Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 653

 

 

 

 

 

 

 

             2019          7            03                                       2019/ШЦТ/653

 

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

                        нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

                        улсын яллагч П.Ганбаатар,

            шүүгдэгч Г.Ж, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Урианхай овогт Гантулгын Жаргалсайханыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909000000416 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:     

Монгол Улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Скай Лью’’ХХК-д нарийн мужаан ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г гудамж 780 а тоотод оршин суух хаягтай,

2018 оны 6 дугаар сарын 18-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж, Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай 2019 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор ялаа бүрэн эдэлсэн, Г.Ж,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Ж нь 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний орчим иргэн Б.Отгонзаяагийн Хуй Вэй Пи-10 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж 260.000 төгрөгийн,

2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Централ Таурын орчим иргэн Б.Дөлгөөний Айфоне-5 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж 152.000 төгрөг буюу нийт 2 удаагийн үйлдлээр бусдад 412.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Ж шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтэй гэмшиж байна …” гэсэн мэдүүлэг /хх-23/,

 

Хохирогч Б.Отгонзаяагийн “...2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 19 цагийн үед арслантай гүүрний баруун талд гар утсаараа яриад явж байхад гар утас булаах гээд гарнаас татсан. Тэгээд өгөхгүй гээд ноцолдоод дийлээгүй, багшийн дээд чиглээд гүйгээд явсан. Тухайн хүн нь 460-165 см өндөр, 20-25 орчим насны эрэгтэй хүн байсан. Би гар утсаа 2017 онд бэлгэнд авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-13/,

 

Хохирогч Б.Дөлгөөний “...2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Централ Таурын орчим явж байхад нэг залуу миний гар утсыг авах гээд гарнаас бариад авсан. Тэгээд гараа татаад авсан чинь гар утас булааж аваад зугтаасан. Тэгээд нөгөө залуугийн араас хөөж байгаад Сүхбаатарын талбайн постны цагдаа дээр баригдсан. Тэгээд гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга, хариуцлага хүлээлгэх нь зүйтэй...” гэсэн мэдүүлэг /хх-43/,

 

Дамно хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн эд зүйлийн үнэлгээ /хх-17, 39/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-47/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-53-55/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Ж нь 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний орчим иргэн Б.Отгонзаяагийн Хуй Вэй Пи-10 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж 260.000 төгрөгийн,

мөн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Централ Таурын орчим иргэн Б.Дөлгөөний Айфоне-5 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж 152.000 төгрөг буюу нийт 2 удаагийн үйлдлээр бусдад 412.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Б.Отгонзаяа, Б.Дөлгөөн нарын мэдүүлэг, Дамно хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн эд зүйлийн үнэлгээнүүд, шүүгдэгч Г.Жы сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Г.Жы хохирогч Б.Отгонзаяагийн  Хуй Вэй Пи-10 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн мөн Б.Дөлгөөний Айфоне-5 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Г.Жыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Жы дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Отгонзаяа, Б.Дөлгөөн нарт нийт 412.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нар нь хохирлоо бүрэн барагдуулж авсан гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Жыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Жы дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.   

 

Шүүх шүүгдэгч Г.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх үзэв.

Мөн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3 дахь хэсгүүдэд заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч Г.Ж-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд хэрэглэж, түүнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Ялтан Г.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР