| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2024/04439/И |
| Дугаар | 210/МА2025/00507 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00507
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/00364 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,030,704,569 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Бид олон жил хамтран ажиллаж, шатахуун зээлээр худалдаж байсан. 2023 оны худалдан авалтаа 2023 оны 04 сарын 11-ний өдрөөс эхлэн хийсэн ба нийт 2023 оны 06 сарын 26-ны өдөр хүртэл, төлбөр тооцооны үлдэгдэлгүй байсан. Ингээд 2023 оны 07 сарын 24-ний өдөр 23/0724 тоот Шатахуун хангамжийн гэрээг 5 сар, 6 хоногийн хугацаатай байгуулсан.
Энэхүү гэрээний дагуу манай компани шатахуун зээлээр худалдаж, ******* зээлээр худалдан авсан болно. Гэтэл ******* нь 2023 оны 06 сарын 26-ны өдрөөс мөн оны 09 сарын 06-ны хооронд зээлээр худалдан авсан түлшний үнэ 878,004,369 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй.
1.2. *******-аас зээлээ төлөхийг шаардахад 2024 оны 01 сараас 04 сард багтаан барагдуулна гэсэн албан тоот өгсөн боловч төлөөгүй. Мөн 2024 оны 05 сарын 15-ны өдрөөс эхлэн төлж барагдуулна гэсэн албан тоот өгч байсан боловч төлөөгүй.
1.3. *******-ийн 2023 оны 06 сарын 26-ны өдрөөс 2023 оны 09 сарын 06-ны өдрөөс хооронд зээлээр худалдан түлшний үндсэн мөнгө нийт 878,004,369 төгрөгийг талууд 2023 оны 11 сарын 16-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажуулсан.
1.4. Гэрээний 6.3-д Худалдан авагч нь зээлээр худалдан авсан шатахууны төлбөрөө хуанлийн 30 хоногийн дараа буюу тухайн шатахуун авсан худалдан авалт тутмаас хойш 30 хоногийн дараа саадгүй барагдуулах үүрэгтэй ба 30 хоногийн дараа хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алданги төлнө гэж заасан.
******* нь зөвхөн гэрээ байгуулсан өдрөөс хойших буюу 2023 оны 07 сарын 25-наас 09 сарын 07-ны өдрийг хүртэлх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 305,400,400 төгрөгт алданги тооцон нэхэмжилж байна.
1.5. Харин гэрээ байгуулахаас өмнөх зээлээр худалдан авсан 572,603,969 төгрөгт алданги тооцоогүй бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйл 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд нийцүүлэн 152,700,200 төгрөгийн алданги нийт 1,030,704,569 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******-аас манай компанид холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд зээлээр худалдан авсан шатахууны үнэ 878,004,369 төгрөг, алданги 152,700,200 төгрөг нийт 1,030,704,569 төгрөг нэхэмжилжээ. Үүнээс алдангид нэхэмжилсэн 152,700,200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 24******* зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 1,030,704,569 төгрөгийг гаргуулж, *******-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,311,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 5,311,480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан харьяалал зөрчсөн.
******* нь 2010 онд *******, ******* хороо, ******* тоот хаягт бүртгэгдэж үүсгэн байгуулагдсан бөгөөд 2013 оноос хойш ******* дүүргийн ******* хороо, ******* гудамжинд үйл ажиллагаа явуулж байгаа.
Нэхэмжлэгч ******* нь ******* дүүрэг, ******* нутагт үйл ажиллагаа явуулдаг хамаарал бүхий *******-ийн хаягаар нэхэмжлэлийг гаргасан. Хэдийгээр ******* болон ******* нь нэг эцсийн өмчлөгчтэй хуулийн этгээдүүд боловч тус тусдаа үйл ажиллагааны чиглэлтэй, удирдлага зохион байгуулалттай компаниуд юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-д энэ хуулийн 14, 15, 16, 19 дүгээр зүйлүүдэд заасан шүүхийн харьяалал зөрчсөн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар тус тус зохицуулсан.
Хариуцагчийн зүгээс шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзэж, хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай хүсэлт гаргасан боловч шүүх үндэслэл бүхий шийдвэрлэж чадаагүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* зүйлийн 20.1.2-д шүүх хуралдааны өмнө эсхүл шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн нь илэрвэл харьяаллын дагуу хэргийг шилжүүлэхээр хуульчилсан.
Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч хэргийг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна.
4.2. Алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй.
