Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00501

 

 

     

*******-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/00923 дугаартай шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,139,497 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгч төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,139,497 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь зээл авсны дараа ковид цар тахал гарсан тул зээл төлөлтийн хугацааг 7 сараар хойшлуулсан, 7 сарын хүү 2,982,368 төгрөгийг төлнө, ...үндсэн зээл болон хүүг төлөхөд татгалзахгүй, ...бусад төлбөрийг төлөхгүй гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна.

3.1. *******, ******* нар 2020 оны 11 сарын 10-ны өдөр ЗГ2020/11/463 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 15,000,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээгээр баталсан хуваарийн дагуу зээл, түүний хүүг буцаан төлөх, хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлээс зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-12-13/

3.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******, ******* нар 2020 оны 11 сарын 10-ны өдрийн ЗГ2020/11/463 дугаартай Үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, тус гэрээгээр 03-13 УАР улсын дугаартай, Toyoto sai маркийн автомашиныг барьцаалсан байна. /хх-11/

3.3. Зээлийн гэрээний дагуу *******-аас 2020 оны 05 сарын 07-ны өдөр ******* банк дахь *******ийн эзэмшлийн ******* тоот данс руу 15,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан ******* банкны шилжүүлгийн мэдээлэл, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Талууд маргаангүй. /хх-14/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

4.1. Талуудын баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваариар хариуцагч нь 2020 оны 11 сарын 25-ны өдрөөс 2023 оны 11 сарын 25-ны өдрийн хооронд сар бүрийн 25-ны өдөр зээл, хүүд 671,000 төгрөг, нийт 24,161,298 төгрөг буюу үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүүд 9,161,298 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. /хх-13 ар тал/ Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан талууд зээлийн гэрээний хугацааг 7 сараар хойшлуулсан, хариуцагч нь 2020 оны 12 сарын 25-ны өдрөөс 2021 оны 07 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээний үүргээ гүйцэтгээгүй үйл баримт зээл тооцооллын хүснэгт, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

4.2. Нэхэмжлэгч тал хариуцагчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг үндсэн зээл 8,147,933 төгрөг, хүү 15,966,426 төгрөг, нийт 24,114,359 төгрөг гэж тодорхойлж, зээлийн карт нэртэй бичмэл нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч тал уг нотлох баримтыг үгүйсгээгүйн гадна гүйцэтгэсэн үүргийн дүнг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар шүүх хуралдаанд гаргасан байна. /хх-16, 64-64/

 

5. Дээрх нотлох баримтуудаар хариуцагч ******* нь гэрээний үүргээ тогтоосон хугацаанд нь гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл, хүү, гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхтэй.

5.1. Тодруулбал, зээлийн гэрээний 2.11-д Зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч үл маргах журмаар ББСБ-д төлнө. Зээлдэгч баталсан хуваарийн дагуу үндсэн зээл, хүүг төлөөгүй өдрийн дараагийн өдрөөс эхлэн хугацаа хэтрэлт тооцож нэмэгдүүлсэн хүүг хууль болон бусад журамд зааснаар тооцно гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

5.2. Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүйн гадна маргаанд хамааралтай хуулийн дээрх зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын 5,211,129 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул түүнийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/00923 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,329 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Ч.ЦЭНД