Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 69

 

П.Г, А.Т нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Тэнгис, Э.Энххэрлэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 63 дугаар цагаатгах тогтоол, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 622 дугаар тогтоолтой, П.Г, А.Т нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Э.Гантулгын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол улсын иргэн, 1974 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд Хэнтий аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 20,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж  байсан, Т овогт П-ийн Г,

2.Монгол улсын иргэн, 1972 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд Дорноговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 500 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Б овогт А-ийн Т.

П.Г, А.Т нар нь байгалийн ховор ургамал болох 1,236,25 килограмм “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019  оны 4 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө “Истана” загварын 00-00 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 63 дугаар цагаатгах тогтоолоор прокурорын газраас П.Г, А.Т нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, П.Г, А.Т нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж 31 дүгээр магадлалаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгожээ.

Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэж 622 дугаар тогтоолоор П.Г, А.Т нарт холбогдох хэргийг хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.  

Хяналтын шатны шүүхэд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Э.Гантулга 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бичсэн 01 дүгээр  дүгнэлтдээ:Улсын дээд шүүх 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 160 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг хэрэглэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхдээ “Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн даган мөрдөгдөж, хяналтын шатны шүүхээс шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээгүй болсон хэдий ч тус хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасан “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох ...” эрх олгогдсоны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож...” гэж тайлбарлаж, хууль хэрэглээний жишиг тогтоосон байна.

Улсын дээд шүүхийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор жишиг тогтоосон дээрх шийдвэр нь Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноос хойших хугацаанд гарсан бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хийсэн дүгнэлт нь дээрх тайлбартай агуулгын хувьд нийцэхгүй, илтэд зөрүүтэй тайлбар, дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” гэсэн үндэслэлд тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх ноцтой зөрчигдсөн асуудал төдийгүй Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийн суурь ухагдахууныг авч үзэх нь зүйтэй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмыг баримтлах, хэрэгжүүлэх, хамгаалах гол хуулийн нэг болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүний зөрчигдсөн эрхийг сэргээх заалт, зохицуулалтыг өргөн хүрээнд ойлгон хэрэгжүүлэх нь хууль дээдлэх зарчимтай нийцэхээр байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна, шударга шүүхээр шүүлгэх хүний үндсэн эрхийг хамгаалж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг ханган хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчимд бүрэн нийцнэ. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1.2-т заасныг баримтлан, прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Тэнгис хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:Уг хэрэг нь нэлээдгүй хугацаанд шат шатны шүүхээр хэлэлцэгдсэн бөгөөд хэргийн үйл баримтын тухайд хүний эрх зөрчигдсөн зүйл байхгүй. Прокурорын бичсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Э.Энххэрлэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-т “хуулийг илтэд буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол” гэж заасан. Уг хэрэг дээр хүний эрхийн зөрчил гарсан зүйл байхгүй. П.Г, А.Т нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд цагаатгаж шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн. Прокурорын эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Прокурорын бичсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:Прокуророос П.Г, А.Т нарыг байгалийн ховор ургамал болох 1236.25 кг “дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 4 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө “Истана” загварын 00-00 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх П.Г, А.Т нарт холбогдох хэргийг 2 удаа прокурорт буцааж, 3 удаа хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатган шийдвэрлэж байсан байна. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг 4 удаа хянан хэлэлцэж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой, мөн анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо шүүгдэгч нарын бүлэглэн байгалийн ховор ургамал болох “дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдэл бүрийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгаагүй, төрийн өмч болох байгалийн ховор ургамал болох “дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг бусдаас худалдан авсан, хадгалсан, Дорнод аймгаас Өмнөговь аймагт тээвэрлэж ирсэн үйлдэл нь ямар хуулийн хэм хэмжээгээр зөвшөөрөгдөж зохицуулсан шаардлагад нийцсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж дүгнэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг 3 удаа хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлэлгүй, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хэргийг дахин хэрэгсэхгүй болгосон байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх, хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга, шүүгдэгч нарыг цагаатгасан үндэслэл нь хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн атлаа цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах шийдвэрийг гаргахгүй болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэн шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл баримтлалыг буруу тайлбарлан хэрэглэж, хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Үүнийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас тогтоосон хууль хэрэглээний  практикаас дүгнэж болохоор байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин нэгдүгээр бүлэгт “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах” үндэслэл болон шинэ нөхцөл байдлын хэрэг үүсгэх, шалгах, шийдвэрлэх онцгой журмыг хуульчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл илэрсэн тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэх, ажиллагааг эхлүүлэх, хянан шалгах, шүүхийн шийдвэрийг хянуулах, хэргийг сэргээх тухай дүгнэлт бичих эрх, үүргийг прокурорт олгосон байна. Хуулийн зохицуулалтын дагуу прокурор хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “Хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” гэсэн үндэслэл илэрсэн гэж шинэ нөхцөл байдлын хэрэг үүсгэн хянаж, шүүхийн шийдвэрийг хянуулах, хэргийг сэргээх тухай дүгнэлт бичсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, зохицуулалтыг тайлбарлан хууль хэрэглээний нэгдмэл байдлыг ханган шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн шийдвэрийн улмаас тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх ноцтой зөрчигдсөн, мөн хүний зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль дээдлэх зарчимтай нийцүүлж, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг хамгаалж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг ханган  хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчимд бүрэн нийцэх юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан “хуулийг илтэд буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” үндэслэлд хамаарч байх тул цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна гэв.