Талуудын хооронд байгуулсан 2023 оны 07 сарын 24-ний өдрийн 23/0724 дугаартай гэрээгээр ******* нь шатахуун нийлүүлэх, ******* нь нийлүүлсэн шатахууны төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Тухайн гэрээний дагуу нийлүүлж байгаа түлшийг Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан Доргонот алтны ордын олборлолтын үйл ажиллагааны төсөлд хэрэглэж байсан. Гэтэл манай компанийн урьдчилан тааварлах боломжгүй нөхцөл үүсч тухайн ордын олборлолтын талбайд усны судал илэрч хөрс бүрэн усжиж, тухайн усыг шавхаж дийлэхгүй болсон учраас үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж хугацаа олгох талаар удаа дараа албан бичгээр хандаж байсан бөгөөд нэхэмжлэгч *******-аас хугацаа сунгаж гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэж байсан. Энэ талаар шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгож байсан талаараа мэдүүлсэн, мөн нэхэмжлэлд 2024 оны 05 сарын 15-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлж байсан боловч төлбөрөө төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар тусгасан байдаг. Манай компанийн хувьд дээрх нөхцөл байдлыг *******-аас *******-д үүрэг гүйцэтгэх тухай нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэж байгаа болно.
Нэхэмжлэгч тал үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг хариуцагч талд олгож байсан тул нэмэлтээр тогтоосон хугацаанд алданги шаардах эрхгүй юм.
Хариуцагчийн хувьд энэхүү нөхцөл байдлын талаар шүүх хуралдааны явцад тайлбарлаж, нэхэмжлэгч тал нэмэлт хугацаа олгож байсан талаараа мэдүүлсээр байтал шүүгч хэт нэг талын эрх ашгийг хамгаалж шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Харьяаллын бус гэх гомдлын тухайд тогтмол үйл ажиллагаа явуулдаг *******, ******* нь нэг оффистой бөгөөд түүндээ байнга үйл ажиллагаа явуулдаг ба бидний зүгээс тухайн газар нь очиж үзсэний үндсэн дээр нэхэмжлэлээ гаргасан. ******* дүүргийн ******* гудамжинд үйл ажиллагаа явуулж байгаа гэх тухайд ямар нь тодорхойгүй хоосон хашаа, байнгын үйл ажиллагаа явуулдаггүй газрын хаягаар бид нэхэмжлэл гаргах боломжгүй. Мөн нэхэмжлэл гаргаснаас хойш харьяаллын талаар маргаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, шүүх хуралдааныг хойшлуулах санаатай арга хэмжээ гэж нэхэмжлэгч талын зүгээс үзэж байна.
5.2. Алдангийн тухайд *******-ийн 2013 оны 11 сарын 16-ны өдөр 4 удаа хувааж төлнө гэх хүсэлтийг харгалзан үзэж нэхэмжлэгч тал хүлээсэн бөгөөд үүнд алданги тооцоогүй. 2024 оны 04 сарын 12-ны өдөр 2024 оны 05 сарын 15-ны өдөр төлж дуусгана гэх үндэслэлээр дахин хугацааг сунгасан. Үүнээс хойш нэхэмжлэгч талын зүгээс 3-4 сарын хугацаанд хүлээсэн бөгөөд 08 сард нэхэмжлэл гаргасан. 2023 оны 07 сарын 24-ний өдөр хийсэн гэрээнээс хойш авсан түлшинд гэрээний үүрэг буюу 6.3-д заасны дагуу алдангийн 0,5 хувиар биш 50 хувиар тооцож 152,000,000 төгрөгийг нэмж, нийт 1,030,000,000 төгрөгийг нэхэмжилсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,030,704,569 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...гэрээний хугацааг сунгасан тул алданги 152,700,200 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
3.1. Талууд 2022 оноос аман хэлбэрээр харилцан тохиролцон шатахуун худалдах, худалдан авч байсан үйл баримтад маргаангүй.
3.2. *******, *******-тай 2023 оны 07 сарын 24-ний өдөр 23/0724 дугаартай Шатахуун хангамжийн гэрээ нэртэй гэрээ байгуулж, ******* нь захиалгын дагуу шатахууныг нийлүүлэх, ******* нь тухайн шатахуун авсан худалдан авалт тутмаас хойш 30 хоногийн дараа төлөх, хугацаандаа шатахууны төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алданги төлөх нөхцөлийг талууд харилцан тохиролцжээ. /хх-7-8/
Дээрх гэрээний дагуу ******* нь 2023 оны 07 сарын 25-ны өдрөөс мөн оны 09 сарын 06-ны өдрийн хооронд 305,400,400 төгрөгийн үнэ бүхий шатахуун нийлүүлсэн үйл баримт хэргийн 12 дахь талд авагдсан *******-аас *******-ийн авсан бөөний шатахууны тооцоо бичмэл нотлох баримтаар тогтоогдсон, талууд маргаангүй. /хх12/
4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 24******* зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон. Гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
4.1. Талууд 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс мөн оны 11 сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд харилцан тооцоо нийлж, хариуцагч ******* нь шатахууны үнэд 878,004,369 төгрөг төлөх үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 11,12, 63-66/
Уг нотлох баримтуудыг үндэслэн хариуцагчаас худалдан авсан шатахууны үлдэгдэл төлбөр болох 878,004,369 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 24******* зүйлийн 243.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн.
