Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/01424

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/01318 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1545 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Э” ХХК-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Э.Түвшинбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.А- нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс “Э” ХХК-ийн захиргаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, тус компанид Тэргүүн дэд захирлын албан тушаалд хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байсан болно. Бидний хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ хэдийгээр хугацаатай гэрээ байсан ч тус гэрээний хүчин төгөлдөр хугацаанд ажилтанд ажиллуулагчаас гэрээг цуцлах дуусгавар болгох талаар мэдэгдээгүй бол 1 жилээр сунгагдсанд тооцохоор тохирсон юм. Хөлсөөр ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 1-д заасны дагуу энэхүү гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дууссан. Гэхдээ гэрээний 2.1-д заасны дагуу ажиллуулагч талаас дээрх хугацаанд гэрээг цуцлах талаар ямар нэгэн мэдэгдэл огт ирүүлээгүй байсан тул уг гэрээний хугацаа нь дахин нэг жилээр сунгагдсан гэж ойлгож байсан юм. Тодруулбал, хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан байсан ч тухайн үед гэрээнд заасан журмын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээний хугацаа дуусаж, дахин нэг удаа сунгагдчихсан байсан болно. Иймд тус хөлсөөр ажиллах гэрээний хугацааг дууссан гэж үзэх хууль, эрх зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн хариуцагч нь ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үйлдсэн гэх боловч, ажилтанд тухайн үед энэ талаар мэдэгдээгүй бөгөөд бүхэл бүтэн нэг сарын хугацаа өнгөрсний дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Г.Ганзоригоор дамжуулан мэдэгдсэн байдаг. Гэтэл миний бие гэрээний 2.1-д заасан үндэслэлээр хөлсөөр ажиллах гэрээг дахин нэг жилээр сунгагдсан гэж үзэн урьдын адил гэрээ болон компанийн дүрэм, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлэн ажиллаж байсан болно. Түүнчлэн ажил олгогчийн зүгээс гэрээг дуусгавар болгох цуцлахдаа хөлсөөр ажиллах гэрээний 8.1-д “Тэргүүн дэд захирал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл Гүйцэтгэх захирал гэрээ дуусгавар болгох талаар Төлөөлөн удирдах зөвлөлд санал гаргаж болно.” гэж заасан боловч гүйцэтгэх захирлаас ТУЗ-д бичгээр ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй юм. Иймээс “Э” ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дүгээр тогтоол нь хөлсөөр ажиллах гэрээний 2.1-д заасан гэрээний хугацаа сунгагдах журам, мөн компанийн дүрмийн 3.2 дахь хэсэгт “Компанийн үйл ажиллагаа нь ил тод бие даасан хариуцлагатай улс төрөөс хараат бус байна” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Иймд “Э” ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дүгээр тогтоол нь Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хууль зөрчсөн болохыг тогтоож, урьд эрхэлж байсан “Э” ХХК-ийн тэргүүн дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.А- нь “Э” ХХК-ийн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон. “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс түүний хөлсөөр ажиллах гэрээг сунгахгүй байхаар шийдвэрлэж гэрээг холбогдох хууль, тогтоомж, компанийн дүрэмд заасны дагуу дуусгавар болгосон тул нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

“Э” ХХК-ийн дүрмийн 9.1-д “компанийн гүйцэтгэх удирдлагын бүтцийг Төлөөлөн удирдах зөвлөл батлах бөгөөд гүйцэтгэх удирдлагын багийн гишүүнийг томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу компанийн ТУЗ-өөс 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаар тогтоолоор тэргүүн дэд захирлын бүрэн эрхийг зогсоож, гэрээ цуцлах тухай шийдвэр гарган, түүний хөлсөөр ажиллах гэрээг цаашид сунгахгүй, дуусгавар болгох тухай мэдэгдлийг Б.А-од хүргүүлэхийг гүйцэтгэх захиралд даалгасан байдаг. Гэрээний хугацааг сунгахгүй болсон тухай шийдвэрийг тэргүүн дэд захирал асан Б.А-од хүлээлгэн өгөх үед өөрөө ажилдаа ирэхгүй байсан тул шийдвэрийг түүний ажлын цахим шуудангаар илгээж мэдэгдсэн бөгөөд ТУЗ-ийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор түүний хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгож тэргүүн дэд захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Б.А- нь нэхэмжлэлдээ Хөлсөөр ажиллах гэрээний 2.2 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогч талаас гэрээ цуцлах, дуусгавар болгох талаар ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй тул хөлсөөр ажиллах гэрээг дахин нэг жилээр сунгагдсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн 32 дугаар бүлэгт хөлсөөр ажиллах гэрээний талаар нарийвчлан зохицуулсан ба уг хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д “хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно” гэж заасан.

Б.А-той байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ нь хугацаа заасан гэрээ бөгөөд Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусч гэрээ дуусгавар болсон байна. Б.А- нь нэхэмжлэлдээ хөлсөөр ажиллах гэрээний 8.1-д заасны дагуу гүйцэтгэх захирлаас ТУЗ-д бичгээр гаргасан ямар нэгэн санал хүсэлт байгаагүй нь түүний хөлсөөр ажиллах гэрээг хууль бусаар дуусгавар болгох үндэслэл болсон гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хөлсөөр ажиллах гэрээний 8.1-д “тэргүүн дэд захирал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл гүйцэтгэх захирал гэрээ дуусгавар болгох талаар ТУЗ-д санал гаргаж болно” гэж заасан. “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын зүгээс тэргүүн дэд захирлын ажил үүрэгтэй холбоотой аливаа санал хүсэлтийг ТУЗ-д гаргаагүй ба ТУЗ нь Б.А-ын хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусч байгаатай холбогдуулан гэрээг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. “Э” ХХК нь тэргүүн дэд захирал асан Б.А-той байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг Иргэний хууль болон хөлсөөр ажиллах гэрээнд заасны дагуу дуусгавар болгосон тул Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/01318 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дүгээр зүйлийн 364.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” ХХК-д холбогдох урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1545 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/01318 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Э.Түвшинбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу үнэлж, маргааны эрх зүйн харилцааг буруу тогтоож шийдвэрлэсэн. Монгол Улсын дээд шүүхийн зөвлөмжид “Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэсэн үндэслэлээр ажил олгогч, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэх нь цөөнгүй байгаа тул дараах зүйлийг анхаарах шаардлагатай. Үүнд:

А. Xөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15-д заасан “байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар “хугацаагүй” байна.

Б. “Байнгын ажлын байр” гэдэгт ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг ойлгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэснээс үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна. Ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзнэ.” Дээрх зохицуулалтаас үзэхэд талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн ба ажил олгогчийн санаачилгаар хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан бөгөөд ажил олгогчийн зүгээс байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй байдаг. Иймд дээрх маргаан бүхий эрх зүйн харилцаа нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан хэдий ч хөдөлмөрийн эрх зүйн харилцаа байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах эрх зүйн харилцаа мөн юм.

Анхан шатны шүүх гэрээний харилцаанд бүрэн гүйцэд дүгнэлт хийгээгүй, гэрээний ялгааг тодруулж, дүгнэлт хийгээгүй. Хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ субъект, гэрээний зүйл, нийгмийн даатгал төлөх журам зэргээр адил шинжийг агуулдаг боловч ажлын байр, гэрээний хугацааны үргэлжлэх хугацаа, цалин хөлс, ажлын хөлс, ажил гүйцэтгэх байдал /дэглэм/, гэрээ цуцлагдах журам зэрэг нь өөр байдаг байна. Мөн хөдөлмөрийн гэрээнд ажилтан нь байгууллагын дотоод журам, ажил, албан тушаал, тусгай журам, норм, нормативын дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг бол хөлсөөр ажиллах гэрээг ажиллагч нь гэрээнд заасны дагуу ихэвчлэн өөрийн боломжоор ажил, үүргийг гүйцэтгэхээр, түүнчлэн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох талаар хөдөлмөрийн гэрээний талуудын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, харин хөлсөөр ажиллах гэрээний талууд Иргэний хуулийн гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах нийтлэг үндэслэлийн дагуу тус тус өөр байдлаар цуцлагддаг байна.