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах нь уг шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг урьд мэдэгдээгүй болон мэдэгдэх боломжгүй байсан нөхцөл байдалд үндэслэн дахин хянаж буй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой үе шат билээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч болон оролцогч нарын хууль бус үйлдэл болон шүүхэд урьд мэдэгдээгүй болон мэдэгдэх боломжгүй байсан бусад нөхцөл байдлын улмаас алдаатай гарсан шүүхийн шийдвэрийг зөвтгөж хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь дээрх ажиллагааны үндсэн зорилт болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1-д заасан дөрвөн үндэслэл нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэх үед байсан боловч мэдэгдэлгүй өнгөрч дараа ньилэрсэн, эсхүл шийдвэр гарах үед бий болоогүй байгаад сүүлд үүссэн, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдлууд юм.

Эдгээр нөхцөл байдлууд нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тогтоогдсон байх шаардлагатай ба шүүхийн ажиллагаа, шийдвэр, хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхэд бодитой эргэлзээ төрүүлэхүйц хэмжээнд байж хэргийг шинээр хянан хэлэлцэх үндэслэл болдог билээ.

Энэхүү нөхцөл байдалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.1-1.4-т нэрлэн заасан нөхцөл байдлаас гадна Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, Олон улсын Хүний эрхийн болон бусад шүүхийн шийдвэрүүд, мөн Монгол улс Олон улсын гэрээ, Конвенцод нэгдсэн, эрх зүйн орчин өмнөхөөсөө эрс өөрчлөгдсөн зэрэг нэгэн адил хамаарна.

Дээр дурдсан хуулийн зүйл, хэсгийн 1.4-т заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн” гэдэгт шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй эсхүл хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болон хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснийг, “хүний эрх ноцтой зөрчигдсөн”-д хэргийн талаар хувийн сонирхолтой оролцогч буюу шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл, нөхцөлийг хүндрүүлсэн, эсхүл шүүгдэгчийн хувьд аливаа сөрөг үр дагавар бий болгосон хуулийг хэрэглэх, гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн ба эрх зүйн байдлыг дээрдүүлсэн болон Өршөөл үзүүлэх тухай  хуулийг хэрэглэхгүй байх,  шүүгдэгч болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгчдийн жам ёсны ба хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах, хориглох, хасах, гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах боломжгүй болгох зэргийг хамааруулан үздэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтан, байгууллагын үйл ажиллагааны журам, бүрэн эрх, үндсэн чиг үүргийг тогтоон тодорхойлсон байдаг билээ.

Эдгээр зохицуулалтыг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь юм.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болон бүрэн эрх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан байна.  

Түүнчлэн мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ болно.

Өөрөөр хэлбэл, давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад дээр дурдсан алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд үүнийг зөвтгүүлэх, эсхүл арилгуулах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгохыг дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд үүрэг болгожээ.

Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь П.Г, А.Т нарт холбогдох хэргийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хянан шийдвэрлэсэн 31 дүгээр магадлалд “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад шүүгдэгч нарыг бүлэглэн байгалийн ховор ургамал болох 1236,25 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө “Истана” загварын 00-00 УНЦ дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх үйлдлүүдийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 2.1-д заасан шаардлагыг хангаагүй байна” гэж дүгнэсэн мөртлөө Улсын Их Хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг иш үндэс болгон цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн нь үндэслэл муутай болсон байна.

Учир нь шүүхэд эрх олгосон бус заавал хэрэглэхээр үүрэг болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заасан хэм хэмжээг шүүх хэрэглээгүй нь мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөнд тооцогдож, мөн зүйлийн 2-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг “хуулийн шаардлага” хангаагүй хэмээн дүгнэсэн атлаа “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх”-гүйгээр уг шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан “хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байх тул энэ талаар бичсэн прокурорын дүгнэлтийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Харин прокурорын дүгнэлтэд тухайн хэргийн хэн гэдэг оролцогчийн эрх ямар байдлаар зөрчигдсөнийг тодорхой тусгалгүйгээр ерөнхийлөн дурдсаныг тэмдэглэн анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 63 дугаар цагаатгах тогтоол, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 622 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар П.Г, А.Т нарт холбогдох хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх харьяаллыг тогтоож, хэргийг мөн шүүхэд шилжүүлсүгэй.

3.Хэргийг шүүхэд очтол П.Г, А.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                           М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