5. Хариуцагч нь нэхэмжлэлээс алданги шаардсан хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
5.1. Талууд гэрээний 5.2.1 дэх заалтаар алданги тооцох нөхцөлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
5.2. Нэхэмжлэгч ******* гэрээ байгуулсан хугацаанаас хойш 2023 оны 07 сарын 25-ны өдөр 1,462,400 төгрөгийн, 2023 оны 07 сарын 31-ний өдөр 74,850,000 төгрөгийн, 2023 оны 08 сарын 07-ны өдөр 5,760,000 төгрөгийн, мөн сарын 10-ны өдөр 73,852,000 төгрөгийн, мөн сарын 18-ны өдөр 73,852,000 төгрөгийн, мөн оны 09 сарын 09-ний өдөр 6,464,000 төгрөгийн, мөн сарын 06-ны өдөр 69,160,000 төгрөгийн шатахуун тус тус нийлүүлжээ. Хариуцагч ******* нь шатахуун хүлээн авсан хугацаанаас хойш тус тус 30 хоногийн дараа үнэ төлөх үүргээ гүйцэтгээгүй байна. Үүний улмаас нэхэмжлэгч ******* нь гэрээ болон дээрх хуульд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон шаардсан нь үндэслэлтэй.
5.3. Зохигчид гэрээний 7.2-т гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт нь гагцхүү бичгээр үйлдэгдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан тохиолдолд хүчин төгөлдөр болох ба энэхүү гэрээний салшгүй хэсэг байна гэж харилцан тохиролцжээ.
Хариуцагч тал 2023 оны 11 сарын 16-ны өдрийн 23/01 дугаартай албан бичгээр гэрээний үлдэгдэл төлбөр болох 878,004,369 төгрөгийг 2024 оны 1-4 сарын хугацаанд хувааж төлөх хүсэлт, 2024 оны 04 сарын 12-ны өдөр 008 дугаартай албан бичгээр төлбөрийн үлдэгдлийг 2024 оны 05 сарын 15-ны өдрөөс эхлэн төлж барагдуулах хүсэлт тус тус нэхэмжлэгч талд гаргасан байна. /хх13-14/
Уг хүсэлттэй холбогдуулан талууд гэрээний 7.2-т заасны дагуу нэмэлт өөрчлөлт оруулсан талаар баримт хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд ... хариуцагчаас 07 сарын 24-ний өдөр байгуулсан гэрээний үнийн дүнг 4 хувааж төлнө, 05 сарын 15-ны өдөр төлж барагдуулах хүсэлтэй байна гээд төлөлт хийх өдрийг сунгасан. Төлөлт хийх талаар хүсэлт гаргаж үүний дагуу нэг ч төгрөг төлөөгүй. 572,000,000 төгрөг ямар нэг алданги тооцоогүй, ... 2024 оны 07 сард байгуулсан гэрээний 50 хувийг алдангид нэхэмжилсэн. ... гэж тайлбарлажээ. /хх64/
5.4. Дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзвэл, хариуцагч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч нь 2023 оны 07 сарын 24-ний өдрийн 23/0724 дугаартай гэрээний дагуу нийлүүлсэн шатахууны үнэ болох 305,400,400 төгрөгийн 50 хувиар алданги тооцон 152,700,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцсэн. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд, тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна. Мөн алданги шаардах эрхийн үндэслэлийн талаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсгийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн. Иймд нэмэлт хугацаа хариуцагчид олгож байсан тул уг хугацаанд алданги шаардах эрхгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
6. Хариуцагч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлээ шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан харьяалал зөрчсөн гэж тайлбарлажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс *******-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон ******* дүүргийн ******* хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд өгч, хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлт гаргасан байна.
Анхан шатны шүүх, дээрх баримт болон талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, ******* цахим бүртгэл, *******-ийн улсын бүртгэлд бүртгэгдсэн албан ёсны хаяг зэргийг харьцуулан үзээд Баянзүрх, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх уг хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай хариуцагч талын хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* зүйлийн 20.1, 20.1.2-т заасныг зөрчөөгүй байна. /хх59-60/
Нөгөөтэйгүүр, хариуцагч компани ******* дүүрэгт газар эзэмшиж буй нь тухайн компанийн үйл ажиллагаа явуулж байгаа буюу оршин байгаа хаягийг тодорхойлохгүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ харьяалал зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/00364 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 921,451 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Ч.ЦЭНД