| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 182/2024/04467/И |
| Дугаар | 210/МА2025/00561 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00561
*******-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/01184 дугаар шийдвэртэй,
нэхэмжлэгч *******-гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч *******-д холбогдох,
*******-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/217 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******-д 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Уул уурхайн технологийн газрын Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн төлөвлөлтийн ахлах инженер албан тушаалд томилогдон ажиллаж байсан. *******-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/217 тоот тушаалаар Геологи, уул уурхай төлөвлөлтийн хэлтсийн төлөвлөлтийн ахлах инженер ******* нь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/268 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллахдаа ажлын хэсгийн хүрээнд гарах баримт бичгүүдийг боловсруулж бүрдүүлэх үүрэг даалгаврыг цаг хугацаанд хийж гүйцэтгээгүй зөрчлийг гаргасан нь Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газраас хийсэн хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоогдсон тул сахилгын шийтгэл оногдуулсан гэсэн. Миний бие эрхэлсэн ажил үүрэгтээ хайнга, хариуцлагагүй хандаагүй, сахилгын зөрчил гаргаагүй тул сахилгын зөрчил гаргасан гэж шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.
1.2. Мөн *******-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/381 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тушаалыг танилцуулсан. Миний бие хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй.
Дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан аль үндэслэлд хамаарах нь тодорхойгүй, Засгийн газарт эрх олгох тухай хуулийг Хөдөлмөрийн тухай хуулийн эрэмбээс дээгүүрт тавьж, хууль зөрчин ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангасан байх ёстой.
Иймд *******-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/217 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу Уул уурхайн технологийн газрын Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн төлөвлөлтийн ахлах инженер албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/448 дугаар тушаалаар ******* г 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтэст төлөвлөлтийн ахлах инженерээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан.
2.2. ******* нь Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн ахлах инженерийн ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж ажилласан талаар нэгжийн удирдлагаас хариуцлага тооцуулах саналыг ирүүлсэн бөгөөд Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газраас дотоод хяналт шалгалтыг явуулж, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дүгнэлт гарсан тул Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/217 дугаар тушаалаар нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Тухайлбал, Үндэсний аудитын газраас *******-д гүйцэтгэлийн аудит хийх явцад аудитор ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 05, 2024 оны 01 дүгээр сарын 20, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрүүдэд ******* тэй уулзалт хийж, *******-тэй холбоотой баримтуудыг ирүүлэх үүрэг өгсөн боловч 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл аудитаас шаардсан баримтыг гаргаж өгөөгүй. Улмаар аудитын зүгээс удирдлагуудтай холбогдож, шаардсан баримтыг ирүүлэхгүй удаашруулж байгаа талаар ярьсан бөгөөд нөхцөл байдлыг тодруулахад дээрх уулзалтын тэмдэглэлээр шаардсан баримтуудыг гаргаж өгөөгүй байсан, төлөвлөлтийн инженер *******-д үүрэг өгч, шаардсан баримтуудыг яаралтай бэлтгэн, 2024 оны 03 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд Үндэсний аудитын газрын аудитор ******* т хүлээлгэн өгсөн.
******* нь аудитаас шаардсан баримт болон удаа дараагийн уулзалт болон шаардсан баримтын талаар удирдлагад мэдэгдээгүй, шаардсан баримтуудыг цаг алдалгүй гаргаж өгөх, хүндрэл учруулахгүйгээр хамтарч ажиллах үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс *******-д нэмэлт үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлсэн. Нөгөөтэйгүүр дээрх үйлдэл нь аудиторын Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан мэдээлэл, баримт авах эрх болон шалгуулагч этгээдийн 16.1-д заасан мэдээлэл, баримт, түүний үнэн зөв бодитой бүрэн байх, тогтоосон хугацаанд шаардсан мэдээлэл баримт бичгийг бүрэн хүргүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчилд тооцогдох, компанийг аудитын аливаа хариуцлага тогтоолгох, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээх эрсдэлийг бий болгосон.
2.3. Мөн 2023 оны 10 дугаар сард *******-тэй байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ажилд хариуцлагагүй хандаж, удирдлагын хянаж, санал тусгасан гэрээний нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийлүүлэгч талд хүргүүлж, саналыг нь авах ёстой байсан боловч удирдлагын хянаж, санал оруулсан төсөл бус, буруу төслийг нийлүүлэгч талд хүргүүлсэн.
Улмаар ажилтны хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас гэрээний нэмэлт өөрчлөлт, техник тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, ашиглалтын асуудал удааширч, хойшлогдсон.
2.4. Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/268 тоот тушаалаар шинээр нийлүүлэгдэж буй техник тоног төхөөрөмж, хүнд машин механизмыг хүлээн авах байнгын ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ******* томилогдсон. Ажлын хэсэг 2023 оны 08 дугаар сарын 15, 2023 оны 12 дугаар сарын 22-нд 2 удаа хуралдан Захиргаа, удирдлагын газарт 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 2023 оны А тушаалын хэрэгжилтийн тайлан мэдээг ...2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж 2 асуудлыг шийдвэрлэсэн... гүйцэтгэл 100 хувь биелэсэн гэх тайланг хүргүүлсэн. А тушаалын хэрэгжилтийн тайланд мэдээлэл дутуу хүргүүлж, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдсан асуудлыг орхигдуулж, мэдээлэл нэгтгэж буй нэгжид гүйцэтгэл 100 хувь гэж буруу мэдээлэл өгч хариуцлагагүй хандсан.
2.5. Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/268 дугаар тушаалаар шинээр нийлүүлэгдэж буй техник тоног төхөөрөмж, хүнд машин механизмыг хүлээн авах байнгын ажлын хэсэг байгуулсан бөгөөд нарийн бичгийн даргаар ******* томилогдсон.
2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаас ******* болон *******-ээс гэрээгээр авах техникүүдийг ашигтай ажиллуулах төлөвлөгөө боловсруулан Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захиралд танилцуулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн.
Улмаар салбараас холбогдох эдийн засгийн тооцооллыг боловсруулан ирүүлсэн боловч ажлын байрны үндсэн үүргийн хүрээнд өөрийн техникийг ашигтай ажиллуулах төлөвлөгөөг боловсруулж, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захиралд танилцуулаагүй. Уул уурхай технологийн газраас 2024 оны 1 дүгээр улиралд гүйцэтгэх нарийвчилсан төлөвлөгөөний дагуу *******-ээс нийлүүлсэн олборлолтын техник тоног төхөөрөмжүүдийг ашигтай ажиллуулахтай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дотор боловсруулж батлуулах үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй.
Ажлын хэсэг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан бөгөөд хурлаар ******* тоот гэрээний ******* загварын сэрээт өргөгч, ******* тоот гэрээний ******* загварын автогрейдер худалдан авах талаар 2 асуудлыг хэлэлцсэн боловч хурлын тэмдэглэлийг ажлын хэсгийн дарга болон гишүүдэд танилцуулж, баталгаажуулаагүй.
