Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 00020

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Мөрөн сумын Засаг даргад холбогдох;

 “Мөрөн сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 163 дугаар захирамжийг үндэслэн бичсэн нэгж талбарын 210700223 тоот дугаар бүхий газар эзэмших гэрчилгээ, гэрээ илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга З.Нямбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Байгаль орчны байцаагч Э.Нямдаваа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мягмарсүрэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг ,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэлийг нарыг  оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч:  Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Н.Бямбадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Батмандахын  Мягмарсүрэн нь 2016 оны 6 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 14 дүгээр байрны 20 тоот болох өөрийн эзэмшлийн байранд дур мэдэн, хүчин төгөлдөр газар эзэмших гэрээ, гэрчилгээгүйгээр хууль зөрчин зүүн урд буланд шугам сүлжээ дайруулан, техникийн нөхцлөөр хүлээн зөвшөөрөгдөөгүй, ажил эхлүүлэх

зөвшөөрөл авалгүйгээр, барилгад өргөтгөл хийсэн. …иргэн Б.Мягмарсүрэнгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 163 дугаар захирамжийг үндэслэн бичсэн нэгж талбарын 210700223 тоот дугаар бүхий газар эзэмших гэрчилгээ, гэрээг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нямбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Инженерийн шугам сүлжээ болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг манай газар барьж ажиллах ёстой байдаг. Чиглүүлэн ажиллах ёстой газар нь зөрчилтэйгээр иргэнд шилжээд боломжгүй газарт объект баригдаад байгаа нь өөрөө манай байгууллагын чиг үүргээ хэрэгжүүлэх эрхийг зөрчиж байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 163 тоот захирамж гарсан байдаг. 2016 онд уг маргаан бүхий газарт гуравдагч этгээд тус үйлчилгээний газрыг барьж эхэлсэн. Инженерийн шугам сүлжээ бүхий газарт энэхүү объектыг барьж болохгүй гэж манай захиргааны байгууллагын зүгээс удаа дараа мэдэгдэж шаардлага хүргүүлж байсан. Тухайн объектыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар улсын бүртгэлд бүртгэснээр баталгаажуулдаг. Улсын бүртгэлд бүртгэх гэтэл эрх зүйн акт гараагүй, мөн газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдээгүй, хууль бус газрын гэрчилгээтэй Геодиз зураг зүйн газраас гаргасан газрын гэрээ, гэрчилгээ олгох 83 дугаар журам гэж байдаг. Уг журмаар газрын гэрээ, гэрчилгээ олгохдоо: 1.Тухайн иргэний өргөдлийг хүлээж аван, 2. Суурин судалгаа хийж, 3. Эргэлтийн цэгийг газарт бэхэлж, 4. Засаг даргын захирамжийн төсөл боловсруулж, тухайн шатны Засаг даргын захирамж гарч, 5. Газар зүйн мэдээллийн санд бүртгэж баталгаажуулснаар хуулийн хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээ олгогддог байгаа. Гэтэл маргаан бүхий газрын хувьд 1. Захирамж байхгүй, 2. Эргэлтийн цэг нь газарт бэхлэгдээгүй, акт үйлдэгдээгүй учраас манай зүгээс бүртгэх боломжгүй байна

Иймд “Мөрөн сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 163 дугаар захирамжийг үндэслэн бичсэн нэгж талбарын 210700223 тоот дугаар бүхий газар эзэмших гэрчилгээ, гэрээ илт хууль бус болохыг тогтоолгох  тухай нэмэжлэлээ дэмжиж байна гэв.  