Дээрх маргааны хувьд хэдий бодит нөхцөлд буюу цаасан дээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан боловч тухайн гэрээ нь хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөл, шинжийг бүрэн агуулсан зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд энэ нь хөдөлмөрийн гэрээтэй адилтган авч үзэж, Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэх бүрэн боломжтой эрх зүйн харилцаа байна.

Иймд анхан шатны шүүх маргааны эрх зүйн харилцааг зөв тогтоож чадаагүй, гэрээний ялгааг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь ойлгомжгүй, хэргийн үйл баримтыг үгүйсгэсэн дүгнэлт болжээ. Нэхэмжлэгч Б.А- нь имэйлээр явуулсан гэх мэдэгдлийг хүлээн аваагүй буюу уншаагүй болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тоггоогдсон байдаг. Мөн шүүхээс хийсэн утасны мессежинд хийсэн үзлэгээр нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын удирдлагатай байнгын холбоотой байсан бөгөөд ажлаас чөлөөлсөн талаар ямар нэгэн зүйл мэдэгдээгүй, ажлаас чөлөөлсөн эсэх талаар асууж байсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон байдаг. Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тогтоол нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гарсан байдаг бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь ажил, үүргээ гүйцэтгэж байсан гэх дүгнэлт нь илт үндэслэлгүй болжээ. Дээрх маргаан бүхий хугацаанд нэхэмжлэгч нь эмнэлэгт хэвтэж байсан болон хариуцагч байгууллагатай холбоотой байсан зэрэг үйл баримт бүрэн тогтоогдсон байдаг. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад бүрэн гүйцэд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

...Нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заагдсаны дагуу ажил олгогчийн буюу хариуцагч байгууллагын заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг шударгаар гүйцэтгэж байсан. Мөн талуудын хооронд иргэний эрх зүйн гэрээний маргаан бус хөдөлмөрлөх үйл явцад үүссэн буюу хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд тухайн харилцаанаас үүссэн хөдөлмөрийн маргаан юм. Нөгөө талаар хариуцагч байгууллагын татгалзлын үндэслэл болж байгаа Тэргүүн дэд захирлын ажлын байр, албан тушаалын шатлал, норм, хариуцагч байгууллагын ТУЗ-аас баталсан бүтэц, зохион байгуулалт хэрэгт авагдаагүй тул хэргийн үйл баримтад шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу маргааныг үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.А- нь “Э” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дүгээр тогтоол хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан гаргажээ.

Хариуцагч  “Э” ХХК нь нэхэмжлэгчтэй хөлсөөр ажиллах гэрээний харилцаатай байсан ба гэрээний хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг татгалзсан байна.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй, хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, уг гэрээний хугацаа дуусгавар болсон, хариуцагч гэрээний хугацааг сунгахгүй болохоо нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч “Э” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний дагуу уг компанийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, тухайн гэрээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасан шаардлагад нийцжээ. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болдог.

Хөлсөөр ажиллах гэрээ болон хөдөлмөрийн гэрээ нь хүний хөдөлмөрлөх эрх, үүрэгтэй холбоотой боловч тэдгээрийг нэг төрлийн эрх зүйн харилцааг үүсгэдэг гэж үзэхгүй бөгөөд хөлсөөр ажиллагч нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах Хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардах эрхийг эдлэх үндэслэлгүй болно.

“Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас тэргүүн дэд захиралтай байгуулах хөлсөөр ажиллах 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний гол нөхцлүүд нь хөлсөөр ажиллах гэрээний үндсэн шинжтэй байх ба энэ гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх гэрээнээс гадна нэхэмжлэгч Б.А- нь хөлсөөр ажиллах гэрээний үр дүнгийн тайлан гаргаж байсан баримт хэрэгт авагджээ.  

Зохигчдын байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон, гэрээ цаашид сунгагдахгүй талаар хариуцагч “Э” ХХК нэхэмжлэгч Б.А-од мэдэгдсэн байна. Цахим шуудангаар хүргүүлсэн хариуцагчийн мэдэгдэлтэй нэхэмжлэгч танилцах боломжтой байсан гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/01318 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1545 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.УНДРАХ  

                                         ШҮҮГЧ                                                              Ц.АМАРСАЙХАН