2.6. ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны үдээс өмнө ажлын байран дээрээ байгаагүй, удирдлагын зүгээс ажлын байран дээрээ яагаад байхгүй байгааг тодруулахад мэдэх хүн байгаагүй, утас руу нь залгасан боловч утсаа аваагүй.
Улмаар камерын бичлэг шүүлгэхэд өглөө 07:15 цагт ажил дээр ирж цагаа бүртгүүлэн, буцаад 07:19 цагт гарч явсан бөгөөд эргэж орж ирээгүй, үдээс хойш буюу цайны цагийн дараа 12:44 цагт орж ирсэн байдаг. Зохих журмын дагуу удирдлагад танилцуулж чөлөө, зөвшөөрөл авалгүй ажил тасалсан зэрэг зөрчил гаргасан.
2.7. Ажиллаж байх хугацаандаа өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар томилогдсон боловч хурлын тэмдэглэл, шийдвэрийг цаг хугацаанд нь танилцуулж, албажуулах үүргийг хэрэгжүүлээгүй. Ажлын хэсгийн тушаалын хэрэгжилтийг дутуу ирүүлэх, Үндэсний аудитын газраас аудит хийж байгаатай холбоотой шаардсан баримт, мэдээллийг шуурхай гаргаж өгөх, удирдлагыг мэдээллээр хангах, аудитын ажилд хүндрэл учруулахгүй хамтран ажиллах талаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй хэрэгжүүлж, эрх бүхий байгууллагаас шаардсан баримтыг цаг хугацаанд нь гаргаж өгөх, өөрийн техникүүдийг үр ашигтай ажиллуулах төлөвлөгөө боловсруулж дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захиралд танилцуулаагүй, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлуулах үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй. Зохих журмын дагуу удирдлагаас чөлөө, зөвшөөрөл авалгүй ажил тасалсан зэрэг зөрчил гаргасан тул Засгийн газрын онцгой бүрэн эрх төлөөлөгч хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд сахилгын шийтгэл ногдуулах болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж шийдвэрлэсэн. Иймээс нэхэмжлэгч *******-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* г *******-ийн ******* ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 56,878,800 төгрөгийг *******-аас гаргуулан ******* д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 56,878,800 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч *******-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч *******-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 442,344 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ******* нь албан тушаал чиг үүргийн хувьд ажлын хэсгийн, техникийн комиссийн нарийн бичгийн даргаар ажилладаг.
- Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны А/268 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн нарийн бичгийн даргын хувьд ажлын хэсэгтэй холбоотой баримтыг бүрдүүлэх харилцаа Албан хэрэг хөтлөлтийн журмын 4.4-д зааснаар зохицуулагддаг.
- Техникийн комиссын нарийн бичгийн даргын хувьд үйл ажиллагаандаа 2023 оны А/300 дугаар тушаалаар батлагдсан Техникийн комиссын үйл ажиллагааны журмыг баримтална.
******* нь дээр дурдсан нарийн бичгийн даргын хувьд дотоод журмаар хүлээсэн чиг үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд 2023 оны баримтыг 2024 оны 03 болон 05 дугаар capыг хүртэл баримтыг бүрдүүлээгүй, огт архивлаагүй байдал нь хэвээр байсан тул давтан зөрчил гаргасан гэж үзсэнийг шүүх анхаараагүй.
а. ******* нь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/268 дугаар тушаалаар ...гэрээний дагуу шинээр нийлүүлэгдэж буй техник тоног төхөөрөмж, хүнд машин механизмыг хүлээн авах байнгын ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар томилогдсон бөгөөд Албан хэрэг хөтлөлтийн журмын 4.4.4-д ...урт хугацааны үйл ажиллагаатай бол улирал тутам бичиг хэрэгт бүрэн бүрдэлтэйгээр цаасан болон цахим хэлбэрээр хүлээлгэн өгнө, 4.4.5-д ...нарийн бичгийн дарга үйл ажиллагааг баримтжуулах... үүрэг хүлээсэн.
Тухайн ажлын хэсэг 2023 онд 2 удаа буюу 2023 оны 08 дугаар сарын 15, 2023 оны 12 дугаар сарын 22-нд тус тус хуралдаж, техник хүлээн авах асуудлыг хэлэлцсэн боловч нарийн бичгийн дарга ******* нь:
- Жилийн эцэст буюу 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 2023 оны А тушаалын хэрэгжилтийн тайланг хүргүүлэхдээ 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж 2 асуудал шийдвэрлэсэн, хэрэгжилт 100 хувь... гэж мэдээлэл хүргүүлж, ажлын хэсгийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдсан асуудлыг орхигдуулж, тайланд мэдээлэл дутуу өгч, нэгтгэл гаргуулсан.
- 2023 оны А/268 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн баримт бичгүүдийг боловсруулж, бүрдүүлэх буюу 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг албажуулаагүй, он дамнуулж удаашруулсан.
Энэхүү зөрчлийг Уул уурхайн технологийн газрын дарга илрүүлж, шалгуулахаар 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 24/21 дотоод албан бичгийг Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газарт хүргүүлсэн.
2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлийг сахилгын шийтгэл ногдуулах тушаал гарах хүртэл огт албажуулаагүй нь хөдөлмөрийн гэрээний 3.1.12-т ажлын тайлангаа холбогдох журамд заасан хугацааны дотор гаргаж өгөх, гүйцэтгэлээ тайлагнах, 3.1.14-д ...дотоод үйл ажиллагаанд мөрдөж байгаа дүрэм, журамд заасан бусад эрх үүрэг хүлээх, мөн ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны зорилт хэсгийн 4-т Архив, албан хэрэг хөтлөлтийн журмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах, 4 дүгээр зорилтын хүрээнд 1-т гүйцэтгэх удирдлагын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах, 5 дугаар зорилтын хүрээнд 1-т өөрийн ажил, үүрэгт хамааралтай баримт бичгийг эмхэтгэн төрөлжүүлж архивт жил бүр хүлээлгэн өгөх, 2-т баримт бичгийг албан хэрэг хөтлөлтийн журамд заасан стандартын дагуу боловсруулах гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж, зөрчлийг илрүүлснээс хойш хуульд заасан хугацаанд буюу 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/217 дугаар тушаалаар ******* д нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Гэтэл анхан шатны шүүх дээрх хугацаа болон хариуцагчийн тайлбар, баримтыг үгүйсгэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа хэт нэг талыг барьж хөдөлмөрийн харилцааг цуцлах тушаалд дурдагдсан 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хугацаатай холбогдуулан хариуцлага ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан 2024 оны Б/381 дүгээр тушаалд дурдсан зөрчлийг сахилгын шийтгэл ногдуулах тухай 2024 оны Б/217 дугаар тушаалд хамаатуулан үндэслэлгүй дүгнэлт хийж, улмаар давтан зөрчил гаргасан нөхцөлийг үгүйсгэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Өөрөөр хэлбэл, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг гишүүдэд танилцуулж, баталгаажуулаагүй асуудал сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд тусгагдаагүй. Нөгөөтэйгүүр А/268 тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн нарийн бичгийн дарга хуралдааны тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулах, ажлын хэсгийн баримтуудыг бүрдүүлж, улирал бүр бичиг хэрэгт цаасан болон цахим хэлбэрээр хүлээлгэн өгөх үүргээ 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 26-ныг хүртэл биелүүлээгүй, зөрчил нь үргэлжилсэн болохыг шүүх анхаараагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5 дахь хэсгийг маргааны үйл баримтад буруу тайлбарлаж, хэрэглэсэн.
Хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай тушаалд дурдагдсан 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэлийг гаргасан боловч 2024 оны 05 capыг /чөлөөлөх/ хүртэл дарга, гишүүдээр гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй болох нь 1хх-105 дугаар талд авагдсан тэмдэглэлээр тогтоогдоно.
Мөн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаас хойш буюу 2024 оны 04 дүгээр сарын 24-нд уг хурлын тэмдэглэлийг гишүүдээр гарын үсэг зуруулж, баталгаажуулаагүй болохыг мэдсэн талаар гэрч *******-ын шүүх хуралдаанд өгсөн ...хурлын тэмдэглэлүүд нэг ч гарахгүй байсан. Баримт бичиг уурхайгаас зурагдаад ирчихсэн заримыг нь зурсан, зарим нь зурагдаагүй байсан. *******-гийн ширээн дээрээс нилээн зузаан баримтуудыг авсан ... хувь хүнээс шалтгаалсан үйл ажиллагаанаас болж үйл ажиллагаа зогсож, эдийн засагт хохиролтой зүйл болж байна гэх мэдүүлгээр давхар тогтоогдож байгааг шүүх анхаараагүй, *******-гийн нарийн бичгийн даргын чиг үүрэгтэй холбоотой зөрчлүүд давтагдсан байгааг анхаарч үзээгүй. Мөн шүүх уг зөрчлийг сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын зөрчилд хамаатуулж, тухайн хугацаагаар хариуцлага ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн атлаа сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл буюу 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлийг албажуулж гаргаагүй гэх зөрчил, түүнийг илрүүлж шалгуулахаар өгсөн хугацааны талаар дүгнэлт өгөхгүйгээр Б/217 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
*******-гийн хариуцаж буй ажлын хэсэг, техникийн комисс-ын нарийн бичгийн даргын чиг үүрэгтэй холбоотой холбогдох журмыг зөрчсөн асуудлууд нь удаа дараа давтагдсан. Хурлын тэмдэглэлийг гишүүдэд танилцуулж, гарын үсэг зуруулж албажуулаагүй гэх асуудал нь гэрээг дүгнэх процесст шууд хамаарах баримт биш байхад ...2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ******* тоот гэрээг дүгнэхдээ мэдэх боломжтой байсан гэж 2023 оны 12 дугаар сарын 22-ны хуралдаанаас өмнөх цаг хугацааны баримтыг иш татах зэргээр маргаж буй үйл баримт, тэдгээртэй холбоотой баримт, гэрчийн мэдүүлгүүдийг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй.
б. *******-тэй байгуулсан уул уурхайн зориулалттай техник тоног төхөөрөмж нийлүүлэх ******* дугаар гэрээнүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд *******-ийн байр суурь буюу компанид ашигтай нөхцөлөөр хийгдэх саналыг тусгасан гэрээний нэмэлт өөрчлөлтийн эцсийн төслийг нийлүүлэгч талд хүргүүлэх ёстой байтал ажлын хэсгийн нарийн бичгийн дарга ******* нь компанийн байр суур бүрэн илэрхийлэгдээгүй буюу эцэслэгдээгүй саналын төслийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр *******-д цахим шуудангаар хүргүүлсэн. Улмаар нийлүүлэгч тал *******-ийн ирүүлсэн санал буруугаар гэрээний нэмэлт, өөрчлөлт байгуулагдах боломжтой гэж үзэж, уулзалт зохион байгуулагдан хэлэлцэх явцад *******-ийн эцсийн саналтай гэрээний төсөл бус өөр санал яригдаж, талуудын хооронд үл ойлголцол үүссэн. Улмаар ******* нь буруу төсөл хүргүүлж, уг асуудлаар уулзалт хийгдсэн болохыг мэдэж, уг уулзалтыг хойшлуулж, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлын хэсгийн нарийн бичгийн дарга ******* нь гэрээний нэмэлт, өөрчлөлтийн эцсийн төслийг хүргүүлсэн.
Энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах буруу төслийг хүргүүлсэн зөрчлөө тэрээр үгүйсгээгүй. Энэ нь нэгжийн удирдлагаас ирүүлсэн санал болон Дотоод хяналтын ******* тоот дүгнэлт, түүний хавсралт баримтаар тогтоогдсон бөгөөд гэрч *******-гийн мэдүүлгээр давхар нотлогддог.
Гэтэл анхан шатны шүүх ...ямар хугацаанд хүргүүлэх талаар үүрэг өгөгдсөн нь тодорхойгүй, энэ талаар баримтгүй гэж зөрчлийн агуулгыг илт гуйвуулж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Өөрөөр хэлбэл, ******* нарийн бичгийн даргын хувьд гэрээнд нэмэлт, өөрчлөлтийн төслийг хүргүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд төслийг хүргүүлсэн. Гагцхүү эцсийн байдлаар *******-ийн байр суурь тусгагдаж, хянагдаагүй буруу төслийг хүргүүлсэн гэж буруутгасныг анхаараагүй.
в. Үндэсний аудитын газраас *******-д 2023 оны гүйцэтгэлд аудит хийгдэх болсонтой холбогдуулан шалгалтад шаардлагатай баримт, материалыг шаардсан хэлбэрээр цаг алдалгүй хүргүүлж, шалгалтын ажилд хүндрэл учруулахгүйгээр хамтран ажиллахыг шалгалт эхлэх үед хариуцсан ажилтнуудад анхааруулж, үүрэг болгосон.
Гэтэл аудитор ******* нь Уул уурхайн технологийн газрын дарга *******-тай утсаар холбогдож ...техниктэй холбоотой баримт бичиг дутуу ирүүлсэн. Илэрсэн зөрчилтэй холбоотой хариуцлага тооцож, зөрчилтэй гэсэн дүгнэлт гарна гэж мэдэгдсэн. Тухайн үед ******* г аудитад өгөх баримтуудаа өгч дуусгачихаад амарч болно гээд амралтын хуудас дээр нь гарын үсэг зурсан боловч дуусгалгүй, хаяаад явсан байсан тул тухайн нэгжийн төлөвлөлтийн инженер *******-т аудитор *******-той очиж уулзаад ямар баримт дутуу байгааг нь мэдээд ир, шаардлагатай баримт материалыг нэн даруй бэлтгэж хүргүүлэх үүргийг өгсөн.
