлийн машин өгөхөөр тохиролцсон гэж тайлбарлан, маргажээ.
3. Нэхэмжлэгч ******* нь 2019 онд 4 хаалгатай шкаф, чулуун тавцантай ширээ, зөөлөвчтэй арьсан сандал, оёдлын машин, индүү, гоо сайханы ширээ, толь зэрэг 7 нэр төрлийн эд хөрөнгийг хариуцагч *******-т худалдах, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон нь зохигчдын тайлбар, гэрч *******-ы мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ.
4. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.
5. Дээрх гэрээний дагуу ******* нь *******-т 7 нэр төрлийн тавилга шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид худалдан авсан зүйлийн үнийг төлөөгүй үйл баримт хэргийн баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон.
6. Нэхэмжлэгч ******* нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, хариуцагч *******-т нэр бүхий барааг шилжүүлэн өгсөн тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ******* аас гэр ахуйн тавилга болон хувцасны үнэ болох мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчөөгүй байна. Иймд шүүх хариуцагч ******* аас гэрээний төлбөрт 2,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 240,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
7. Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах тул анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар зөв дүгнэжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/00541 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,054 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Д.ЦОГТСАЙХАН