| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0702/э |
| Дугаар | 723 |
| Огноо | 2019-07-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 723
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн, улсын яллагч П.Эрдэнэбаатар, шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сүхээгийн Батсүхэд холбогдох эрүүгийн “1909021060750” дугаартай, 185/2019/0702/э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1963 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, командын офицер мэргэжилтэй, тэтгэвэрт , ам бүл 3, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 508-76 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С.Б /РД:ЦЕ63011015/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Бнь 2019 оны 05 дугаар сарын 22-ноос 2019 оны 05 дугаар сарын 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Хусхан зочид буудлын 6 тоот өрөөнд нэвтэрч хохирогч Б.Баярмагнайгийн Самсунг эс плас-9 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, авч хулгайлж, хохирогч Б.Баярмагнайд 1.512.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Би 27 жил цэрэг, цагдаагийн ажил хийсэн. Ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Баярмагнайгийн:..Би 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр найзтайгаа хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хусхан нэртэй зочид буудалд орсон. Ороод хоёуулаа 3 шил архи хувааж уугаад нилээд согтолттой унтсан. Тэр буудалд ганцаараа унтаад үлдсэн. Манай найз явлаа гээд орой 23 цагийн орчим явсан. Тэгээд шөнө 00 цагийн орчим эхнэртэйгээ утсаар ярьчихаад буудалд унтаад өглөө сэрэхэд миний Самсунг эс-9 плас загварын гар утас алга болчихсон байсан. Тэгээд буудлын ресепшин дээр очиж камер шүүлгэхээр өрөөнөөс гарахад өрөөний хаалгыг түгжээгүй онгорхой үлдээгээд унтаснаа санасан. Тэгээд буудлын хяналтын камерыг шүүж үзэхэд 50 орчим насны, хар өнгийн пиджак шиг хувцастай, доогуураа улаан өнгийн бэлтгэлийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй эрэгтэй хүн үүрийн 04 цагийн орчим манаа өрөө рүү ороод гарч байгаа бичлэг байсан. Тэгээд цагдаа нар ажиллаад миний гар утсыг буцааж надад хүлээлгэж өгсөн. Бичлэг дээрх эрэгтэй хүн миний гар утсыг хулгайлсан байсан. Надад санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг. /хх-н 16-17/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Соронзонболдын:..Тухайн өдөр 2 хүн орж ирж үйлчлүүлсэн. Би ажил дээрээ ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэж ажилладаг. Манайх нягтаршил их сайтай камертай. Тухайн өдөр гар утсаа алдсан хүнтэй би уулзаагүй. Манай хяналтын камерийн бичлэг нийт 1 сарын хугацаатай хадгаладаг. Одоо камерийн бичлэг нь байхгүй. Манай ажилтан хэлэхдээ улаан өмдтэй, 50 гаруй насны хүн хулгай хийсэн байсан гэж хэлсэн. Бүх өрөөний хаалга цоожтой түгжигддэг гэх мэдүүлэг. /хх-н 21-23/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.хохирогч Б.Баярмагнайгийн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл дургийн үзүүлэлтүүд, хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч С.Бнь 2019 оны 05 дугаар сарын 22-ноос 2019 оны 05 дугаар сарын 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Хусхан зочид буудлын 6 тоот өрөөнд нэвтэрч хохирогч Б.Баярмагнайгийн Самсунг эс плас-9 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Б.Баярмагнайд 1.512.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос
хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Б г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм
буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.Харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч мөрдөн шалгах ажиллгааны явцад хохиролоо бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт С.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч С.Б-д мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч С.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Баярмагнай нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн мэдүүлэг, хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