Улмаар төлөвлөлтийн инженер ******* удирдлагаас өгсөн үүргийн дагуу аудитортой уулзаж, тодруулахад ******* тэй 2024 оны 01 дүгээр сарын 05, 2024 оны 01 дүгээр сарын 26, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус тус уулзалтын тэмдэглэл үйлдэж, техниктэй холбоотой баримт ирүүлэхийг мэдэгдсэн байсан бөгөөд зарим баримтыг хүргүүлсэн, дутуу буюу 1хх-70-73 дугаар талд авагдсан баримтууд /*******/-ыг гаргаж өгөөгүй байсан тул энэ талаар удирдлагад мэдэгдэж, ажлын болон амралтын өдрүүдэд бэлтгэн 2024 оны 03 дугаар сарын 05, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр аудиторт хүлээлгэн өгсөн үйл баримт төлөвлөлтийн инженер *******-ийн тайлбар /1хх-69 тал/, хуулбар үнэн дардсаар баталгаажуулан олгосон актууд /1хх-70-73 дугаар тал/, 24/21 тоот дотоод албан тал/, ХД/24/15, СХ-24/14тоот дүгнэлт, саналын хуудас /1хх-62-66 тал/, мөн гэрч ******* /шүүх хуралдааны тэмдэглэлийн 26-28-р хуудас/-ын мэдүүлгүүдээр тогтоогддог.
Гэтэл анхан шатны шүүх ...ээлжийн амралтаа нөхөн амарч байх хугацаанд нэмэлт баримт шаардсаныг ******* хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг бодит үнэнд нийцсэн, үндэслэл бүхий гэж үзнэ. ...******* л-тэй холбоотой баримтыг ирүүлэх үүрэг өгсөн гэдэг нь баримтаар тогтоогдоогүй. гэх дүгнэлт хийсэн нь тайлбар, нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж дүгнэх шаардлагад нийцээгүй.
Өөрөөр хэлбэл, ******* г нөхөн амруулсан байж болох ч, нэгжийн дарга нь аудитын шаардсан баримтыг гаргаж өгчихөөд амраарай гэхэд гаргаж өгөлгүй хаяаад явсан байсан тул хэлтсийн ажилчдыг ажлын болон амралтын өдөр илүү цагаар ажиллуулж яаралтай бүрдүүлэн өгсөн байхад урьд нь шаардаж, гаргуулж байгаагүй баримтыг нэмэлтээр баримт шаардсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна.
*******-ийн аудитор нь ******* тэй хэзээ, хэзээ уулзаж, ямар ямар баримтуудыг шаардсан талаар биеэр танилцаж, дутуу буюу гаргаж өгөөгүй байгаа баримтуудыг тодруулсны үндсэн дээр баримтыг гаргаж өгсөн. Энэ талаараа тухайн үед тайлбар гаргасныг эх хувиар нь шүүхэд өгсөн. Мөн хууль сануулж гэрчийн мэдүүлэг өгсөн *******-ын мэдүүлгээр дээрх үйл баримт давхар нотлогдож байхад нэмэлт баримт гаргуулсан мэтээр хэт нэг талыг барьж, хийсвэр дүгнэлт хийсэн.
Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс дотоод хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой маргаагүй, шаардлага гаргаагүй буюу талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам-г шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж хариуцагчийг буруутгасныг зөвшөөрөхгүй.
Мөн Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам нь хэрэгт авагдаагүй, гаргаж өгөөгүй гэсэн атлаа Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ******* тоот дүгнэлт нь Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам болон Хөдөлмөрийн тухай хуульд тогтоомжид нийцэхгүй гэж хэрэгт авагдаагүй баримтыг иш татаж, ******* дүгнэлтийг үгүйсгэсэн нь учир дутагдалтай бөгөөд хяналт шалгалтыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар гэрч *******-гийн мэдүүлгийг анхаарч үзээгүй.
г. Өөрийн тоног төхөөрөмжийг үр ашигтай ажиллуулах талаар төлөвлөгөө, техникийн бодлогын баримт бичиг боловсруулан танилцуулах үүрэг биелүүлээгүй.
Удирдах ажилтнуудын шуурхай хурлаас гэрээгээр авах техникүүдийг ашигтай ажиллуулах төлөвлөгөөг боловсруулан Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захиралд 2023 оны 12 дугаар сарын 08-ны дотор танилцуулах, 2024 оны 1 дүгээр улиралд гүйцэтгэх нарийвчилсан төлөвлөгөөгөөр ашигтай ажиллуулахтай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2024 оны 02 дугаар сарын 02-ны дотор батлуулах үүрэг өгөгдсөн. /1хх-98, 103/
Сахилгын шийтгэл ногдуулах тушаал 24/21 тоот дотоод албан бичиг болон ******* дүгнэлтэд дурдагдсан зөрчил гэж үзсэн асуудал нь гэрээгээр авах техникүүдийг ашигтай ажиллуулах төлөвлөгөөг Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захиралд танилцуулах үүрэг хэрэгжээгүй, танилцуулагдаагүй асуудалтай холбоотой.
Гэтэл шүүх хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаалд дурдагдсан үндэслэл болох ашигтай ажиллуулахтай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хугацаанд нь батлуулах үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх зөрчилтэй холбоотой гэж буруу дүгнэж, ...Дотоод хяналтын ******* дугаар дүгнэлтэд дурдагдсан. Уг асуудлаар хариуцлага ногдуулах хугацаа хэтэрсэн талаар дүгнэсэн тул дахин дүгнэлт өгөхгүй.. гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон.
4.2. 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/381 дүгээр тушаалаар ******* тэй холбоотой 4 асуудлыг зөрчил гэж үзэж, хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалж шийдвэрлэсэн. Эдгээр үндэслэлүүд нь өмнөх сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд давхцаагүй болохыг шүүх анхаараагүй. Тухайлбал,
а. Уулын олборлолтын машин техникүүдийг үр ашигтай ажиллуулах төлөвлөгөөг боловсруулж, батлуулах үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй.
