Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 724

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн, улсын яллагч Я.Мөнхзаяа, өсвөр насны шүүгдэгч Б.С, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Цэнд, тэдгээрийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шавь овогт Батбаатарын Сэдэд холбогдох эрүүгийн “1909019550626 дугаартай, 185/2019/0709/Э хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт: 

           Монгол Улсын иргэн, 2003 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Нийслэлийн 12 дугаар дунд сургуулийн 10в ангийн сурагч ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 28 дугаар байр В-51 тоотод оршин суух бүртгэлтэй, Шавь овогт Б. С /РД:НЭ0326060611/,

            Холбогдсон хэргийн талаар:

 Өсвөр насны шүүгдэгч Б.С нь 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28-В байрны гаднах хашаатай холбож цоожилсон байсан иргэн Б.Дулмаагийн эзэмшлийн Трек брэндийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 920.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

    1.1.Өсвөр насны шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Хэлэх зүйл байхгүй, өмнө мэдүүлгээ өгсөн гэв.

Хоёр: Өсвөр насны шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Дулмаагийн:..2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өөрийн оршин суух 28в байрны гадна талын хашаатай холбож унадаг дугуйгаа цоожилж тавьсан. Гэтэл өнөөдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн үед өөрийн унадаг дугуйг алга болсныг мэдсэн. Трек брэндийн шулуун замын хар өнгийн дугуй, 2018 оны 07 дугаар сард 1.800.000 төгрөгөөр өөрийн найзаас авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх-н 16/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Орхонболдын:..Өнөөдөрийн буюу 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагт гэрээсээ хүүхэддээ ундаа авах гээд гарсан. Тухайн үед дэлгүүр лүү алхах замд нүдний буланд харахад нэг хүүхэд унадаг дугуйны цоож оролдож байх шиг харагдсан. Тэгээд би дэлгүүрээс ундаа авчихаад тэр хүүхдэд хандаж чи хулгай хийгээд байна уу гэхэд би ахаа цоожныхоо кодыг мартчихажээ кодыг мартчихаад дугуйгаа авч чадахгүй байна гэсэн. Би гэртээ ороод буцаад сүү авахаар буцаад гарахад нөгөө хүүхэд дугуйгаа онгойлгож чадахгүй байхаар нь би туслаж онгойлгож өгсөн гэх мэдүүлэг. /хх-н 19/,  

               Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

      3.1.хохирогч, гэрч Б.Дулмаагийн мэдүүлэг, гэрч Э.Орхонболдын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг болно.         

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Өсвөр насны шүүгдэгч  Б.С нь 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28-В байрны гаднах хашаатай холбож цоожилсон байсан иргэн Б.Дулмаагийн эзэмшлийн Трек брэндийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 920.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь хохирогч Б.Дулмаа, гэрч Э.Орхонболд нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  болон бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Сэдэдийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Дулмаа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, өсвөр насны шүүгдэгч Б.С нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн,  насанд хүрээгүй зэрэг шүүгдэгчийн  хувийн байдалыг тус тус харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13,  37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Өсвөр насны  шүүгдэгч Шавь овогт Б.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С ийг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч  Б.С-д  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

             4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.С-д оногдуулсан  шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

          5.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Б.С-д хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, мөн хууль ёсны төлөөлөгч Ө.Цэнд нарт даалгасугай.

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тайлбарласугай. 

7. Өсвөр насны шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй,  эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.С д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.РЕНЧЕНХОРОЛ