Хариуцагч Мөрөн сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 163 дугаар захирамжаар Б.Мягмарсүрэнд газар эзэмшүүлэх эрх олгоогүй байгаа бөгөөд  нэгж талбарын 210700223 тоот дугаар бүхий газар эзэмших гэрчилгээ, гэрээ олгосон хувийн хэрэг үүсээгүй байна гэжээ.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нямдаваа шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 163 тоот захирамжаар Б.Мягмарсүрэн гэх хүнд уг маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн гэх боловч захирамжийг шүүгээд үзэхэд энэ хүний нэр дээр гарсан захирамж байхгүй байдаг. Иймд газар эзэмших гэрчилгээ, дугаарыг нь хуурамч гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Гуравдагч этгээд шүүх хуралдпаанд гаргасан тайлбартаа: Албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж иргэн хохирч байна. Газрын гэрээ, гэрчилгээгээ би албан ёсоор гардан авч байсан. Кадастрын зургийг хууль бус гэж үзээд байгааг би сайн мэдэхгүй байна. Зураг гаргаж өгсөн хүн маань мэдээллийн санд орсон учраас кадастрын зураг гаргаж өгч байна л гэж хэлсэн. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас мэдээллийн санд ороогүй байна гээд үгүйсгээд байгааг шалгуулах хүсэлтээ шүүхэд гаргасан. Би өөрийн эзэмшлийн газраа хууль бус гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үеийн албан тушаалтнуудыг шалгаж үздэг ч юм уу арга хэмжээ авах хэрэгтэй байх. Сүүлийн үеийн мэдээллийн санд манай газар орсон гэдгийг кадастрын зураг гаргаж өгсөн Цээпилмаагаар нотлуулах гэсэн боловч шүүх хуралдаанд ирэх боломжгүй байлаа. Энэ хүн хууль бусаар манай кадастрыг хийсэн юм уу, эсвэл үнэхээр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэдээллийн санд орсон юм уу гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан Банзрагчаас худалдаж аваад Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүсэлтээ өгсөн, зураг нь бүртгэгдсэн хавтаст хэрэгт авагдсан байна билээ. Тухайн үеийн тамга тэмдгийн хувьд ч гэсэн би улсын тамгыг ашиглаж дарахгүй нь тодорхой, тэр хүн ч гэсэн хууль бус зүйл дээр гарын үсэг зурсан хариуцлага хүлээх байлгүй дээ. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваад хувийн хэргээ үзэх гэж очсон. Хувийн хэрэг маань газрын албанд байсан юм. Тэгээд, би хувийн хэргээ авч үзсэн. Тэрнээс хойш газрын алба чимээгүй болсон. Тэгэхээр нь би хувийн хэрэг байгаа учраас зөвшөөрсөн юм байна гэж бодоод объектоо үргэлжлүүлсэн. Гэтэл гэнэт 10 дугаар сард ирснээ болохгүй зогсоо гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Н.Бямбадоржийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдох “Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 163 дугаар захирамжийг үндэслэн бичсэн нэгж талбарын 210700223 тоот дугаар бүхий газар эзэмших гэрчилгээ, илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хэргийн материалтай танилцсан нь: Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Н.Бямбадорж нэхэмжлэл гаргасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасанчлан захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Мягмарсүрэнгийн газрын гэрээ, гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай байна. Гэвч өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Н.Бямбадоржийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар тухайн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоохын өмнө нэхэмжлэл гаргагчийн эрх хэрхэн зөрчигдсөн бэ гэдгийг эхний ээлжинд авч үзэх ёстой байдаг. Хөвсгөл аймгийн 8 дугаар багт байрлах тухайн байрыг өргөтгөж үйлчилгээний төв барихад Н.Бямбадорж болон Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эрх хэрхэн яаж хөндөгдөж байгаа юм бэ? Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 163 дугаартай захирамжийг захиргааны хэргийн шүүхээр хүчингүй болгосон эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Гэвч шүүх хуралдаанаар шүүгчийн асууж байгаачлан Б.Мягмарсүрэнд гэрээ гэрчилгээ олгохдоо 163 дугаартай уг захирамжийг үндэслэн гэж бичсэн боловч он, сар, өдөр, захирамжийн дугаараа андуурсан байж болох талтайг үгүйсгэхгүй юм. Гэрээ гэрчилгээг хүчингүй болгуулаад объектыг татан буулгаж өгнө үү гэх байдлаар тайлбарлаж байсан. Уг маргаан бүхий газарт нэгэнт бий болсон хүний босгосон эд хөрөнгө байгаа учраас нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд 2005 оны 163 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгосныхоо дараа уг объектод газрын гэрээ гэрчилгээ гаргахыг даалгасан ч юм уу, ийм байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргавал үндэслэлтэй гэж үзэж байна.  Мөн Н.Бямбадорж гэдэг хүний газартай гэрээ, гэрчилгээ нь давхцаж гарсан юм уу, аль эсвэл захирамж нь давхцаж гарсан юм уу, энэ хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн яаж зөрчигдөж байгаа нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйл, 94 дүгээр зүйлд зааснаар Мөрөн сумын Засаг даргын гаргасан 2005 оны 163 дугаартай захирамж нь илт хууль бус уг захирамжид үндэслэн гаргасан гэрээ, гэрчилгээ нь хууль бус байна гэж үзэж байгаа бол урьдчилан шийдвэрлүүлэхээр Аймгийн Засаг даргад хандсан эсэх нь тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл дээд шатны албан тушаалтанд хууль бус захиргааны актыг хүчингүй болгох эрх хэмжээ нь байдаг юм. Танай эрх ашиг хэрхэн яаж хөндөгдөж байна вэ гэхээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн объектыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар улсын бүртгэлд бүртгэснээр баталгааждаг гэвч гэрээ, гэрчилгээ хуурамч болохоор улсын бүртгэлд бүртгэх боломжгүй нөхцөл байдал үүсч манай эрх ашиг хөндөгдөж байна гэж тайлбарладаг. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  54 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаатай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг гуравдагч этгээдийн тайлбар дээр нэмж хэлж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “Мөрөн сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 163 дугаар захирамжийг үндэслэн бичсэн нэгж талбарын 210700223 тоот дугаар бүхий газар эзэмших гэрчилгээ, гэрээ илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч, нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын улмаас Б.Мягмарсүрэнгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа учраас уг хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх шаардлагатай гэж үзэв.  