2024 оны 1 дүгээр улиралд гүйцэтгэх нарийвчилсан ажлын төлөвлөгөөгөөр 2024 оны 02 дугаар сарын 02-ны дотор *******, *******-ын нийлүүлсэн олборлолтын техник тоног төхөөрөмжүүдийг ашигтай ажиллуулахтай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулах үүрэг даалгаврыг ******* хүлээсэн. Уг төлөвлөгөө хугацаандаа буюу 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дотор батлагдаагүй. 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төсөлд санал авахаар нэгжийн даргад мэйлээр хүргүүлж байсан болох нь гэрч *******-ын мэдүүлэг, түүний цахим шуудан үзлэг хийсэн баримтуудаар тогтоогдоно. /1хх-216-219, 2хх-24-25/
Гэтэл уг төлөвлөгөөг бүрэн эрхт төлөөлөгчөөр 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр батлуулсан гэх төлөвлөгөөний хуулбарыг Хүний нөөц, сургалтын хэлтсийн мэргэжилтэн ******* гарсан зөрчлийн талаар танилцуулж, тайлбар авахад нэхэмжлэгч гаргаж ирсэн бөгөөд үүнийгээ батлуулсан гэж тайлбарладаг.
Хэрэв уг төлөвлөгөө батлагдсан гэж үзэх тохиолдолд компанид эх хувь үйлдэж, хадгалагдсан байх ёстой боловч эх хувь олдоогүй, мөн ******* ажил хүлээлцэх хуудас /1хх-231-233/-аар хүлээлгэн өгөөгүй. Тухайн төлөвлөгөө газар, хэлтсийн дарга болон салбарт цаасан болон цахимаар хүргэгдэж, төлөвлөгөөний дагуу ажлууд хийгдэх ёстой байтал энэ талаар ямар ч баримт олдоогүй бөгөөд ажил хийгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно.
Гэтэл шүүх Хүний нөөц, сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн ******* төлөвлөгөөний хуулбарыг Хүний нөөц, сургалтын хэлтэст ирүүлсэн тайлбарт хавсаргаж ирүүлснийг танилцсан гэснийг эх хувьтай танилцсан мэтээр гэрчийн мэдүүлгийг иш татсан.
б. Техникийн комиссын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4, 5, 6 дугаар актыг дарга, гишүүдэд танилцуулаагүй, журмын дагуу холбогдох нэгжид хүргүүлээгүй гэх зөрчил гаргасан.
******* нь Техникийн комиссын үйл ажиллагааны журмын дагуу комиссын нарийн бичгийн даргын хувьд мөн л хурлын тэмдэглэл хөтөлж, актыг үйлдэх, гишүүдээр баталгаажуулж холбогдох нэгж буюу Худалдан авах ажиллагааны газар, салбарын санхүүд хүргүүлж шийдвэрлүүлэх үүрэгтэй. Техникийн комисс 2024 оны 02 дугаар сард хуралдаж, шийдвэрлэсэн асуудлаарх комиссын актыг 2024 оны 05 дугаар cap хүртэл дарга гишүүдээр зуруулж, баталгаажуулан хүргүүлээгүй. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 114-122 дугаар талд авагдсан актуудаар тогтоогдоно.
******* нь гишүүдээр зуруулаагүй шалтгааныг ******* амралттай байсан гэх тайлбар хийдэг боловч тэрээр 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажлаа хийж байсан. 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл амрах байсан боловч 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс зайлшгүй шаардлагаар дуудагдаж, 2024 оны 07 дугаар cap хүртэл тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд зуруулах хангалттай хугацаа байхад зөвхөн амралттай хугацааг иш татаж, ажил удаашруулсан асуудлыг бусдын амралт руу халдаан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд *******-гийн ...актууд нилээд хугацааны дараа орж ирдэг, ...оруулж ирсэн актууд зурдаг, ...2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 11 хоног хэсэгчлэн амарсан, ...гарын үсэг зурахгүй гэж ямар ч актыг буцааж байгаагүй, ...2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр оруулж ирсэн бүх актууд дээр нь гарын үсэг зураад буцаагаад өгсөн гэх мэдүүлэг болон ээлжийн амралтын хуудас, дуудан ирүүлэх хуудсаар тус тус топгоогдоно.
Гэтэл шүүх ...актууд дээр зуруулаагүй нь тогтоогдож байгаа боловч үүнээс болж байгууллагад ямар хохирол, үр дагавар үүссэн нь тодорхойгүй. Энэ талаар баримтыг ирүүлээгүй. гэх үндэслэлээр уг зөрчлийг үгүйсгэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, тухайн актууд нь эвдрэлийн акт, эвдрэлийн шалтгаан болон хэвийн ажиллуулахад шаардагдах сэлбэг, түүний зардлын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд акт тус бүрт тухайн эвдрэл болон сэлбэг түүнтэй холбоотой үнэлгээ, тооцоолол хийгдсэн болохыг шүүх анхаараагүй. Техникийн бэлэн байдлыг хангах шаардлагын хүрээнд актыг баталгаажуулан салбарын санхүүд хүргүүлэх, санхүү тухайн актыг үндэслэн худалдан авалт болон захиалгыг хийх шат дараатай ажиллагаа 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 3 cap удааширч, энэ хугацаанд тухайн техникийн сул зогсолт нь уулын ажлын бүтээмжид шууд нөлөө үзүүлдэг ба тухайн эвдрэлтэй техникийн саатлаас үүдэн норм төлөвлөгөөнд хүрэхгүй байх, цаашлаад олборлолт, борлуулалт, орлого буурах зэрэг нарийн тооцоолох боломжгүй салбарын онцлогийг харгалзан үзээгүй бөгөөд нарийн бичгийн даргын хувьд чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байж болох, актыг баталгаажуулахгүй, холбогдох нэгжид хүргүүлэхгүй байсан ч болох агуулга бүхий дүгнэлт хийж, хариуцагчийг буруутгасныг зөвшөөрөхгүй.
4.3. Анхан шатны шүүх ******* д сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл болоод хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаал, тэдгээрт дурдагдсан зөрчил, талуудын маргаж буй үндэслэлүүдтэй холбоотой хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй, улмаар зөрчил болон илрүүлсэн хугацаа, агуулга болон хариуцпага ногдуулах хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, улмаар нарийн бичгийн даргын чиг үүрэгтэй холбоотой журмаар хүлээсэн үүргээ зөрчсөн давтан зөрчлийг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэхгүй.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/01184 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрхэн яаж буруу үнэлж, хууль зүйн үндэслэлийг тайлбарласан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласангүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж хариуцагч давж заалдах гомдолдоо дурдсан. Дээрх хуулийн заалт нь эд хөрөнгө хариуцсан санхүүгийн ажилтны хөөн хэлэлцэх хугацаанд хамаарна. Нэхэмжлэгч эд хөрөнгө, мөнгө төгрөг хариуцсан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэлтэй холбоотой ажил, албан тушаал эрхэлдэггүй учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй. 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэлийг гаргаагүй гэх агуулгаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан гэж тайлбарласан. Зөрчил үргэлжилсэн гэдэг нь олон дахин давтагддаг үйлдлийг хэлнэ. Нэг удаагийн шинжтэй үйлдлээр зөрчил үргэлжилсэн гэж үзэхгүй. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан зөрчил гарсан өдрөөс хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын хугацааг зөв тогтоосон. Хэрэгт авагдсан үйл баримтын хувьд дээрх хуулийн зүйл заалт нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөр тооцоход 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл тооцогдоно. Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газарт гомдол гаргаж, тус газраас дүгнэлт гарсан. Гэрчийн өгсөн мэдүүлгээс үзэхэд 1 өдрийн хяналт шалгалт явагдсан байдаг. Хугацаа тасалдсан зүйл байхгүй. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч холбогдох нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргын тэмдэглэл гарсан. Тухайн тэмдэглэлд 11 албан тушаалтны гарын үсэг зурагдсан. Комиссын дарга нь гарын үсэг зурахаас татгалзсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. *******-тай байгуулсан гэрээний төслийг буруу хүргүүлсэн гэж тайлбарладаг. Буруу хүргүүлсэн зүйл байхгүй. Хариуцагч компаниас ******* руу гэрээний төслүүдийг удаа дараагийн хоорондын албан бичгүүдээр солилцсон. Дотоод хяналт эрсдлийн удирдлагын газрын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийнх 1 дүгээр хавтаст хэргийн 62-64 дүгээр тал, *******-аас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2 дугаар хавтаст хэргийн 35-49 дүгээр тал, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 42/23 дугаартай албан бичиг 2 дугаар хавтаст хэргийн 12-13 дугаар тал, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 23/40 дугаар бүхий албан бичиг 2 дугаар хавтаст хэргийн 75 дугаар хуудас, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 43/23 тоот албан бичиг 2 дугаар хавтаст хэргийн 10-14 дүгээр тал, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 44/23 дугаар албан бичиг 2 дугаар хавтаст хэргийн 183 дугаар тал, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн албан бичиг 2 дугаар хавтаст хэргийн 79 дүгээр талд авагдсан. Мөн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч байгууллагын авто самосвал худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт эцэслэн батлагдсан. 2 дугаар хавтаст хэргийн 80-82 дугаар талд авагдсан. Удааширсан болон гэрээ өөрчлөгдсөн төсөлтэй холбоотойгоор талуудын хооронд маргаан үүсээгүй. Хариуцагч компанийн гэрээний эрх зүйн баримт бичгийг боловсруулах журмаар хууль эрх зүйн алба нь гэрээнд хяналт тавих чиг үүрэгтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон. Үндэсний аудитын газрын аудитор ******* ын шаардсан баримт бичгийг бүрэн бүрдүүлж өгөөгүй гэх агуулгаар хариуцагч гомдол гаргасан. Хариуцагч компанийн хариу тайлбарт 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс тус оны 03 дугаар сарын 06-ны өдөр ******* нь баримт, бичгийг хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийг баримт бичгийг бүрэн хүлээлгэж өгөөгүй гэх агуулгаар хариу тайлбар ирүүлсэн. Хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас гаргуулсан баримт 1 дүгээр хавтаст хэргийн 156, 168 дугаар талд авагдсан баримтаас Үндэсний аудитын газраас шаардсан баримтыг гэрээ, эрх зүйн хэлтсийн дарга Э.У-гаар хүргүүлж аудитор ******* т хүлээлгэн өгсөн талаарх баримт байгаа. Нэхэмжлэгч баримтыг дутуу өгөөгүй. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх 4 хоногийн хугацаанд нэхэмжлэгч чөлөөтэй байсан буюу нөхөж амарсан. Ажилтныг нөхөж амраах чөлөөний хуудас 1 дүгээр хавтаст хэргийн 154 дүгээр талд авагдсан. Мөн хүний нөөц, хөгжил сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн *******-ын өгсөн мэдүүлгээр нотлогддог. Үндэсний аудитын газраас шалгаж санал ирүүлдэг. Хүний нөөц, хөгжил сургалтын хэлтэс нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулахгүй гэх дүгнэлт гаргасан. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй. 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн төлөвлөгөө батлагдаагүй, танилцуулах үүргээ биелүүлээгүй гэж маргасан. Нэхэмжлэгчийн удаа дараагийн хүсэлтээр дээрх өдөр батлагдсан хариуцагч компанийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Г-ын баталсан баримт бичгийн хуулбарыг хэрэгт ирүүлсэн. ******* захирал болон хэлтсийн дарга ******* нарын өгсөн гэрчийн мэдүүлгээр гарын үсэг мөн болох нь хүлээн зөвшөөрөгддөг. Тус баримт бичгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч батлагдаагүй, шуурхай удирдлагын газраас үүрэг, даалгавар өгсөн гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч шуурхай удирдлагын багийн хуралд оролцдоггүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Ажил олгогч шуурхай удирдлагын хурлаар үүрэг, даалгавар өгсөн тухай нотолж чадаагүй. Хариуцагч компани 2024 оны 02 дугаар сарын ажилтны үүрэг даалгаврын төлөвлөгөөний биелэлтийг 100 хувиар үнэлж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Уулын олборлолтын машин, техникийн үр ашигтай төлөвлөгөөг батлуулаагүй гэж тайлбарласан. Мөн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4, 5, 6 дугаар актыг гишүүдэд танилцуулаагүй гэх агуулгаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан. Техникийн комисс 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж 37 ширхэг актыг хэлэлцсэн. 60А цамхагт 2 ширхэг аккумляторын актыг техникийн комиссын гишүүдэд өгсөн. Техникийн комиссын гишүүн ******* өгч засварлаж гишүүд гарын үсэг зурж албажуулсан үйл баримт байгаа. Эдгээр баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 114-116, 117-119, 120-122 дугаар талуудад авагдсан. Гэрч *******-ын өгсөн мэдүүлгээр техникийн комиссын акт үйлдэгдсэн болох нь тогтоогддог. Ажлын цаг ашиглалтын журам хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч ажилдаа ирсний дараа өөрийн шууд удирдлагад хэлээд явсан үйл баримт тогтоогддог. Цаг ашиглалтын журмын 4.4-т ажилтан улиралд 8 цаг ажил тасалсан тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулахаар заасан. Хариуцагч хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж тайлбарладаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар дүрэм, журмууд хоорондоо зөрчилдсөн тохиолдолд ажилтанд ашигтай байдлаар хэрэглэх суурь зарчимтай. Ажлын цаг ашиглалтын журмыг хүчингүй болгосон, дагаж мөрдөхгүй байгаа талаарх тушаал шийдвэрийг хариуцагч гаргаагүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарласан. Мөн нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Хариуцагч компанийн ажлын цаг ашиглалтын журам өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байгаа. Хурууны хээг дараагүй, зөвшөөрөлгүй, 8 цаг ажлын байрыг орхин ажил тасалсан бол сахилгын шийтгэл оногдуулна гэх агуулгаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт гаргасан. 