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар ...захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой обьектив эрхийг зөрчигдсөний улмаас түүний нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн нь болно.

 Мөн түүнчлэн нэхэмжлэлийг ...байгууллагын  дарга Н.Бямбадорж гарын үсэг зурж нэхэмжлэл гаргасан явдал нь тухайн захиргааны байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй албан тушаалтан мөн юм.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2017.03.20-ны өдрийн 1/631 дугаар албан бичгээр “ ... танайхаас ирүүлсэн гомдлыг хүлээн авч танилцлаа. .. асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй“ гэсэн хариуг нэхэмжлэгч байгуулагад хүргүүлсэнийг  гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзсэн болно.

             Хэргийн нөхцөл байдал,  маргааны үйл баримтын тухайд:

Б.Мягмарсүрэн нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт орших, 14 байрны 200 тоот 25.кв.м талбайтай орон сууцны өмчлөгч тул түүнд эрхийн улсын бүртгэлийн  Ү-1723001415 дугаар бүхий гэрчилгээг   2006 оны 02 дугаар сарын 16-ны өдөр  олгожээ.

            Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Г.Пунцагбалжир Мөрөн сумын 8 дугаар багийн 14 дүгээр байр, 20 тоот оршин суух, Батмандахын Мягмарсүрэнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 163 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 210700223 тоот дугаар бүхий 54 м2  газрыг 40 жилийн хугацаатай, “худалдаа, гоо сайхан, үсчин”  үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр  2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр  газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мөн өдөр түүнтэй газар эзэмшүүлэх тухай гэрээг  газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан гарын үсэг зурж байгуулсан байна.           

            Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Г.Пунцагбалжирын гаргасан 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 163 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн хавсралтаар нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдэд аж ахуйн зориулалтаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн байх боловч иргэн Н.Банзрагчаас иргэн Б.Мягмарсүрэнд шилжүүлсэн заалт байхгүй нь нотлогдож байх бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.4-д “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалттай нийцэхгүй байх ба зүй нь бол хүчин төгөлдөр эрхийн  гэрчилгээ  нь түүнийг үндэслэн гарсан газар эзэмшүүлэх тухай шийдвэр, газар  эзэмшүүлэх гэрээ бүгд байж гэмээн хууль ёсны газар эзэмшигч болох юм.

Иймээс иргэн Н.Банзрагчаас Б.Мягмарсүрэнд газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай  шийдвэр гаргахдаа түүний нэрийг орхигдуулсан, энэ нь тухайн эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаа байсан эсэхийг;

            Гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа ”...Банзрагч гэдэг хүнээс газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан...” гэж тайлбарлах бөгөөд  “14 дүгээр байрны 20 тоотод оршин суугч Н.Банзрагч нь “ ... орон сууцандаа худалдаа үйлчилгээ хийх хүсэлттэй байгаа тул байшинг цөмлөн хаалга гаргах зөвшөөрөл олгох талаар 2004 оны 08 сарын 11-ны өдөр өргөдөл бичиж байсныг хэрхэн шийдвэрлэсэнийг тодруулах, мөн 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн газар ашиглах гэрээгээр  иргэн Н.Банзрагчид  уг маргаан бүхий газрыг ашиглах эрх олгогдож байсан ба уг эрхийг  Б.Мягмарсүрэнд шилжүүлсэн баримт болон тэдний хүсэлтийг үндэслэн тухайн үед хэрхэн шийдвэрлэсэн зэргийг тодруулан эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч байгууллага  өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэвэл зохино.

  Иймд шүүх хэргийн нөхцөл байдлыг цааш тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж үзэн эрх бүхий захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актуудын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ. 

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т  зааснаар  ... тухайн шатны Засаг дарга нь иргэн аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх шийдвэр гаргах учраас хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан шүүхээс тогтоосон хугацаанд эрх бүхий захиргааны байгууллага  нь нөхцөл байдлыг цаашид тодруулж, улмаар  Газрын тухай хууль, журмын  холбогдох заалтын дагуу дахин шинэ акт гаргах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг баримтлан эрх бүхий захиргааны байгууллагаас нөхцөл байдлыг нэмж тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл Мөрөн сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 163 дугаар захирамжийг үндэслэж  Мөрөн сумын 8 дугаар багийн 14 дүгээр байрны 20 тоот орон сууцны хажуу талд  байрших, нэгж талбарын 210700223 тоот дугаар бүхий 54 м2  газрыг үйлчилгээний зориулалтаар иргэн Б.Мягмарсүрэнд эзэмшүүлэхээр  2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр олгосон  газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон дээрхи хугацаанд эрх бүхий захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий захиргааны актуудыг  хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ЭНХТАЙВАН