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тухайн үеийн ажлын хэсгийн дарга ******* д цаасан хэлбэрээр танилцуулж гарын үсэг зуруулсан. Тэмдэглэлийг төлөвлөлтийн инженер ******* авч үлдсэн. Үндэсний аудитын газар тэмдэглэлийг хүргүүлсэн гэж би ойлгосон. Аудитын байгууллагад хүргүүлэх тухай захирлын зөвлөлийн шийдвэр ирсэн. Хурлын тэмдэглэл очоогүй байсан. Тэмдэглэлийг гаргаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Уул уурхай, технологийн газар албажиж байсан гэж ойлгосон. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан *******-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/217 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. ******* нь *******-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/448 тоот тушаалаар Г-ийн албан тушаалд томилогдож, тус компанийг төлөөлж Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Г-тай 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр G/2023/0077 дугаар хөдөлмөрийн гэрээг байгуулжээ. /1хх-26, 27-29/
3.2. *******-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/268 тоот тушаалаар *******-ийн худалдах, худалдан авах гэрээний дагуу шинээр нийлүүлэгдэж буй техник тоног төхөөрөмж, хүнд машин механизмыг хүлээн авах байнгын ажлын хэсгийг байгуулж, нарийн бичгийн даргаар Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн төлөвлөлтийн ахлах инженер ******* г томилсон байна. /1хх-58/
Мөн тус компанийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/300 тоот тушаалын хавсралтаар техникийн комиссын үйл ажиллагааны журмыг баталж, тус журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт нарийн бичгийн даргаар Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн төлөвлөлтийн ахлах инженер ажиллахыг тогтоожээ. /1хх-55-57/
3.3. *******-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/217 тоот тушаалын 1 дэх заалтаар Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн төлөвлөлтийн ахлах инженер ******* нь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/268 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллахдаа ажлын хэсгийн хүрээнд гарах баримт бичгүүдийг боловсруулж, бүрдүүлэх үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй зөрчлийг гаргасан гэж үзэж түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2 дахь заалтад заасан нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байна. /1хх-61/
3.4. Мөн ******* нь *******-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа харьяалах газар, нэгжийн удирдлагаас өгсөн уулын олборлолтын машин, техникүүдийг үр ашигтай ажиллуулах төлөвлөгөөг боловсруулж батлуулах үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, техник тоног төхөөрөмж, хүнд машин механизмыг хүлээн авах ажлын хэсгийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэл, шийдвэрийг гишүүдэд танилцуулж баталгаажуулаагүй, техникийн комиссын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №04, №05, №06 тоот актуудыг ажлын хэсгийн гишүүн, комиссын даргад танилцуулаагүй, журмын дагуу холбогдох нэгжид хүргүүлээгүй, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удирдлагадаа мэдэгдэлгүй ажлын 4 цаг ажил тасалсан зэрэг зөрчлүүдийг сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан гаргасан гэсэн үндэслэлээр хариуцагч компанийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/381 тоот тушаалаар түүнийг үүрэгт ажлаас чөлөөлжээ. /1хх-91/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйн улмаас маргааны үйл баримтыг буруу дүгнэж нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь алдаатай болсон байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
4.1. Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн төлөвлөлтийн ахлах инженер ******* д сахилгын шийтгэл ногдуулсан *******-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/217 тоот тушаал нь Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг үндэслэсэн байх бөгөөд тус дүгнэлтээр түүний гаргасан зөрчлүүдийг Үндэсний аудитын газраас хийгдэж буй аудитын ажилд шаардлагатай баримтуудыг шаардсан хугацаанд нь шаардлага хангасан байдлаар хүлээлгэн өгөөгүй, удирдлагад мэдээллийг бүрэн өгөөгүй, шаардлага хангаагүй бүрэн бус байдлаар хүлээлгэн өгсөн..., 2023 оны 10 дугаар сард *******-тэй байгуулсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд хариуцлагагүй хандаж, гэрээний саналыг андуурч буруу хүргүүлсэн..., Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны А/268 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн хурлын тэмдэглэлийг албажуулах ажлыг 2024 он дамнуулан удаашруулсан, 2024 оны 01 дүгээр сард өгөгдсөн өөрийн техник тоног төхөөрөмжүүдийг үр ашигтай ажиллуулах талаарх төлөвлөгөө, техникийн бодлогын баримт бичиг боловсруулан танилцуулах ажлыг өнөөдрийг хүртэл танилцуулаагүй гэх агуулгаар тодорхойлжээ. /1хх-62-64/
а. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд ******* нь дээрх зөрчлүүдээс *******-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/268 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийг боловсруулж, даргад танилцуулаагүй, албажуулаагүй зөрчил гаргасан нь тогтоогдсон байна гэж үзлээ.
******* нь уг зөрчлийг гаргасан болох нь хэрэгт авагдсан Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар дүгнэлт, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн гаргасан баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн техник, тоног төхөөрөмж хүлээлцсэн акт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1хх-62-64, 234-244, 2хх-59-75, 190-195/ Тухайлбал, гэрч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлийг албажуулаад гарга гэсэн үүрэг даалгаврыг удаа дараа ******* д мэдэгдэж байсан. гэж мэдүүлжээ. /2хх-201/
Мөн ******* нь уг тэмдэглэлийг ажлаас чөлөөлөгдөх хүртлээ албажуулаагүй болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөгчийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/80 дугаар тушаалаар батлагдсан Албан хэрэг хөтлөлтийн журмын 4 дүгээр зүйлийн 4.4.5 дахь хэсэгт Ажлын хэсгийн зохион байгуулалтад ...нарийн бичгийн дарга үйл ажиллагааг баримтжуулах үүргийг хүлээнэ. гэж заасан байх ба тус журмын 4 дүгээр зүйлд тодорхойлсноор үйл ажиллагааг баримтжуулах гэдгийг баримт бичгийн төсөл боловсруулах, удирдлагаар хянуулах, албажуулах, холбогдох ажилтанд хүргүүлэх ажлыг ойлгохоор тодорхойлсон.
Дээрх баримтаар ******* нь энэ үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан байх тул сахилгын шийтгэл ногдуулсан 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/217 тоот тушаал нь үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх ...ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нь хуралдаан зохион байгуулах шийдвэрийн дагуу хуралдааныг зарлан хуралдуулах, тэмдэглэл хөтлөх, хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг дуу хураагуур ашиглан хөтлөн хуралд оролцсон бүх гишүүдээр гарын үсэг зуруулж, ...хурлын тэмдэглэлийг цаасан болон аудио бичлэгийг архивт хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж зөв дүгнэсэн байгаа боловч 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийг албажуулаагүй гэх зөрчлийн талаар дүгнээгүй орхигдуулсан байна.
Иймд нэхэмжлэгч *******-гийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлийг гаргах шаардлагагүй гэх тайлбар үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т зааснаар хариуцагч байгууллагын сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хуульд нийцсэн гэж үзнэ.
б. Харин дээрх зөрчлөөс гадна 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/217 тоот тушаалын үндэслэл болох Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар дүгнэлтэд дурдсан *******-гийн гаргасан гэх:
- 2023 оны 10 дугаар сард Х -тэй байгуулсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд хариуцлагагүй хандаж, гэрээний саналыг андуурч буруу хүргүүлснээс талуудын хооронд үл ойлголцол үүсэж, гэрээний нэмэлт оруулах асуудалд хүндрэл учруулсан гэх зөрчлийн талаар анхан шатны шүүх ...талуудын хооронд гэрээ байгуулахтай холбоотой бэлтгэл ажил болон тоног, төхөөрөмж нийлүүлэх хүлээн авах ажиллагаа явагдаж байсан гэж үзэхээр байна. Хэдийгээр нэхэмжлэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг Х -д и-мэйлээр хүргүүлэхдээ өөрчлөлт оруулаагүй саналыг хүргүүлснээ 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зөвтгөж хүргүүлсэн болох нь тогтоогдсон боловч хариуцагч *******-аас ямар хугацаанд хүргүүлэх талаар үүрэг өгсөн нь тодорхойгүй, энэ талаар баримтгүй. гэж,
- Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/268 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хийсэн хурлын тэмдэглэлийг албажуулаагүй гэх зөрчлийн талаар анхан шатны шүүх ******* нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр болсон ...хуралдааны тэмдэглэлийг газрын даргаар гарын үсэг зуруулан албажуулж, архивт хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байгаа хэдий ч Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. гэж,
- 2024 оны 01 дүгээр сард өгөгдсөн өөрийн техник тоног төхөөрөмжүүдийг үр ашигтай ажиллуулах талаарх төлөвлөгөө, техникийн бодлогын баримт бичиг боловсруулан танилцуулах ажлыг өнөөдрийг хүртэл танилцуулаагүй гэх зөрчил нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна. гэж,
- Үндэсний аудитын газраас хийгдэж буй аудитын ажилд шаардлагатай баримтууд болох ******* болон *******-тай байгуулсан гэрээнүүдийн хүрээнд хийгдсэн холбогдох ажлуудын талаарх баримтуудыг шаардсан хугацаанд нь аудитын шаардлага хангасан байдлаар хүлээлгэн өгөөгүй, удирдлагад мэдээллийг бүрэн өгөөгүй, шаардлага хангаагүй бүрэн бус байдлаар хүлээлгэн өгснөөс аудитын ажилд хүндрэл учруулсан гэх зөрчлийн талаар анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* Үндэсний аудитын газраас шаардсан баримтуудыг заасан хугацаанд хүлээлгэж өгсөн бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 4 хоногийн хугацаанд ээлжийн амралтаа нөхөн амарч байх хугацаанд нэмэлт баримт шаардсаныг ******* хүлээлгэж өгсөн байсан гэж тайлбарлаж байгааг шүүх бодит үнэнд нийцсэн үндэслэл бүхий тайлбар..., ...******* нь ээлжийн амралттай байх хугацаанд *******-ийн зүгээс Үндэсний аудитын газарт 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр баримтуудыг хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байна. гэж тус тус зөв дүгнэсэн байх тул энэ талаарх гомдлыг хангахгүй.
в. Хэрэгт авагдсан гэрч *******-гийн ...Хяналт шалгалтын дотоод хяналт шинжилгээнийхээ журмаар удирдлагаас ирсэн үүрэг даалгаврын хүрээнд хяналт шалгалт хийдэг., ...Дотоод хяналт шалгалт хийх журмаа баримталдаг. Хүчин төгөлдөр байгаа., ...Төлөвлөгөөт бус хяналт шалгалт нь дүгнэлтээр гардаг. Төлөвлөгөө баталдаггүй., ...Удирдамж гаргах шаардлагагүй. гэх мэдүүлгээр 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хийсэн дотоод хяналт, шалгалтыг зохих журмын дагуу явуулсан болох нь тогтоогдож байна. /2хх-190-194/
Дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журмыг байгууллагын цахим сайтад байршуулаагүй гэх үндэслэл нь маргааны зүйлд хамааралгүй учир анхан шатны шүүх Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын хяналт, шалгалт нь тус журмын дагуу явагдсан эсэх нь тодорхойгүй байна. гэж дүгнэсэн нь буруу болжээ.
4.2. Дээр дурдсан *******-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/381 дүгээр тушаалын үндэслэл болсон сахилгын зөрчлүүдээс ******* нь тус компанийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/300 тоот тушаалын хавсралтаар батлагдсан техникийн комиссын үйл ажиллагааны журмын дагуу техникийн комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ...техникийн комиссын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №04, №05, №06 тоот актыг ажлын хэсгийн гишүүн, комиссын даргад танилцуулаагүй, журмын дагуу холбогдох нэгжид хүргүүлээгүй гэх зөрчлийг гаргасан болох нь гэрч *******, *******, *******, ******* нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1хх-103-104, 114-122, 2хх-19-23, 38, 190-194, 198-201/
Тодруулбал, хэргийн баримтаар ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл актуудад техникийн комиссын дарга ******* , гишүүн ******* нараар гарын үсэг зуруулж албажуулаагүй, ажил хүлээлцсэн актаар хүлээлцээгүй байна.
Анхан шатны шүүх ******* нь техникийн комиссын ажлын хэсгийн нарийн бичгийн даргын хувьд 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №04, №05, №06 тоот техникийн комиссын актыг техникийн комиссын даргад танилцуулж, гарын үсгээр баталгаажуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж зөрчлийн талаар зөв дүгнэсэн боловч энэ зөрчлийн улмаас байгууллагад ямар хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогдоогүй гэж үзсэн нь буруу болжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно.
Мөн *******-гийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удирдлагадаа мэдэгдэлгүй ажлын 4 цаг ажил тасалсан зөрчил тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн ба энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу шүүхийн дүгнэлтийг хэвээр үлдээнэ.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. Энэ тохиолдолд ажилтан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан, эсхүл сахилгын зөрчлийг давтан гаргасан байхыг шаардана.
******* нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хийсэн ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийг албажуулах үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгээгүй зөрчил гарган нээлттэй сануулах сахилгын шийтгэл хүлээсэн, мөн техникийн комиссын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №04, №05, №06 тоот актыг ажлын хэсгийн гишүүн, комиссын даргад танилцуулаагүй, журмын дагуу холбогдох нэгжид хүргүүлээгүй, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удирдлагадаа мэдэгдэлгүй ажлын 4 цаг ажил тасалсан зөрчлүүдийг гаргасан нь сахилгын давтан зөрчилд хамаарч байна.
Иймд ажил олгогчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/381 дугаар тушаалаар нэхэмжлэгч *******-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад нийцсэн байна.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/01184 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдуулан гаргасан *******-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/217 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан *******-ийн ******* ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч *******-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 442,344 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН